Н.Лхагвадорж: Оюутнуудын амыг тагладаг увайгүй үйлдэл газар авчихсан
    2019 оны 03 сарын 14 нд
    53f0f41a7e59b13bb0bc5e68204591f7.jpg

    Ардчилсан оюутны холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадоржтой ярилцлаа. Тэрээр яг одоо хөдөө орон нутаг дахь ажлуудаа “нугалж” яваа. Өсвөр үеийнхэн, оюутан залууст хөгжлийн чиг баримжаа олоход нь тус болохуйц томоохон арга хэмжээнүүдийг тус холбооныхон зохион байгуулдаг аж.

     

    -Ардчилсан оюутны холбооноос саяхан Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын агуулга нь юу байсан бэ. Та бүхэн хариултаа авсан уу?

     

    -Бид оны гол ажлын төлөвлөгөөгөө оюутнуудаас санал авч, тухайн жилийнхээ эхний сард багтааж гаргадаг. Оюутнуудаас авсан саналын 70-80 хувиас нь “Нийгэм, оюутан залууст сонгууль болохоор л худал амлалтыг өгдөг улс төрчдөөс ам асуугаач. Ам асуухгүй бол тэд хүссэн үедээ худал амлалтууд өгч, жүжиглээд, ажлаа тодорхой хэмжээгээр амжуулсныхаа дараа залуучуудыг хаядаг болчихсон байна” гэдэг санал ирүүлсэн. Үүнд үндэслээд Ардчилсан оюутны холбооноос 2019 онд хийх үйл ажиллагааныхаа 70 хувийг улстөр рүү чиглүүлж, хариуцлага нэхэх байдлаар “Ам асууя” гэдэг аяныг эхлүүлээд байгаа.

     

    Ингээд ам асуух хамгийн эхний хүнээр хэнийг сонгох вэ гэж ярилцсаны эцэст МАН-ын дарга, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асууя гэж шийдсэн. Яагаад У.Хүрэлсүхээс ам асууж байгаа вэ гэхээр, зөвхөн УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН-ын зүгээс оюутан залууст чиглэсэн олон амлалтын 90 хувь нь биеллээ олоогүй байна. Биеллээ олох нь битгий хэл, тэдгээр заалт, ажлаа бүр хасаад, хаачихсан байгаа юм. Жишээлбэл, МАН-ын Мөрийн хөтөлбөрт тусгасан нэг заалт нь “Оюутан болгонд үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт орсон 70.200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно” гэсэн бол 2016 оны сонгууль дууссаны дараа энэ тэтгэлгийг шууд зогсоосон байх жишээтэй. Гадаадын топ 100 сургуульд сурдаг тэтгэлэг, жишээлбэл АН Засгийн эрхийг авсан үедээ тэтгэлэг олгодог байсныг 2016 онд зогсоосон. Гадаадын их, дээд сургуульд сурч байгаа Монголын оюутан залууст тэтгэмж бас олгодог байсан. Үүнийг бас зогсоосон юм байна. Монголын гурав буюу түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд сурч байгаа төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг улсаас даадаг байсныг мөн зогсоосон байна. Энэ мэтчилэн яриад байвал олон ажлыг зогсоосон нь оюутан залуустай холбоотой МАН-ын Мөрийн хөтөлбөрөөс судлахад харагдаж байна.

     

    Нөгөө талаас МАН-ын амлалтаа биелүүлээгүй маш олон зүйл нийгэмд бий. Тухайлбал, “Нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй, тэгж иргэдийнхээ халаасанд хүндрэл учруулахгүй” гэж байсан бол одоо долоо, есөн төрлийн татварууд нэмэгдсэн байна. “Хүүхдийг алагчилж үзэхгүй” гэсэн. Гэвч өнөөдөр хүүхдүүдийг баян ядуугаар нь, хэрэглээгээр нь, хэрэгслээр нь хүртэл алагчилж үзээд 2018 оны байдлаар гэхэд нийт 63548 хүүхэд мөнгө аваагүй хоцорсон байх жишээтэй.

