Ядуурал, авлигаас ангижирсан хөршийн ТУРШЛАГА
    2019 оны 03 сарын 05 нд
    1fcbfe40bf246eaf8965d841b4fad844.jpg


     

    БНХАУ-ын өмнөд нутагт орших Ань Хуй муж +5 градусын дулаантай, хур бороотой биднийг угтлаа. Хятадын Коммунист намын урилгаар Монгол Улсын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй төлөөлөгчид албан айлчлал хийхээр тус мужид хөл тавьсан нь энэ. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын удирдлагуудтай уулзаж, авлига, ядуурлыг бууруулсан туршлагаас хуваалцахын зэрэгцээ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцсан юм. Ардчилсан нам гишүүдийн оролцоотой бодлогын нам болохоор шинэчлэлээ амжилттай үргэлжлүүлж буй. Тиймээс ч гадаад харилцаандаа онцгой анхаарч, дэлхийн томоохон улстөрийн намуудтай хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Тэдгээрийн нэг нь ХКН (Хятадын Коммунист нам) юм.

     

    Бээжингээс цаг гаруй нисч хүрэх Ань Хуй муж эртний түүх, дурсгалын өлгий нутаг төдийгүй газар тариалан, электрон бараа үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг. Хятадын хэмжээнд гурван автомашин тутмын нэг нь, таван телевиз тутмын нэг нь Ань Хуй мужид үйлдвэрлэгдсэн байдаг. Өнгөрсөн онд тус муж 570 мянган автомашин үйлдвэрлэж, ургац хураалтаараа улсдаа дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Мужийн хэмжээнд ногоон хөгжил, шинжлэх ухаан, инновацийг дэмждэг төдийгүй тус муж 100 гаруй их, дээд сургуультай.

     

    Ань-Хуй мужийн төвд Хөфэй хот оршино. Тус хотод хэд, хэдэн алдартай компани үйлдвэрлэл эрхэлдэгээс JAC motors, I FLY TEK ухаалаг программ хангамжийн компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. JAC motors компани 2006 оноос хойш өнөөг хүртэл нийт 900 гаруй мянган автомашин үйлдвэрлэжээ. Жижиг, дунд, том оврын төрөл бүрийн автомашин үйлдвэрлэдэг тус компани дэлхийн 30 гаруй улс руу экспорт хийдэг. 90 секунд тутам нэг автомашин угсардаг тус компани жилд 240 мянган автомашин үйлдвэрлэж байна. JAC motors компанийн үйл ажиллагаатай танилцсаны дараа I FLY TEK ухаалаг программ хангамжийн компанид зочиллоо. Тус компанийн үйл ажиллагаа шинэ зууны хөгжил дэвшлийг бүхэлд нь эх орондоо нутагшуулсан гэлтэй. Хүний дуу хоолой таньдаг программаас эхлээд бичил робот хүртэл олон сонирхолтой зүйлс байсны нэг нь орчуулгын программ байв. Дэлхийн 51 хэлнээс шууд орчуулга хийж, хэлсэн үгийг нь ханз руу хувиргаж байгаа нь гайхам байлаа. Үүгээр ч зогсохгүй роботын тусламжтайгаар өвчтний оношийг нэг минутын дотор оношилж, хүний дуу хоолойны тусламжтайгаар телевиз удирдах боломж гээд I FLY TEK компани шинэ зууны технологийн дэвшлийг өмнө минь дэлгэсэн юм. 

     

    80 сая иргэнийг ядуурлаас гаргажээ

     

