С.Эрдэнэ: Бид Ардчиллын түүхэн дэх хамгийн хүнд сорилтыг туулж байна
    2019 оны 04 сарын 08 нд
    ae20add368a6c04f7208696e6c58ec15.jpg

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн 2019.04.05-ны өдрийн "Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал"-ын үеэр хэлсэн үг.

     

    УИХ-ын ээлжит чуулган нээгдэж буй энэ өдөр Ардчилсан Намын даргын хувьд, УИХ-ын гишүүний хувьд, Монгол Улсын жирийн иргэний хувьд элэг нэгт монгол ахан дүүстээ хандах зайлшгүй шаардлага бий боллоо. Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон ардчилсан ололт амжилтууд бодит аюулд учирлаа. Магадгүй өнгөрсөн 30 жилийн түүхэнд хамгийн хүнд хэцүү шалгуурын өмнө өнөөдөр бид ирээд байна. Сүүлийн үед нийгэмд болж бүтэхгүй бүхнийг ардчиллын буруугаас болсон мэтээр сурталчилж байна. Тэр бүх шүүмжлэл нь ч өөрөө үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн Хуулиар баталгаажсан ардчиллын үнэт зүйлийн хэмжээнд явагдаж байгаа гэдгийг нийт Монголчууддаа дахин нэг санахыг уриалж байна. Ардчиллын социализмаас ялгарах цорын ганц ялгарал бэлэн юм амлахаас илүү эрх чөлөөг олгодогтоо л байдаг.

     

    Эрх чөлөөгөө эдэлж байгаа олон мянган Монголчууд бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд  Монголын ард түмнээс төрсөн  ардчиллын баатрууд юм.

     

    Өнөөдөр дэлхийн тэргүүлэх Гүүгл компанид ажиллаж байгаагаас эхлээд олон улсын хөрөнгийн зах зээл дээр тэрбумаар хөрөнгө босгож буй Монгол залуус бол Монголын ардчиллын баатрууд юм. Эдгээр баатруудыг төрөх боломжийг олгосноороо Ардчилсан Нам нь ямагт бахархдаг бөгөөд бий болгосон үнэт зүйлээ хамгаалах талд хатуу зогсоно гэдгээ нийт ардчилал эрх чөлөөнд хайртай Монголчууддаа батлан тангараглаж байна.

     

    300-гаад жил гадны нөлөөнд байсан монголчууд 1990 онд өөрсдийн эрх чөлөө тусгаар тогтнолыг тайван хувьсгалын үр дүнд олж авсан юм. Дөнгөж төрсөн нярай тулгар эхэд хонины шөл уулган тэнхрүүлэхэд даргаас зөвшөөрөл авдаг, эх сайхан Монгол орны аль сайхан газарт амьдардаггүй юмаа гэхэд аялж зугаалан очих эрхгүй, аугаа их Чингис хаанаа дурсах эрхгүй, өөрсдийн шашин шүтлэгээ шүтэх эрхгүй, тэр байтугай нэг нь нөгөөгөөсөө илүү эд зүйл эдлэх эрхгүй тийм бурангуй нийгэмд байсан нь түүхэн үнэн юмаа.

     

    Ардчиллын ололтоор хүн бүр өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болох, дуртай газраа амьдрах, хэнээс ч айлгүй үзэл бодлоо илэрхийлэх, дэлхийн аль ч өнцөгт хүссэнээрээ зорчих, их хаан, түүх соёл, шашин шүтлэгээ хэнээс ч хамааралгүй дээдлэн шүтэх боломжийг авчирсан юм аа. Ийм ч учир ардчилалд өш санана гэдэг тусгаар тогтнол эрх чөлөөндөө өш санаж буй хэрэг юм.

     

    Монголчууд аа, эх орон нэгтнүүд ээ!

     

    Ардчилал эрх чөлөө тусгаар тогтнолоо хамтдаа хамгаалах ариун тэмцэлд нэгдэхийг та бүхэндээ уриалж байна. Хэдийгээр бидний өнгөрдөг 30 жилийн түүх алдаа оноо аль алинаар нь арвин ч ХI/-ХХ зууны бүхий л цаг үетэй харьцуулашгүй үндэстнийхээ ялгарал үнэт зүйл өөртөө итгэх итгэлийг бий болгосон цаг хугацаа байлаа гэж Ардчилсан Нам дүгнэж байна. Шилжилтийн хүнд хэцүү үед хөл алдсан магадгүй сөхөрсөн иргэн бүрээ хөл дээр нь бат хатуу зогсоож XXI зууны шаардлагыг хангасан орчин үеийн иргэншсэн иргэн болгохын төлөө бүхий боломж бололцоогоо зориулна гэдгээ мөн нийт монголчууддаа амлаж байна.

     

    Аугаа их түүхийг аугаа их ирээдүй хүлээдэгт би огтхон ч эргэлздэггүй. Энэхүү аугаа их ирээдүйг бий болгох ажил хэргийн хамгийн манлайд нь Ардчилсан Нам байна гэдэгт ч эргэлздэггүй ээ.

     

    Өнгөрсөн хугацаанд Ардчилсан Намыг хайрласан дэмжсэн нийт монголчууддаа ямагт талархдагаа хэлэхийн хамт, Та бүхний итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадаагүй бол зүрхэн дээрээ гараа тавин уучлал гуйж байна.

