Ардчилсан намын шинэ үзэл баримтлал үндэсний эрх чөлөөн дээр тогтоно
    2019 оны 01 сарын 14 нд
    4ae60c968bcb3ba8bf994ac18be35f10.jpg

    -Баруун төвийн үзэл нь Монголын үзэл баримтлал байх учиртай-

     

    Ардчилсан намын шинэ үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах аяны нээлт баасан гарагт боллоо. УИХын 2016 оны сонгуульд ард түмнээр дүнгээ тавиулсан тус нам өнгөрсөнд гаргасан алдаа дутагдлаа бултаар хэлэлцэж, намынхаа үзэл баримтлалыг шинэчлэх цаг ирсэнд санал нэгджээ.

     

    УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингээр ахлуулсан Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэх Ажлын хэсэг 2016 оны арваннэгдүгээр сард байгуулагдаж, хоёр гаруй жилийн хугацаанд үзэл баримтлалаа шинэчлэх үйл хэрэгт ханцуй шамдан, 2018 оны арванхоёрдугаар сарын 5-нд намын IX Их хурлаараа, 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Улсын дээд шүүхээр батлуулж, бүртгүүлжээ. Ардчилсан нам үзэл баримтлалаа шинэчлэхдээ тус намын үе үеийн лидерүүд, судлаачид, хэл шинжлэлийн эрдэмтэд, намын анхан шатныхан болон эгэл жирийн иргэдээс 10 гаруй мянган санал цуглуулжээ. Түүнчлэн олон улсын туршлага, баруун төвийн намуудын үнэт зүйлсийг судалсан байна.

     

    Ардчилсан намын шинэ үзэл баримтлалыг тунхаглах аяныг нээж тус намын ЕНБД Ц.Туваан “1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардчилсан Үндсэн хууль батлагдсан. Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү өдрийг угтаж өнөөдөр Ардчилсан нам үзэл баримтлалаа нийтэд танилцуулж байна. Аливаа намын үндсэн суурь нь намын үзэл баримтлал байдаг. Өнөөдөр дэлхийн улс орнууд маш хурдацтай хөгжиж, улс төрийн намууд ч үзэл баримтлал, үйл хэргээ хөгжил дэвшилтэй хоршуулан шинэчилсээр. Намын дарга ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлэх цаг нь болсныг хэлсэн. Тиймээс бид ч хурдан хөгжиж, шинэ үзэл баримтлала а мөрдөж, энэ оны турш олон нийтэд танилцуулна” гэв. Ингээд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Яагаад үзэл баримтлал чухал вэ”, судлаач О.Эрдэнэ-Өрнөх “Хувь хүний эрх чөлөө”, судлаач Б.Бямбасайхан “Эдийн засгийн эрх чөлөө”, судлаач М.Чимэддорж “Улс төрийн эрх чөлөө”, ҮБХ-ны гишүүн Х.Номингэрэл “Шударга ёсны эрх чөлөө”, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нар “Үндэсний эрх чөлөө” сэдвээр илтгэл тавьсныг уншигчдадаа сийрүүлэн хүргэе.

     

     

    Х.ТЭМҮҮЖИН: ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ НАМ ТОГТВОРТОЙ БОДЛОГО ТОДОРХОЙЛДОГ

     