    Одоогоос 41 жилийн өмнө буюу 1978 онд БНХАУ-ын хүн амын дийлэнхийг ядуус эзэлдэг байсан бол өнгөрсөн онд 1.7 хувь болтлоо буурчээ. Ань-Хуй мужийн Шао Ган тосгонд 40 жилийн өмнө хөдөөгийн шинэчлэлийн бодлогыг улсын хэмжээнд анхлан хэрэгжүүлсэн байна. Үүнээс хойш нийт 80 сая иргэнээ  ядуурлаас гаргасан. 1 тэрбум 300 сая хүн амтай Хятад улсад энэ оны байдлаар 16 сая ядуу иргэн байгаа талаар статистик мэдээлэлд дурджээ. Харин тэд 2020 он гэхэд нэг ч ядуу иргэнгүй болох зорилт тавин ажиллаж байна. Ядуурал буурснаар Хятад даяар эрчим хүчинд холбогдож, муж, тосгод хатуу хучилттай автозамтай болоод зогсохгүй иргэдийн дундах өвчлөл буурч, боловсролын түвшин эрс дээшилжээ. Тэд энэ бүх амжилтаа оновчтой бодлого боловсруулж, тууштай хэрэгжүүлж, сахилга баттай ажилласны үр дүн хэмээн тайлбарлаж байлаа. Мөн нийгмийн халамж очих ёстой хүндээ очих нь туйлын чухал гэдгийг уулзалтын үеэр хэлж байсан юм. БНХАУ-ын нэг өрхөд нэг му газар ногддог бөгөөд 30 жилийн турш ашиглах, эзэмших эрхтэй. Тус улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.5 хувиар өссөн бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 10 мянган ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд 13 сая ажлын байрыг шинээр бий болгосон байна.

     

    Гадаад руу оргон зугтсан 4000 гаруй иргэнийг баривчилж, эх оронд нь буцаажээ

     

    Иргэн бүр эх орондоо сэтгэл хангалуун, амар тайван амьдрах үндэс нь авлигагүй нийгэм. Ардчилсан намын төлөөлөл Бээжин хотноо Хятадын Коммунист намын Төв хорооны удирдлагуудтай уулзах үеэр тэд авлигатай хэрхэн тэмцсэн туршлагаасаа хуваалцсан юм. Авлигын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлсний үр дүнд тансаг хэрэглээ, хүнд суртлыг хумьжээ. Намын доторх сахилга батыг сайжруулж чадсан нь ихээхэн үр дүнд хүргэсэн гэдгийг ч онцолж байв. Үүний зэрэгцээ авлигын эсрэг тэмцэхэд зөвхөн төрөөс гадна олон нийтийн оролцоо туйлын чухал. Өнгөрсөн хугацаанд тус улсад нийт 309 мянган хүн авлигатай холбоотой хэргээр шийтгэл хүлээсэн байна. Тэд авлигын эсрэг бодлогоо дэлхийн бусад улс орнуудтай хамтран амжилттай хэрэгжүүлснээр гадаадад оргон зугтсан 4830 иргэнийг баривчлан эх оронд нь буцаажээ. Намд мөрдөгдөж буй дотоод дүрэм, журмын 60 гаруй хувийг өөрчилж, 2012-2017 оны хооронд нийт таван удаа бүх байгууллага, албан тушаалтныг хамруулсан хяналт, шалгалтыг орон даяар амжилттай зохион байгуулсан байна. 2014 онд 100 гаруй хүн гадагшаа оргон зугтсан бол энэ тоо өнгөрсөн оны байдлаар дөрөв болж буурсан байна. Тус улс бүх төрлийн бэлэг, тусламж, бэлэн болон цахим мөнгө зэргийг авлигын гэмт хэрэгт тооцдог бөгөөд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хяналтаа улам чангатгаж чадсан аж. Үр дүнд нь улсын хэмжээнд авлигатай тэмцэх ажил 99 хувьтай амжилттай үргэлжилж байна.

     

    Ердөө 40 жилийн өмнө хүн амын дийлэнхийг ядуу тариачид эзэлдэг байсан Хятад орон эдүгээ шинжлэх ухаан, инноваци, өндөр технологид суурилсан аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн бүс нутаг болон өнгө зүсээ өөрчилжээ. Бидний мөнхийн хөрш гэгддэг Хятад улс мөрөөдлөө биелүүлэхээр ханцуй шамлан ажиллаж байна. Эргэн тойрон 20 гаруй улстай хиллэдэг, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй улсын амжилтын нууц ердөө л хүн бүхэн өмнөх ажлаа хариуцлагатай, сахилга баттай хийсний үр дүн хэмээн томъёоллоо.