Р.Амаржаргал: Хөрөнгө оруулагчдад амалсныхаа эсрэг ажиллаж болохгүй
    2019 оны 03 сарын 04 нд
    f9fff796c39cae4d0b9c7f86a089c2ff.png

    Монгол Улсын эдийн засгийн эрсдэл, боломжууд, хөрөнгө оруулалтын орчны талаар эдийн засагч Р.Амаржаргалтай ярилцлаа.

     

    -Та саяхан “Tink Bank”-д оролцохдоо Монголд гадаадын банкууд үйл ажиллагаа явуулахад эхлээд гүн гүнзгий судлах хэрэгтэй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл гаднын банкны үр өгөөжийг ярихын өмнө эрсдэлийг харах ёстой гэсэн. Энэ талаараа эхлээд дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

     

    -Хүн бүхэн гаднын банк оруулж ирээд зээлийн хүүг бууруулна гэсэн шуугиан дэгдээгээд байна. Гадаадын банк л ороод ирвэл бүх зүйл сайн сайхан болчих юм шиг. Улстөрчид амаараа бол гоё л юм ярина. Гэхдээ тоо баримт дээр тулгуурласан судалгаа хийгээд үзсэн. Юуны түрүүнд энэ талын судалгаа манайд байдаггүй юм билээ. Ердөө гурав, дөрөвхөн судалгааны ажил байна. Тэр нь илүү тоймлосон. Харин тоо бариад хийсэн судалгаа байгаагүй. Тиймээс бид судалсан. Судалгаандаа хоёр зүйлийг оруулж өгсөн. Эхнийх нь стресс тест хийх. Гаднаас ямар нэгэн санхүүгийн эх үүсвэр ороод ирсэн тохиолдолд дотоодын санхүүгийн байгуулллагад ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг харсан. Гэхдээ бид хамгийн энгийн стрэссийг авч үзсэн. Түүнээс биш шок энэ тэрийг нэгтгэж байгаад үзэх юм бол арай илүү бодит үр дүн гарч ирэх байх л даа. Хоёрдугаарт, 14-24 шалгуур гаргаж ирж байгаад эрсдэлүүдийг нь үзсэн байгаа. Хүмүүсийн яриад байгаа зээлийн хүү огцом буураад, гайхамшигтай сайхан болох нь уу гээд янз бүрээр л үзлээ. Зарим нэг үзүүлэлт нь эерэг үр дүнг өгч байна. Гэхдээ статистикийн өндөр ач холбогдолтой үр дүн ерөөсөө гарч ирээгүй. Бүхэлд нь аваад үзвэл манай улсад гадаадын банк орж ирээд үйл ажиллагаа явууллаа гэхэд үүсэх эрсдэл нь боломжоосоо хамаагүй өндөр юм байна гэсэн дүгнэлт гарсан.

     

    -Энэхүү судалгааг ямар зорилготой хийсэн юм бэ?

     

    -Бид ярьж хэлж байгаа зүйлдээ нэгдсэн ойлголттой болох шаардлагатай байна. Гадаадын банк гэж чухам юуг хэлээд байна вэ. Энэ бол хөрөнгө оруулалт шүү дээ. Гэтэл Монголын арилжааны банкуудад байдаг л зүйл. Өөрийн хөрөнгийнх нь 30-40 хувь нь гаднын банкных. Тэгэхээр Монголд гаднын банк байна уу гэвэл байна. Харин ямар банк, мөнгөний тухай яриад байгааг ялгаж салгаж үзэх хэрэгтэй. Гадаадын төрийн өмчит банк орж ирвэл арай өөр тоглоом болж магадгүй гэсэн судалгааны үр дүн гарч ирсэн. Ерөнхийдөө бол судалгааны асар том атар талбай байна. Түүндээ хийсэн судалгаануудаа гаргаж ирээд ашиглаж болох юм байна, мөн олон талын судалгааг хийчихвэл шийдвэр гаргагчдад хэрэгтэй юм болов уу гэж үзсэний үндсэн дээр энэхүү судалгааг хийсэн.

     

    -Монголд гадаадын банк оруулж ирэх ёстой гэж ярьж буй хүмүүсийн гол аргумент нь зээлийн хүүг бууруулах байдаг. Зээлийн хүүгийн талаар та юу хэлэх вэ?

