Ардчилсан намын үзэл баримтлал
    2019 оны 01 сарын 11 нд
    11d2d8257780f730bf199228d6c90351.jpg

    АРДЧИЛСАН НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

     

     

    Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна.

     

    НАМЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

     

    Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай, ардчилсан МОНГОЛ УЛС.

     

    НАМЫН ТУЛГУУР ҮНЭТ ЗҮЙЛС

     

    Ардчилсан Намын гишүүд бид,

     

    Хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн чиг хандлагыг эрхэмлэн Ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хамгаалж, ардчилсан хувьсгалын ололт амжилт, Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд нэвтрүүлсэн дэвшилтэт санаачилга, өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтаараа бахархаж, цаашдын бодлого, үйл ажиллагаандаа дараах үнэт зүйлсийг баримтлан эрхэм зорилгоо хэрэгжүүлнэ. Эдгээрт:

     

    Хувь хүний эрх чөлөө:

     

    ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, БИЕ ДААСАН БАЙДАЛ

     

    Эдийн засгийн эрх чөлөө:

     

    ХУВИЙН ӨМЧ, ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛ, ТӨРИЙН ХЯЗГААРЛАГДМАЛ ОРОЛЦОО

     

    Улс төрийн эрх чөлөө:

     

    АРДЧИЛАЛ, ИРГЭНИЙ ЗАСАГ

     

    Шударга ёсны эрх чөлөө:

     

    ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ, ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

     

    Үндэсний эрх чөлөө:

     

    ҮНДЭСНИЙ ӨВ УЛАМЖЛАЛ, ТҮҮХ СОЁЛ

     

    НЭГ. ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ

     

    Эрхэм чанартай байх, аз жаргалаа эрэлхийлэх, хувь заяандаа эзэн байх, хариуцлагатай байх, өөрийгөө хөгжүүлэх, итгэл үнэмшилтэй байх, өмчтэй байх, мэдээллээр тэгш хангагдах зэрэг хувь хүний эрх чөлөө, бие даасан байдлыг үнэт зүйл гэж үзнэ.

     

    1.1. СУУРЬ ЗАРЧИМ

     

    1.1.1. Хүний заяагдмал эрх, эрхэм чанар нь нийгмийн бүх харилцаанд хамгаалагдсан байх бөгөөд хүн бүр бусдынхаа эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлнэ;

     

    1.1.2. Хувь хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах үйлдэл, эс үйлдлийг үл тэвчинэ;

     

    1.1.3. Хувь хүн, өрх гэр, нийгмийн бүлэг, иргэний нийгмийн байгууллагууд нь төрийн оролцоогүйгээр бие даан шийдвэр гаргах боломжоор хангагдана;

     

    1.1.4. Төрөөс хувь хүний эрхэм чанар, эрх, эрх чөлөө, шударгаар олж авсан хувийн өмчийг хамгаалах, түүнд учрах аливаа төрлийн саад, бэрхшээлийг арилгахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулна;

     

    1.1.5. Хувь хүн эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд мэдээллийн болон оролцооны нээлттэй, тэнцвэрт байдлыг хангана;

     

    1.1.6. Хүн өөрийгөө хөгжүүлэх, ухаалаг, учир шалтгаантай, бүтээлчээр ажиллаж, амьдрахад сэтгэлгээний чөлөөт байдал, шүүмжит сэтгэхүй, шинжлэх ухааны ололт, техникийн дэвшил, хүмүүнлэг үзэл санаа чухал гэж үзнэ;

     

    1.1.7. Хүний хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хамгаалал зэрэг үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулна;

     

    1.1.8. Аливаа цөөнхийн ашиг сонирхол, хүсэл тэмүүллээ илэрхийлэх эрхийг хамгаална.

