УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг болно
    2019 оны 01 сарын 28 нд
    bac0253566a0b5d63200da2a01c7b6e4.jpg

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгогчоос өөрийн сонгосон УИХ-ын гишүүндээ итгэл алдарсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхийг олгох, хуульзүйн боломжийг нээхэд оршино гэдгийг хууль санаачлагч онцолллоо.

     

    Түүнчлэн тус хуулиар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журмыг хуулиар тогтоогоогүй байгаа процессийн хуулийн хийдлийг арилгах зорилготой аж. УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах таван үндэслэлийг тусгажээ. Тодруулбал, Нэгт, гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хоёрт гишүүн хүндээр өвчилсөний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан, гуравт Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан, дөрөвт гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, тавдугаарт гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан тохиолдолд эгүүлэн татах боломтой гэж тусгажээ. Хуулийн төсөлд санал авах тухайгаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Уг хуулийн эцсийн зорилго нэг гишүүнд зориулсан бус ард түмэнд зориулсан хуулийн төсөл гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тодотголоо.

     

    Сонгогчдын гарын үсгээр баталгаажуулсан саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хууль хэрэгжиж эхлэх юм байна. Сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг заавал чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авах шаардлагагүй юм байна.

     

    УИХ-ын гишүүн, хууль санаачлагч С.ЭРДЭНЭ:

     

    -Маш олон иргэн, сонгогчоос УИХ-ын гишүүдийг төрт ёсны уламжлал, ёс зүй, уламжлалаа дагаж, мөрдөхгүй, худал амлалт өгч УИХ-д сонгогддог гэх гомдлыг хэлдэг байсан. Ёс зүй болоод бусад хэм, хэмжээг зөрчсөн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай хууль эрх зүйн орчин дутмаг байсан. Эрх баригчдын зөрчил туйлдаа хүрч төрийн хямралд хүргэж байна. Маш хариуцлагагүй байна. Монгол Улсын Их хурлын 2016 оны сонгуульд сонгогдсон 76 гишүүний 65 нь МАН-аас сонгогдсон. Тэднээс нэг гишүүн нь хүчиндэх гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үлдсэн 64 гишүүний гуравны нэг орчим хувь нь авлигын гэмт хэрэг буюу ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан асуудалд холбогдоод байгаа.  Монгол Улсын ерөнхий прокуророос албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д оруулсан боловч уг саналыг хүлээн авахаас татгалзаад байгаа. Энэ нь УИХ-ын гишүүн бусад гишүүддээ шударга ёсны болон хууль зүйн хариуцлага хүлээлгэх чадамжгүй болоод буйн тод жишээ.Иймд тангараасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг умартсан УИХ-ын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх буюу сонгогчид хариуцлага тооцдог болох ёстой" гэлээ.

     

    Түүнчлэн Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан сонгуулийн эрх бүхий иргэдийн гарын үсгийн үнэн зөв байдал, санал гаргасан сонгуулийн иргэдийн засаг захиргааны нэгжид байнгын оршин суугч мөн эсэх талаарх лавлагааг гаргах эрхийг хорооны бүрэн эрхэд хамааруулах аж. Ингэхдээ Сонгуулийн төв байгууллага нь лавлагаа гаргахдаа УИХ-ын сүүлийн сонгуулийн ирц, сонгогчдын нэрийн жагсаалтыг эх сурвалж болгохоор төсөлд тусгажээ.

     

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  санаачлахдаа олон орны туршлагыг судалсан гэдгийг хууль санаачлагч тодотгов. Тухайлбал, Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан бол сонгогдсон төлөөлөгчийг эгүүлэн татаж болдог бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларусьт 20 хувь гэгчлэн хуульчилдаг байна.