     

    -Хэн ч буян хийх гэж Монголд орж ирэхгүй. Мөнгө хийх гэж л орж ирж байгаа. ашиг олъё, зах зээлээ тэлье гэж бодож Монголд үйл ажиллагаа явуулах гэж буй банкууд зээлийн хүүг бууруулах үйл ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулахгүй. Богино хугацаанд буураад буцаад одоогийн түвшиндээ очих үр дүн судалгаанаас харагдсан. Арилжааны бус төрийн бодлогоор орж ирж байгаа банк бол өөр эффекттэй байх болов уу гэж харсан.

     

    -Монгол Улсын нийт өр нэлээн их байгаа. Дийлэнх нь ам.доллараар төлөх өрүүд. 2020 оноос ОУВС-гийн эхний санхүүжилтийн өр, харин 2021 оноос бондуудын төлбөрүүд хийгдэхээр байна. Бидэнд өр төлбөрөө төлөх боломжууд ямар байгаа вэ?

     

    -Боломж хязгаарлагдмал. Мөнгөө төлөхийн тулд бас нэг зүйл олж ирэх ёстой. Тэр маань хаанаас, юу байх билээ гээд асуудал бий. Монгол Улс ноолуураа зараад тэр хэмжээний их мөнгийг төлж дийлэхгүй. Алт хэсэг гайгүй явж байтал хуулийн орчинтой уялдаад төв банкинд нийлүүлэх алтны хэмжээ буураад явчихсан. Цаана нь нүүрс, зэс л үлдэж байна. Үүн дээр дорвитой шийдэл гаргаад, хөрөнгө оруулалт хийхэд цаг хугацааны хувьд амаргүй байна. Зэс, нүүрснээс үр ашиг олж эхлэх фактор, өр төлөх фактор хоёроо давхцуулаад харахад шүү дээ. Ер нь сүүлийн үед Монголын гайгүй бизнесмэнүүд, банк санхүүгийн салбарынхантай уулзахад 2020, 2021 оноос нэлээн хүндрэх юм байна гэсэн хүлээлттэй байгаа юм билээ. Тиймээс “Б”, “В” төлөвлөгөө боловсруулах ёстой юм байна гэж үзсэн.

     

    -2019 оны төсвийн орлого, зарлагыг өсгөсөн. Энэ хэр бодит төсөв болсон бэ?

     

    -2020 оноос эдийн засаг эвгүйтнэ гэж ярьж байгаа ч тэр хугацааг нааш нь татаж, өөрсдийгөө хүндрүүлсэн төсөв болсон юм болов уу даа. 2019 оны төсвийн орлогын эх үүсвэр хэр найдвартай, хөрөнгө оруулалт ямар үр ашигтай вэ гээд олон зүйл байна. 2019 оны төсвийг их муу төсөв болсон гэдэг дээр эдийн засагч, судлаачид ам нэгтэй байгаа. Энэ бол цэвэр улстөрд захирагдсан, сонгуульд зориулсан төсөв болсон.

     

    Өр төлөх боломж хязгаарлагдмал байна
     

    -Та түрүүн Монгол Улс зэс, нүүрсэн дээр илүү найдвар тээж байна гэж хэлсэн. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад нүүрсний зах зээл өөрчлөгдөөд байна. Манай гол худалдан авагч БНХАУ нүүрсэн дээр хязгаарлалт тавиад эхэллээ. Энэ нь хэрхэн нөлөөлөх вэ. БНХАУ-ын бодлогыг давуу тал болгох ямар боломж байна вэ?

     