     

    1.2. ТУЛГУУР БОДЛОГО

     

    1.2.1. Хувь хүний эрх, эрх чөлөө, зөв хандлага, ашиг сонирхолд суурилсан эерэг өөрчлөлтийн төлөөх хүмүүнлэг, нээлттэй, ил тод, шударга, чөлөөт нийгэм байгуулах;

     

    1.2.2. Төр нь иргэн бүрийг тэгш боломжоор хангах, нийгмийн баялгийг шударгаар хуваарилах бодлогыг тууштай хэрэгжүүлэх;

     

    1.2.3. Нийгмийн анхдагч нэгж болсон өрх гэрийг дэмжих;

     

    1.2.4. Эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хамгааллын үйлчилгээг бие даасан, чадварлаг хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд чиглүүлэх;

     

    1.2.5. Иргэний нийтэд тустай сайн дурын үйл ажиллагаа, иргэний нийгмийн хөгжлийг бүрэн дэмжих;

     

    1.2.6. Хэт туйлшрал, дайсагнал, ялгаварлал, хуваагдал, нийгмийн дотоод орчлыг хязгаарлах, хувь хүний хөгжих боломжид үйлдэл, эс үйлдлээр саад учруулах аливаа төрлийн үйл ажиллагааг таслан зогсоох;

     

    1.2.7. Агаар, ус, хөрс зэрэг амьдрах орчны болон хүнсний аюулгүй байдлыг баталгааг хангах үндэсний бодлого хэрэгжүүлэх;

     

    1.2.8. Аюулгүй орчныг бүрдүүлэн иргэдээ гэмт хэрэг, халдлагын золиос болохоос урьдчилан сэргийлж, орчин үеийн цахим гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын гаж нөлөөллөөс хамгаалах;

    .

    ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

     

    Хувь хүний санаачилга, хувийн өмч, хөрөнгийн бүртгэл, бүх төрлийн өмчийн эрхийн баталгаа, хувийн аж ахуй эрхлэлт, чөлөөт солилцоо, гэрээний чөлөөт байдал, шударга өрсөлдөөн, төрийн хязгаарлагдмал оролцоо, технологи-инновацид тулгуурлан баялаг бүтээх, өрсөлдөх чадвар бүхий эдийн засгийн эрх чөлөөг үнэт зүйл гэж үзнэ.

     

    2.1. СУУРЬ ЗАРЧИМ

     

    2.1.1. Хувийн өмчийг хүний эрх, эрх чөлөөний баталгаа гэж үзнэ;

     

    2.1.2. Нээлттэй, өрсөлдөөнт эдийн засаг нь хүний бүтээлч эрмэлзэл, хүсэл тэмүүллийг цогцлоож, ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг хязгаарлаж эерэг өсөлтийг тэтгэнэ;

     

    2.1.3. Хувь хүн, өрх гэр, баялаг бүтээх талбарт хамтран ажиллагсадын ашиг сонирхлын нийтлэг харилцаанд төрийн оролцоо, дарамт шахалтыг хязгаарлана;

     

    2.1.4. Хэрэглэгчийн эрх ашгийг хангах зорилгоор эдийн засгийн оролцоотой (хүртээмжтэй) өсөлтийг дэмжсэн бодлого, татварын болон тарифын зохицуулалт, хувь хүний санаачилга, бизнес эрхлэх боломж, нийгмийн хариуцлагатай аж ахуй эрхлэлт, бие даасан зохицуулалтыг дэмжин хөгжүүлнэ;

     

    2.1.5. Зах зээл дэх дангаар ноёрхсон монополь байдал, төрийн ялгавартай оролцоо (протекционизм)-г арилгаж, шударга өрсөлдөөнийг тэтгэх замаар эдийн засгийн өсөлт хангагдана. Улмаар шударга өрсөлдөөний зарчмаар баялаг бүтээх үндэс болсон чөлөөт арилжаа хөгжинө;

     

    2.1.6. Эдийн засгийн хөгжлийн бодлого нь хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх, үр ашигтай баялгийн менежментийг дэмжихэд чиглэсэн ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлнэ;

     

    2.1.7. Хувийн болон бизнесийн орчинд төрийн бус бие даасан зохицуулалтыг илүүд үзнэ. 

