З.Нарантуяа: Ганцхан татварын албанд онцгой бүрэн эрх өгч болохгүй
    2019 оны 03 сарын 21 нд
    9710366ea6e9890602bab1d2d990d6af.jpg

    -Татварын маргаанд битүүмжлэгдсэн хөрөнгөө буцааж авах эрхгүй хуулийн төсөл байна-

     

    УИХ-ын гишүүн З.Нарантуяатай УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Татварын багц хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

     

    -НӨАТ-ыг хэрэгтэй, хэрэггүй гэсэн байр суурь хүмүүст байдаг. Энэ хуулийн талаар та ямар бодолтой байна вэ?

     

    -Татвар төлөх нь Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Татвар төлөх ёстой бүх иргэн, аж ахуйн нэгжийг бүрэн хамруулах нь Татварын багц хуулийн ач холбогдол, зорилго байх ёстой гэж харж байгаа. Үүний тулд НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлсэн. Тэгээд НӨАТ-ын шинэчлэл бүртгэл сайн хийсэн. Гол зорилго нь илээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах хүртлээ бүртгэлд оруулах. Жишээ нь 100 ширхэг дугуй оруулж ирлээ  гэж бодъё. Тэгээд бүгд борлуулагдсан эсвэл аль нэг агуулахад хадгалагдаж байна уу  гэдгийг  цогцоор нь хянахын тулд НӨАТ-ын системийг хэрэгжүүлсэн юм. Энэ нь өгөөжтэй зөв ажил байсан.

     

    Үүний үр дүнд монгол  улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 60 гаруй хувийг нь НӨАТ-ын системд бүртгэсэн. Түүнээс биш татвар нь шинэ зүйл биш. 1997, 1998 оноос эхлэн хэрэгжиж байсан юм. Аж ахуйн нэгжүүд иргэдээс борлуулсан бараа бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үнэ өртгийг авч л байсан. Гагцхүү татварын албанд тайлагнадаггүй байсан системийг ил болгосон. Энэ чиглэлээр ахиц дэвшил уг хуулийн төслөөр бол гарахгүй гэж харагдаж байна. НӨАТ-ын системд бүртгүүлэлгүй үлдсэн 40 хувийн аж ахуйн нэгжийг бүгдийг нь И-баримт унших пос машин тавь гэж шаардсан. Энэ машин нь үнэтэй байсан учраас ихэнх аж ахуйн нэгж аваагүй. Үүнийг пинтекийн шинэ, шинэ хэлбэрүүдээр хэрэгжүүлж болно. Жишээ нь Хятадад “Алибаба” Ви-чатын төлбөр тооцооны Ви-покет гэдэг систем нэвтрүүлсэн.   Үүн шиг богино хугацаанд IT-гийн өөр шинэ технологийн систем ашиглаж бүх хүнийг хамруулах учиртай. Энэ хуулиар уг ажлыг  аль нэг байгууллагад үүрэг болгож хөхүүлэн дэмжиж, тодорхойлж өгөх ёстой. Үүнийг хангалттай тусгаж өгөөгүй байна.

     

    -Монгол Улсыг олон улсын “BEPS” байгууллага татварын эрсдэлтэй гэж үнэлээд  саарал жагсаалтад оруулсан.  Энэ жагсаалтаас гарах заалт, боломжийг энэ хуулийн төсөлд хэрхэн тусгаж өгсөн байна вэ?

