Р.Амаржаргал: Ардчилсан Монгол Улсад хүнийг эрүүдэн шүүх тогтолцоо байна гэдэг дээд зэргийн шившиг
    2019 оны 04 сарын 04 нд
    e575cd4cbf76fd1fd358ba2bf2fbb5bb.jpeg

    Ардчилсан намын  Дэд дарга, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

     

    -Та Монголын ардчилалд аюул учирч байна гэж хэллээ. Ямар аюул учраад байна вэ?

     

    -1990-ээд онд ардчилал эхэлж байхад бид юуг ардчилал гэж ойлгож байсан юм бэ. Олон ургальч үзэл, олон намын тогтолцоотой байхыг ардчилал гэж ойлгож байсан. Өнөөдөр 30 жилийн дараа ярихдаа ардчилал гэж юуны тухай ярьж байна гэдгээ эргэн бодож үзээрэй. Ардчилал гэдэг бол ард түмний оролцоо юм байна. Ард түмний оролцоог хангахын тулд ямар ямар механизм байж болох вэ. Энэ механизмууд нь ажиллаж байна уу, үгүй юү гэдэг агуулга тал руугаа орсон. Ардчиллыг хангадаг нэг гол механизм нь төрийн механизм. Тэр нь хэр зохистой ажиллаж байна вэ гэдэг дээр ард иргэд хяналт тавьдаг тогтолцоо тодорхой хэмжээгээр бий болчихлоо. Тэгэхээр энэ хугацаанд ардчилал асар их ахиц гарсан, амжилтад хүрсэн. Гэхдээ алдаа ч бас бий. Ардчилал гэдэг бол сонгууль юм байна. Сонгууль нь нийт ард иргэдийн эрхийг хангаж чаддаг, төлөөллийг бүрдүүлж чаддаг байх тухай ярьдаг боллоо. Гэхдээ бид сонгуулиа хэр шударга явуулж чадаж байгаа билээ. Мөнгө, эрх мэдлийн үүрэг роль ямар янзтай байгаа билээ гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүн бүхэн мэдэж байгаа. Монголын нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан улс төрийн хүчин УИХ-д хэдэн суудалтай байгаа билээ. Ард түмний оролцоог хангах механизмууд нь ажиллаж байна уу гээд үзэхээр чамлалттай зүйлүүд хэтэрхий их байна. Тэгэхээр өнөөдөр ардчилалд тодорхой хэмжээний аюул учраад байна. Тэр аюулыг урьдчилан харж, сэрэмжлэх чиглэлээр ажиллах нь чухал байна.

     

    -С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Ардчилсан нийгэмд эрүүдэн шүүх явдал байж болох юм уу?

     

    -Эрүүдэн шүүх үйл ажиллагаа огт байж болохгүй зүйл. Ардчилсан Монгол Улсад хүнийг эрүүдэн шүүх тогтолцоо байна гэдэг бол дээд зэргийн шившиг. 30 жил үүний төлөө явсан болж таарлаа. 30 жил ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхийн төлөө явсан байж таарахгүй. Үүнтэй Ардчилсан нам хэзээ ч эвлэрэхгүй. Үүнийг хэн зохион байгуулсан бэ гэдэг чухал. Гэхдээ манайд эзэн нь олддоггүй шүү. Гавья болохоор бүгд хүрээд ирдэг хэрнэ асуудал гарахаар эзэн олдохгүй. ШШЕГ ямар нэг яаманд харьяалагддаг байлгүй дээ. Тэр яам нь эрх биш нэг сайдтай байлгүй дээ. Тэр сайд нь тэнд юугаа хийж сууж байсан юм. Өөрийнх нь хариуцаж байгаа салбарт хаана юу болж байгааг мэдэхгүй бол тэр хүнээр ер нь яах юм. Мэдэж байгаад арга хэмжээ аваагүй бол тэр хүнээр бас яах вэ. Гэх мэтчилэн цаашаа ухаж эзнийг нь олж тогтоож хуулийн хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж ойлгож байна. Ялангуяа энэ асуудлыг гардан хариуцаж байсан салбарын удирдлага дээд зэргээр хариуцлага хүлээх ёстой.

     

    -Ардчилсан нам дотооддоо хэр ардчилалтай байж чадаж байгаа юм бэ. Танай намын залуучуудаас ардчилсан намд дотроо ардчилалгүй боллоо гээд хэлж байна?

