Б.Пүрэвдорж: Т.Аюурсайхан бид хоёр адилхан "үзүүлэн" байдлаар айлчлалд яваад ирсэн
    2019 оны 03 сарын 26 нд
    5bc845497c4db20213ebdabf9f3da5c3.jpg

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг “Ярилцах танхим” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

     

    -УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийг баталлаа. Хууль дотоодын аж ахуйн нэгжүүдээ боомилсон атлаа, гадны хөрөнгө оруулагчдад илүү найр тавьжээ гэх шүүмжлэл байна. Таны хувьд ямар дүгнэлт өгөв?

     

    -Хуультай холбогдуулж хэд хэдэн ноцтой заалт байсныг АН-ын бүлэг арилгуулж чадсан. Хувийн өмч болон хүний эрхийг зөрчсөн заалт олон байсан. АН хэдийгээр бүлэггүй болсон гэж шүүмжлүүлж байгаа ч завсарлага авах цагтаа авч, ажлаа хийсэн. Ерөнхийлөгчийн зүгээс манай бүлэг завсарлага авсныг ашиглаж тодорхой хэдэн санал оруулж, өөрчлүүлсэн. Гадны хөрөнгө оруулагчдыг өөхшүүлсэн заалт илүү олон байсан нь хэлэлцүүлгийн явцад засагдаж, орж ирсэн гэж харж байгаа. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой Үндсэн хууль зөрчсөн заалт байсныг өөрчлүүллээ. Татварын өрөө төлөхгүй бол татварын байгууллага өмчийг нь шүүхийн шийдвэргүйгээр хурааж аваад өөрсдөө үнэ тогтоож зарах, улмаар олсон орлогоор нь өрийг нь барагдуулах заалт байсан шүү. 

     

    -Гадны улсад бүртгэлтэй хөрөнгө оруулагч компани тухайн улсдаа татвараа төлсөн бол Монгол Улсад татвараас чөлөөлнө гэсэн заалт орсон байна лээ. Ингэж болох уу?

     

    -Монгол Улс гадны хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Энэ хүрээнд тодорхой бодлого явуулдаг. Үүний л нэг болов уу. Гадаад улсад олсон хөрөнгөөрөө Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа бол татварын уян хатан бодлого байх хэрэгтэй л дээ. Гэхдээ олсон орлогоос авч буй татварын хувь хэмжээг бууруулсанд л бухимдаад байгаа хэрэг.

     

    -Татварын өрийг үл хөдлөх хөрөнгийг өвлөсөн иргэнд өвлүүлэх заалт Иргэний хуульд байсныг тэр чигээр нь оруулж ирсэн гэж байна. Өр өвлүүлж болдог атлаа яагаад тэтгэврийг нь өвлүүлж болдоггүй юм бэ гэж иргэд эсэргүүцэж эхэллээ. Сөрөг хүчний тавих ёстой шаардлагуудын нэг мөн байх? 

     

    -Байнгын хороо болон хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудал. АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс ч энэ асуудлыг хөндөж тавьсан. Сангийн сайд тайлбарлахдаа ийм асуудал байхгүй ээ, засаад оруулж ирлээ гэдэг зүйл хэлсэн. Яах аргагүй шүүмжлэх ёстой сэдэв мөн л дөө.

     

    -Хаврын чуулганаар гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэнэ гэсэн. Туршилтын шатандаа яваа юм билээ. Өчнөөн сая төгрөг зарж ийм зүйл хийх хэрэг байсан юм уу. Ер нь та хуралдаа хэр идэвхтэй суув? 

     

    -600 сая төгрөгөөр тоног төхөөрөмжийг суурилуулсан гэж мэдээлж байна билээ. Хаврын чуулганаар ашиглалтад орох юм билээ. Монголчуудын хэнэггүй, хариуцлагагүй хүмүүс сонгосны үр дүн л дээ. Хуралдаа суудаггүй хүмүүсийг хуралд нь суулгах гэж ийм их мөнгө зарж байна шүү дээ. Ичгэвтэр хэрэг. Би 2018 оны туршид нэг ч удаа чуулган таслаагүй. Хоёр удаа л хоцорсон байдаг юм. Нэгэнд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга явж байгаа гээд зам хаагаад амжаагүй. Хоёрт нь, гүйгээд ч амжиж орж чадаагүй. Бусад үед ирцдээ 100 хувь бүртгүүлж, чуулганаа таслахгүй суусан. Бүх хүн чуулгандаа суух нь миний ажил гэдгийг ойлгоод идэвхтэй хуралдаа суучихдаг болчихвол заавал ирцийг нь хурууны хээгээр бүртгүүлж, тэнд мөнгө зарцуулах шаардлагагүй байсан юм. “60 тэрбум”-ын үр дүнд гарсан МАН-ын 64 улстөрч энэ танхимд сууж байгаа. Тэр хүмүүс хурлынхаа ирц бүрдүүлэх, хууль тогтоомж батлах ажлаа хийх ёстой. Харамсалтай нь мөнгөө төлөөд, схемээр гараад ирчихсэн учраас юунд ч яаж ч хандаж болно гэж бодож байгаагийн үр дүн юм даа. 

