Ц.Оюунгэрэл: Утааг гэр хорооллын иргэн л бууруулах юм байна
    2019 оны 02 сарын 13 нд
    13f303d3d453e05493b18879517c52f9.jpg

    “Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг санаачилж, орон даяар сургалт хийсэн бол өдгөө “Утааг арилгая” сургалт хийхээр бэлтгэж байгаа юм.

     

    -Утааны асуудлаар сургалт хийх гэж байгаа гэсэн. Яагаад энэ сэдвийг сонгох болов?

     

    -“Жорлонгоо өөрчилье” сургалтын нэг жилийн ажлыг дүгнэх арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үед жиргээчид манай багийг утааны эсрэг ажиллаач гэж уриалж эхэлсэн. Тэр ч байтугай танай багийг энэ талаар ажиллавал бид хүч хамтаръя гэж сайн дураараа бүртгүүлж эхэлсэн л дээ. Энэ бол 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн гэсэн үг. Бид багаараа ярилцаад энэ үнэхээр олон хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой, мэдэхгүй чадахгүй мөнгөгүй эрх мэдэлгүй гэж хойш суухын аргагүй тулгамдсан хурц сэдэв юм байна гээд “Утааг арилгая” сургалтынхаа контентыг боловсруулах, хөрөнгө босгох ажилдаа орцгоосон. Бас манай багт гэр хорооллын судалгаа, хөтөлбөрүүдэд олон жил ажилласан, “Утааны эсрэг ээж, аавууд” группт идэвхтэй ажилладаг Б.Дашням зөвлөх байгаа. Жиргээчид түүнийг Даагий гэдэг. Түүний тусламжтайгаар бид багаараа унших, судлах материалаа хангалттай хэмжээгээр бөөгнүүлж аваад, шууд судлах, бичих, хөтөлбөр гаргах даалгавраа томьёолж ажиллаж эхэлсэн. Хоёр сар гаруйн дараа гэхэд бидний бүтэн өдрийн сургалтын контент бэлтгэх ажил маань 90 хувьтай явна.

     

    -Өнгөрсөн хугацаанд утаанд багагүй мөнгө зарцуулсан, яагаад утаа буураагүй юм бол?

     

    -Утааг тендерийн мөнгө, албан даалгавар, тэр ч байтугай гоё бүтээгдэхүүн гаргаад ч бууруулах боломжгүй юм билээ. Утааг жирийн гэр хорооллын иргэн хүн л бууруулах юм байна. Жирийн хүний сонголт, худалдан авалт, тэр хүний гаргасан шийдвэр, гэр бүлийнхний өдөр тутмын хөдөлмөр, арга ажиллагаа л утааг бууруулж чадна. Утааг бууруулах тэр хүмүүсийн утааны эсрэг боловсролд зориулж өнгөрсөн жилүүдийн тэр их мөнгөнөөс ер очсонгүй. Хүнээ сургасангүй, хүндээ тайлбарлаж өгсөнгүй, иргэд маань яг хаанаас эхэлж утааг арилгахаа мэдэхгүй байсан болохоор л утаа буураагүй юм билээ.

     

    -Утааг ямар хугацаанд арилгах боломжтой вэ, утаатай тэмцэх хамгийн шилдэг арга юу вэ?

     

    -Олон хүн зэрэг ойлгож байж хурдан буурна. Хүндээ хүрч чадахгүй удаад байвал удаан буурна. Тийм ч учраас “Нутгийн шийдэл” ТББ-ын бид “Жорлонгоо өөрчилье” сургалтынхаа жишгээр иргэдийг аль болох олноор хамруулж сургалт хийхийн зэрэгцээ, сургалтынхаа агуулгыг олон нийтэд хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан хүргэх хүсэлтэй байгаа. Одоогоор бидэнтэй “Монгол Контент” ХХК хамтран ажиллахаар болж байгаад баяртай байна. Бас жиргээ, фэйсбүүкээр манайд хандаж, бидний арга барилыг эзэмшье, сургалтын контентийг сурч авч бусдад түгээе гэсэн сайн дурынхан бүртгүүлж байгаа. Одоогоор 33 хүн бүртгүүлсэн байна лээ. Манай Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь уг бүртгэлийг хийж байгаа.

     

    -Утааны сургалтыг гэр хорооллынхонд зориулна гэсэн, ямар багш нар заах вэ?

     

    -Эхний үлгэрчилсэн есөн сургалтыг заах багш нар нь би, Ц.Оюундарь, Б.Дашням, Н. Монсор нар буюу сургалтын контентийг гардан бэлтгэсэн хүмүүс байх юм. Бидний сургалтын явцад дагалдан багшаар бүртгүүлсэн хүмүүс хичээлээ өвлөөд, цааш нь өөрөө анги бүрдүүлээд заагаад явж болно. Цаашдаа олон багш нар бэлтгэгдээд ирэхээр, мөн манай контент хэвлэлээр ил болоход хүн бүхэн айл хөршүүдийнхээ дунд яриад тайлбарлаад өгчихдөг багш нь болоосой гэж бид мөрөөдөж байгаа. Тийм ч учраас бид хичээлийнхээ агуулгыг маш энгийн бэлтгэсэн. Тэгэхгүй бол бүгдээрээ ижил түвшний ойлголттой болоход маш хэцүү шүү дээ.