     

    “Энэ бүхэн шударга явдал уу, энэ бүхэн таны өөрийгөө мундаг гэж хэлээд байгаа энэ байдалтай чинь нийцэх үү?” гэдэг асуулт үүссэн. Монголын оюутан залуусын зүгээс ямар нэгэн эмх замбараагүй байдал бий болгохыг уриалаагүй, жагсъя тэмцье гэж хэлээгүй. Ерөнхий сайдтай ширээ тойрч суугаад бүх зүйлээ хамтдаа ярилцахыг л хүссэн. Яагаад гэхээр, УИХ-ын дараагийн сонгууль болоход нэг жил гаруйн хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд хийж амжаагүй зүйлээ амжуулж хийхийг үгүйсгэх арга байхгүй л дээ. Амжихгүй ч байж болно. Үнэхээр улс эх орны бодлогын түвшинд хаахаас өөр аргагүй ч байсан байж болно. Үүнийгээ залуучуудтайгаа ширээ тойрч суугаад нээлттэй уулзаач ээ гэдэг хүсэлтийг л бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавиад байгаа юм. ЗГХЭГ-тай утсаар холбогдоход “Та бүхний бичгийг авсан” гэж хэлсэн ч харамсалтай нь, Ерөнхий сайд бидэнд албан ёсоор хариулт ирүүлээгүй. Оюутан залуус ч Ерөнхий сайдын 99113937 гэсэн дугаар руу “Биднийг хүлээж авч уулзаач ээ” гэж мессеж хүртэл явууллаа. Хариу өгсөнгүй. Тэгэхээр, оюутан залуус Монгол Улсын Ерөнхий сайд буюу МАН-ын дарга У.Хүрэлсүхийг юу гэж харж байна вэ гэхээр, оюутан залуусынхаа өмнө амласан амлалтаа биелүүлж чадаагүй, түүнээсээ ичээд залуусынхаа нүүрийг харах царайгүй болсон юм байна гэж дүгнэж байгаа.

     

    -Энэ чиглэлээр үргэлжлүүлээд төлөв­лөж байгаа арга хэмжээ байгаа юу?

     

    -Бид “Ам асууя” хөдөлгөөнийг албан ёсоор нээсэн талаараа хэвлэлийн бага хурал хийж зарласан. 14 хоног тутамд нэг хүнээс ам асууна. Өнгөрсөн 2016 оны сонгуулийн үед Монголын залуучуудын холбоо “Хар, цагаан жагсаалт” гаргаж байсан. Үүнтэй төстэй хэлбэрийн, монголын оюутан залуусын өмнө амласан амлалтаа биелүүлсэн, биелүүлээгүй, залуучуудтай уулзсан, уулзаагүй гэдгийг харуулсан, нэг талд нь хар дэвсгэр дээр, нөгөө талд нь цагаан дэвсгэр дээр жагсаалт гаргана. У.Хүрэлсүх сайд энэ жагсаалтын хар дээр нэрээ бичүүлсэн анхны хүн байх нь тодорхой болж байх шиг байна. “Монгол Улсын Ерөнхий сайд Монголын оюутан залуустайгаа уулзах нүүргүй юм байна” гэсэн тодорхойлолттойгоор. Оюутан залуус маань жагсаалтыг хараад, улстөрчдөөс хэн нь оюутан залуустай уулзсаныг, хэн нь тэднийг хүндэтгэдгийг, эсвэл хүндэтгэдэггүй юм гэдгийг дүгнэж, хамтдаа ярилцаад явна. Тэрхүү дүгнэлт, харилцан ярианд тухайн “Ам асууя” гэсэн хүн оролцож ч болно. Оролцохгүй ч байж болно.

     

    -Ардчилсан оюутны холбоог хэзээ байгуулсан бэ. Оюутны бусад холбооноос аль талаараа ялгаатай вэ?

     

    -Ардчилсан оюутны холбоог байгуулаад нэг жил есөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Ардчилсан оюутны холбоо монголын хамгийн идэвхитэй үйл ажиллагаатай оюутны холбоо болохын зэрэгцээ Монголын хамгийн том салбар бүтэцтэй, үйл ажиллагаатай оюутны холбоо болж чадсан. Үүнийгээ ч бид одоогоос зургаан сарын өмнө нийгэмд зарласан.