    -Яагаад намууд зөвхөн мөнгөөр бүх асуудлыг шийдэж, түүгээр эрх мэдлийг худалдан авч болдог гэсэн сэтгэхгүйтэй хүмүүсийн цугладаг газар болов. Яагаад боломж л олдвол хулгай хийж болно гэсэн гэмт сэдэлтэй хүмүүсийн бөөгнөрөл болов. Яагаад миний, чиний хүн гэж өөр хоорондоо талцаж, зодолддог болов. Яагаад энэ улс орныг хэрхэн хөгжүүлэх вэ гэхээс илүү, би яаж сандал ширээн дээрээ сууж үлдэх вэ, яаж ялагч болох вэ, үүний тулд юу ч хийсэн хамаагүй гэсэн хандлагатай болов. Тэгвэл дэлхийд яг ийм үзэл баримтлалтай намыг КЛИЕНТИЛИСТ нам гэж тодорхойлдог. Бүгдийг худалдаж авч, хуйвалдаанаар  шийдэж болно, сандал ширээтэйгээ үлдэж байхад хэний ч амьдралыг гишгэлж болно гэсэн тогтолцоотой намыг КЛИЕНТИЛИСТ нам, КЛИЕНТИЛИСТ улс төр гэж хэлнэ. Клиентилист намынхан төрийн бүх эрх мэдлийг хар зах зээл дээр худалдаж, үүнийгээ үргэлжлүүлэхийн тулд жирийн иргэдийн мөнгийг хуйвалдаанаар авч, баялгийг шударга бус хуваарилж, хуулийн байгууллага, ардчиллын механизмыг өөрсдийн талд ашигладаг. Тэд манай удирдагчид шударга, сэлэмтэй, үхэхээс ч айхгүй гэж цээжээ дэлдэж, гагц дараагийн сонгуульд ялах тухай л бодож, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд ЖДҮ, 60 тэрбум гэхчилэн хаанаас мөнгө хулгай хийж болох арга замыг хайдаг. Тэдэнтэй тэмцэх цор ганц арга бол зарчимч үзэл баримтлал, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй бодлогын нам болох явдал. Тэгвэл Ардчилсан намд ямар итгэл үнэмшил байна вэ. Бид ямар итгэл үнэмшилтэй нийгмийн өөрчлөлтийг эхлүүлэх вэ? Үүний тулд ухаалаг, зохион байгуулалт сайтай, аюулгүй, баталгаатай эрх чөлөөг олгох хуулийн тогтолцоог бүрдүүлэх, үйл хэргийнхээ манаач нь байж чадах үзэл баримтлалтай нам байхын тухай энд яригдана. Эдгээр хүчин зүйлс л улс төрийн намын үзэл баримтлалын амин сүнс нь байдаг. Үзэл санааны тогтвортой чиг хандлагатай, түүгээрээ олон нийтийн өмнө санал авсан намыг үзэл баримтлалтай нам гэж тодорхойлдог. “Бид ийм үзэл санаатай, эрх мэдэлтэй болчхоод эдгээр ажлыг хийнэ” гэсэн амлалтыг зоригтой, нэр төртэй, хариуцлагатай хэлж буй намыг үзэл баримтлалтай нам гэнэ. Ийм үзэл баримтлалтай нам бусад намтай өрсөлддөг, тогтвортой бодлого тодорхойлдог, олон нийттэй харилцдаг, улмаар бодлогын нам болдог. Үзэл баримтлалтай нам Засгийн эрх авахад нэн түрүүнд лидерүүдийн хувийн бодлыг биш намын үзэл баримтлал, түүнд суурилсан бодлогыг хэрэгжүүлж, дотоод сахилга бат, эв нэгдэлтэй болдог. Ингэснээр Ардчилсан нам сонгогчид, дэмжигчдээ хадгалж авч үлдэх чадамжтай болно. Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, Ардчилсан Үндсэн хуулийг хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээлийн зарчим, тогтвортой хөгжлийн төлөө баруун төвийн нам байна гэж тодорхойлсон. 1990 оны ардчиллын ололт, 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмуудыг бид бэхжүүлэн, хамгаална. Ардчилсан намын үзэл баримтлалд таван тулгуур үнэт зүйлийг тунхагласан. Үүнд; -Хувь хүний эрх чөлөө: Хүний эрх, эрх чөлөө бие даасан байдал. -Эдийн засгийн эрх чөлөө: Хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, төрийн хязгаарлагдмал тогтолцоо. -Улс төрийн эрх чөлөө: Ардчилал, иргэний засаг -Шударга ёсны эрх чөлөө: Хуулийн засаглал, өөрийн зохицуулалт -Үндэсний эрх чөлөө: Үндэсний өв уламжлал, түүх соёл гэсэн. Энэ таван үнэт зүйл зарчмыг баримталж, нийгмийн мухардал, улс төрийн гацаа, манлайллын хомсдлыг даван туулна. Ардчилсан нам алдаанаасаа сургамж авч, Монголын улс төрд шинэ жишиг авчрахын төлөө ажиллана. Улс биш иргэн нь баян байж хөгжинө гэсэн зарчмаар тус таван үнэт зүйлийг эрхэмлэсэн. Монгол Улсыг эзэнтэй байлгахын тулд хамгийн нэгдүгээрт, хувь хүний эрх чөлөөг хангах, хоёрдугаарт, эдийн засгийн эрх чөлөө, гуравдугаарт, улс төрийн эрх чөлөөтэй байлгах ёстой. Харин энэ бүхнийг шударга ёсны тогтолцоо хамгаална. Ингэснээр алив хууль иргэндээ тэгш үйлчилж, бүх шатанд хуулийн эрх тэгш, шударга засаглал тогтоно. Эцэст нь, эдгээр дөрвөн эрх чөлөө нь үндэсний эрх чөлөөн дээр тогтдог. Энэ эрх чөлөөг бид чөлөөтэй эдлэхийн тулд газар нутагтай, тусгаар тогтоносон, төрийн бие даасан засаглалтай, үндэстний өв соёл, уламжлалтай байх ёстой. Харин энэ бүхэн Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлал байх юм.