     

    -Утааны эсрэг сургалт хийж байгаа юм чинь Засгийн газраас дэмжлэг авсан уу?

     

    -Аваагүй. Одоогоор бид өөрсдөө хөрөнгөө босгоод, эхлэлийг нь харуулъя гэж бодож байна. Гол нь хүмүүсээ сургаснаар үр дүнд хүрэх юм байна гэж үзвэл орон нутаг, иргэд, хувийн хэвшлээс ч дэмжлэг ирэх байх. Дэмжлэгийг манай багт өгөх үү, манайхаас суралцсан бусад багуудад өгөх үү гэдэг чөлөөтэй сонголтын асуудал. Гол нь бид контентоо олон тийш түгээж байж олон хүн мэдээлэлтэй болно гэдэг зарчмаар л сургалтын дизайнаа боловсруулаад байна.

     

    -Ингэхэд “Жорлонгоо өөрчилье” аян ямар үр дүнд хүрсэн бэ?

     

    -Хүмүүст байгаа суугаа газраа харьцангуй хямд үнээр зөв жорлон хийж болох таван технологийг дүгнэж гаргаж өглөө. www.jorlon.org/ecotoiletmn. Жорлонгоо өөрчлөхөд хувийн хэвшил, иргэн, төрийн байгууллага яаж хамтарч ажиллавал илүү үр дүнтэйг газар бүр очиж тайлбарлав. Жорлонгийн анхны зээл гаргууллаа. Жорлон барьж байгуулдаг, үйлчилгээ үзүүлдэг компаниудад өсөлт гартал нь зах зээлд сурталчиллаа. Бодитойгоор жорлонгуудыг үлгэрчилсэн загваруудыг бүтээж ашиглалтад оруулж айлуудад хүргүүллээ. Жорлонгоо яаж өөрчилбөл тухайн орон нутагт тохирох вэ гэдгийг ус, хөрсний бүтцээр нь ялгаж, стандартын гарын авлага бэлтгэлээ. Хамгийн гол нь иргэдийг маш их сургаж идэвхжүүллээ. Иргэд маань ижил тэнцүү мэдээлэлтэй, идэвхтэй байхад жорлон өөрчлөгдөх ажил зогсохгүй гэж харагдаж байна.

     

    -Жорлонгоо өөрчлөгчид урд хөршид өрнөж байгаа Жорлонгийн хувьсгалын туршлагатай танилцсан юм билээ. Богц дүүрэн ирсэн үү?

     

    -Урд хөрш рүү туршлага судалсан багийнхаа гишүүдтэй уулзаж амжаагүй л явна. Би утааг арилгах сургалтын агуулга, хөрөнгө босгох ажил дээр сүүлийн хоёр сар нам сууж байна гэх үү дээ.

     

    -Утааг арилгах болон жорлонгоо өөрчлөх нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүлжүүлэх ажил. Хослуулж өөрчлөлт хийх боломжтой юу?

     

    -Хослуулах боломжтой. Гэхдээ утааны асуудал дээр бүтэн өдөржин төвлөрч сургалт хийгдэх тул бид хоёр сургалтыг нэг дор нэг өдөр хольж хийхгүйгээр зохион байгуулж байгаа.

     

    -АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт таны санаачилсан эдгээр аянууд тусгагдах болов уу?

     

    -Энэ хоёр ажил бол “Нутгийн шийдэл” ТББ-ын зүгээс хийж буй ажлууд. Бид хийж буй ажлаа бүх намын хэнд ч зааж сургахад бэлэн байгаа. Утаа, жорлон хоёр бол нам харгалзахгүйгээр монголчууд биднийг зовоож буй асуудал.

     

    -Хамгийн шилдэг жорлон таныхаар ямар байх ёстой вэ?

     

    -Ёроолоосоо авахуулаад оройгоо хүртэл цэвэрлэгддэг жорлонг хамгийн шилдэг жорлон гэж үзнэ. Цэвэрлэгдэх арга нь янз бүр байж болно оо. Орон нутагт тохирч болох олон аргыг бид зааж сургадаг.

     

    -Танай гэр бүлийнхэн таны эдгээр ажлуудыг хэр дэмжиж байгаа вэ?

     

    -Гэр бүлийнхэн маань бүгд дэмжиж оролцож байгаа. Нөхөр хөрөнгө босголцох ажилд редактор хийж өгч байна, хүү охин хоёр утааны сургалтад сайн дурын багшаар бүртүүлсэн байна лээ. Энэ хэдтэйгээ сүүлийн үед утааг яаж арилгах талаар л ярьдаг болсон.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

     

    Сэтгүүлч: Б.ЯНЖМАА