УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардах бичиг хүргүүллээ
    2019 оны 03 сарын 29 нд
    4b5ce2c98d3a543e0bd8228aa194af53.jpg

    УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж буй үйлдлээ зогсоохыг Ардчилсан намын гишүүд, дэмжигчид шаардлаа. Тэд энэ хүрээнд  хэлэлцүүлэг зохион байгуулсныхаа дараа  Төрийн ордны зүүн хаалганы дэргэд “Эрх чөлөөгөө хамгаалъя”, “Төрийн эргэлтээ зогсоо”, “950 сая төгрөгөөр барьцаалагдсан УИХ тар” гэсэн уриа лоозон барин жагссан юм. 

     

    "Эрх чөлөө хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч М.Чимэддорж “Ардчилсан үзэл санаатай хүмүүс цуглаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэхээр Төрийн ордны үүдэнд жагсч байна. Шаардлагын гол агуулга бол УИХ-аас Монголд төрийн эргэлт хийж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Энэ хууль бус үйлдлээ зогсоож, УИХ сайн дураараа тарахыг яаралтай горимоор оруулж хэлэлцүүлэхийг шаардаж байна. Бид үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө эвлэлдэн нэгдэж, жагсаж байгаа учраас ямар нэгэн нам хамаагүй гэдгийг онцолъё. Цахим орчинд олон нийт төрийн эргэлтийг эсэргүүцэн давалгаалж байна. Өнөөдөр цөөхүүлээ байгаа ч цаашид  төв талбайд цуглах хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Хууль батлах замаар Үндсэн хуульд халдсан Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс Монголын түүхэнд төрийн эргэлт хийсэн урвагчид болж үлдэнэ. Энэ бол дөнгөж эхлэл. Тэмцлийг цаашид үргэлжлүүлэх тул энэ долоо хоногт төв талбай хүмүүсээр дүүрнэ гэж бодож байна” гэлээ.

     

    Мөн жагсаалыг зохион байгуулагчид бусдадаа “Төв талбайд Өмнөд Солонгост болсон жагсаал шиг тэмцлийг явуулах болно”, “Бид зохион байгуулалтай, дэс дараатайгаар тэмцлээ үргэлжүүлнэ”, “Энд уриа лоозон барьж уйтгарлан зогсохгүй, хамтлаг дуучдыг урина, шоу байдлаар зохион байгуулна”, “Төрийн ордон руу эрх баригчдыг оруулахгүй, мөн ордноос ч гаргахгүй шүү. Улсын Их хурлыг тарах хүртэл тэмцлээ үргэлжүүлнэ” хэмээн  уриалж байв.

     

    Жагсагчид УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргалд шаардах бичгээ өгсөн юм.