Монгол Улсыг ардчилсан парламент, ардчилсан Үндсэн хуультай нь авч явах үүрэг бидэнд ногдож байгааг УИХ-ын гишүүд ойлгоосой
    2019 оны 03 сарын 27 нд
    9bab62fd973c732f5ef3d13331dc2cfe.jpg

     

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2019.03.27/ Төрийн ордны В танхимд Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлээ.

     

    Д.Эрдэнэбат: Ардчиллыг устгах үйл явцыг хуулийн өөрчлөлтөөр хийж болохгүй

     

    -Ардчилсан Монгол Улс 30 жил ардчиллын замаар замнахдаа алдсан, оносон зүйлүүд байсан. Гэхдээ хүний эрх, эрх чөлөө нийгмийн эд баялгийг арвижуулах, улс орны эдийн засгийн хөгжлийг чөлөөт зах зээлээр хангах хандлагад олсон амжилт маш их. Харамсалтай нь ардчилсан Үндсэн хуулийг дагаж мөрдөх ёстой төрийн бүх институт, түүний удирдлагууд Үндсэн хуульд харш үйлдэл хийж, өнөөдрийн үүссэн зарим нэг хууль эрх зүйн ноцтой үр дагавар гаргаж байгаа олон зөрчил дээр дөрөөллөж, Үндсэн хуульд гар хүрэх гэж байгаа нь байж болохгүй зүйл. Үндсэн хуульд шүүх, прокурорыг хэрхэн яаж томилох эсэх асуудлыг тодорхой заасан. Эдгээр байгууллагууд өөрийн сонгох, сонгогдох улс төрийн институцтэй. Тэр нь хараат бус хөндлөнгийн гурав дахь ямар нэгэн нөлөөлөл орохгүй байхаар хуучилсан байхад хууль зөрчиж, энэ хуулийн төсөл орж байгаа нь буруу. Хэрвээ энэ хууль батлагдах юм бол ардчилсан Үндсэн хууль зөрчигдөж, ардчиллын баталгаа алдагдах нь ойлгомжтой болж байна. Өрөөр хэлбэл, Монгол Улс ардчилсан улсаас дарангуйллын хэлбэрт шилжих эхний алхам болно.

     

    Ардчиллыг устгах үйл явцыг хуулийн өөрчлөлтөөр хийж болохгүй. Ардчилсан орон байх уу, дарангуйлалтай байх уу гэдгийг ард түмэн өөрсдөө шийдэх эрхтэй. Ард түмний тунхагласан хуулийн заалтыг хэн нэгэн улс төрчид өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчилж болохгүй. Үүнийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Дэлхийн түүх дарангуйлагчийг тодруулахдаа яг өнөөдрийн бидний туулж ирсэн замаар явж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд асуудлыг шийддэг, ардчилсан сонгуулиар гарч ирж, бүгдийг нь дарамталж байгаа хуулийг өөрчлөлтийг хийж өөрсдийнхөө санаснаар дарангуйлал тогтоохыг дэлхийн түүх харуулж ирсэн. Өнөөдөр зарим нэг улс төрчид "1937 он Монгол Улсад давтагдах ёсгүй, бид үүнийг хийхгүй" гэсэн хэрнээ 1937 онд болсон тэр үйлдлийг хийж байгаагаа мэдрэх чадваргүй болсон байна. Өөрсдийнхөө үйлдлийг нэг эргээд харах хэрэгтэй. Монголын төр ийм байх ёсгүй. Би УИХ-ын дарга болоод УИХ-ын гишүүдэд хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Үнэхээр УИХ-ын дарга УИХ-тайгаа энэ байдал руу гулсаад, барьцаалагдсан маягтай орох л юм бол Монгол Улсад төрийн эрх барих дээд байгууллага байхгүй болно. Дарангуйлагдсан, барьцаалагдсан чадамжгүй УИХ үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжгүй болж байгааг өчигдрийн үйл явц харуулсан. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын УИХ-ыг тараах нь зөв гэсэн байр суурь үнэн юм байна гэдгийг өчигдрийн үйл явц нотолсон.