     

    Монголын оюутны холбоо, МАН-ын дэргэдэх Оюутны холбоо ч бидэнтэй өрсөлдөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Өөрсдөө ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Нөгөө талаас ардчилсан оюутны холбоо улс төрийн намын дэргэдэх оюутны холбоо боловч оюутан залуусаа улс төрд шууд уриалан дуудахыг хүсээгүй. Ардчилсан оюутны холбоог анх байгуулсан цагаасаа буюу 2017 оноос эхлээд бид салбар бүтцээ байгуулсан. 2018 оныг “Оюутны хөгжлийн жил” болгож ажиллалаа. 2018 онд зохион байгуулсан нийт найман томоохон төслийн хүрээнд 88 ажлыг амжуулсан байна. АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй намын бүх удирдлагын дэмжлэгтэйгээр, тэдний итгэлийг алдахгүйн тулд чин сэтгэл, зүтгэлээрээ ажилласан жил байлаа.

     

    2019 оны эхээр АН-ын удирдлагуудаас Ардчилсан оюутны холбооны үйл ажиллагаанд “Маш сайн” гэсэн дүн өгсөнд оюутан залуус бас баяртай байгаа. Зөвхөн өнгөрсөн жил зохион байгуулсан акцуудаас харахад бид сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсрэг зөвшилцөх хөдөлгөөнийг Монгол Улсын хэмжээнд бий болголоо. Улсын хэмжээнд 2017-2018 буюу өнгөрсөн хичээлийн жилд 96 их, дээд сургуульд 155.248 оюутан сурсан. Сургууль болгонд Ардчилсан оюутны холбоо салбартай боллоо. Сургууль болгоны захирлуудтай уулзлаа. Бидэнд өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр нэгэн хүсэлт ирсэн байна. Их, дээд сургуулиуд нэгдүгээр курст элсэн ороход гэрээ байгуулдаг. Энэ гэрээнд “Дээшээ анги ахих тусам сургалтын төлбөр буурна” гэж байсан бол өнгөрсөн жилийн жишгээр анги ахих тусам сургалтын төлбөрөө 60 хүртэлх хувиар өсгөсөн сургуулиуд байна. Оюутнуудаас ирсэн хүсэлтийн дагуу бид үүн дээр хатуу акц хийж бүх сургуулийн захирлуудтай Төрийн ордонд нэгдсэн зөвшилцөх уулзалтыг хийгээд сургалтын төлбөрийг нэмэхгүй байх шийдэлд хүргэж чадлаа. “Оюутны хөгжлийн жил” байсан учраас оюутнуудад чиглэсэн юу хийж болох вэ гэдэг дээр судалгаа авсан.

     

    Оюутнууд гурван үндсэн зүйлийг хүсдэг юм байна. Нэг дэх нь, англи хэл буюу гадаад хэлийг сурах хүсэл сонирхол их байдаг. 100 оюутан тутмаас судалгаа аваад үзэхэд 90 хувь нь гадаадад тэтгэлгээр сурахыг хүсдэг юм байна, эсвэл гадаадад ямар нэгэн байдлаар мэргэжлээ дээшлүүлэхийг хүсдэг юм байна. Тэгэхээр англи хэл гарцаагүй чухал. Хоёр дахь нь, өнөөдөр ажлын байранд гарахад таны дипломын голч онц уу, сайн уу гэдгийг хардаг ажил олгогч байхаа больчихсон юм байна. Хамгийн түрүүнд юуг хардаг вэ гэхээр, гадаад хэлний мэдлэг. Үүнээс гадна эн тэргүүний гарцаагүй байх бас нэг зүйл нь таны харилцааны соёл, хандлагыг хамгийн түрүүнд хардаг болсон юм байна. Иймээс бид оюутан залуусын эерэг хандлага, хүмүүжил, төлөвшил дээр анхаарах ёстой гэж үзээд “Эерэг хандлага-хөгжил” гэсэн төслийн хүрээнд Монгол Улсын бүх их, дээд сургуульд очиж уулзалт, лекцүүдийг хийж явлаа.

     

    Гурав дахь нь, ялангуяа монголын оюутан залуусын зүгээс нэг сул тал гадаадын оюутан залуустай харьцуулахад байдаг юм байна. Энэ юу вэ гэхээр, гадаадын оюутнууд өөрийнхөө үзэл бодлыг багшдаа, нийгэмдээ чөлөөтэй илэрхийлдэг. Гэтэл монголын оюутан залууст мэддэг хэрнээ мэддэг зүйлээ гадагшлуулах зориг байдаггүй. Мэддэг зүйлээ тайлбарлаж яриа илтгэх чадвар маш сул, дутмаг байдаг юм байна. Ингээд Ардчилсан оюутнуудын холбоо монголд оюутан залуус, нийгэмд үйлчилсэн илтгэх урлаг, мэтгэлцээний чиглэлийн багш нартай хамтраад “Хувь хүний хөгжил” сургалт төслийг далайцтай хүрээнд зохион байгууллаа.

