Х.Тэмүүжин: Гэмт хэргийн бүлэг болчихсон намуудаас салах ганц арга бол үзэл баримтлал
    2019 оны 01 сарын 14 нд
    8b45e1884a40eff1cb12d5fc9b0cba98.jpg

    Ардчилсан нам шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд Үзэл баримтлалаа шинэчлэн батлаад буй. Шинэчлэн баталсан үзэл баримтлалдаа "Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна” хэмээн тусгажээ. Ардчилсан намаас шинэ үзэл баримтлалынхаа гол зарчмуудыг танилцуулах аяныг өнгөрсөн баасан гаригт эхлүүлсэн юм. Аяны нээлтийн үеэр тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд шинэ үзэл баримтлалын талаар илтгэл тавив. Т АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин “Яагаад үзэл баримтлал чухал вэ”, О.Эрдэнэ-Өрнөх “Хувь хүний эрх чөлөө”, Б.Бямбасайхан “Эдийн засгийн эрх чөлөө”, М.Чимэддорж “Улс төрийн эрх чөлөө”, Х.Номин-Гэрэл “Шударга ёсны эрх чөлөө”, Э.Бат-Үүл “Үндэсний эрх чөлөө” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавилаа.

     

    Х.Тэмүүжин: Гэмт хэргийн бүлэг болчихсон намуудаас салах ганц арга бол үзэл баримтлал

     

    Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Х.Тэмүүжин тавьсан илтгэлдээУлстөрчдөд, улстөрийн намд эрсдэл гаргах зориг, тэвчээр, маргаашийн төлөө гэх итгэл найдварыг нь тэжээдэг зүйл бол бид олуулаа байна гэж зогсох, манай дарга хамгийн хүчтэй гэж итгэх, бид мөнгөөр бүгдийг шийднэ гэж уухайлах явдал огт биш. Тэр бүгдийг нэгтгэх үзэл санааны тухай л яриа юм. Улс төрийн өрсөлдөөнд орж бэрхшээлийг сөрж, сорилтыг туулах хүмүүст өөрчлөлт хийх, урам зориг, тэвчээр, итгэл үнэмшил хэрэгтэй. Үүнийг урт хугацаанд өгдөг зүйл нь үзэл баримтлал. Тухайн намын филисофи, үнэт зүйл, зарчим юм. Үзэл санааны тогтвортой чиг хандлагатай, түүгээрээ олон нийтээс амлалт авсан намыг үзэл баримтлалтай нам гэдэг” хэмээн онцлов. Засгийн эрх авсан нөхцөлд лидерүүд нь хувийн бодлоо бус намын үзэл баримтлал, түүнд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлдэг, энэ нь үзэл баримтлалд намд ажиллаж буйн хэлбэр гэдгийг ч тэрээр илтгэлийнхээ үеэр дурдсан.

     

    Мөн тэрбээр “Манай улс төрийн намууд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгтэй адилхан болчихсон. Айлган сүрдүүлэх, өширхөх, хулгай, дээрэм хийх гэх мэт хийж болохуйц бүх л зүйлийг хийж байх шиг байна. Сүүлдээ төрийг хаа, гуяар нь салгаж зарах гэж оролдож байна. Энэ үйл явц нь улсаа ч зарж мэдэх хэмжээнд хүрч байна. Дэлхийд дахинд улс төрийн нам нь тухайн улсынхаа хөгжлийг тодорхойлдог, хөгжлийн бодлогыг төрд хүргэх гүүр болдог. Оюун санааны хувьд шинэ уураг тархи нь байдаг. Харин манайд эсрэгээрээ. Зөвхөн дотроо фракцаараа талцаж хэрэлддэг, хоёр биенээ дийлэхийн тулд зодолддог болоод хувирчихлаа. Энэ нь клиентелизм гэдэг ойлголт бий болсонтой холбоотой. Мөнгөөр бүгдийг шийдвэрлэдэг, худалдаж авдаг хандлагыг клиентелизм гээд байгаа юм. Наймаачны арга зүйтэй тогтолцоо л доо. Манай улс төрийн аль ч нам клиентелизм үзэлтэй. Эрх мэдэлд хүрч, ялж л байвал юу ч хийсэн яахав гэдэг. Тэнд зарчим үнэт зүйл, зорилго, эрх мэдэлд хүрснийхээ дараа ямар бодлого хэрэгжүүлэх талаар ямар ч яриа байхгүй. Зөвхөн би л дарга болъё, ялж л байвал яасан ч яахав гэж сэтгэж, ялсан хүн нь баатар гэдэг зарчим үйлчилдэг гэсэн үг. Энэ нь Монгол Улсыг сүйрүүлэх хэмжээнд хүрчихлээ. Тэгэхээр клиентелизм үзэлтэй намаас салах, түүнийг намаас шахаж гаргадаг зүйл нь үзэл баримтлал юм. Одоогийн намуудад хулгайч, авлигач, хэрүүлч, зодоонч нь байна. Гэтэл аль ч намд зарчим, үзэл баримтлал яригдахгүй байна л даа. Үзэл баримтлал гэсэн салхийг оруулж өгөх цаг нь ирчихсэн. Үзэл баримтлалтай нам болох асуудлыг улс төрийн намын хууль тогтоомж, улс төрийн шинэ соёлоор ч болтугай бий болгох хэрэгтэй. Тэгж чадахгүй бол үзэл баримтлал, чиг баримжаагүй улс төрийн намууд Монголын ардчиллыг сүйрүүлэх нь. Ардчилал, хууль дүрэм үгүй болоход дарангуйлал үүсдэг. Тийм учраас улс төрийн намуудад шинэчлэл маш чухал байна” гэлээ.

