“Гэр бүлийн тухай хуулийг хамтдаа хэлэлцье” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    2019 оны 03 сарын 06 нд
    7a63a81ac043430e0a2e4a444ac599a8.jpg

    Гэр бүл салалт жилд 5-9 хувиар нэмэгдэж байгаа мэдээллийг холбогдох байгууллагууд өгч байна. Үр дүнд нь 72 мянган ээж, 19 мянган  аав өрх толгойлон амьдарч байгаа юм. Хариуцлагагүй гэрлэлтийн уршгаар хүүхэд өнчирч,  эрх нь  зөрчигдөн , хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх сөрөг үр дагаврууд бий болж байна. Энэ нь гэр бүлийн гишүүд нийгэм үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага дутмаг байгаагийн тод илрэл. Тиймээс гэр бүлийн хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд нийгэм үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага, тэжээн тэтгэх хариуцлагаасаа зайлсхийсэн нөхцөлд хүлээлгэх хууль эрх зүйн хариуцлагад өөрчлөлт оруулах зэрэг зайлшгүй шаардлага тулгарч байна. Тухайлбал, шүүхээр хүүхдийн тэтгэмж тогтоолгосон ч 70 хувь нь тэтгэмжээ авч чадахгүй байна. Энэ нь үндсэн хуулийн 16.11-т заасан “Гэр бүлийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэх заалтыг ноцтой зөрчиж, хүүхэд тэжээн тэтгүүлэх эрхээ эдэлж чадахгүйд хүргэж байна. Энэ мэт асуудлыг 1999 онд батлагдсан гэр бүлийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн боломж дутмаг байгаа тул хуулийг шинэчлэх замаар, гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах шаардлага үүсээд байгаа юм.

     

    Энэ хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар эхлүүлсэн “Гэр бүлийн тухай хуулийг хамтдаа хэлэлцье” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд өнөөдөр зохион явууллаа.

     

    Ардчилсан намын  үзэл баримтлалын дагуу "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо" гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүл хүүхдэд дулаан таатай орчинг бүрдүүлэх, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн бодлогыг дэмжсэн иргэний нийгмийг цогцлоохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж, гэр бүлийн тухай хуулийг орон даяар олон нийтээр хэлэлцүүлэх санаачлагыг гаргаж, гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэл гурван сарын аяныг эхлүүлээд байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад хүн бүрийн санал бодлыг сонсч, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна.