Д.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрийг төр өөрөө худалдаж авах боломжгүй байсан
    2019 оны 03 сарын 15 нд
    be07c7baecf4b41bdc6211cd1ce1dcf4.jpg

    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудад хариулт өгөв.

     

    -Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг асуудалд таны нэр холбогдоод байгаа. Засгийн газарт мөнгө байсаар байтал худалдаж авах давуу эрхээсээ татгалзах саналыг та Засгийн газрын хуралд оруулж ирсэн гэсэн?

     

    -Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Л.Оюун-Эрдэнэ сайдын хийсэн мэдээллийг үзсэн. Засгийн газрын тэмдэглэлийг ил болгосон нь зөв гэж харж байгаа. Засгийн газар дээр энэ асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ уг тэмдэглэл дунд байгаа Ростехийн захирлын захидлыг орчуулалгүйгээр нийтэд тараасан. Уг захидалд "Энэ хувьцааны төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос илүүгүй хугацаанд тогтоож байгаа" гэсэн өгүүлбэр байгаа. Энэ бол 2016 оны зургаадугаар сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн бичиг.  Ажлын 12 хоногийн хугацаанд Монголын төр 400 сая ам.доллар босгож чадах уу үгүй юу гэдэг асуудал үүссэн юм. Ярихад амархан л даа. Засгийн газар дотроо үүнийг ярьсан. Үнэхээр санхүүгийн хувьд төр өөрөө худалдаж авах нь хүндрэлтэй юм байна, 12 хоногийн дотор амжихгүй юм байна гэсэн. Тухайн үед буюу 2016 оны тавдугаар сарын 20-нд УИХ-ын ээлжит бус чуулган хамгийн сүүлийн хурлаа хийгээд завсарласан байсан.  Би сайдын хувиар зарчим, бодлого хоёрын шийдэл дээр зогссон. 49 хувийн хулгай гэдэг бол өөр асуудал. Орос хувиа зарах асуудлыг Монголын төр хэлэлцээд Монголдоо оруулж ирсэн нь улс төрийн шийдвэр. 

     

    -Төрд мөнгө байхгүй гэдэг асуудлыг та тайлбарлаж өгөөч?

     

    -Тухайн үед төрд 400 сая ам.доллар огт байгаагүй. Санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. Санхүүг буруу босгосон уу үгүй юу гэдгийг хуулийн байгууллага шийднэ. 

     

    -Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг та юу гэж харж байна вэ? 

     

    -БНМАУ-ын Бага хурлын тогтоолыг энэ төр хоёр дахь удаагаа хэрэглэж байна. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Шинэ Үндсэн хуулийн төгсгөлд нэг заалт бий. Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээр өмнөх хуулийн бүх зүйл заалт хүчингүй болно гэсэн байдаг. Гэтэл яагаад 1991 оны Бага хурлын тогтоолыг ашигласныг ойлгохгүй байна. 

     

    -Л.Болд гишүүний намаас гарах асуудлыг хэрхэн шийдэх вэ. Ардчилсан Нам УИХ-д бүлэггүй болж байна гэсэн үг үү?

     

    -Бид хаврын ээлжит чуулганы эхэнд бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болгох мэдэгдлээ УИХ-ын даргад өгнө. Л.Болд гишүүн сонголтоо хийсэн. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болно гэсэн үг биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Бидэнд завсарлага авах боломж л алдагдана.  

     

    Эх сурвалж: IKON.MN