П.Цагаан: Тинк танкийг Монголд хэвшүүлэхээр хичээж байна
    2019 оны 02 сарын 13 нд
    49e8c1942ed4170ae8a909cfe334cae5.jpg

    “Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол” хэлэлцүүлгийн үеэр уг арга хэмжээг санаачлагч Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаантай ярилцлаа.

     

    -Тинк танкийн тухай хэлэлцүүлэг боллоо. Төр засгийн шийдвэр судалгаанд суурилахгүй байна гэсэн шүүмжлэл явдаг. Хүлээн зөвшөөрөгдөхөөр тинк танкууд Монголд байна уу?

     

    -Яг энэ өдөр дэлхийн 75 улсад 225 судалгааны байгууллага, судлаачид дэлхийн хэмжээнд тинк танк ямар хэрэгтэй талаар хэлэлцэж байгаа юм. Энэ бол Монголд анхных бас хэвлэл мэдээллийнхэн хамтарч хэлэлцэж байгаагаараа онцлог. Монгол Улс зах зээлийн нийгмийн шилжилтийн эхний үед гол төлөв гадаадын байгууллагын санхүүжилтээр, гадны мэргэжилтнүүдээр судалгаа шинжилгээгээ хийлгэдэг байсан бол 2000 оноос хойш Монголын эрдэмтэн мэргэд, хувийн хэвшлийнхэн санаачилга гаргаад ийм судалгаа шинжилгээний байгууллага бий болгох янз бүрийн оролдлогууд төслүүд хэрэгжиж байгаа нь сайшаалтай. Тогтвортой ажиллаж байгаа нэг байгууллага нь манай Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв 2010 онд байгуулагдсан. Эхлээд Монголын өрсөлдөх чадварын тайланг 14 оронтой харьцуулж гаргасан. Сүүлдээ нэмэгдсээр байгаад одоо жил бүр дэлхийн 63 оронтой харьцуулж судалгаа гаргаж байна. Аймаг, дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан гаргаж байна. Монгол Улсын байдал ямархуу байна, ямар чиг хандлагатай байгаа нь эндээс харагдаж байгаа. Монгол Улс өрсөлдөх чадвараараа 57-д байснаа одоо 62-т орсон. Манай дараа байсан Украйн өмнө гарсан байх жишээтэй. Манай дараа ганцхан Венесуэль байгаа нь ичгүүртэй юм л даа. Нэг талаас судалгааны байгууллагууд үүсч чанаржаад, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь сайн. Бид юунд санаа зовж байна гэхээр үнэ цэнэтэй, олон хүний хөдөлмөр шингэсэн судалгааны тайлан илтгэлүүдийг төр засгийн болоод аймгийн түвшинд шийдвэр гаргагчид ашиглах талдаа учир дутагдалтай байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд судалгаанд суурилсан хууль тогтоомжууд зөндөө гарсан л даа. Жишээ нь П.Эрдэнэжаргал захиралтай Нээлттэй нийгэм форумын шугамаар хийсэн судалгааны үр дүнд Монголд шүүхийн шийдвэр ил болсон шүү дээ. Шилэн дансны хууль, Төсвийн тогтвортой байдлын хууль гээд олон зүйл дээр судлаачдын байр суурь, судалгаа хэрэг болсон. Тинк танк гэдэг өөрийн боловсон хүчин судалгааны аргачлалтай, тайлантай байж хүлээн зөвшөөрөгдөнө. Дөнгөж өнгөрсөн жил манайх дэлхийн судалгааны сүлжээнд хамрагдаж байна. Өнөөдөр байгуулагдаад, маргааш хүлээн зөвшөөрөгдчихгүй. Манайд ямар ч байсан чиг хандлага явж байгаа. Сүүлийн үед ЖДҮ тойрсон асуудлыг их ярьж байна. Яаж илэрсэн гэхээр урьд нь гарсан судалгаануудад суурилж гарсан хуулиудын ач буян шүү дээ. Шилэн дансны хууль, Бүртгэлийн хууль, Авилгын эсрэг хуулиар хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг болсон. 15 жилийн өмнө энэ бүхэн байгаагүй. Төрийн бус байгууллага, судалгааны байгууллагуудын судалгаанд суурилж гаргасан хуулиудын хэрэг одоо л гарч байна шүү дээ. Нэг талаасаа хэрүүл уруултай муухай харагдаж байгаа боловч манай нийгэм илааршиж байна. Бид олон удаа унаад өвдгөө шалбалаад байгаа ч урагшлаад яваад л байна. Манай хэлэлцүүлгийн үеэр гадаадын хүмүүс ч хэлсэн. Монгол энэ бүс нутагтаа байхгүй ардчиллын үлгэр дуурайл болоод байна.

     

    -Хүлээн зөвшөөрөгдсөн тинк танкууд бойжиход юу хамгийн их нөлөөлдөг вэ?

     

    -Дэлхийд янз бүр байна. Хувь хүн тинк танк байгуулж байна. Компани байгуулж байна. Бүлэг хүн байгуулж байна. Нам байгуулж байна. Засгаас нь дэмжиж байна. Германд судалгааны бүх байгууллагууд 100 хувь Засгийн газраасаа санхүүждэг. Санхүүжилт авдаг ч Засгийн газраасаа хараат бус. Судлаачдын бие даасан байдлыг хуулиар баталгаажуулсан. Гэтэл АНУ-д ихэвчлэн хувийн судалгааны байгууллагууд байдаг. Манайд бол төрөөс тодорхой захиалгаар ажил хийлгэж байгаа болохоос биш судалгааны төсөв өгдөг юм байхгүй. Яваандаа судалгааны байгууллагууд нь сайн ажиллаад хэрэгтэй тустай гэдгийг мэдээд, улсын бэл бэнчин сайжрахын хэрээр дэмжих байх л даа. Судалгааны байгууллагууд яагаад чухал болж байгаа нь учир шалтгаантай. Урьд нь мэдээллийн технологи хөгжөөгүй, даяаршаагүй байхад харьцангуй бага мэдээлэлтэй байсан. Гэтэл өнөөдөр хүн болгон мэдээлэл түгээгч, сурвалжлагч болчихсон. Энэ их мэдээллийн далай дундаас бодитой, үнэн зөв, баримтад суурилсан судалгаа мэдээлэл шийдвэр гаргагчид, пүүс компани, хувь хүнд ч хэрэгтэй болж байгаа. Ийм мэдээллийг үйлдвэрлэдэг оюуны сэтгэх хүч нь судалгааны тинк танкууд юм. Бусад орон тинк танкуудаа дэмжээд хамтарч ажиллаад байгаа нь ойлгомжтой зүйл. Жишээлбэл манай урд хөршид гэхэд л судалгааны бүх байгууллагуудаа эрэмбэлээд, шилдэг тинк танкуудынхаа судалгааг ашиглахаас гадна тэнд ажилладаг мэргэжилтнүүдийг төр засгийн шийдвэр гаргахдаа оролцуулдаг механизм бий болгосон. БНСУ-ын Солонгосын хөгжлийн институт (KDI) гэхэд л Солонгос улс хөгжих таван жилийн төлөвлөгөөний үндсийг гаргадаг. Засгаасаа санхүүждэг. Ямар нэг намын оролцоо улс төрийн нөлөө байхгүй учраас хамгийн бодитой, явцуу эрх ашигт хөтлөгдөхгүй төлөвлөгөөний төсөл гаргадаг.

     

    Түүнийг нь төр засгийн шийдвэр болгоод тууштай тогтвортой хэрэгжүүлж байгаа учраас 50 жилийн өмнө ядуу байсан улс өнөөдөр дэлхийн арван том хүчтэй эдийн засгийн нэг болсон. Сайн шийдвэр гаргахад судалгааны байгууллагууд хэрэгтэйг дэлхийн түүх харуулсан. Тинк танк дэлхийн хоёрдугаар дайны үед үүссэн нэр томьёо. Тинк танкийг Монголд хэвшүүлэхээр хичээж байна. Өмнө нь бид оюуны хүч, сэтгэх хүч гээд янз бүрээр нэрлэж байсан. Тинк танк амьдралын шаардлагаар үүссэн. Дэлхийд олон улсын байгууллагууд дэлхийн хүчтэй том эдийн засгуудын, улс орны олон шийдвэрт судалгааны байгууллагууд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Ганц жишээ хэлэхэд НҮБ дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн. Дайны дараах Европыг сэргээн босгох төлөвлөгөөг Маршалын төлөвлөгөө гэдэг. Түүнийг судалгааны байгууллагууд гаргаж байсан. Саяхан дүрвэгсдийн асуудал үүсэхэд тэдэнтэй ажиллах хөтөлбөр боловсруулах ажлыг судалгааны байгууллагууд хийсэн. Судалгааны байгууллагуудын гаргасан дүгнэлтийн хэргийг гаргах нь бусад хүмүүсийн үүрэг болчхоод байгаа юм.

     

    -Та төрд ажиллаж байсан, одоо судалгааны байгууллагад ажиллаж байна. Ойлголцоход илүү амар байх?

     

    -Би төрд ажиллаж байхдаа ч аль болох судалгаанд суурилж ажиллахыг хичээдэг байсан. Тийм учраас миний гаргасан шийдвэр урт настай зөв байсан. Би одоо ажиллах орчинг нь бүрдүүлдэг, мэргэжлийн судлаачид судалгаагаа хийдэг л дээ.

     

    -Аймгууд өрсөлдөх чадвараараа дээшиллээ доошиллоо гэж танд гомдоллодог уу?

     

    -Засгийн газрын хүсэлтээр манайх дөрвөн багц 180 үзүүлэлтээр 2012 онд гаргасан. Саяхан долоо дахь тайлангаа гаргасан. Баярлууштай зүйл гэвэл аймгуудын өрсөлдөх чадварын тайланг Засаг дарга нар, удирдлага, иргэдийн хурал нь маш их сонирхож ашиглаж, гарын авлага болгодог. Тайлан гаргахаас гадна бид өрсөлдөх чадварын бүсийн зөвлөгөөн хийдэг юм л даа. Нэг Засаг дарга бүсийн зөвлөгөөнийг манай аймагт хийгээч гэж хүссэн. Тэнд хоёр өдөр зөвлөгөө хийгээд дуусч байхад “П.Цагаан даргаа танд нууцаа хэлчих үү” гэсэн. “Би танай тайланг ашиглаад, сонгуульд ялалт байгуулсан” гэнэ ээ. Гурван тоо хэлээд яваад байжээ. Бие даасан хөндлөнгийн судалгаанаас харахад манай аймаг сүүл мушгиж байна, би ийм юм амлаж байна, амлалтаа биелүүлбэл манай аймаг ийм байранд очно гэсэн юм билээ.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

     

    Сэтгүүлч: Б.ЯНЖМАА