     

    О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ: ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ

     

    /Эдийн засагч, судлаач/

     

    -Монгол Улсад хувь хүний эрх чөлөөг хангах, бататгах явдал ардчилсан хувьсгалын хамгийн чухал зорилтуудын нэг байсан. Жишээлбэл, түүхийн хуудаснаас харахад, 1989 оны нэгдүгээр сард “Шинэ үе” бүлгэмээс хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан 40 жилийн ой болоход монголын төр чимээгүй сууж байгааг шүүмжилсэн байдаг. 1990 оны арванхоёрдугаар сарын 10-нд олон улсын хүний эрхийн өдрөөр Монголын ардчилсан холбоо байгуулагдаж, анхны хурлаа хийж байсан. Тус холбооны хамгийн чухал зорилтын нэг нь Монгол оронд хүний эрхийг дээдлэх, хангах тухай шаардлага байлаа. Улмаар тухайн үеийн Ардын их хурлын чуулганд өргөх бичиг барихдаа төрийн болон намын үйл ажиллагаанд хүний эрхийг хангаж, дээдлэхийг шаардаж байв. Тиймээс хүний эрхийг хангах зорилт нь угаас Ардчилсан нам, хөдөлгөөнүүдийн үндсэн зорилт байсаар ирснийг нотлон харуулж буй. Энэ ч утгаараа 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуульд ардчилсан хөдөлгөөн, үзэл баримтлалтай намуудын шууд оролцоотой хоёрдугаар бүлэгт хүний эрхийг өргөнөөр тунхаглаж, зарласан. Нөгөөтэйгүүр, Ардчилсан нам 2000 онд байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хүний эрхийг хангах, хүний эрхийн эсрэг алив төрлийн үйл ажиллагааг таслан зогсоохоор шийдвэртэй ажиллаж ирсэн. Тухайн үед баталж байсан үзэл баримтлалдаа энэ талаар маш дэлгэрэнгүй тусгасан байдаг.

     

    Өмнөх үзэл баримтлал 10 бүлэгтэй бөгөөд дөрөв нь хүний эрхтэй холбоотой бүлэгтэй байв. 35 заалтын 15 нь Монгол оронд хүний эрхийг хангах, баталгаажуулах тухай байж. Тиймээс энэ удаагийн IX Их хурлаар баталсан шинэчилсэн үзэл баримтлал нь өмнөх үзэл баримтлал дээр тулгуурласан гэдгийг хэлэх нь зүйтэй. Засаглалын индекст харагдаж буй хүний суурь эрх буюу амьд явах, аюулгүй орчинд амьдрах, процессын шударга ёс, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, хувийн орон зайтай байх, эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрийн эрх чөлөө гэсэн үзүүлэлтээр сүүлийн 10 жилд бид тогтмол дээд амжилт үзүүлж ирсэн. Шинэчилсэн үзэл баримтлалд хувь хүний эрх чөлөөг хангахад агаар, ус, хөрс зэрэг амьдрах орчны болон хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах Үндэсний бодлогыг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Мөн иргэний нийтэд тустай сайн дурын үйл ажиллагааг дэмжиж, төрийн болон нийтийн албаны ил тод байдлыг эрхэмлэж, иргэний мэдэх эрхийг хангаж, улмаар авлигаас ангид ёс зүйтэй, хариуцлагатай, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлнэ гээд хүний эрхийг хамгаалах чиглэлд олон бодлого тусгалаа. Мэдээж бүх зам дардан байхгүй. Монголд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хэвээр, дүр исгэсэн иргэний нийгмийн байгууллага хэт олон боллоо, цаазын ялыг эргүүлэн сэргээх тухай ард түмэн ярьж байна, хувийн өмч рүү уулгалан довтлох болсон гээд тоочвол олон асуудал бий. Энэ бүх сорилттой Ардчилсан нам шинэ үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлж, тэмцэх боломжтой.

