Т.Батсайхан: Завхан аймаг уул уурхайгаас ангид бүс нутаг болох зорилго дэвшүүлсэн
    2019 оны 01 сарын 17 нд
    6d30ac7f9238a4dc167434cd234aa448.jpg

    Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

     

    -Завхан аймгийн өвөлжил­тийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхлэх нь зөв байх. Өнгөрсөн хугацаанд өвөлжилт ямар байв, хаврын бэлтгэл ажлыг хэр хангав? 

     

    -Өнгөрсөн жил манай аймгийн хувьд гурван суманд малын хорогдолтой гарлаа. Энэ жилийн тухайд 3.5 сая гаруй толгой мал тоолууллаа. Нийт мал сүргийн өсөлтийн тухайд өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн. Өнгөрсөн зун намар орсон хур бороо, өвөл цасгүй байсан учраас сайхан байна. Гэхдээ зарим нэг сумдад намар эрт орсон цас хайлсны улмаас мөстөлт үүссэн гэх мэтээр бага зэргийн асуудал гарсан. Малын туруунд нөлөө үзүүллээ. Байгалийн хадлан багатай, өвс тэжээл муутайгаас үүссэн гэж хэлж болно. Хаваржилтын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолсон байдлаар харьцангуй гайгүй давчих болов уу гэж бодож байгаа. 

     

    -Өнгөрсөн жил малын халдварт өвчин нэлээдгүй гарлаа. Танайхыг тойрч өнгөрөв үү, хэрхэн урьдчилан сэргийлэв? 

     

    -Манайд гарсангүй. Мал нь эрүүл байгаа ганц аймаг бол Завхан аймаг. Ер нь урьд өмнө ч гарч байгаагүй.

     

    -2019 оны төсвөө хэзээ батлав. Энэ жил хэчнээн тэрбум төгрөгийг зарцуулах эрх мэдэл очсон бэ. Онцлох бүтээн байгуулалт хийгдэх болов уу? 

     

    -Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 03-нд аймгийн ИТХ-аар төсвөө хэлэлцэж баталлаа. Өнгөрсөн онд Завхан аймагт 21.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ онд 47.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэхээр төсөвт суулаа. Тун завгүй жил байна гэсэн үг. 2018 онд 20 барилгын ажил эхэлснийг өнөө жил бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна. Аймгийн төвийг орон сууцжуулах ажил хангалттай хийгдэж байна. Иргэдээ аятай тухтай амьдруулах үүднээс хувийн болон нийтийн эзэмшлийн орон сууц барина гэсэн компаниудын газрын асуудлыг шийдэж өгч байна. Мөн дэд бүтцийг ч шийдэхэд дэмжлэг үзүүлнэ. Өнгөрөгч онд хоёр том орон сууцны барилгыг ашиглалтад хүлээж авлаа. Мөн аймгийн зүгээс санаачилж, хаус хороолол барьж эхэлсэн. Иргэд өөрсдөө санаачилга гаргаж, өөрийнхөө газар дээр хаус барина гэвэл дэд бүтцийг нь шийдэж өгөх зэргээр ажиллаж байна. Төрөөс 50, иргэдээс 50 хувийг гаргаад эрчим хүч, дэд бүтцийг нь шийдчихсэн газарт хаус хороолол барих ажлыг эхлүүлээд явж байгаа. 200 айл өөрийнхөө хувийн хаусыг барихаар болж, 96 нь таун хаустай боллоо.

     

    Нэг айлын хаусын метр квадратын үнэ нь 650 мянган төгрөг болсон.  Завхан аймгийн тухайд агаарын бохирдлын асуудал байхгүй. Хамгийн цэвэрхэн, эрүүл агаартай аймгуудын нэг гэж хэлж болно. Гэхдээ байхгүй гэж хэлээд суух бус хэм хэмжээг бариулах талаар ажиллаж байна. Сүүлийн үед айлууд нүүрс түлэх нь ихэссэн. Үүнийг зохицуулах шаардлага үүссэн гэсэн үг. Замын бүтээн байгуулалт нэлээд эрчимтэй явагдана. Өнгөрсөн жил Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай автозамын ажил дууссан. Улсын комисс хараахан хүлээж аваагүй байгаа. Тосонцэнгэлээс Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын ажил 2018 онд эхэлж, 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ингэснээр хойд талын чиглэлийн сумууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдох бололцоотой болно. 2019 онд Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн Загастайн давааг хамарсан 67 км хатуу хучилттай зам барилгын ажил эхэлнэ. Энэ бол завханчуудын хувьд олон жилийн мөрөөдөл. Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох нэг том гарц. Монгол Улсын хэмжээнд байгаа хамгийн хүнд, бэрхшээлтэй даваануудын нэг бол Загастайн даваа. Энэ замыг хатуу хучилттай болгосноор айл бүхэнд өгөөжөө өгнө. Манай аймгийн хөгжлийн гарц бол хүн. Хүний хөгжлөөр нутаг орныхоо хөгжлийг бид хэмжинэ. 