     

    2.2. ТУЛГУУР БОДЛОГО

     

    2.2.1. Бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх замаар ажил эрхлэлт, цалин орлогыг нэмэгдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн хөгжлийг бататгаж, ядуурлыг бууруулах, чинээлэг дундаж давхаргыг тэлэх боломж бүрдүүлэх;

     

    2.2.2. Өмчийн эрхийн баталгаа, өрсөлдөөнт зах зээл, төрийн хязгаарлагдмал оролцоонд суурилан хүн бүрийн тэгш боломж, өрх гэрийн чинээлэг байдал, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;

     

    2.2.3. Шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх замаар мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх;

     

    2.2.4. Баялаг бүтээх чадамжийг устгаж, нийгмийн үнэт зүйлс, ёс зүйг доройтуулан, өрсөлдөөнийг хязгаарлаж, хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулдаг бүх төрлийн авлигын тогтолцоог устгах;

     

    2.2.5. Татварын тогтолцоог ойлгомжтой, тогтвортой, баялаг бүтээгч хувь хүн, өрх гэрийн амьдралын чанар, бизнесийн өгөөжийг тэтгэхүйц түвшинд байлгах;

     

    2.2.6. Улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөх, батлах, зарцуулах үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод тунгалаг байлгах. Төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд төрийн данхар, үр ашиггүй тогтолцоог хязгаарлаж, төсвийн сахилга батыг чандлан, татвар төлөгчдийн хяналтад оруулах;

     

    2.2.7. Нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлэгт чиглэсэн төрийн монополь эрхээс илүүтэй нийгмийн хариуцлагаа ухамсарласан иргэд, аж ахуй эрхлэгчдийн санаачилгад тулгуурласан зохистой хөдөлмөр эрхлэлтийг урамшуулан дэмжих;

     

    2.2.8. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдэд нийгмийн харилцаанд ялгаваргүйгээр оролцох, иргэний эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх;

     

    2.2.9. Дэлхийн болон бүс нутгийн дэд бүтцийн томоохон хөтөлбөрүүдэд багтан орж, экспортын баримжаа бүхий олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх;

     

    2.2.10. Эдийн засагт оролцоотой, тогтвортой өсөлт бий болгох, үе хоорондын тэгш байдлыг хангасан төсөв ба мөнгөний бодлого хэрэгжүүлэх, баялгийн сангийн үйл ажиллагааг тогтвортой, үр өгөөжтэй явуулах;

     

    2.2.11. Орон нутгийн иргэдийг хөгжлийн тэгш боломжоор хангах төсвийн ил тод, үр ашигтай бүсчлэн хөгжүүлэх бодлого, санаачилгыг дэмжих;

     

    2.2.12. Бизнесийн таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалт бүх хэлбэрийг тууштай дэмжиж, хөрөнгө оруулагчдад учирч буй саад бэрхшээл, хүнд суртлыг арилгах;

     

     

     

    ГУРАВ. УЛС ТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

     

    Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хүч үл хэрэглэх замаар эрх ашгаа хамгаалах, сонгох, сонгогдох, хуулийн өмнө эрх тэгш байх, нийтийн үйл хэрэгт оролцох, чөлөөт, бие даасан хэвлэл мэдээлэлтэй байх, төрийн үйл ажиллагаа нь учир шалтгаан, бодлогод суурилсан, хүртээмжтэй, хариуцлагатай, хяналттай, ил тод, иргэдийн оролцоо хангагдсан байдлыг үнэт зүйл гэж үзнэ.

     

    3.1. СУУРЬ ЗАРЧИМ

     

    3.1.1. Хувь хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх, шаардлага тавих зэрэг эрх, эрх чөлөөг хамгаална;

     

    3.1.2. Иргэнд үйлчилж, иргэний эрх чөлөө, аюулгүй байдлыг хамгаалах нь Үндсэн хуульт төрийн байгууллын үндсэн чиг үүрэг гэж үзнэ;

     

    3.1.3. Хувь хүний эрх, эрх чөлөөнд аюул учруулж, иргэний нийгмийн эрхэнд хязгаар тогтоох дарангуйллын дэглэмийн аливаа хэлбэрээс эрс татгалзана;

     

    3.1.4. Иргэний төрийн зохион байгуулалт нь Үндсэн хуульт ардчиллын суурь бөгөөд цэргийн болон шашны бус парламентын бүгд найрамдах улс байна;

     

    3.1.5. Иргэний нийгэм, тэр дундаа мэдээлэлтэй, хариуцлагатай, үр нөлөөтэй хяналт тавьдаг сонирхлын бүлэг, мэргэжлийн холбоод нь ардчилсан нийгмийн салшгүй бүрэлдхүүн хэсэг байна;