     

    -Манай намд дотоод ардчилал муу байгаа юу гэвэл муу байгаа. Үүнийг нуугаад байх юм байхгүй. Дотоод ардчилалгүй нам бусад улс орны намд ардчиллын тухай ярих нь зөв үү, буруу юу гэвэл зөв гэж бодож байна. Яагаад гэвэл ингэж болдоггүй юм байна гэдгийг мэдээд аваг. Дотоод ардчилал гэж хэзээ хаана ямар төвшинд байх вэ гэдгийг бид мэдээд авчих ёстой юм шиг байгаа юм. Тухайлбал, 2012-2016 он хүртэл ч манай намын ҮЗХ огт хуралдахаа больсон. Их хурал нь хуралдахаа, ротациуд нь явагдахаа байсан. Уг нь  дүрмэндээ жилд хоёроос доошгүй удаа хуралдана гэж заасан байхад тэр бүх байгууллагууд нь байхгүй болоод, хурлуудаа хийхгүй, хамтын шийдвэр гаргадаг механизмууд нь байхгүй болчихоор жинхэнэ нэг хоёр хүний төвшинд асуудал шийдэгдээд явсан үе байсан. Энэ үед дотоод ардчилал байсан гэж хэлэхэд хэцүү. Тэр үетэй харьцуулахад намын шинэ удирдлага гарч ирээд ротаци нь цагтаа явагддаг, ҮБХ гэдэг хурал нь байнгын хуралддаг, Бодлогын зөвлөлүүд нь байгуулагдчихлаа. Энэ утгаар нь аваад үзвэл өнөөдөр дотоод ардчилал хамаагүй өндөр төвшинд хүрсэн гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэхдээ энэ бол бидний хүсэн хүлээсэн дээд цэг биш. Ардчилсан намд босоо удирдлага дэлгэрсэн байсан. Энэ мэт зүйл нь үгүйлэгдэж байгаа нь тод харагдаж байгаа.

     

    -Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаарх сөрөг мэдээлэл их гарч байна. Та олон жил хамтарч ажилласан хүний хувьд энэ хүнийг хэрхэн дүгнэдэг вэ?

     

    -Хүнийг сайн мууг нь яриад байх хэцүү л дээ. Учир нь хүнээ сайн мэдэх ёстой. Би намынхаа удирдлагуудыг аваад үзэхээр надад дотно явсан хүн хэн байдаг вэ бүү мэд. Дотно яваагүй болохоор хүн талаасаа ямар хүн бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Харин хариуцаж байгаа ажил албан тушаалынхаа хүрээнд аваад үзэхээр Монгол Улсын таван Ерөнхийлөгч Монгол Улсын эсрэг гэж огт боддоггүй. Чадлынхаа хэрээр өөрсдийн тархины хэмжээгээр Монгол Улсын эрх ашиг гэ:ж юу байдаг гэж тэрийгээ хийгээд явж байсан хүмүүс. Тэр ажлаа хийж байх явцдаа алдаж оносон зүйлүүд байдаг байх. Ялангуяа ажлын арга барилтай холбоотой нэлээд зүйл гарч ирдэг.

     

    -Хууль хяналтын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх хуулийг УИХ баталлаа. Энэ хууль ардчиллаасаа ухарсан гэж зарим хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Та эдгээр хуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

     

    -Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д сууж байгаа хүмүүс аль болох сайхан болгоё гэж чармайгаад байна гэж ойлгоод байгаа. Санаа нь зөв байх. Харин хэрэгжүүлж байгаа арга, механизм нь хэр оновчтой вэ гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Тохиолдол болгонд зориулсан хууль гаргаад яваад байх нь тийм өгөөжтэй биш. Нэгэнт үүд хаалгыг нь нээгээд өгчихөөр цаашдаа энэ хаалгаар ямар ч юм орж ирэх юм билээ. Тэгэхээр хуулиар аливаа юмны үүд хаалгыг нээдэг зүйлээ маш сайн бодох хэрэгтэй. Ялангуяа урт хугацааны үр дагавраа харах хэрэгтэй. 50 жилийн дараа ямар үр дүнд хүргэх вэ гэдэг, түүний үнэ цэнэ юу вэ гэдгээ олж харах чадвар байхгүй. Энэ төр барих урлаг, ухаан гэдэг чинь энэ шүү дээ. Өнөө маргаашаа биш том зургаа харж байж шийдвэр гаргадаг ухаан давамгаалайсай. 

     

    Эх сурвалж: ITOIM.MN