     

    -Аймаг орон нутагт ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал их гарах боллоо. Засгийн газар лиценз ашигласны төлбөрийг орон нутагт нь төвлөрүүлэх чиглэл өгсөн. Танай аймагт одоогоор хэчнээн лиценз байна?

     

    -Орлогын тодорхой хувийг орон нутагт шилжүүлэх болсон нь давуу талтай сайн шийдвэр болсон. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Лиценз олгохдоо иргэдээс асуумаар байгаа юм. Энэ талаар аймгийн зүгээс тодорхой санал гаргалаа. Завхан аймгийн тухайд уул уурхайгаас ангид бүс нутаг болох зорилго дэвшүүлсэн. Энэ байр сууриа ч хатуу хамгаална. Анх намайг аймгийн Засаг даргаар очиход 99 лицензтэй байсан. Одоо 79 болж, 20-оор буурлаа. Ажлаа авснаас хойш нийтдээ 93 лиценз олгохоор санал ирсэн. Бүгдэд нь татгалзсан хариу өглөө. Нийт газар нутгийнхаа 26 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байна. Бид уул уурхайгаас ангид байх алхам хийнэ. Цаашлаад яам болон Засгийн газар хуульдаа өөрчлөлт оруулж, ард иргэдээс санал авдаг болохгүй бол бэлчээрийнх нь газар нутгийг лицензтэй гэж нэг нөхөр давхиж очоод ухдаг, түүнээс нь болж зөрчил үүсэж, нутгийн иргэд эсэргүүцэл хийдэг асуудал гарах нь ихэсч байгаа. Хэдэн үеэрээ тахиж шүтэж ирсэн уул усыг нь ухаж, тэр нь шүүхийн шатанд явж байгаа асуудал байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ажлыг явуулахгүй байна, ажлын төлөвлөгөөг баталж өгсөнгүй гээд биднийг хүртэл шүүхэд өгчихсөн жишээ байгаа. 

     

    -Хулгайгаар очиж газар ухдаг, эсвэл уул усыг нь тонож дээрэмддэг, малыг нь хулгайлдаг асуудал орон нутгаар маш их гарах болсон. Орон нутгийн хэмжээнд энэ мэт хэргүүдтэй хэрхэн тэмцэж байгаа бол?

     

    -Малын хулгай маш чухал сэдэв болоод байна. Малын хулгайтай тэмцэхийн тулд холбоожуулах асуудал яригдана. Малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх нь чухал. Завхан аймаг 2019 оны төсөвт 24 сумаа малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоо руу шилжүүлнэ гэсэн зорилго тавьсан. Нэг, хоёрдугаар сард бүх суманд малчдын зөвлөгөөн зохион байгуулна. Малын хулгайтай хэрхэн тэмцэх, махаа хэрхэн борлуулах, эрүүл аймаг, эрүүл хүнсээ яаж үнэтэй зарах вэ гэдэг асуудлаар зөвлөлдөнө. Харин ирэх гуравдугаар сард малчдын аймгийн зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ бүхний дүнд бүх сумдад малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог бүрдүүлж, үүнийгээ малчдад ойлгуулна гэж үзэж байгаа юм. Мөшгөх тогтолцоо гэдэг нь бүх малаа чиптэй болгох асуудал. Чипийг уншуулахад аль багийн малчин, хэн гэдэг хүний, хэдэн настай, ямар өвс тэжээлээр бордсон, туулга вакцинд хамрагдсан мал мөн үү, биш үү гэдэг нь гараад ирнэ. Тухайн малын эрүүл мэндтэй холбоотой бүх лавлагаа мэдээлэл онлайнаар гарч ирдэг систем юм. Ингэснээр махны борлуулалт, үнэ нэмэгдэхээс гадна гадаад дотоод зах зээлд гаргахад эрүүл мэндийн шаардлага хангадаг болно. Үүнээс гадна малын хулгайтай тэмцэхэд том дэмжлэг болно гэж үзсэн. 

     

    -2018 оныг Засгийн газраас сахилга хариуцлагын жил болгож зарласан. Энэ хүрээнд орон нутаг, нийслэлд ЗГХЭГ болон Төрийн албаны зөвлөлөөс багагүй шалгалт шүүлэг явууллаа. Танай аймгийн тухайд сахилга, хариуцлагын талаар ямар дүнтэй шалгуулав. Төрийн байгууллага дээрээ архидан согтуурдаг, ажлын хариуцлага алдах зөрчил дутагдал гарав уу?