     

    -“BEPS” байгууллага давхар татварын асуудал болон олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд улс хооронд татвараас зайлсхийж байгаа талаар  мэдэгдсэн.   Ийм учраас танай улс гадаадын компаниудын татварын тайланг бидэнд мэдээлэхгүй байна гэсэн. Ингээд Монгол Улсыг эрсдэлтэй бүлгийн саарал жагсаалтад оруулсан. Үүнээс гарна гээд “BEPS”-ийн бүх шаардлагыг татварын энэ хуульд “А, Б”-гүй хуулчихсан  байгаа. Энэ нь татвараас зайлсхийх явдал, татварын тайлагналын чанарыг  сайжруулах чухал алхам. Гэвч хийж буй процесс, хуульд оруулсан заалтууд нь татварын алба, татварын байцаагчид эрх мэдэл өгсөн байна. Тэд хууль шүүх, прокуроргүйгээр,  үйл ажиллагаа нь доголдсон банкинд онцгой дэглэм тогтоодог шиг хөрөнгийг нь битүүмжилж эргэж заргалдах эрхгүй, дэнчин тавихыг шаардах гэх мэтээр захиргаадалтын арга хэлбэр маш их орсон байгаа юм.  

     

    -Татвараа төлж чадалгүй нас барсан хүний татварыг гэр бүлийн бусад гишүүд нь төлөх тухай заалт хуулийн төсөлд орсон байгаа гэдэг. Энэ заалтын талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

     

    -Би дээр хэлсэн. Тэр олон захиргаадалтын арга хэлбэрийн  нэг жишээ нь энэ асуудал. Гэр бүлийн нэг гишүүн нь татвараа төлөлгүй нас барлаа гэхэд үлдсэн гишүүд нь түүний татварыг  төлөх заалт бий. Энэ бол хэзээ ч байж болохгүй асуудал. Үндсэн хуульд заасан хувь хүн өөрийнхөө хариуцлагыг  хүлээх зарчмыг зөрчиж байна. Компанийн хувьд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Гэтэл хэн нэгнийг татвар төлөх үүргээ биелүүлээгүй байхад хамаарал бүхий этгээдүүд гээд бусдад харицлага үүрүүлж болохгүй. “Хөрөнгийг нь шилжүүлж авсан” бол гэдэг үгээр халхавч хийж ийм алхам хийх гэж байна.  Хөрөнгө шилжүүлж авна гэдэг бол их өргөн утга агуулдаг зүйл. Үүнийг яаж ойлгох вэ гэдэг нь энэ хэлэлцэж буй хуульд тодорхой биш байгаа юм. Ямар нэг маргаан, зөрчил гаргахгүйн тулд сайн зүйлээ хэрэгжүүлэх арга механизмаа хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй.   Эсвэл түүнийгээ бүр болих ёстой.

     

    -Тэгэхээр асуудал дагуулсан заалтууд Татварын багц хуулийн төсөлд нэлээд байгаа юм байна. Та эдийн засагч хүний хувьд энэ хуулийн төсөлд сэтгэл дундуур байгаа өөр асуудлууд бий юү?

     

    -Монгол Улс эдийн засгийнхаа дунд, урт хугацаанд хөгжүүлэхийн тулд ямар салбар, ямар аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг бодлогоор хэрхэн дэмжихээ тодорхойлох ёстой. Гэтэл энэ талаар оруулсан заалт алга. Миний хувьд эдийн засгийн дөрвөн салбарыг дэмжих хэрэгтэй гэж боддог. Манай улсын эдийн засаг өнөөдөр хоёрхон бүтээгдэхүүний экспортоос хамааралтай байна. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн экспортыг  дэмжихээр хуульд хэрхэн тусгах, ямар хөнгөлөлт үзүүлэх тухай алга. Аялал жуулчлалын салбар байна. Энэ салбарыг “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт тусгасан. Үүнд жилд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн. Үүнийгээ хэрэгжүүлэх юм аялал жуулчин хүлээж авах компаниудын оруулж ирж байгаа тоног төхөөрөмжид ямар хөнгөлөлт үзүүлэх нь тодорхойгүй байна. Жуулчны бааз байгуулах, үйлчилгээний тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвар ногдох татвараас чөлөөлөх, хөнгөлөх заалт алга. Ганцхан хөрөнгийн зах зээлийг дэмжсэн заалт бий. Тэр нь хөрөнгийн зах зээлд нээлттэй компани болохын тулд үнэт цаас худалдаж авч буй компанид татварын хөнгөлөлт үзүүлэх заалт орсон байна лээ. Энэ бол хөрөнгийн зах зээлд оролцох сэдэл өгсөн зүйл болсон. Үүнээс бусдаар макро төвшинд улс орны эдийн засгийн дунд, урт хугацааны хөгжлийн зорилтыг хангахын тулд татварын бодлогоор дэмжих зүйл олж хараагүй.

