Б.Бямбасайхан: Төр хяналт тавьж, зохицуулалт хийхээс өөрөөр бизнест орох хэрэггүй
    2019 оны 01 сарын 14 нд
    d7ff6136b584f8820b15fcf7feda3d37.png

    Баруун төвийн нам байна гэдгээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн ардчилсан нам энэ үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулав.

     

    Монголын улс төрийн намууд үзэл баримтлал, итгэл үнэмшил гэхээсээ илүү лидер дагасан, халамжийн бодлого амласан, тэр хэрээрээ засгийн эрхэнд гарахаараа эдийн засагт халтай олон шийдвэрийг гаргасаар ирсэн. Тэгвэл ардчилсан нам өнгөрсөн нэг жилийн хугацаанд боловсруулж, үдшээр баталгаажуулсан үзэл баримтлалаасаа хазайхгүй гэдгээ амлалаа.

     

    Тус нам хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, үндэсний эрх чөлөөг баримтлан бодлогоо хэрэгжүүлэх аж. Хувийн өмчтэй, өрсөлдөөнтэй зах зээлийг дэмжиж, төрийн бизнес дэх оролцоог хязгаарлах, хувийн өмчид халдахыг болиулах чигийг ардчилсан намын үзэл баримтлал дахь Эдийн засгийн эрх чөлөөний хэсэгт тусгажээ.

     

    Тодруулбал, улсын төсвийн үндэс нь татвар мөн боловч, өнөөдрийг хүртэл ажилласан Засгийн газрууд байгаа хэдэн компаниа “шүүслэх” системтэй болчихсон. Харин АН татварын тухайд “тогоо”-гоо аль болох томруулах чиг рүү хандаж ажиллана гэж тус намын үзэл баримтлалыг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, эдийн засагч Б.Бямбасайхан хэлэв. Тэгэхдээ татвар төлөгч компанийг дэмжсэн системийг бий болгож, мөн татварыг юунд, яаж зарцуулж буйг хянадаг систем бий болгох аж. Хэрэв татварын орчинд ийм шинэчлэл хийж чадвал олон компани шинээр татвар төлдөг болно, тэр хэрээр эдийн засаг тэлнэ  хэмээлээ.

     

    Ардчилсан намын үзэл баримтлалын танилцуулгын үеэр эдийн засагч Б.Бямбасайханаас зарим зүйлийг тодрууллаа.

     

    -Таны тавьсан илтгэлийн үеэр ардчилсан нам бизнес дэх төрийн оролцоог хязгаарлах бодлого баримтална гэж хэлсэн нь анхаарал татлаа. Бизнес дэх төрийн оролцоо яг ямар хэмжээнд байвал зохистой гэж үзэх юм бэ?

     

    -Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн бүтэц нэг талаараа хангалтгүй байна. Үүнийг зөв систем, бодлогоор урагшлуулъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа 10, 20, 30 жилийн турш тогтвортой, хүртээмжтэй, оролцоотой өсөлтийг бий болгохыг зорьж байгаа. Энэ нь бизнес эрхэлж байгаа, жишээ нь над шиг хүнд маш чухал. Бизнесийн орчин тунгалаг, ойлгомжтой, татварын систем хүн бүрт тодорхой, хяналттай байх боломжийг бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал бизнесийн орчин сайжирна. Хоёрдугаарт, хувийн хэвшил амжилттай хэрэгжүүлж чадах салбаруудад төр зөвхөн хяналт, зохицуулалтаа хийгээд явах нь зөв. Хувь хүн өөрийн өмчтэй байна, тэр өмчөө ашиглаад дараа дараагийн шинэ бизнес эхлүүлж болно, хөрөнгө оруулалт татаж шинэ төсөл эхлүүлж болно. Ингэж хувийн сектор ажиллаж болж байгаа салбарт төрийн оролцоо хамгийн бага хэмжээнд байлгах тухай асуудал юм. Түүнээс биш төр өөрөө бизнес эрхлээд бусад хувийн бизнестэй өрсөлдөөд байвал эдийн засаг тэлэхгүй.

     

    -Өнөөдөр Монголд хэрэгжиж байгаа ихэнх том төслүүд төрийн оролцоотой байдаг. Энэ нь эдийн засгийг тэлэх боломжийг хааж байна гэсэн үг үү?

     

    -Өнөөдөр бид олон улсын харьцуулсан судалгаануудыг л харах хэрэгтэй. Монгол Улсын өрсөлдөх чадвар дэлхийн 140 улстай харьцуулахад 99-д жагсаж байна. Мөн эдийн засгийн эрх чөлөө 190 улстай харьцуулахад дөнгөж 125-д байх жишээтэй. Бидний байгаа байдал энэ. Үүн дээр төсвийн сахилга батаар хамгийн бага оноо авдаг. Энэ нь нэг талаар Монголд боломж их байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, болохгүй байгаа энэ мэт зүйлээ сайжруулчихвал эдийн засаг тэлэх боломж байгаа. Учир нь Монголыг тойроод дэлхийн хамгийн том зах зээл, хэрэглэгчид байна.