     

    Энэхүү алдагдсан итгэлийг сэргээж хүүгээ хайрлах эхийн сэтгэл мэт хайрлагдтал Ардчилсан Нам хичээж чармайж ажиллах болно. 2016 оны төрийн сонгуулийг албан тушаал худалдах замаар луйвардаж  авсан эрх баригчид өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Тэд ядуурлыг багасгах ажлын байрыг бий болгох чиглэлээр дорвитой нүдэнд харагдах нэг ч ажил хийсэнгүй. Тэд зөвхөн ЖДҮ болон 60 тэрбум гэсэн хоёр бүлэгт хуваагдан гурван жил нам дотроо хэрүүл тэмцэл хийлээ. Эдний хийсэн бүтээлч бус хэрүүл тэмцлийн хохирогчид нь Монголын ард түмэн болж байна. Албан ёсны статистикаар ядуурал 30 хувьд хүрлээ. Ардчилсан хувьсгалаас хойш хугацаанд 18-19 хувиас дээш гарч үзээгүй энэ тоо 30 хувь хүрсэн нь эрх баригчдын хэрүүл тэмцлийн тоос юм. Валютын ханш бүх үеийн түүхэн рекордыг байнга давж тэр тусам бизнес эрхэлж буй жирийн иргэд ядуурч байгаа нь ч эрх баригчдын хэрүүл тэмцлийн үр дүн юмаа.

     

    Монголчууд аа, эх орон нэгтнүүдээ. Нэгэнтээ ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдгээ хэлж байсныг та бид бүгд мэднэ. Тэгвэл өнөөдөр тэр саруул ухаан хамгийн их хэрэгцээ шаардлагатай цаг үед бид тулж ирээд байна. Гадна дотны хатгагч дэвэргэгч нар технологийн дэвшлийг ашиглан биднийг хагаралдуулж бидний эв нэгдлийг үгүй хийж байна. Бид цөөхүүлээ нэг нэгнээ үзэн ядсан энэ их үзэн ядалт эх захаа алдсан хараал заналхийлэл монгол эхийн уураг сүүгээр өссөн хүнээс гарч байгаа гэдэгт би огтхон ч итгэхгүй байгаа.

     

    Авлигал шударга бус байдал манай нийгэмд байгааг бид ч хүлээн зөвшөөрнө. Үүнтэй ч эвлэрэхгүй тэмцэнэ гэдгээ мөн та бүхэндээ батлан тангараглаж байна. Ардчилсан нам авлигал болон шударга бус байдалтай хэзээ ч нэг тогоонд орохгүй гэдгийг би дахин хариуцлагатай мэдэгдье.

     

     

    Ардчилсан Намыг хамтран засаг барьж байсан зурвас үеүдэд л авилга хээл хахуультай хамгийн хүчтэй тэмцэл хийж байсан бөгөөд тэр нь дотоод болон гадаадын байгууллагуудаар үнэлэгдэж байсныг энд онцлохыг мөн хүсэж байна.

     

     

    Монголчууд бидний өнөөдрийн бахархал болсон аугаа түүхээрээ бахархах эрхийг ч Ардчилсан нам л өгсөн гэдгийг та бид мартаагүй гэдэгт найдаж байна. Их эзэн Чингис Хааныхаа нэрийг хэлсний төлөө хариуцлага хүлээдэг бурангүй нийгмийг Ардчилсан хувьсгал л өөрчилсөн юм шүү. Тийм үүднээсээ ардчилсан хувьсгалаасаа ухарна гэдэг аугаа их түүхээсээ ухрах татгалзахтай агаар нэг зүйл, тийм учраас хамгаалах нь өөрөө аугаа их үйл хэрэг гэдгийг ойлгохыг нийт монголчууддаа уриалж байна. 

     

    XX зуун хүчирхийллийн зуун байсаан. Фашизм коммунизм гэх мэт хэт туйлширсан үзэл газар авч хүн төрөлхтөн дэлхийн I, II дайныг даван туулж энэ бүхний төлбөр нь 300 сая хүний амь нас байсан юм. Коммунизм нь төр хэзээ ч сайн менежер байдаггүйг батлан харуулж дампууран унасан бол фашизм нь аливаа үндэстэн өөрийгөө бусдаас онцгой гэж үзэх нь юунд хүргэдгийг хүн төрөлхтөнд хангалттай сургамжийг үлдээсэн.

     

    Гэтэл XXI зуунд ардчилсан Монгол Улсад төрийг сайн менежер гэдгийг батлах, хувийн өмчийг хүч хэрэглэн хураах тухай уриа сонсогдож эхэлсэн нь монголчууд биднийг сонор сэрэмжтэй байхыг улам бүр сануулж буй үйлд явдлууд юм. Бид ямарваа нэгэн өдөөн хатгалгад авталгүй гагцхүү хуулийн засаглалыг улам бүр бататгасан өөрчлөлт шинэчлэлийг хийх замаар аливаа асуудлыг шийдвэрлэх талд байх ёстой.

     

    Хүн төрөлхтний түүхийн хог дээр хаягдсан коммунизм фашизмын сүнс Монголд дахин амьдрах ёсгүй гэдгийг Ардчилсан Намынхаа нийт  гишүүдийн өмнөөс мэдэгдэж байна.

     

    Эцэст нь Ардчилсан намынхаа нийт гишүүдэд хандан уриалахад ээдрээт түүхийн энэ цаг үед улам бэхжин нэгдэж 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар Монголынхоо ард түмэнд өгсөн хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалах ариун тэмцэлд нэгдэхийг уриалж байна.

     

    Бидний Монголд ардчилал үүрд мөнх оршиг!

     

    Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН