Ц.Баатархүү: МАН Улаанбаатар хотыг удирдаж чадахгүй юм байна
    2019 оны 02 сарын 14 нд
    1266dce618bd59d4253c153db389b379.jpg

    НИТХ-ын тэргүүлэгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.

     


    -Нийслэлийн Засаг даргыг томилох асуудал ямар явцтай байна вэ. Ерөнхий сайд С.Мөнхчулууныг Хотын захирагчид батламжлахгүй буцаах байх гэсэн хардлага олон нийтийн дунд гарах боллоо?

     

    -Ерөнхий сайд буцааж байгаа, эсвэл буцаахгүй гэсэн мэдээлэл алга. Ямар ч байсан НИТХ санал хураалтаар нийслэлийн Засаг даргыг сонгож, Ерөнхий сайд руу бичиг хүргүүлээд хорь гаруй хонолоо. Ерөнхий сайд өөрийн бүрэн эрх мэдлийн хүрээнд буцаах, эсвэл томилохоо өөрөө шийднэ. Бидний зүгээс буцаах бол хурдхан шиг буцаачих, томилох бол хурдан томил гэсэн байр суурьтай байгаа.

     

    -Батламжлахгүйгээр буцаасан тохиолдолд эрх зүйн ямар зохицуулалттай вэ?

     

    -Буцаачихаад ээлжит бус хуралдаан дахин зарлаж, нийслэлийн Засаг даргыг дахин сонгох байх. Хэрвээ өмнө нь өрсөлдсөн хүмүүс дахиж өрсөлдөөд эхний ялсан хүн дахин ялбал Ерөнхий сайд тав хоногийн дотор шууд томилох үүрэгтэй болчихдог. Энэ бол одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалт.

     

    -Ерөнхий сайд батламжлахгүй удаж байгаа нь цаанаа ямар нэгэн шалтгаантай юу. Үүнийг та улстөрч хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

     

    -Ерөнхий сайдын удааж байгаа шалтгааны талаар мэдээлэл алга. Бидний харж буйгаар үнэмлэхүй олон болсон МАН дотоод тэмцэл, тохироо, албан тушаалын арилжаа наймаагаа шийдэж чадахгүй байгаатай холбоотой.

     

    -Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай байдаг. Хаврын бүтээн байгуулалтын ажил ямар явцтай байна вэ?

     

    -Нийслэл гэдэг айл цаг наргүй ажиллаж байх ёстой. Хаврын бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Тиймээс нийслэлчүүдээ хүндэтгээд Ерөнхий сайд хурдан шийдвэрээ гаргах шаардлагатай. 2019 оны нийслэлийн төсвийг багцаар нь баталсан. Жишээ нь, авто замын төсөв гэхэд 30 орчин тэрбум төгрөг байдаг. Энэ хөрөнгийг яг ямар ажилд зарцуулах, дүүргүүдэд ямар зам барих вэ гэдгээ тодорхой болгоод төсвийн задаргаа хийдэг. Улмаар тендер зарлаж, дөрөвдүгээр сарын 15 гэхэд газар шорооны ажил эхэлчихдэг байсан. Үүний бичиг цаасны ажил хоёрдугаар сарын 15 гэхэд дуусчихсан байх ёстой л доо. Бичиг цаасны энэ ажлууд Засаг даргыг томилохгүй байгаа учраас хойшлоод байгаа юм. Үүнээс эргээд нийслэлчүүд хохирох эрсдэлтэй болчихлоо. Мөн энэ жилийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хойшилж, хугацаандаа амжихааргүй болсон. Жишээ нь, сургууль, цэцэрлэг, боловсролын салбарын бүтээн байгуулалт есдүгээр сарын 1 гэхэд бэлтгэлээ хангачихсан байх ёстой. Гэтэл энэ ажил дахиад хойшилж байна. Тиймээс нийслэлчүүдийг хүндэтгэж шуурхай ажиллах шаардлагатай.

     

    -Эрх баригч намын ажилд ийнхүү хойрго хандаж буйг сөрөг хүчний зүгээс хэрхэн дүгнэж байна вэ?

     

    -Дэлхийд хотжих үзэгдэл хүчтэй явагдаж байна. Хотод оршин суух хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүний үр дүнд хот эдийн засгийн төв болж эхэлсэн. Хоёрдугаарт, хотуудад агаар орчны бохирдол, авто замын түгжрэл, дахин төлөвлөлт, нийтийн тээврийг хөгжүүлэх, хотууд яаж ухаалаг байх вэ, эдийн засгийн бие даасан бодлогыг яаж явуулах вэ гээд тулгамдаж буй асуудлууд нь ойролцоо. Үүнийг хүчирхэг, ухаалаг засаглал шийддэг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэсэн чиглэлээр Засгийг газрын хэмжээнд ч, НИТХ-ын хэмжээнд ч хангалттай ажиллахгүй байна. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд хангалттай их улстөржиж, хангалттай их албан тушаалын тухай ярилаа. Намууд хоорондоо улстөржөөгүй. Харин эрх барьж байгаа нам дотроо улстөржсөөр байгаад бүрэн бодлогын шинэчлэл хийх энэ потенциал, цаг хугацаагаа алдчихлаа. НИТХ-ын 45 суудлын 34-ийг МАН авсан. Энэ бол томоохон шинэчлэл хийхэд хангалттай тоо. Энэ боломжийг нэгэнт алдсан. Шулуухан хэлэхэд эрх баригч нам Улаанбаатар хотыг засаглаж буюу удирдаж чадахгүй юм байна гэсэн дүгнэлттэй байгаа.

     

    -Засгийн газрын гишүүдийн томилгоог та хэрхэн харж байна. МАНАН-гийн эсрэг Монгол түмний тэмцэл, жагсаал хийж байсан гишүүд тухайн үедээ Бид дарга болохгүйгэж байсан. Гэвч яг томилгоо болонгуут өөрсдөө дарга болчихлоо шүү дээ?

     

    -Хэнийгээ сайд дарга болгох нь МАН-ын дотоод асуудал. Бидний зүгээс хэн сайд дарга болох нь хамаагүй. Харин 2016 онд амласан агаар орчны бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна, гэр хорооллыг шинэ үзэл баримтлалаар хөгжүүлнэ, дахин төлөвлөлтийг хөгжүүлнэ, нийтийн тээвэрт эрс шинэчлэл хийж нийтийн тээврийг шинэчилэх, өрх бүрийг орон сууцтай болгох амлалтаа хэрэгжүүлээч гэдэг шахалт үзүүлж байна. Ер нь сөрөг хүчний нам эрх баригчидаас амлалтаа биелүүлэхийг шахдаг, шаарддаг. Хоёрдугаарт, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж байгаа төсвийг үр ашигтай зүйлд зарцуулаач гэсэн шахалтыг үзүүлдэг.Энэ жил Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй хамгийн их төсөвтэй жил болж байна. Хамгийн их төсөвтэй жилд хамгийн их үр ашигтай, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд явах ёстой. Харамсалтай нь засаглалын хямралаас болоод энэ их төсвийг зөв зүйлд, зөв газар, үр ашигтай менежмэнт хийж зарцуулж чадахгүй болоод байна.

     

    -Ирэх тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх журам гарсан. Үүний бэлтгэл ажил болох сайжруулсан түлш тараах борлуулах цэг байгуулж байгаа. Энэ ажлын явц ямар байна вэ?

     

    -Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр урт хугацааны бодлого гаргаж ажиллахгүй бол агаарын бохирдол буурахгүй. Шөнийн тарифыг тэглэсний үндсэн дээр айл өрхүүд цахилгаан халаагууртай болох ёстой. Харамсалтай нь айл өрхүүд цахилгаан халаагууртай болох эдийн засгийн нөхцөл боломж бага байна. Өөрөөр хэлбэл, шөнийн трафыг тэглэхтэй зэрэгцээд айл өрхүүд цахилгаан халаагуур авах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тухайлбал, хөнгөлөлттэй зээл, лизинг авах зэрэг ногоон зээлийн сан үүсгэх ёстой ч үүсгэж чадаагүй. Тэгэхээр энэ шөнийн тарифыг тэглэж байгаа нь утгаараа үр дүнгээ өгч чадахгүй байна. Хоёрдугаарт, сайжруулсан түлш үйлдвэрлэх асуудлыг Засгийн газар хариуцаж, Улаанбаатар хот агуулахыг нь хариуцсан. 2018 онд төлөвлөгөөний дагуу явсан бол 80 мянган тонн сайжруулсан түлш Улаанбаатар хотод нийлүүлэх ёстой байсан. Харамсалтай нь нийлүүлэгдээгүй. Тэгэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан агаар орчны бохирдлыг бууруулах төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөндөө хүрэхгүй байна гэсэн үг. Хот сайжруулсан түлшний агуулахуудыг гаргаад сайжруулсан түлшийг нүүрс худалдаалдаг цэгүүдээр дамжуулан борлуулах зохион байгуулалт, менежмэнт, ложистекийн асуудлыг хариуцаж байна. Харин нийлүүлэх ажил Засгийн газрын түвшинд хийгдэх ёстой ч харамсалтай нь энэ ажил цаг хугацааны асар хоцрогдолтой яваа.

     

    Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН" 

     

    Сэтгүүлч: Б.ЯНЖМАА