Э.Бат-Үүл:  Баруун төвийн үзэл бол үндэсний үзэл
    2019 оны 01 сарын 14 нд
    fd66d02f4d35b05e9d657420f42df6f7.jpg

    Ардчилсан нам шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд Үзэл баримтлалаа шинэчлэн баталж, шинэ үзэл баримтлалаа олон нийтэд  танилцуулах аяныг эхлүүллээ.

     

    Шинэчлэн баталсан үзэл баримтлалд "Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна. Үзэл баримтлалын хүрээнд Ардчилсан нам эрхэм зорилгоо "Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай ардчилсан Монгол Улс...” хэмээн тодорхойлжээ.

     

    Аяны нээлт "Блю скай" зочид буудлын хурлын танхимд болж, шинэчилсэн дүрмийн гол зарчмуудын талаар  Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд илтгэл тавилаа. 

     

    Х.Тэмүүжин: Зарчмаасаа ухрахгүйгээр явдаг лидерүүдийг гаргана

     

    -Сүүлийн жилүүдэд ёс зүйгүй зарчимгүй улс төрийн хандлага бий болж, намууд сонгогчдыг худалдаж авах гэж сонгуульд ордог боллоо. Худалдаж авахад мөнгө хэрэгтэй учраас улс төрийн намууд бүгд төрийн авлигын эх үүсвэр болж хувирсан.  Энэ байдал нь намуудыг гэмт хэргийн бүлэглэл шиг болгож байна.  Тиймээс олон нийт нам гэхээр үзэн ядаж байна.  Ард түмэн намуудыг  үзэн ядахаар популизм үүсдэг. УИХ улстөрчдийн худлаа ярьдаг индэр болж хувирсан.  Ийм болоод ирэхээр улс төр сүйрч эхэлдэг. Улс төрийг яаж хариуцлагатай болгох вэ, яаж хэлсэндээ хүрдэг байлгах вэ, яаж өөрсдийгөө биш энэ улс орны төлөө ажилладаг, хэлсэн бодлогоо хэрэгжүүлдэг тэвчээртэй, тууштай болгож авах вэ гэхээр улс төрийн нам үзэл баримтлалтай л болох ёстой юм байна. Тэр үзэл баримтлалдаа захирагддаг, үзэл баримтлалынхаа дагуу бодлого боловсруулдаг болох ёстой юм байна гэдэг асуудал хөндөгдөж эхэллээ. Хуулийн засаглал тогтоохгүйгээр, ардчиллыг тогтоохгүйгээр, чөлөөт зах зээлийг бий болгохгүйгээр, хувь хүний эрх чөлөө, үндэсний эрх чөлөө алга болох юм байна гэдгийг ойлголоо. Тийм учраас Ардчилсан нам хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, үндэсний эрх чөлөө гэдэг таван зарчмаас ухрахгүйгээр тууштай явдаг лидерүүдийг гаргана. Тийм бодлогыг бий болгоно. Түүний  төлөө нам зогсоно гэдэг санаагаа илэрхийлж байна.

     

    Б.Бямбасайхан: Монгол хүн монголдоо амжилттай бизнес эрхэлнэ 

     

    -Татвар төлөгч та бүхний төлсөн татвар юунд зарцуулагдаж байгааг мэдэж байгаа юу. 2000 онд улсын төсөв 350 тэрбум байсан бол өнөөдөр 2200 дахин нэмэгдсэн. Олон улсын хэмжээнд гаргадаг судалгаагаар Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улс өрсөлдөх чадвараараа 62-т жагссан. Дэлхийн эдийн засгийн форумаас мөн гаргасан судалгаагаар 99-т Монгол Улс эрэмблэгдсэн, 93-т жагсаж байсан үе бий. Төсвийн сахилга бат, татварыг хэрхэн зарцуулж байна вэ гэдгийг харахад хамгийн бага оноо авсан. Энэ бол манай эдийн засгийг хойш татаж байгаа шалтгааны нэг юм. Бүс нутгийнхаа эдийн засгийн уялдаа холбоог интеграчлалд нэгдсэнээр цааш нэмэгдүүлэх бүрэн боломж байна. Энийг яаж хүртээмжтэйгээр оролцоотойгоор томруулах вэ гэдгийг эдийн засгийн эрх чөлөөн дээр тусгаж өгсөн. Бүс нутгийнхаа эдийн засгуудтайгаа улам уялдаа холбоотой болж, дэд бүтцийн холболтыг сайжруулж байж Монголд бизнес эрхлэх зардал буурч, боломж нэмэгдэж, бүс нутагт Монгол хүн Монголдоо амжилттай бизнес эрхэлнэ. Монголыг тойроод 3.8 тэрбум хүнтэй зах зээл байдаг. Энэ том зах зээл дээр Монгол Улс оршин тогтнох боломжтой. Ардчилсан намын үзэл баримтлалын 2.12-т Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бүх хэлбэрийг тууштай дэмжиж, хөрөнгө оруулагчдад учирч буй саад бэрхшээл хүнд суртлыг арилгана гэж заасан. Бизнес эрхэлж байгаа хүний хувьд маш товч бөгөөд тодорхой заалт юм, энэ бол.

