Оюутнууд тайван жагсана гэв
    2019 оны 04 сарын 03 нд
    2b7ee9d86921244460348640501f7a44.jpg

    Монголын оюутны байгууллагууд нэгдэж,  өнөөдөр /2019.04.03/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Үндэсний тэтгэлэг болох 70200-г сэргээх, нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих, сургалтын төлбөрийн нэмэгдэл, "Оюутан цэрэг" хөтөлбөр  зэрэг оюутан залууст тулгараад  бэрхшээлийн талаар мэдээлэл хийж, яаралтай засч, залруулахыг эрх баригчдаас хүслээ. Дээрх асуудлын хүрээнд  2019 оны дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн оюутнуудаас санал асууж, гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлэх бөгөөд энэ сарын  5-нд  Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулна гэв. 

     

    Монголын их, дээд сургуулийн оюутнуудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Н.Лхагвадорж: “Сүүлийн жилүүдэд төрөөс оюутанд олгодог тэтгэлгийн хэмжээ хумигдаж байна. Бид өнөөдөр дөрвөн асуудлыг эсэргүүцэж шаардах бичиг, албан тоотыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

     

    Нэгдүгээрт, 2003-2013 оны хооронд оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог байсан. 2015 оноос хойш зорчих эрх хязгаарлагдаж 44 болсон. Дараа нь зорчих эрхийг 22 болгож буурууллаа. Энэ хөнгөлөлтийн эрхийг буцаан сэргээж, 40 болгох шаардлага хүргүүлж байна. Хоёрдугаарт, “Оюутан цэрэг” хөтөлбөрт жилд дунджаар мянган оюутан хамрагддаг. Дээрх тоог нэмэх буюу оюутан цэргийн квотыг нэмэгдүүлэхийг хүсч байна.

     

    Гуравдугаарт, Үндэсний тэтгэлэг буюу 70 мянга 200 төгрөгийг сэргээж олгохыг шаардаж байна. Энэ оны нэгдүгээр сараас МСҮТ-д суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл олгоогүй юм. Дөрөвдүгээрт, сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байна. Нийт их, дээд сургуулийн удирдлагууд өнгөрөгч оны наймдугаар сард төлбөрийг нэмэхгүй хэмээн гурван талт зөвшилцлийн гэрээ хийхээр ам гарсан. Дээрх амлалтдаа хүрэхгүй юм бол тэдгээр сургуулийн удирдлагуудын албан тушаалтай бид тэмцэнэ” гэв.