     

    Сүүлийн үед УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа бүхэлдээ шүүхийн үйл ажиллагаа болж хувирсан. Шүүх эрх мэдлийн өмнүүр орж, шүүдэг болсон. Эцэст нь шүүхийг өөрийг нь шүүж эхэлж байна. Үндсэн хуулиар гэм буруу нь тогтоогдоогүй байхад хүнийг гүтгэн доромжлох, яллах хориотой байдаг. Гэтэл Засгийн газар нь энэ үйлдлийг өөрөө хийж байна. УИХ-ын дарга нь өөрөө ҮАБЗ-д ороод УИХ-ынхаа, Үндсэн хуулийнхаа эрх ашгийг зөрчиж, бусдын аманд орж, энэ асуудал руу УИХ-ыг хөтөлж оруулж байгаад харамсаж байна. УИХ-ын дарга ҮАБЗ-өөс гарах хэрэгтэй. УИХ гэдэг бол бие даасан институц. Тиймээс УИХ өөрийнхөө шийдвэрийг бие дааж гаргах ёстой болохоос хөндлөнгийн ямар нэгэн нөлөөллөөр асуудлыг шийдэх үүрэн хүлээгээгүй байгууллага.

     

    ҮАБЗ-ийн асуудлыг ч бид харах хэрэгтэй. ҮАБЗ-ийн бүтэц өнөөдөр нийцэж байна уу. Дэлхийн улс орны ҮАБЗ нь хаана хэрхэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх байгууллага ҮАБЗ-ийн үйл ажиллагааг өдөр тутамд нь хянаж, шийдвэр гаргадаг дэлхийн нийтийн жишгийг бид дагах хэрэгтэй. Түүнээс УИХ-ын дарга нь ҮАБЗ-даа давхиж ороод, УИХ болоод Үндсэн хуулийнхаа эсрэг үйл ажиллагаанд оролцож болохгүй.

     

    Өнөөдөр амин хувиа хичээдэг цаг биш.Ардчилсан Монгол Улсыг ардчилсан парламенттай, ардчилсан Үндсэн хуультай нь авч явах үүрэг бидэнд ногдож байгаа гэдгийг УИХ-ын гишүүд ойлгоосой. Хэрвээ үүнийг ойлгохгүй зөвхөн кнопчид болж хувирах юм бол өөрсдөө дарангуйллын машиныг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Тиймээс Ардчилсан намын бүлгээс энэ хууль зөрчсөн хуулийн хэлэлцүүлгийг зогсоохыг шаардаж байна.

     

    Ардчилсан намын бүлгийн зүгээс мэдэгдлээ хоёр үндсэн зарим дээр тулгуурлаж хийсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. 49-ийн 2 дахь хэсэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн төр, нам олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн заалт байдаг. Хэрвээ ҮАБЗ-өөс зөвлөмж өгнө гэвэл энэ нь шууд хөндлөнгийн оролцоо болж Үндсэн хуулийн зөрчил рүү орж байгааг бид анхааруулж байгаа. Хоёрдугаарт, АТГ-ийн дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулахдаа Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болно. Харин дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ. Мөн хуулийн 25-ын 1 хэсгийн 6-д Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах онцгой бүрэн эрхэд хамаарна гэж заасан байдаг. Өнөөдөр энэ байгууллагын асуудлыг УИХ өөрөө шийдэхээс биш хэн нэгний зөвлөмжөөр шийдэхгүй.