     

    Э.Бат-Үүл:  Баруун төвийн үзэл бол үндэсний үзэл

     

    -Ардчилсан нам үзэл баримтлалаа илэрхийлж байгаа нь цагаа олсон хэрэг. Сүүлийн үед би нэг зүйлийг хараад сэтгэл маш их шимшрэх болсон. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хулгай хийсэн хулгайчтай тэмцье гэхээр л ард түмэн уухайлаад байх юм. Төрийн мөнгө шамшигдуулсан хүмүүс нь авлигачидтай тэмцье гэхээр л тугаараа дэмжих юм. Энэ бол үзэл санааны загваргүй болчхоод юу ярьж, юу бодож байгаагаа ойлгох чадваргүй болсон хүмүүс юм.  Ийм ард түмэн улс төрөөр тоглуулдаг юм, тоглуулсаар дуусдаг. Яг энэ рүү явж байна. Бид 1990 онд бид эрх чөлөөгөө олж авсан. Үүнийгээ 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Үндсэн хуулийн тэргүүн бүлэг  Монгол хүний эрх, эрх чөлөөнөөс эхэлдэг. Монгол хүний эрх, эрх чөлөөг хангах нь  төрийн үндсэн үүрэг гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, монгол хүний эрхийн баталгаажуулалтын төлөө л төр байна гэж бичсэн байдаг. Монгол хүний эрх, эрх чөлөө байхгүй бол тусгаар тогтнол худлаа юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдөр монголчуудыг хар, дэлхийн хаана Монголын парламент шиг илэн далангуй парламент хаана байна. Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол ингэж ил тод нээлттэй байж харагдаач. Эрх чөлөөтэй оронд нэг дутагдал байдаг гэнэ, тэр нь дандаа гомдол мэдүүлдэг. Эрх чөлөөгүй хүн бол хэзээ ч гомдол мэдүүлдэггүй.  Тийм учраас мэдүүлсэн гомдолдоо өөрсдөө согтоод бүх хүнийг уучлаад байгаа. Хэзээ ийм зоргоороо байсан юм. Бид баялгийн хараал хүрсэн. Төрд байгаа энэ хүмүүс шударга ёсны төлөө тэмцээд байна гэж бодож байна уу, худлаа. Б.Бямбасайхан хэлсэн 2000 онд улсын төсөв 300 тэрбум байсан бол өнөөдөр 18 их наяд болсон. Гэтэл эрх баригчид ядуурлыг бууруулах жижиг, дундын санг хусчихсан сууж байгаа. Хийсэн ажил нь ердөө л энэ. Энэ баялаг Монголыг ийм их орлоготой болгосон, тийм учраас энийг булаацалдаж алалцаад байгаа юм. У.Хүрэлсүхийн шударга ёс, М.Энхболдын шударга ёс, Н.Номтойбаярын шударга ёс гээд олон шударга ёстой болсон. Монгол хүний эрх чөлөөгүйгээр үндэсний эрх чөлөө байдаггүй юм. Баруун төвийн үзэл бол үндэсний үзэл юм шүү. Том гүрэн бүлэглээд алалцаж болно. Масс томтой учраас байж л байна. Жижиг орон бол эрх чөлөөгөөрөө л дархлагддаг. 

     

     

     Ч.Отгочулуу: Зөвхөн хууль засаглах ёстой 

     

    /АН-ын ҮБХ-ны гишүүн/ 

     

    -Ардчилсан намыг таван нам нэгдэж байгуулсан байдаг. Таван намын нэгдэл гэдэг утгаараа үзэл баримтлал маань улс төрийн бүхий л чиглэлийг оруулсан байдалтай байсан. Заримдаа социал демократ ч юм шиг, эсвэл барууны ч юм шиг. Энэ ойлгомжгүй байдлыг нэг талдаа гаргаж байгаа. Шинэ үзэл баримтлалын хамгийн гол чиг шугам бол хувь хүний эрх чөлөөг дээдлэх зарчим юм. Хоёр дахь гол багана бол чөлөөт зах зээл буюу эдийн засгийн эрх чөлөө. Гурав дахь том зохицуулалт бол хуулийн засаглалыг дэмжих. Үүгээрээ ямар нэгэн баатар, мундаг удирдагч, аль нэгэн намыг дагах биш, зөвхөн хууль засаглаж байя аа гэсэн санааг илэрхийлж байгаа.

     

    Х.Номингэрэл:  Үзэл санаа бол цоо шинэ зүйл биш 

     

    /ҮБХ-ны гишүүн/ 

     

    -Үзэл баримтлалыг шинэчлэх ажил сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилж байна. Шинэ үзэл баримтлал цоо шинэ бичиг баримт биш. Ардчилсан нам байгуулагдсан цагаас хойш барьж ирсэн бодлогоо дахин хэлбэржүүлж баталсан. Энэ үзэл баримтлалын нэг чухал хэсэг нь шударга ёсны эрх чөлөө гэсэн ойлголт байгаа. Шударга ёсыг орчин үеийн ардчилсан тогтолцоонд хуулийн засаглалаар дамжуулж бий болгодог. Хуулийн засаглалыг бий болгоход АН цаашид ямар бодлого баримтлах вэ гэдгийг үзэл баримтлалд тусгасан. Хуулийн засаглал бол шударга ёсыг бэхжүүлж, баталдаг гол арга хэрэгсэл бөгөөд улс төрийн болон бусад эрхийг баталгаажуулдаг тогтолцоо. Монголд өнөөдөр хууль ёс хэрэгжихгүй байгаатай холбоотой маш олон буруу үйлдэл ажиглагдаж байна. Гэхдээ бид ингэлээ гээд тэр чигээр нь хаяж болохгүй. Энэ нь төр засаг, тодорхой цаг үеэс үл хамаараад улсын хөгжлийн суурь ноён нуруу болдог учраас нийтээрээ хууль ёсыг сэргээн хөгжүүлэх ёстой.