"Монгол-Ардчиллын баянбүрд" олон улсын хурал арванхоёрдугаар сард болно
    2019 оны 04 сарын 02 нд
    96fb6bb275baa6d4dc72dc0913fbf060.jpg

    Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд ирэх арванхоёрдугаар сарын 05-нд Улаанбаатар хотноо Олон улсын хурал зохион байгуулахаар болсноо Ардчилсан нам  өнөөдөр /2019.04.02/ мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дэд дарга Р.Амаржаргал, Гадаад харилцаа  эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, ҮБХ-ны гишүүн Я.Батсуурь нар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Энэ удаагийн хурал Улаанбаатар хотноо "Монгол-Ардчиллын баянбүрд" нэрийн дор зохион байгуулагдах бөгөөд Ардчилсан нам, "Олон улсын Ардчиллын холбоо"-той хамтран зохион байгуулна. 

     

    Хурлын үеэр Ардчилсан намын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар хэлэхдээ “Намын дарга С.Эрдэнэ өнгөрсөн оны гуравдугаар сард "Олон улсын ардчилсан холбоо"-ны удирдагчдын  уулзалтад оролцохдоо энэхүү хурлыг Монголд зохион байгуулах саналаа албан ёсоор дэвшүүлсэн. Энэ дагуу Улаанбаатар хотноо олон улсын хурал зохион байгуулахаар боллоо. Монгол Улс чөлөөт эдийн засагтай, эрх чөлөө, хүний эрхийг хүндэтгэдэг, сонгуулийн дүнгээр, тайван замаар засгийн эрхээ шилжүүлдэг. Гэвч өнөөдөр 30 жил хөгжиж ирсэн ардчиллын хувь заяанд бодит аюул тулгараад байна. Тиймээс ардчиллыг зөв замаар хөгжүүлэхийн тулд үзэл бодлоо  уралдуулж,  ижил, төстэй орнуудын туршлагаас хуваалцаж, асуудлыг олон талаас нь харж, хэлэлцэх шаардлага тулгарсан” гэв. 

     

    "Монгол-Ардчиллын баянбүрд" олон улсын хуралд Ардчиллыг эх орондоо амжилттай нутагшуулж, хөгжүүлсэн 60 орчим орны улс төрийн намын төлөөлөл  оролцох юм. Эдгээрээс гадна Монголын эрдэмтэн, судлаачид, улс төрчид оролцож, Монгол Улсад Ардчиллыг нутагшуулсан  туршлага, туулж ирсэн замнал, алдаа, онооны тухай хэлэлцэж, санал солилцоно.  Ардчилсан нам "Олон улсын Ардчиллын  холбоо"-нд 1993 онд гишүүнээр элссэн  бөгөөд тус холбоо дэлхийн 80 гаруй орны  улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн байна. 

     

    Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд олон улсын хурлаас гадна Ардчиллын түүхийг өгүүлсэн боть, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Олон улсын хуралтай холбоотой мэдээллийг www.modic2019.com цахим хуудаснаас авах боломжтой.