     

    Б.Пүрэвдорж: ЖДҮ-д барьцаалагдсан МАН-ын гишүүд Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын хэм хэмжээг эвдэх оролдлого хийж байна

     

    -Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн олонхи нь 60 тэрбумын схемээр сонгогдож бүрдсэн. Энэ их хурлаас бүрдсэн Засгийн газар нь мөн адил 60 тэрбумын схемээс бүрдсэн. Үүнийгээ ардын намын дарга болоод бүх шатны хүмүүс нь хүлээн зөвшөөрсөн. 60 тэрбумын схемд мөнгөө төлж сонгогдсон УИХ-ын гишүүд юу ч хийж, улс эх орныг яаж ч идэж бодлогыг харуулж буйн жишээ нь ЖДҮ юм.ЖДҮХС-аас нэг хэмжээний зээл авч, яаж гулгиж байсныг бүгд мэдэж байгаа. ЖДҮ-д барьцаалагдсан МАН-ын гишүүд Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын хэм хэмжээг эвдэх оролдлого хийж байна. Тэр хүмүүс ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан гэдэг нэрээр хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудыг өөрчилж, өөрсдийнхөө ЖДҮ-г баллуурдах гэж байна.

     

    ЖДҮ-д барьцаалагдсан, гэмт хэрэг хийсэн МАН-ын гишүүд тун удахгүй 100 жилийн өмнө Монголын тусгаар тогтнолыг лан, лан мөнгөөр худалдаад Хятадад өгч байсан үйлдлийг хийх гэж байна. 300 жилийн турш манжаас, 70 жилийн турш Москвагаас хамааралтай байсан Монголын тусгаар тогтнолыг ШХАБ-д өгөх ажлыг сийхгүй хийх нь. Тиймээс Ардчилсан нам Монгол Улсын тусгаар тогтнол ҮАБ, хувь хүн, бизнесийн эрх чөлөөг хамгаалахын тулд барууны намын үндсэн зарчимдаа байж, өнөөдрийн оруулж ирсэн бүх хуулийн өөрчлөлтүүдийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. МАН-ын гишүүд, ялангуяа ЖДҮ-ийн зээлээр барьцаалагдсан тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд “та бүхэн тун удахгүй урвагчаараа дуудуулна. Түүнээсээ сэргийлэх хэрэгтэй. Монгол Улсын тусгаар тогтнол, ҮАБЗ-д хор учруулах үйлдлийг хийж болохгүй. Ардчилсан намын 30 жилийн турш хийсэн үнэт зүйл бол ардчиллыг хамгаалж, засаглалын хуваарилалтыг тогтвортой байлгах. Гэтэл өнөөдөр ҮАБ, Тусгаар тогтнолд ноцтой аюул учирч байгаа учраас сонор сэрэмжтэй байхыг ард түмэндээ уриалж байна.

     

    З.Нарантуяа:Манан, мафи, хонгилыг арилгах бүх эрх мэдэл МАН-д байхад Ерөнхийлөгчөөр хуулийн төсөл өргөн бариулж байгааг ойлгохгүй байна

     

    -Манан, мафийн гараас гарах ямар арга байна гэж асууж байна.Эрх баригч МАН үүнээс гаргая гэж хүсэх л хэрэгтэй. Гэвч тал нь хүсэхгүй байна. Гэтэл мананг, мафийг арилгаж, хонгилыг ч хаачих бүх эрх мэдэл МАН-ын 65 гишүүнд байхад яагаад заавал Ерөнхийлөгчөөр хуулийн төсөл өргөн бариулаад байгааг ойлгохгүй байна. Хоёрдугаарт, УИХ өөрөө бүх функцээ ашиглаж ажиллаж чадахгүй байна. УИХ-ын тусгай хяналтын дэд хороо хууль хүчний байгууллагын тагнаж, чагнаж байгаа, хувь хүнийг хэлмэгдүүлж байгаа асуудлыг хянах ажлаа хийхгүй байна. Тус хороонд Ардчилсан намын ганцхан гишүүн байдаг. Үлдсэн дөрөв нь МАН-ын гишүүд. Тэгэхээр тэд ажиллахыг хүсэхгүй байна. Яагаад өнөөдөр зөвхөн нэг хэргийн араас Хууль зүйн сайд нь яваад, тэгсэн мөртлөө дахиад тийм хэрэг гаргахгүй байх хуульзүйн реформынхоо төлөө явахгүй байгаа юм бэ. Үүнийг хийх бүрэн эрх нь өнөөдрийн Засгийн газарт байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.