     

    Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн багаас гадны үзлийг импортолж буй нь сэтгэл түгшээж байна

     

    Харин Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Бат-Үүл “Үндэсний эрх чөлөө” сэдвээр тавьсан илтгэлдээ “ЖДҮХС-аас хулгай хийсэн хүмүүс ЖДҮХС-аас хулгай хийсэн хүмүүстэй тэмцье гээд л уухайлаад байх юм. Төрийн хөрөнгийг шамшигдуулсан хүмүүс “Авлигатай тэмцье” гэхээр тэр дор байгаа хүмүүс нь “Хурай” л гээд байна. Энэ бол үзэл санааны загваргүй болсны шинж. Юу ярьж байгааг ч ойлгох чадамжгүй болсныг харуулж байна. Энэ маш аюултай зүйл. Ийм ард түмэн улс төрийн тоглоом болдог. Яг энэ чиглэл рүү явж байна. Ийм байдал газар аваад байна. Хоёрдугаарт, төрийг мангас болгох үйл ажиллагаа хүчтэй явж байгаа юм. Төр маш их хөрөнгөтэй, эд баялгийг мэддэг болчихсон, данхайчихсан байна. Одоо төрийг мангас болгох хувирал хийх гээд хоорондоо тэмцээд байна. Шударга ёсны төлөөх тэмцэл гэхээсээ илүү төрийн мэдэлд байгаа асар их эд баялгийн төлөө л тэмцэл болоод байна. Гуравдугаарт, бид 100 жил тэмцэж байж арайхийн байхгүй болгосон гадны үзэл баримтлалыг импортлодог зүйл ажиглагдаж байна. Нэн ялангуяа Ерөнхийлөгчийн багаас оруулж ирж байгаа нь үнэхээр сэтгэл түгшээж байна. Ийм учраас намын үзэл баримтлалаа тодорхой болгож байгаа юм. Энэ үзэл баримтлалыг нэг үгээр зангидаад хэлбэл төрийг мангас болгохгүй л гэж байгаа юм” гэв.

     

    Б.Бямбасайхан: АН хөрөнгө оруулагчдад тулгардаг хүнд суртлыг арилгах чиг барина

     

    Ардчилсан нам үзэл баримтлалын үнэт зүйлсэд багтаж буй “Эдийн засгийн эрх чөлөө”-ний талаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Бямбасайхан илтгэл тавьсан юм. Тэрээр “Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь монголчууддаа эх орондоо сайхан амьдрах боломжийг олгож буйг хэлж байгаа юм” хэмээн онцоллоо. “Монгол хүн эх орондоо бизнес эрхлэн, дэвшилтэт технологи зэргийг ашиглаад тогтвортой тоглолт хийх боломжийг олгож байгаа нь бизнесийн эрх чөлөө юм. Дэлхийн хамгийн их хүн амтай,маш том зах зээлтэй улс орнууд Монголыг тойрч оршдог. Тэр утгаараа бидэнд хөгжих боломж бий. Үүнийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн эрх чөлөө хамгаас чухал. Иргэн өмчтэй байх нь эдийн засгийн эрх чөлөөг илтгэдэг. Иргэний өмчийг хамгаалах, улам өргөжүүлэн томруулах боломжийг төр олгож байна гэсэн үг юм. Бизнес эрхлэх орчин нь тогтвортой, хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтийг хангасан, татвар нь хариуцлагатай байх ёстой. Бизнес нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хэдий сайн дэмжинэ төдий чинээ манай улсын эдийн засгийн өсөлтийг бий болгох учиртай. Эдийн засгийн өсөлт гэдэг нь монгол хүн ажилтай, орлоготой байхыг хэлж байгаа юм. Монголын эдийн засгийн нөхцөлийг өөрчлөх шаардлагатай байна. Өөрчлөлт хийснээр шинэ үйлдвэр, салбаруудыг бий болгох боломжтой” гэв.

     

    Тэрбээр “Бүс нутгийнхаа эдийн засгуудтайгаа улам уялдаа холбоотой болж, дэд бүтцийн холболтыг сайжруулж байж Монголд бизнес эрхлэх зардал буурч, боломж нэмэгдэж, бүс нутагт монгол хүн Монголдоо амжилттай бизнес эрхэлнэ. Монголыг тойроод 3.8 тэрбум хүнтэй зах зээл байдаг. Энэ том зах зээл дээр Монгол Улс оршин тогтнох боломжтой. Ардчилсан намын үзэл баримтлалын 2.12-т Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бүх хэлбэрийг тууштай дэмжиж, хөрөнгө оруулагчдад учирч буй саад бэрхшээл хүнд суртлыг арилгана гэж заасан. Бизнес эрхэлж байгаа хүний хувьд маш товч бөгөөд тодорхой заалт” хэмээн онцоллоо.

     

     

    Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

     

    Сэтгүүлч: О.АРИУНЦЭЦЭГ