     

    -НӨАТ-ын системийг Монголд анх нэвтрүүлэхдээ хяналт гэдэг утгаар ашигласан. Гэтэл өнөөдөр татвар болж хувирлаа. Иргэн худалдан авалтад 100 төгрөг илүү төллөө гэхэд бүгдийг нь буцааж авах ёстой. Гэтэл хоёр хувийг нь өгөөд үлдсэн найман хувийг улс татвар болгож авлаа. Энэ бол луйвар гэдэг яриа бий?

     

    -Угаасаа байхгүй байсан татварыг шинээр бий болгосон зүйл биш.   Энэ татварыг хянаж чаддаггүй байсан. Үүнд иргэнийг өөрийг нь оролцуулж тодорхой хэсгийг өөрт нь буцаан олгож үлдсэнийг нь улс төсөвтөө авахаар болгосон. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд улсын төсөвт төлдөггүй байсан татварыг олж авч байгаа явдал. Энгийн үгээр тайлбарлавал НӨАТ бол ийм л систем. Энэ нь гаальтай их холбоотой. Энгийн жишээгээр хэлэхэд гаалиар суудлын авто машины 100 ширхэг дугуй оруулж ирэхэд түүнийг хянах бүртгэлийн систем хэрэгтэй. Тэгэхээр тэр 100 дугуй зарагдсан бол түүнийхээ татварыг төлж буй асуудал. Хэрэв 80 ширхэгийг нь зарсан бол үлдсэн 20 нь хаа нэг газар байна гэдгийг л улс мэдэж байх систем юм. Үүнийг л бий болгохын тулд НӨАТ-ын системийг хөгжүүлж эхэлсэн. Товчхон хэлэхэд НӨАТ бол урд нь байсан худалдааны татвар. Монголд худалдаж борлуулсан бараа бүтээгдэхүүнд ногдох татварыг л улс авч чаддаг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд борлуулсан бараа бүтээгдэхүүний 10 хувийн татварын хоёрыг нь иргэдэд өгөөд үлдсэн найман хувийн татварыг улсад төлж байгаа явдал. Татварын байгууллага үүнийг иргэдэд ойлгуулж чадаагүйгээс ийм зөрүүтэй ойлголт гараад байгаа юм.

     

    -Тэгвэл иргэдэд очих  НӨАТ-ын сугалааны азтан тодруулах гэхээс илүүтэй өөрт нь очих хувь хэмжээг нэмэх боломж байх нь ээ дээ?

     

    -Энэ бол байж болох хувилбар. Би ажлын хэсэг дээр НӨАТ-ын хоёр хувийг таван хувь хүртэл нэмэгдүүлж болох талаар ярьсан. Сангийн яамны зүгээс үүнийг зөвшөөрөхгүй байна лээ. Ер нь НӨАТ-ын таван хувийг нь иргэдэд буцаан өгөхөд болохгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь төр Аж ахуйн нэгж, Хүн амын орлогын албан татваруудаа авч чаддаг байх нь чухал. Үүний тулд хэн хэдий хэмжээний орлого олж байгааг  бүртгэлжүүлж мэддэг байх  хэрэгтэй гээд байгаа юм. Энэ нь бүх зүйл цэгцэндээ орох үндэс гэж хэлж болно.

     

    -Таны ярианаас Татварын багц хуулийн энэ төслийг баталчихвал татварын байцаагчид ёстой л “Хадны мангаа” болж хувирах нь гэж ойлгож болох уу?

     

    -Яг энэ хуулиар татварын албад нэлээд эрх өгсөн. Дахианд дээрх банкны жишээгээ дурдъя. Банкны үйл ажиллагаа муудахаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалж байна гээд банкны эздийг хөөж гаргадаг захиргаадалтын арга хэмжээ авдаг байсан. Үүнийг хүмүүс санах байх. Энэ бол системийн хувьд олон зуун мянган харилцагч хадгаламж эзэмшигчийн мөнгө хөрөнгийг үнэгүйдүүлэхгүй байх арга хэмжээ. Үүнийг хуулиар зөвшөөрдөг. Гэтэл үүн шиг “Онцгой бүрэн эрх” гэдэг зүйлийг татварын албанд өгөх гэсэнд нь  шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Нэг талаасаа татвараас зайлсхийх, төлөхгүй байх үйлдлийг хаах санаа нь зөв. Гэвч Монгол Улсын хувьд “BEPS”-ийн өмнө хүлээсэн үүрэг,  шаардлагыг хангах гэж байгаа ч бид өөрөө хуультай, шүүхтэй, үүнд хяналт тавьдаг прокурорын байгууллагатай. Ийм учраас зөрчлийн хуулиар татварын аливаа зөрчил гарвал прокурорын хяналтаар тухайн зөрчлийг арилгах арга хэмжээ авдаг. Одоо Захиргааны бөгөөд Зөрчлийн хуулиас энэ хяналтыг хасч бүх эрх мэдлийг татварын албанд өгч хүмүүсийн хөрөнгийг битүүмжилж хурааж авах Онцгой бүрэн эрхтэй болох гэж байна.  Хамгийн ноцтой зүйл нь битүүмжилсэн хөрөнгийн анхны дуудлага худалдааны үнийг татварын байгууллага тогтоодог болно. Энэ тогтоосон үнэд эрхээ хамгаалахаар ямар нэг маргаан үүсгэх боломжгүй болж байгаа. Хэрэв маргаан гаргах бол тухайн хөрөнгийн  үнэлгээний 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин тавихыг шаардах юм. Тэгэхээр өмчөө хамгаалж маргаан үүсгэхэд би бас та дахиад мөнгө гаргах болж байгаа юм.  Дээрээс нь татвараа төлчхөөд битүүмжлэгдэж, хураагдсан барьцаа хөрөнгөө буцааж авъыыя гэхэд өгөхгүй гэсэн заалтууд орсон байгаа юм. Энэ бол Үндсэн хууль болоод хувь хүн, аж ахуйн нэгж, компанийн хуулиудын суурь зарчимтай зөрчилдөж байна. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс  уг хуулийн заалтуудыг эргэн харж өөрчил гэсэн шаардлага тавьж завсарлага авах шийдэлд хүрсэн.

     

    -Тэгэхээр Татварын багц хуулийг шинэчлэн баталлаа гэхэд тэр эрсдэлтэй гэсэн саарал жагсаалтаас гарч чадах болов уу?

     

    -Хамгийн гол нь хуулиа зөв гаргах хэрэгтэй. Энэ хуулийг баталж байж саарал жагсаалтаас гарна. Энэ жагсаалтад орсон гол шалтгааныг дахин хэлье. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын, үндэстэн дамнасан компаниуд “BEPS” гээд олон улсын татварын байгууллагаас тавьж буй ерөнхий шаардлага, тайлагнадаг форматаар тайлангаа гаргахгүй байгаа юм. Ийм учраас тэднийг олон улсын стандартын дагуу тайлангаа гаргадаг болгоход Монгол Улсын дотоодын хууль тогтоомж нийцэх ёстой гэдэг үндэслэлээр Татварын багц хуульд өөрчлөлт оруулж байгаа.  Тэгэхээр уг хуулийг өөрчлөх ёстой. Гэхдээ “Өөрчилж байгаа нь энэ” гээд хууль, шүүх, прокуроргүй бүх эрхийг татварын албанд өгч болохгүй гэж эсэргүүцэж байгаа юм.
     

    ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС"  СОНИН