     

    -Бид төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж, энэ хүрээндээ нэлээд олон ажил зохион байгуулсан. Бүх шатны төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт зохион байгууллаа. Төрийн албан хаагчдын бүсчилсэн сургалтыг 24 сумаа хамруулж, дөрвөн бүсээр хийсэн. Албан хаагчдын баримтлах есөн зарчмыг хэлэлцэж баталлаа. Есөн зарчим бүхий энгэрийн тэмдгийг төрийн албан хаагчид зүүдэг болсон. Төрийн албаны дэг журмыг өөрчилж, ард иргэдээ сонсдог аймаг болох зорилго тавьж, иргэдтэйгээ нийт таван удаа уулзлаа. Төрийн ажлыг иргэд үнэлдэг болсон. 2018 оноос эхэлж дарга биш иргэн үнэлж, сахилга хариуцлага, дэг жаяг, хүнд суртал гаргасан албан хаагчтай иргэн хариуцлага тооцдог болсон гэх мэтээр олон шинэлэг зүйл хийлээ. Мөн төрийн албан хаагч нар айл, өрх бүрийг хариуцаж ажилладаг болсон. Айл өрхөд тулгарч буй бэрхшээл, хууль эрхзүйн тусламж үйлчилгээг авч чадаагүйгээс болоод хохирох зүйл байвал хариуцсан албан хаагч нь энэ бүхнийг шийдэхэд нь тусалдаг. Иргэн, төр хоёрын холбогч гүүр болж ажилладаг шинэ жишиг тогтлоо. Манай аймагт ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэдэг зүйл байхгүй ээ.

     

    Сахилга, хариуцлагын зөрчил арилж байгаа. Зөрчил гаргасан ажилтнуудад арга хэмжээ авдаг болж байгаа. Энэ нь эргээд шүүхэд дуудагдах шалтгаан ч болж байх шиг. Засгийн газраас гаргасан бодлого, үйл ажиллагааг 100 хувь дэмжиж ажилласан гэж хэлж болно. Цаашдаа ч хийх ажил их байна. Тухайлбал, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн нэг хэсгийг нь аймаг, орон нутгийн албан тушаалтан томилдог, чөлөөлдөг. Нөгөө хэсгийг нь Улаанбаатар хотоос томилдог бас чөлөөлдөг. Энэ хоёр төрлийн албан тушаалтны иргэдэд хандах хандлага, хүлээх хариуцлага нь өөр. Ийм систем нь төрийн ажлыг том түгжээнд оруулж байгаа учраас энэ түгжрэлээс гарах чиглэлд анхаарч, босоо тогтолцоог хэвтээ болгож өгөх шаардлага бий. Ингэж байж төрийн үйлчилгээний чанар, тэгш байдлын тухай ярина. Төрийн албан хаагчдыг чадавхжуулах ажил чухал болсон. Албан хаагчид харьцангуй залуужсан. Төрийн албаны дэг жаягаа мэдэхгүй байх, туршлагагүйгээс алдаа гаргах зүйл гарна. Тиймээс өнгөрсөн оноос эхлэн бид 24 суманд ахмад төрийн албан хаагчдаа томилолтоор ажиллуулдаг болсон. Ингэснээр ахмад, залуу, дунд үеийн эргэх холбоог хангаж, харилцан бие биенээсээ суралцах боломж бүрдэж байгаа юм. 

     

    -Завхан аймгийн тухайд 2018 онд олон зүйлээр анхдагч байлаа. Тэр дундаа өсвөр үеийг эх оронч сэтгэлгээтэй болгох, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлд олон ажил хийлээ. Энэ цаашдаа үргэлжлэх үү? 

     

    -Санаачилга гаргана гэдэг бол сайн үйлийн эхлэлийг тавьж байгаа хэрэг юм. Санаачилгуудаа цааш үргэлжлүүлэхээс гадна шинэ санааг олон гаргах бодол байна. Аливаа юмны эхлэл сайн бол төгсгөл нь үргэлж сайн байдаг. 2019 онд ч анхдагч шинжтэй үйл ажиллагаануудаа хадгалж ажиллана. Тухайлбал, манай аймаг “Сайн багш” гэж дэд хөтөлбөр эхлүүлсэн. Энэ хүрээнд жил бүр аймгийн шилдэг 100 багш шалгаруулна. Шилдгийн шилдэг багшаа 10 сая төгрөгөөр урамшуулах бол, шилдэг 99 багшаа 300 мянган төгрөгөөр урамшуулна. Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлж байж өрсөлдөх чадварыг сайжруулах, багш нарын дунд чөлөөт өрсөлдөөн бий болгосноор боловсролын систем илүү сайжирна гэж үзсэн хэрэг. Энэ сарын 13-нд буюу Үндсэн хууль батлагдсан өдрөөр шилдэг 100 багшаа шалгаруулж, урамшуулсан. Эмч нар дээр ч яг ийм хөтөлбөр хэрэгжинэ. Ирэх гуравдугаар сард шилдэг эмчээ шалгаруулна. Шилдэг 50 эмчийг ард иргэдийн санал асуулгаар буюу хөндлөнгийн үнэлгээгээр тодруулах юм. Эмнэлгийн даргын саналаар тодруулахгүй. Ахиу хэмжээний урамшуулал, дэмжлэг үзүүлсний дараа тухайн хүмүүсээс ахиу хэмжээний хариуцлага, ажлын үр дүн нэхнэ гэж бодож байна. 

     

    Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН 

     

    Сэтгүүлч: Б.ӨНӨРТОГТОХ