     

    -Гишүүдийн цалинг хасна гэж байгаа шүү дээ. Цалингаараа амьдардаг нь яг хэд юм бэ. Танд тухайлбал цалин чухал байдаг уу. Хурлаа таслаад цалингаа хасуулах нь шийтгэл болж чадах уу? 

     

    -Миний авдаг цалин надад чухал. Хөдөө орон нутаг, тойрогтоо ажиллах гэх мэтээр цалингаа зарцуулах зүйл олон бий. Томилолтын мөнгөө ч хэмнэдэг. Мэдээж эхнэр маань тодорхой хэмжээний бизнестэй, өөрөө жижиг компанитай учраас гэр бүлийн орлогоо зохицуулаад яваад байна. Ардын намынханд харин цалинг хэрэггүй дээ. Гишүүний цалинг юман чинээ тоохгүй хүмүүс. Цалингаар нь хариуцлага тооцох нь сайн зүйл биш. 

     

    -Ардчилсан нам бүлэггүй боллоо гэж шүүмжлүүлж байна гэж та хэллээ. Бүлэгтэй байсан гээд та нар юу хийв. Бүлэггүй боллоо гээд хортой зүйл нь юу юм бол? 

     

    -Би нэг зарчмыг баримталдаг. Ардчилсан нам сэргэн мандахын тулд шаландаа хүртэл унах ёстой. Зовлон болгоныг туулах ёстой гэж боддог. Бид бүлэгтэй ч гэсэн есхөн гишүүн байсан. АН бүлэгтэй байлаа гээд завсарлага авах л ганц эрхтэй шүү дээ. Энэ нь ард түмэнд хэрэгтэй юм даа. Эрх баригчид хүч түрээд асуудлыг батлах гээд байвал бид зогсоож, завсарлага авч, олон нийтийн дуу хоолойг хүргэх гэж ажилладаг байсан. Ер нь ард түмэнд хэрэгтэй завсарлага авна гэхээр нэг цагийн л завсарлага өгдөг юм шүү дээ. Харин өөрсөддөө хэрэгтэй асуудлаар бол бүр долоо хоногийн ч завсарлага өгнө. Авчихаач гэж гуйна шүү дээ. Хуваагдаж тэмцэхээрээ бидний завсарлага тэдэнд хэрэг болдог юм. Бүлэггүй болж, завсарлага авах эрх байхгүй болсноор хохирсон зүйл алга. Гэхдээ дахин хүчтэй болох, эв нэгдэлтэй байхын тулд илүү доод түвшнээс эргэж сэргэх ёстой гэж боддог. 

     

    -Ардын намын задрал дундуур АН хэд хуваагдчихав аа. Намын дарга байсан Н.Алтанхуяг нь тусдаа нам байгуулна гэж байна. Залуус нь намын даргаа үгүйсгэж мэдээлэл хийгээд л. Ёстой нөгөө бүргэдийн сүүдэрт оготно онхолдчихов уу? 

     

    -Ардчилсан нам шинэ үеэ гаргаж ирэх цаг нь болсон байна. Ардчилсан хувьсгалыг хийж, ардчиллын нэрээр төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүс одоо зайгаа тавьж өгөхгүй байна. Тэр хүмүүс хуучирсан бүтээгдэхүүн болсон. Шинэ дүр төрхтэй, шинэ залуу үеийг гаргаж ирэх цаг нь болсон гэж боддог. Задрал хуваагдал, шүүмжлэл, санаа оноо бол жам ёсны дагуу л болж байгаа эрүүл үзэгдэл гэж харж байна. 

     

    -Т.Аюурсайхан гишүүн таныг явсан айлчлал болгондоо ямар ч үр дүнгүй явдаг гэж байна билээ. Та өнгөрсөн хугацаанд хэдэн удаа айлчлалд явав. Ямар зорилгоор явж байсан бэ? 

     

    -Гишүүний хувьд их цөөхөн айлчлалд явсан шүү. Их хурлын гишүүн болсноос хойш 4-5 удаа л айлчлалаар явсан байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гадаадад айлчлал хийхдээ сөрөг хүчнээс нэг гишүүн дагуулж явдаг. Швейцарь бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд нялх ардчиллыг дэмжиж явсан орон. Тийм ч учраас намайг тийшээ “үзүүлэн”-гээр авч явсан юм. Өөрөөр хэлбэл, ардчиллыг 30 жил тасралтгүй авч явж байгаа Ардчилсан намын гишүүн юм гэдгийг үзүүлэх гэж тэр. Очоод гаргасан үр дүн бол Т.Аюурсайхан бид хоёрынх яг адилхан. Их хурлын даргын айлчлалын протколыг уншвал Б.Пүрэвдорж нэг ширхэг ч үг хэлээгүй. Тэр нь протоколд тусгагдаагүй. Т.Аюурсайхан ч бас нэг ширхэг ч үг хэлээгүй. Тэр нь бас л протоколд байгаа. Бид хоёр адилхан л үзүүлэн. Нэгнийгээ ингэж хэлнэ гэдэг буруу. 