    -Том зах зээл дээр манай нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ өчүүхэн. Тэр дундаа, БНХАУ-ын зах зээл дээр бид нэг номерын тоглогч биш шүү дээ. Монгол Улс 30 сая тонн нүүрс л ярьж байгаа. Харин Хятадад 200-300 сая тонны эрэлт хэрэгцээ бий. Харин тус зах зээлийн шинэ мэдээ гэвэл австралиас хятад руу оруулах коксжих нүүрсэн дээр хязгаарлалт тавьчихлаа. Хүний зовлон дээр тоглож байгаа юм биш л дээ, гэхдээ бидэнд шаанс гараад ирж байгаа юм. БНХАУ нүүрсэн дээрээ квот тавиад эхэллээ. Үүнтэй манайх макро эдийн засгийн гол үзүүлэлт, мөнгө, санхүүгийн бодлогоо уялдуулж чадсан уу гэдэг гол асуудал. Би бол эргэлзэж байна. Цаана нь юу үлдэж байна вэ гэхээр төмөр замын асуудал чухал. Машинаар зөөгөөд хэр ихийг зөөх билээ. Миний ойлгож байгаагаар “Ямар ч байсан хэдэн цэргүүдээ дайчлаад урагшаа төмөр зам баръя” гэсэн шийдвэр гарч байгаа юм шиг байна. Тэр маань үр дүнд хүрвэл сайн л байна. Харин дахиад л бөөн мөнгө зараад, шороо овоолоод хаячихвал өрөвдөлтэй юм болно.

     

    -Хөндлөнгийн шинжээчийн хэлж буйгаар Монгол Улс ойрын 10 жилд уул уурхайн салбартаа найдвар тавих юм байна. харин нүүрсний тухайд БНХАУ худалдааны дайнаас шалтгаалаад Австралиас авах нүүрсний хэмжээндээ квот тогтоож байх шиг. Засгийн газар удирдаж байсан хүний хувьд таниас асуухад БНХАУ-ын удирдлагуудтай тохироог хийж болдог уу?



    -Хүнтэй юм ярьж тохирно гэдэг итгэлцлийн л асуудал. Улс төрийн түвшинд тогтмол уулзаж, санал бодлоо солилцох механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэв ийм ажил хийж чадвал дараа дараагийн ажил яваад өгдөг талтай. Манайд нэг түвэгтэй зүйл бий. Манай сайд дарга нар гадагшаа, дотогшоо гүйгээд, түүнтэй ч уулзлаа, энд ч очлоо гээд сонин хэвлэлээр гараад байдаг. Манайхан дээрээ очоод уулзчихаар доошоогоо ажил явчихна гэж ойлгодог. Гэтэл соёлжсон нийгэмд доороосоо түвшин түвшиндээ тохироод, эцэст нь сайд дарга нар нь очиж гарын үсэг зурдаг юм. Тиймээс ядаж үүнийгээ гадарлаад, төрийн механизмаа ажиллуулах хэрэгтэй. Ер нь бол төр удирдах туршлага чухал юм.

     

    -Тун удахгүй Канадад PDAC буюу уул уурхайн хамгийн том чуулга уулзалт болох гэж байна. Үүнтэй холбогдуулаад асуухад бид гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд яаж ажиллах ёстой юм бэ?

     

    -Монгол Улсын гадаад бодлого, дотоод бодлого гэж байдаг. Гадаад бодлогын хувьд бид хөрөнгө оруулагчдад очоод “Монгол бол маш таатай бизнесийн орчинтой” гээд өөрсдийгөө рекламдана. Гэтэл дотооддоо ороод ирсэн хөрөнгө оруулагчдад хэр шударга ханддаг билээ. Янз бүрийн л зүйл сонсогдож байна. Гадагшаа нэг юм яриад, дотроо түүнийхээ эсрэг ажиллаад байж болохгүй. Хөрөнгө оруулагчид үүнийг ажиглаж байгаа. Тиймээс энд тэнд очоод ажил ярихаар маш түвэгтэй. Ер нь хамгийн түрүүнд итгэл олох л чухал. Тэгж байж хөрөнгө оруулалт цааш явна.

     

    -Итгэлээс гадна татварын орчин чухал байх.

     

    -Тийм. Гэхдээ манай татварын орчин ази номхон далайн бүс нутагтаа нэлээн тансаг. Гэхдээ ганцхан татварын орчинд найдаад хөрөнгө оруулалт орж ирнэ гэж байдаггүй юм. Татварын багц хуулийг шинэчилнэ гэж Засгийн газар ярьж байна. Энэ бол зөв. Өнгөрсөн парламентад би өөрөө татварын орчныг шинэчлэх ажлын хэсгийг ахалж, НӨАТ-ын буцаан олголт энэ тэрийг  бий болгосон. Одоо хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бий болгох ёстой. Гэхдээ энэ УИХ хоёр жилийг алдчихлаа.

     

    Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН  

     

    Сэтгүүлч: Б.СЭЛЭНГЭ