     

    Ардчилсан оюутны холбооны зохион байгуулсан бүх ажиллагаанд оролцсон залуус өөрсдийнхөө мэдээллийг бидэнд өгдөг. Хамгийн сайхан зүйл нь юу байсан гэхээр, 2018 онд бидний зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнд өнөөдөр Н.Лхагвадорж гэдэг хүнийг хаана ч явж байсан “Ардчилсан оюутны холбооны Ерөнхийлөгч” гэдгээр нь монголын оюутнууд таньдаг болсонд баяртай байгаа. Ингээд дурдаад байвал оюутны холбооны зохион байгуулсан ажил маш олон бий. Жишээлбэл, спортын чиглэлээр Монголын хамгийн том хэмжээний оюутны спортын их наадмыг хийлээ. 21 аймаг, есөн дүүргийн, их, дээд сургуулиуд нийлсэн нийтдээ 1800 орчим тамирчинг хамруулсан оюутны спортын их наадмыг зохион байгууллаа. Сэтгэл байгаад хүсэл байгаа цагт хийж бүтээж болдоггүй зүйл байдаггүй гэдгийг харуулахын тулд бид хичээж ажиллалаа. Үүнийг бид бүтцээ зөв бүрдүүлэхийн төлөө ажилласны үр гавьяа юм болов уу гэж харж байна.

     

    -Бүтцийнхээ талаар илүү тодорхой ярина уу?

     

    -Ардчилсан оюутны холбоо бүтцээ үндсэн гурван нэгжид хуваадаг. Нэгдүгээрт, засаг захиргааны нэгжийн хувьд, хоёрдугаарт их, дээд сургуулиудын салбарын хувьд, Улаанбаатар хот дахь салбар гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна. Засаг захиргааны нэгж буюу 21 аймаг, есөн дүүрэг, дүүрэг болгоны улсын хэмжээний 152 хороо, улсын хэмжээний 330 сум, 1580 баг гэсэн системээр явж байгаа. Ингэж бүтцээ 100 хувь бүрдүүлэх амаргүй байдаг юм байна. Яагаад гэхээр өнөөдөр засгийн эрх барьж байгаа нам маань МАН учраас. Гэхдээ бид сум болгонд төлөөллөө байгуулах бүтцээ 90 хувьд хүргэсэн. Аймаг, дүүрэг, хороо болгонд манайх удирдлагатай. Хороо болгон 80 хувийн бүтэцтэй явж байгаа. Ингээд үндсэндээ засаг захиргааны нэгжийн хувьд бид 70-80 хувийн бүтэцтэй байна.

     

    Хоёрдугаарт, өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд 96 их, дээд сургууль байсан бол энэ жил 94 болж цөөрсөн. 94 их, дээд сургуулиас үйл ажиллагаа явуулж байгаа сургууль үндсэндээ 80 орчим байна. Үлдсэн 10 гаруй нь оюутан байхгүй, бараг л хаалгаа барих дөхчихсөн байна. Улсын хэмжээнд байгаа бүх сургуульд Ардчилсан оюутны холбоо өөрийн гэсэн салбар төлөөлөгч оюутантай болчихсон. Оюутны гол масс Улаанбаатар хотод байдаг юм байна. Тэгэхээр Улаанбаатар хотдоо бас тухайн аймгийн Улаанбаатар хот дахь салбарыг байгуулаад явж байна даа.

     

    -80 гаруй их, дээд сургууль байдаг гэж байна. Энэ оюутнуудтай ер нь уулзалт хийсэн юм уу?

     

    -Танд нүүр бардам, шулуухан хэлэхэд монголын оюутнуудтай өдөр болгон шахуу уулздаг оюутны байгууллага бол улсын хэмжээнд ганцхан Ардчилсан оюутны холбоо. Бид их, дээд сургуулиудтай хамтраад долоо хоног болгон “Залуустаа хүргэх үг” гэдэг цуврал лекцийг зохион байгуулж байна. Долоо хоног бүр бид оюутан залуусынхаа санал, сэтгэгдлийг авч чөлөөт ярилцлагуудыг хийж байна. Төгсөх арванхоёрдугаар ангийн сурагчдад ч чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа. Сая 2018 оны арванхоёрдугаар сард гэхэд нийслэлийн бүх дүүргийн 12 дугаар ангийнхантай миний бие биечлэн оролцож уулзалт хийлээ. Их, дээд сургуулиудын хэрэгжүүлж буй “Нийслэлийн шилдэг 100 сурагч” төслийн хүрээнд нийт 800 гаруй хүүхдийг бэлтгэхэд Ардчилсан оюутны холбоо дэмжлэг үзүүлж байгаа.

     

    -Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх оюутан залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх. Энэ ажил таныг өнөөдөр оуютнуудтай ажиллахад нөлөөлж, уялдаж байгаа байх?

     

    -Нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байгаа юм л даа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол нам бус хүн байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв найрамдлын бэлгэ тэмдэг. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс монголын оюутан залуусын хүмүүжил, төлөвшил, хандлагад маш ихээр анхаарал хандуулж байгаа. Үе, үеийн Ерөнхийлөгч нар дотроос оюутан, залуусынхаа хөгжлийн төлөө хамгийн их анхаарч ажиллаж байгаа хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг энд онцолж хэлмээр байгаа юм. 2018 онд “Оюутны хөгжил, өнөөгийн байдал, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордон дахь Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд таван удаа зохион байгууллаа. Ерөнхийлөгч дэргэдээ түүхэндээ анх удаа сургууль болгонд өөрийн зөвлөх оюутантай болсон байна. Өмнөх Ерөнхийлөгч нарын түүхэнд хэзээ ч оюутан залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл гэж байгаагүй. Ерөнхийлөгчийн зүгээс 21 аймгийг тойроод 12 дугаар ангийнхан, орон нутагт байгаа оюутнууд хөгжил нь ямар түвшинд байна вэ гэж өөрийн зөвлөхөө явуулж байсан түүх бас ховор. Жил болгоны хавар 21 аймгийг тойрч, “Эерэг хандлага, хөгжил” гэсэн сэдвээр илтгэлүүдийг тавьж байна. Одоо энэ сарын 25-наас эхлээд Ерөнхийлөгчийн санаачлагаар “Эерэг хандлага-Хөгжил” гэсэн аяныг бүх аймгийн 11, 12 дугаар ангийнханд лекц уншиж байна.

     

    -Энэ лекцийн агуулга нь юу байх юм?

     

    -Хүүхэд, багачуудад хүсэл тэмүүлэл, зорилготой байхын үнэ цэнийг, нөгөө талдаа харилцааны соёл, хүмүүжил, хандлага, төлөвшлийн үнэ цэнийг ойлгуулах уулзалт лекц юм л даа. Ажлын хэсэг 4-5 хүний бүрэлдэхүүнтэй явдаг. Энэ жилийн 21 аймгийн тойрч байгаа аялалд маань монголын томоохон их, дээд сургуулиуд бас хамтран ажиллаж байна. Тэд нэг зүйл дээр санал нэгдэж байгаа. Шинээр оюутан болж байгаа залуус маань хичээлдээ дуртай байх хандлага, мөн хүнтэй харилцах харилцааны чадвар их доголдолтой байна гэж байгаа. Тэгэхээр тун удахгүй оюутан болох 11, 12 дугаар ангийн хүүхдүүдтэй хандлага, төлөвшлийн асуудал дээр нь анхаарч ажиллах ёстой гэж үзээд энэхүү лекцийг зохион байгуулж байгаа юм.

     

    -Аль ч улсын залуучуудад, ялангуяа оюутнуудад маш том хүч бий гэж үздэг. Гаднын улсуудад улстөрийн чухал шийдвэрүүдэд оюутнууд нөлөөлдөг. Тэдний зохион байгуулж буй жагсаал, цуглаан, дуу хоолой үнэ цэнтэй байдаг. Гэтэл Монголд оюутнууд Үзэл бодлоо идлэрхийлж чадахгүй байна, илэрхийлсэн ч тэр нь хүчтэй биш байна. Үүний гол шалтгаан нь юу гэж та хардаг вэ?