     

    -Цаанаасаа нэр цохоод өгчихдөг хэрэг үү? 

     

    -Төрийн гурван өндөрлөгийн айлчлалд хэн явж байгааг мэдэх боломжгүй. Тэр чинь нууц байдаг. Айлчлалд явах өглөө л хэнтэй явж байгаагаа мэддэг. Намайг тэдний өдөр айлчлалтай хамт яв гэсэн. Би тэр ёсоор л яваад ирсэн. 

     

    -ШХАБ-д элсэх эсэхийг АН яагаад эсэргүүцээд байна вэ. Ардчилсан намын гишүүн гэж яваа олон хүн Х.Баттулга биднийг ШХАБ-д элсүүлэх нь гэж ярьсан. Гэтэл Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуулиар цэнхэр туг намируулж, АН-ын нэр дээрээс өрсөлдсөн шүү дээ. Ингэхээр хүмүүс АН дотооддоо зөрчилдөж, хуваагдчихжээ гэж хардаг? 

     

    -Яг 100 жилийн өмнө лан, лан мөнгөөр улсаа худалдах ажлыг хэдхэн ноёд хийж байсан юм. Түүхийн шоглоомоор яг 100 жилийн дараа МАН засаглаж байх үед ШХАБ-д элсэх асуудал яригдаж эхэллээ. Асуудал Ерөнхийлөгчид биш байх. УИХ эцсийн шийдвэр гаргана. МАН-ын улстөрчид дэмжээд эхэлчихлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байна. Цаашлаад Засгийн газрын гишүүд өөрсдөө дэмжиж байр сууриа илэрхийлээд эхэлчихлээ. Урвалт л гэж хэлнэ. 300 гаруй жилийн турш бид Бээжингээс, дараа нь 70 жил Оросоос хамааралтай явсан. Харин 30 жилийн хугацаанд өөрсдөө асуудлаа шийддэг ардчилсан орон болж чадсан юм. Энэхүү шийдэх эрх мэдлийг Шанхайд хамааралтай болгохыг дэмжих боломжгүй. 30 жилийн хугацаанд хоёр хөршөөсөө аль болох бага хамааралтай байх юмсан, гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэхсэн, хүний эрх, эрх чөлөөг хангахсан гэж хичээж ирсэн, бид. Монгол Улсын хувьд ажиглагч статус хангалттай. Ажиглагчийн статусаар явлаа гээд Монгол Улсыг ад үзсэн зүйл байхгүй. Олсон ололтоо алдахгүй байх нь чухал юм шүү дээ. Гашуун түүх давтагдах ёсгүй. 

     

    -Жагсаал цуглаан болгож гудамжны улс төр хийх шаардлага байгаа гэж үү? 

     

    -Жагсаалын ганцхан сэдэв л ШХАБ-д элсэх эсэх асуудал байгаа. Цаашлаад олон асуудал бий. МАН өнгөрсөн гурван жил засаглахдаа эдийн засгийн боломжоо ашиглаж чадсангүй. Дотооддоо зодолдоод л өнгөрлөө. Гадаад эдийн засаг дахь манай улсын экспортын гол бүтээгдэхүүний үнэ өссөн гээд асар том боломжийг ашиглаж чадаагүй. Тиймээс амлалтыг нь сануулна. Валютын ханшийг 600 орчим төгрөгөөр алдлаа. Инфляци 1.3 байсныг 9.4 болгож, 8.1 хувиар өсгөлөө. Үүний үр дүнд иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ 23 хувиар өссөн байна. Энэ бол маш хор хохиролтой зүйл. Шатахууны үнэ өссөн. 2016 оны сонгуулиар МАН-ынхан “Таны төрөөгүй хүүхэд хүртэл 15 сая төгрөгийн өртэй” гэсэн пиар хийж, ард түмнийг айлгаж байгаад сонгуульд ялсан. Гэтэл нэг ч том бүтээн байгуулалт хийгээгүй атлаа нэг хүнд ногдох өр 23.341.250 төгрөгт хүрсэн байна.

     

    Гурван тэрбум ам.долларын зээл аваад Ардчилсан нам маш олон бүтээн байгуулалт хийсэн юм шүү. 3000 км зам барьсан. МАН засагласан 90 жилийн түүхэнд барьсан замтай тэнцэхүйц замыг бид дөрвөн жилийн хугацаанд барилаа. Онгоц худалдаж авсан, Дулааны цахилгаан станцуудыг өргөтгөсөн. Гэтэл МАН нэг ч том ажил хийгээгүй атлаа Засгийн газрын өрийг 4.7 тэрбум ам.доллароор өсгөсөн байна. Ийм нөхцөлд жагсахгүй гээд яах юм бэ. Бодит ажил хийгээгүй учраас ард түмний гар дээр эдийн засгийн өсөлт бодитоор бууж чадахгүй байгаа юм. МАН татвар нэмэхгүй гэж амласан ч нэг удаагийн чуулганаар л долоо, найман татвар нэмчихлээ. Шат шатандаа иргэдийн халаас руу гараа шургуулж байна шүү дээ. 

     

    Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН 

     

    Сэтгүүлч: Б.ӨНӨРТОГТОХ