     

    Э.БАТ-ҮҮЛ: МОНГОЛ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГҮЙГЭЭР ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛ ОРШИХГҮЙ

     

    -Монголчууд уйгагүй тэмцлийнхээ үр дүнд 1945 онд ЗХУ-г түшиж, тусгаар тогтнолоо их гүрнүүдээр зөвшөөрүүлж олж авсан. 1961 онд НҮБ –ын гишүүн болсон. 1990 оны ардчилсан хувьсгалын үеэр 200 орчим оронтой дипломат харилцаатай, НҮБ-ын мандаттай тусгаар тогтносон улс болсон. Гэхдээ үүний шанд бид маш их төлөөс төлсөн. Ард түмэн эрх чөлөөгүй болж, коммунизмын боолчлолд орж, 40 мянган гэм зэмгүй иргэн хэлмэгдэж, олон сүм хийд шатсан. Эдийн засгийн колонид орсон. Хэдийгээр бид НҮБ-ын гишүүн болсон ч Монгол иргэний эрх, эрх чөлөөгүйгээр тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө оршин  тогтнохгүй юм байна гэдгийг ойлгосон. Төр засгаа сонгох, түүх уламжлалаа ярих эрхгүй аваас тусгаар тогтносон улс гэж байхгүй гэдэг. Үндэсний эрх чөлөөгөө олохын тулд монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх ёстой гэж ухаарч, бид эрх чөлөөгөө олж, 1992 оны Үндсэн хуулиар баталгаажуулсан. Монгол Улс шиг эрх чөлөөтэй, илэн далангүй Парламентын засаглалтай засаглал хаана байна вэ. Монголчууд хүссэнээрээ, зоргоороо байж чадаж байна. Эрх чөлөөтэй хүнд нэг дутагдал байдаг. Тэр бол мөнхийн гомдоллох. Харин эрх чөлөөгүй хүн, эрх чөлөөгүй боол хэзээ ч гомдол мэдүүлдэггүй. Өнөөдөр бид ардчиллын хүчээр үндэсний өв уламжлалаа сэргээчхээд байна. Төгсгөлд нь хэлэхэд, баруун төвийн үзэл бол Монголын үндэсний үзэл. Манайх шиг жижиг гүрэн хоорондоо алалцах бус эрх чөлөө, тусгаар тогтнолоороо дархлагдах ёстой.

     

    Б.БЯМБАСАЙХАН: ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАМААР БҮС НУТАГТАА ГАРАХ БОЛОМЖ БАЙНА

     

    -Монгол Улс 2008 онд 350 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол 2018 онд энэ тоо 2200 дахин нэмэгдэж, 7.8 их наяд төгрөг болжээ. Энэ бол маш том өсөлт. Харамсалтай нь, Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс 2018 онд 140 орноос 99 дүгээр байранд жагссан байна. Түүнчлэн олон улсын Heritage foundation-аас зарласан эдийн засгийн эрх чөлөөний индексээр бид 55.7 оноогоор 195 орноос 125 дугаарт, Азийн 43 орноос 27 дугаарт эрэмбэлэгджээ. Мөн Дэлхийн банкнаас гаргасан бизнес эрхлэх боломжийн талаарх 2018 оны судалгаанд 69.03 оноотойгоор 190 орноос 62 дугаарт жагсчээ. Эндээс яагаад ийм муу дүн гарч байна вэ гэсэн асуулт ургаж байна. Татварын зарцуулалт, төсвийн сахилга батаараа манай улс хамгийн бага оноо авсан. Энэ бол манай эдийн засгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буйн хамгийн гол шалтгаан. Мөн өмчийн эрхийг хамгаалах үнэлгээнд бид ногоон биш улаан үнэлгээтэй байсаар. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдлаас хэрхэн гарах арга замыг Ардчилсан намын шинэчлэн гаргасан үзэл баримтлалын эдийн засгийн эрх чөлөөний хэсгийн 4-6 дугаар хуудсанд маш тодорхой заасан байгаа. Дээрх судалгаанаас харахад манайд дэд бүтцийн болон бизнесийн салбарыг сайжруулах бүрэн боломж байна. Хэдийгээр бид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт харьцангуй дээгүүрт эрэмбэлэгдэж буй ч Засгийн газар буюу төрийн оролцоотой салбаруудад Монгол Улс доогуур явж байна. Иймд бүс нутгийнхаа эдийн засгийн уялдаа холбоог сайжруулж, интеграцид нэгдсэнээр дээрх үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Бид 2050 он хүртэл юу хийх боломжтой вэ гэдгээ одоо тооцоолох ёстой. Монголыг тойроод 3.8 тэрбум хүнтэй зах зээл байна. Тиймээс эх орондоо бизнесээ эхлүүлж, улмаар хоёр хөршийн зах зээлд гарах боломжийг эрэлхийлэх нь зөв байна.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

     

    Сэтгүүлч: Б. БЯМБАСҮРЭН