ОХУ-ын БНБУ-ын Ардын Их Хуралтай хамтран ажиллана
    2019 оны 03 сарын 04 нд
    dca2752c2fb306bd4115a3f8c6efdd68.jpg

    УИХ-ын гишүүн З.Нарантуяа, АЭХ-ны Ерөнхийлөгч С.Одонтуяа, Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа нар бусад  гишүүдийн хамтаар ОХУ-ын БНБУ (Бүгд Найрамдах Буриад Улс)-ын Ардын их хурлын үйл ажиллагаатай хоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд танилцаж, туршлага судлах сургалтад хамрагдлаа. Сургалтад холбооны 30 гаруй гишүүн хамрагдсан бөгөөд улс төрийн тогтолцоо, сонгуулийн зохион байгуулалт, эмэгтэй улс төрчдийн туршлагаас хуваалцаж,  санал солилцсон байна.

     

    Төлөөлөгчдийг Ардын их хурлын Нэгдсэн орос намын бүлгийн дарга Жамбалов Байр Владимирович, Ардын их хурлын гишүүн Лидупова Евгения Юрьевна нар болон холбогдох албаныхан хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Ардын их хурлын гишүүн Лидупова Евгения Юрьевнагийн хувьд Ардын их хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон туршлагатай улс төрч эмэгтэй юм. Тус улстай газар нутгийн хувьд ойр,  сонгуулийн технологи ижил учир цаашид сургалтад хамрагдах гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны удирдлагууд уулзалтын үеэр онцоллоо.

     

    Улс төрийн туршлага судлах уулзалтын үеэр хүүхэд, эмэгтэйчүүд болон залуучуудын хөгжлийг хэрхэн дэмждэг, орон нутгийн хөгжлийн бодлого болон төрөөс татварын хөнгөлөлтийг хэрхэн явуулдаг талаар ярилцсан юм. Тус улсын парламент 66 гишүүнтэй ба 41 нь Нэгдсэн орос намын гишүүд байдаг аж. 

     

    Мөн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогддог бөгөөд зургаан эмэгтэй гишүүнтэй. Цаашид тойргоор сонгогдох зарчим руу шилших төлөвлөгөөтэй байгаа гэв.  Ингэхдээ тухайн албан тушаалд нэр дэвших сонирхолтой хүмүүсийн жагсаалтыг гаргаж, олон нийтийн саналыг авч, мэргэжлийн судалгааны байгууллагаар тухай хүний сонгуульт албан тушаалыг гүйцэтгэх чадварыг судалдаг байна. Энэ нь тухайн тойргийн онцлогийг мэддэг, мэргэжлийн, ажил хэрэгч хүмүүс ажиллах давуу талтай гэж үздэг аж. Энэ хүрээнд  Улан-Үдэ хотын даргыг иргэдийн санал асуулгаар тодруулахаар болжээ. 

     

    Түүнчлэн “Эрүүл хооллолт, урт наслахын үндэс” хөтөлбөрийг  орон даяар өрнүүлж, бүхий л байгууллагууд энэхүү хөтөлбөрт нэгдэж байгаа гэв. ОХУ-ын БНБУ-ын хувьд эмэгтэй улстөрчид болон залуусыг  дэмжих бодлого  барьж байгаа бөгөөд гурав дахь  хүүхдээ төрүүлсэн эхэд  450 мянган рублийн тэтгэлэг олгож эхэлжээ.