Н.Лхагвадорж: "Ам асууя" хөдөлгөөн намын даалгавараар ажилладаггүй
    2019 оны 02 сарын 15 нд
    cdbc81badf32ae02dcd23c4d716031b8.jpg

    "Ардчилсан оюутны холбоо"-ноос “Ам асууя” хөдөлгөөн эхлүүлснээ мэдээллээ. Тэдний зүгээс эрх баригчдаас 2016 оны сонгулиар олонх болсон эрх баригчид 2.5 жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө биелүүлж, ажиллахгүй байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс эрх баригч намын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга тавьж буй аж. Тодруулбал, Хүүхдийн мөгийг хүүхэд бүрт ялгаварлахгүй олгоно, хүүхэд бүрийг цэцэлэгт хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж, цэцэрлэгийн чанар, хүртээмж, материалыг баазыг нэмэгдүүлэх, үндэсний тэтгэлэг хөтөлбөрийг үргэлжлүүлж 70200 төгрөгийг олгож, сурлагын амжилтыг шударгаар үнэлэх журам бий болгоно, оюутны дотуур байрны хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ, оюутнууд харьяала харгалзахгүйгээр эмнэлгийн үйлчилгээ авдаг болно гэж амалснаа биелүүлээгүйг сануулсан юм. Тус холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадоржоос дараах зүйлийг тодрууллаа.

     

    -“Ам асууя” хөдөлгөөн залуусыг тэмцэлд уриалж байгаа юм шиг харагдаж байна. Хэрэв Ерөнхий сайд та бүгдийг асуулгад хариу өгөхгүй бол яах вэ?

     

    -Бид эмх замбараагүй байдал, жагсаал цуглаанд уриалаагүй. Эрх баригчид амлалтаа бүрэн хэгжүүлээгүй байж болно. Хамгийн гол оюутан залуустаа үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Тиймээс л нүүр тулж ярилцъя гэж санал болгож байна. Хэрвээ биднийг хүлээж авч уулзахгүй, хариу өгөхгүй гэсэн албан ёсны хариу ирвэл бид дараагийн алхамаа хийнэ.

     

    -Та бүгдийн энэ хийж байгаа үйл ажиллагааг улстөржүүлэх хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, АН-аас оюутнуудаар дамжуулан МАН-ыг муугаар харагдуулах гэж байна гэж хардаж байна. Магадгүй та бүгдийн энэ хөдөлгөөн ашиг сонирхлын зөрчилтэй юм биш үү?

     

    -АН-аас ийм үйл ажиллагаа зохион байгууллаа гэж ойлгож болохгүй. Хэдий намын дэргэдэх оюутны холбоо боловч төлөвлөгөөт үйл ажиллагаагаа оюутнуудаас авсан санал дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг. Энд нэг зүйл дурьдахад, үнэхээр шударга бус зүйл байвал хол ойр, манай танай гэлтгүй бүгдээс нь ам асуух болно гэдгийг хэлье.

     

    -Намын даалгавар биш гэсэн үг үү?

     

    -Тийм. Бид бие дааж өнөөдрийн “Ам асууя” аяныг эхлүүлж байна.

     

    -"Ардчилсан оюутны холбоо"-ноос оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

     

    -Бид жил бүр оюутнуудаас судалгаа авч ажлын төлөвлөгөөгөө гаргадаг. Тухайлбал, өнгөрсөн онд оюутанд чиглэсэн ямар үйлчилгээ авахыг хүсч байна гэсэн судалгааг авсан. Нэгдүгээрт, Монголын оюутнуудын 80-90 хувь нь гадаадад суралцахыг хүсдэг юм билээ. Энэ хүрээнд бид англи хэлтэй оюутан хөтөлбөрийн хэрэгжүүллээ. Хоёрдугаарт, эерэг хандлага хөгжлийг түгээх зорилт тавьсан. Бид их, дээд сургуулиудын удирдлагуудтай ч мөн уулзлаа. Оюутан залуучуудад тулгамдаж байгаа чухал асуудал бол залуу үеийн хүмүүжил, хандлага, төлөвшил муу байна. Тиймээс эерэг хандлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч арга хэмжээ зохион байгуулсан. Гуравдугаарт, сургалтын төлбөрийн асуудал ихээхэн дарамттай асуудлын нэг. Бид өнгөрсөн онд сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсэргүүцэж зогсоож чадсан. Манай холбоо энэ хугацаанд нийт 15 сургалт, 20 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

     

    Эх сурвалж: 24tsag.mn 

     

    Сэтгүүлч: Б.ЛХАМ