     

    3.1.6. Зөвшилцөх, хүлээцтэй хандах, харилцан буулт хийх зарчмууд нь хүн өөрийн үнэлэмж, үнэт зүйлсээс ухрах, хууль ёсонд харшлах үйлдэл хийх үндэслэл болохгүй;

     

    3.1.7. Хувийн хүний нэр төр, ажил хэргийн алдар хүндийг хуулиар хамгаалж, төрийн нууцыг гагцхүү үндэсний аюулгүй байдлын хүрээгээр хязгаарлахыг чухалчилна;

     

    3.1.8. Хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг ил тод, иргэний чөлөөт оролцоо, нийтийн ашиг сонирхол болон бодлогын судалгаанд тулгуурлан явуулна.

     

    3.2.ТУЛГУУР БОДЛОГО

     

    3.2.1. Хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хуулийн засаглал, тэгш эрхэд суурилсан шударга сонгууль, төрд тавих иргэний хяналт, иргэндээ үйлчлэх хариуцлагатай төр, иргэн төвтэй нийгмийн тогтолцоог төгөлдөржүүлэх;

     

    3.2.2. Иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэх чиг үүрэгтэй парламентын чадамжийг бүрэн нээхүйц хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, шууд болон зөвлөлдөх ардчиллын механизмуудыг бататгах;

     

    3.2.3. Монгол Улсад цэрэгжсэн болон шашинжсан төрийн зохион байгуулалт хийгдэхээс ямагт сэргийлэх;

     

    3.2.4. Ардчилсан нийгмийн чөлөөт институтүүд, хувь хүн чадавхи бололцоогоо бүрэн ашиглаж, бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд аливаа төрлийн эрх мэдэл чиглэгдэх;

     

    3.2.5. Төрийн болон нийтийн албыг улс төрөөс ангид байлгах нөхцлийг бүрдүүлж, иргэний хяналттай, ашиг сонирхлын зөрчилгүй, мэргэшсэн, үр ашигтай, цомхон төрийн албаны тогтолцоог хөгжүүлэх;

     

    3.2.6. Төрийн болон нийтийн албанд ил тод байдлыг эрхэмлэж, иргэний мэдэх эрхийг бүрэн хангаж, улмаар авлигаас ангид, ёс зүйтэй, хариуцлагатай, хараат бус сэтгүүл зүйг дэмжих.

     

    ДӨРӨВ. ШУДАРГА ЁСНЫ ЭРХ ЧӨЛӨӨ 

     

    Хувь хүний халдашгүй байдал, хууль ёсны эрхээ хамгаалуулах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад ял зэм хүртэхгүй, хуулиас гадуур мөрдөн шалгагдахгүй байх, нийтийн албан тушаалтан авлига, сонирхолын зөрчлөөс ангид байх, хууль сахиулах үйл ажиллагаа нь зөвхөн хуульд захирагдсан байх зэрэг иргэнээ дээдэлсэн хуулийн засаглалыг үнэт зүйл гэж үзнэ.

     

    4.1. СУУРЬ ЗАРЧИМ

     

    4.1.1. Монголын ард түмний язгуур эрх ашгийг гагцхүү үндсэн хуульт ардчилсан ёсны зарчмаар хангана;

     

    4.1.2. Хуулийн засаглал нь төрийн эрх мэдлийг хууль дээдлэх зарчимд захируулж, иргэний эрхээр хязгаарлагдсан засаглалыг дэмжих, хууль болон өөрийн зохицуулалт нь нийгмийн ухаалаг байдал, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг болох бөгөөд аливаа төрлийн ялгаваргүйгээр шударга ёс тогтоох, хувь хүний эрхийг хангах, төрийн иргэнтэй харьцах хэм хэмжээг бэхжүүлэх баталгаа болно;

     

    4.1.3. Улс төрөөс ангид, хараат бус, нээлттэй, шударга шүүх нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх баталгаа болгоно. Хуулийг чанд сахих нь албан тушаалтны дур зоргын үйлдлийг хязгаарлах үндсэн зарчим болно;

     

    4.1.4. Хувь хүний эрх, эрх чөлөө, өмч, аж ахуйн үйл ажиллагаа халдашгүй дархан байх баталгааг Ардчилсан нам хангана;

     

    4.1.5. Иргэний үндсэн эрхийг нь хамгаалж, бататгах Үндсэн хуулийн хяналтын тогтолцоог бий болно.