     

    -Би Малайзад ч байлаа, Англид ч сурч байлаа. Малайзаар жишээ авъя л даа. Манай сургууь дээр оюутнууд улс төр яривал багш нар нь, “Сургуулийн орчинд улс төр ярихгүй” гэдэг. Өөрөөр хэлбэл, багш нар хэзээ ч улстөрждөггүй. Монголд яадаг вэ гэхээр, толгойтой бүхэн улс төр ярьдаг болчихсон. Хүн болгон Ерөнхий сайдаа ярьдаг, хүн болгон Ерөнхийлөгчөө муулж болно, хүссэн үедээ сайлж болно. Нөгөө улстөрийн сайн, муу мэдээнүүд хаа сайгүй явдаг болчихсон. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр, хүн болгон хэт их улстөржөөд ирэхээр нэг талаас үнэ цэнээ алдчихдаг юм байна. Улсын хөгжил цаашаа ч явахаа больчихдог юм байна. Нөгөө талаас Солонгос, Хятад, Вьетнам, Венесуэлийн улс төрийн хувьсгалыг оюутнууд хийсэн. 1990 оны ардчилсан хувьсгалын гурван үндсэн том хүчин байсны нэг нь оюутнууд байсан. Хамгийн цаад тал нь Ховдын оюутны жагсаалаас эхлээд Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд Энхтайвны гүүр давж орж ирээд жагсч байсныг ахмадууд маань ярьдаг. Өнөөдөр ч гэсэн оюутнууд хамгийн том хүч юм шүү гэдгийг улстөрийн том намууд бүгд мэдэж байгаа. Харамсалтай нь монголын оюутны хамгийн том байгууллага болох Монголын оюутны холбоог улс төрийн нам /МАН/ өөрийн болгочихсон, өөрсдөө ялалт байгуулсан үедээ “Оюутнуудыг улстөржүүлэхгүй шүү” гээд их, дээд сургуулиудад өөрсдийн томилгоог бий болгочихсон. Оюутнуудын амыг тагладаг ийм увайгүй үйлдэл газар авчихсан байна. 70.200 төгрөгийг авахыг оюутан болгон хүсч байгаа. Судалгаа авахаар 99 хувь нь “Авахыг хүсч байна” гэдэг. Тэгээд “Энэ мөнгөө авъя” гээд дуу хоолойгоо хүргэхээр “Оюутнууд хичээлээ хий, та нар наадахаараа нэг хоолонд орно, үгүй бол зүгээр л бааранд өнгөрүүлнэ” гэж амыг нь таглаж байна. Нөгөө л түрүүний хэлсэнчлэн, манай монголын оюутнууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар ерөөсөө байхгүй болчихсон байна гэдэг нь харагдаж байна. Хэтэрхий сул дорой, нөгөө талаас эцэг, эхээсээ дэндүү хараат байна.

     

    -Танай холбооноос “Ахмад үеэ сонсъё” аяныг мөн эхлүүлээд байгаа гэж сонссон юм байна?

     

    -Ардчилсан оюутны холбооноос 2019 онд хэрэгжүүлэх бас нэгэн том ажил нь энэ. Залуучууд бид ялангуяа ахмад үеийнхээ алдаа оноог сайн сонсч байж, тэднийхээ сургааль зөвлөгөөг авч байж ирээдүйд өөрсдөө алдаа бага гаргана гэж ойлгож байгаа. Олон судлаач хэлсэн байдаг. “Ахмад үе, дунд үе, залуу үеийн хоорондын хэлхээ сайн байваас тухайн улсын хөгжилд саад байхгүй” гэж. Бид 21 аймаг бүрээр тойроод ардчилсан үзэлтэй ахмадууд, ардчилсан үзэлтэй дунд үеийнхэн, үе тэнгийн хүүхдүүдтэй хамтдаа суугаад халуун дулаан яриа өрнүүлж, тэднийхээ зөвлөгөөг аваад дараа дараагийн шатанд анхаарч ажиллая гэсэн зорилготой. “Ахмадаа сонсъё” аяныг хоёрдугаар сарын 25-наас Хэнтий аймаг буюу зүүн бүсээс эхлүүлсэн. Ингээд гуравдугаар сарын 22 гэхэд аянаа дуусгахаар 21 аймгаа тойрч байна. Миний ярилцлагыг үзсэн ардчилсан үзэлтэй нийт ахмад үе, дунд үе, залуу үеийнхэн болон “Ардчилал таймс” сонины бүх уншигчдадаа “Баярлалаа” гэж хэлмээр байна.

     

    -Ярилцсанд баярлалаа.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

     

    Сэтгүүлч: Х.ХУЛАН