Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан Төв аймгийн Жаргалант суманд ажиллалаа
    2019 оны 03 сарын 21 нд
    8c7dbbf9975af734498a4cd4ef7a3e3d.jpg

    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ш.Ганхуяг тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Жаргалант сумын Загдал, Талбулаг багт ажиллаж, иргэд, гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа. Уулзалтын үеэр  Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улстөрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.

     

    Төв аймгийн Жаргалант сум нь 1927 онд "Сангийн тариалан" нэртэй байгуулагдсан газар тариалангийн бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Гэвч  малчид, тариаланчдын дунд үл ойлголцол үүсч, энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй олон жилийг үджээ. Тариалангийн талбайд мал оруулсан тохиолдолд малчдыг шууд торгож буй нь шударга бус явдал хэмээн үзэж байгаагаа уулзалтын үеэр иргэд хэлж байлаа.

     

     

    Монгол орны газар тариалангийн бүсийн томоохонд тооцогдох тус сумын дөрвөн багт нийт 6700 гаруй иргэд ажиллаж, амьдарч байна. Нийслэлтэй  ойр байрладаг учир  бараа, бүтээгдэхүүний үнийн нэмүү өртөг бага ч орон нутаг дахь улс төржилт, эрх баригчдын ам ажлын зөрүү маш их байгааг уулзалтын үеэр  иргэд хэлж байлаа. Үүний зэрэгцээ худаг, усны асуудал тулгамдаад байгаа гэв. Түүнчлэн Засгийн газрын чадавхигүй, тогтворгүй байдал, хулгай,  луйвар, 60 тэрбум, ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө хууль бусаар авсан зэрэг асуудалд бухимдаж байгаагаа иргэд хэлж байна.