     

    4.2. ТУЛГУУР БОДЛОГО

     

    4.2.1. Монголын эрх зүйн шинэтгэлийг эрх мэдэлтэнд үйлчилдэг байдлаас иргэнээ хамгаалдаг хуулийн тогтолцоо уруу шилжүүлэх;

     

    4.2.2. Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүхийн бус маргаан шийдвэрлэх тогтолцоо болон олон нийтэд түшиглэсэн хууль сахиулах үйл ажиллагааг бататгах;

     

    4.2.3. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд ёс зүйн болон хуулийн хариуцлага алагчлалгүй хүлээлгэх;

     

    4.2.4. Нийгмийн ухаалаг байдал, эрх зүйт ёсыг хангах зорилгоор Үндсэн хуулийн хүрээнд нийтийн зөвшил, мэргэжлийн холбоод, хот, суурингийн иргэдийн өөрийн зохицуулалтыг чухалчилах;

     

    ТАВ. ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ

     

    Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдлыг бататган бэхжүүлж, үндэстний сэтгэлгээ, өв соёл, эх түүх, язгуур уламжлал, хэл бичиг, зан заншлаа эрхэмлэн тээж, монгол бахархалын өвөрмөц дархлааг хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдуулан хойч үедээ өвлүүлэх явдлыг үнэт зүйл гэж үзнэ.

     

    5.1. СУУРЬ ЗАРЧИМ

     

    5.1.1. Дэлхийн ардчилсан чөлөөт нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувьд хүний эрх, эрх чөлөөний төлөвшил, ардчиллын үйл явцын сорилт, бэрхшээлийг хамтдаа даван туулах, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд хувь нэмрээ оруулах нь Mонголчууд бидний эрмэлзэл байна;

     

    5.1.2. Ардчилсан нам нь үндэсний өв уламжлал, хэл бичиг, түүх соёл, зан заншлаа хадгалж, хамгаалж, тээн хөгжүүлэхийг эрхэмлэнэ;

     

    5.1.3. Хувь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд тулгуурласан нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа болно.

     

    5.2. ТУЛГУУР БОДЛОГО

     

    5.2.1. Үндэсний эрх ашгаа дээдэлсэн, хөрш орнуудтайгаа эвийг эрхэмлэсэн, гуравдагч хөршийн хамтын ажиллагааг дэмжсэн олон тулгуурт, харилцан уялдаатай, идэвхтэй гадаад харилцааг хөгжүүлэх;

     

    5.2.2. Улс төр, дипломатын аргаар Үндэсний аюулгүй байдлаа бататгаж, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн иргэд хоорондын бүтээлч харилцааг өргөжүүлэх замаар  гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

     

    5.2.3. Эдийн засгийн олон тулгуурт, олон улсын зах зээлтэй харилцан уялдаатай, үр ашигтай, ѳрсѳлдѳх чадвартай бүтэц бий болгох. Олон улсад ѳрсѳлдѳх чадвартай эдийн засгийн суурь салбарыг хѳрѳнгѳ оруулалтаар хөхүүлэн дэмжиж, дэд бүтцийн чадавхиа дээшлүүлэх;

    .

    5.2.4. Гадаадын хѳрѳнгѳ оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах;

     

    5.2.5. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, соёл, боловсрол, аялал жуулчлал, гадаад худалдааны интеграцийн хувьд үр ашигтай бие даасан бодлого хэрэгжүүлэх;

     

    5.2.6. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах бүх талын санаачилгыг тууштай дэмжих;

     

    5.2.7. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомдлоос сэргийлэх, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдлийг бууруулах дэлхий нийтийн болон бүс нутгийн санаачилгад нэгдэж, олон талт бодлого хэрэгжүүлэх;

     

    5.2.8. Эко-системд сөрөг нөлөө үзүүлэгчээр хохирлыг барагдуулах зарчмыг баримтлах;

     

    5.2.9. Байгалийн баялагийн өгөөжийг нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн үр ашигтай баялгийн менежмент, олон нийтийн хяналт бүхий бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх;