Р.Амаржаргал: Үндсэн хуулиа мэддэггүй УИХ-ыг тараахын төлөө тэмцэнэ
    2019 оны 04 сарын 08 нд
    651e0602f86e4f7ee9ac4e365dbe7144.jpg

     

    Жагсагчид эрх баригчдад таван зүйл шаардлага хүргүүлэв

     

     

    Парламент дахь сөрөг хүчин АН-аас өнгөрөгч баасан гарагт эрх баригчдад шаардлага тавьж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ.

     

    Тус жагсаалын угтвар арга хэмжээ төрийн ордонд эхэлсэн. УИХ дахь АН-ын бүлэг жагсаалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж, түүнийгээ парламентын танхимын үүдэнд уншиж танилцуулав. Тэдний тавьж буй шаардлага жагсаалд оролцогчдын хүсэл зорилготой ч нэг байсан нь мэдээж. АН-ын бүлэг болон жагсагчид УИХ-ын дарга, Ерөнхий сайдад таван зүйл бүхий шаардлага хүргүүлэх зорилгоор жагсаалыг зохион байгуулсан байна.

     

    Тус шаардлагад “Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох. Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг улстөржүүлэн завхруулж, Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх. Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйдүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно. Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна.

     

    АН “ЖДҮ-чин” гишүүдэд хариуцлага тооцтол тэмцлээ үргэлжлүүлнэ гэв
     

    Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлийг бид таслан зогсоох ёстой. Удаа дараа олон жил хууль зүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсны хэргийн захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хууль зүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна” гэжээ.

     

    Харин жагсаалд АН-ын бүх шатны удирдлага, төлөөллийн байгууллагын удирдлага, 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн төлөөлөгчид оролцож, үгээ хэлж шаардлагаа уламжлав. Тэдний дундаас АН-ын дэд дарга Р.Амаржаргалын хэлсэн үг жагсаалд оролцогсдын цаашдын  төлөвлөгөөг илэрхийлж байлаа. Тэрбээр “УИХ ёс суртахууны үлгэр жишээ байх ёстой. Гэтэл өнөөдөр байгаа хүмүүс үйлдэл, үйл ажиллагаагаараа төрийг гутааж байна. Үндсэн хуулийн үг, үсэг, үзэл санааг мэддэг хүн алга. Үндсэн хуулиа мэддэг байсан бол өдөр бүр төрийн тогтолцоог ганхуулсан шийдвэрийг гаргахгүй байсан. Тиймээс УИХ-ыг тараахын төлөө тэмцье” гэсэн юм. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ч УИХ-ыг тараах тэмцэлд нэгдэж буйгаа илэрхийлж “ЖДҮ хулгайч УИХ тар”, “ШХАБ-т дагаар орогч УИХ тар”, “Үндсэн хууль зөрчдөг УИХ тар”, “60 тэрбумын УИХ тар”, “Барьцаанд орсон УИХ тар” гэсэн лоозон барьжээ. Үүнээс сөрөг хүчний энэ хаврын улс төрийн тэмцэл УИХ-ыг тараахад чиглэж буйг өгүүлэх нь илүүц биз.

     

    Эрх баригчдаас амлалт нэхэж буй жагсагчдын үйлдэл намын зорилго гэхээсээ ард түмний хүслийг уламжилж байгаа нь мэдээж. Энэ талаар ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа “Эрх баригчид гурван жилийн турш олон амлалт өгсөн ч биелүүлэлгүй өдийг хүрлээ. Өмнөх парламентад эмэгтэй гишүүд нам эвслийг үл хамааран хүүхэд, эмэгтэйчүүдэд өгөөжтэй маш олон хуулийг баталсан. Гэтэл энэ парламент дахь эмэгтэйчүүд гэр бүлийн тухай хуулиа ч батлуулж чадахгүй байна. 2016 онд мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг ялгалгүй өгнө гэж байсан бол өнөөдөр гэр бүлийн байдлыг нь харгалзан олгож байна. Өрх толгойлсон ээж, аавыг дэмжих ганц ч зүйл хийсэнгүй. Өнөөдөр эдгээр амлалтуудаа биелүүл гэж бид шаардаж байна. Мөрийн хөтөлбөрийнхөө амлалтуудыг ядаж 50 хувь биелүүлсэн бол бид дэмжээд ажиллах байлаа” гэв. Харин Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга “Монгол төрийн албыг дэлгүүрийн бараа шиг үнэд хүргэж зарах гэж байсныг бид мэдлээ. Монгол Улсын тусгаар тогтнолыг устгах гэж байна. Бид үүнийг яав ч тэвчихгүй” гэж ШХАБ-т элсэхийг дэмжиж буй УИХ-ыг шүүмжлэв.

     

    Жагсаалд оролцогсод УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлагаа хүргүүлснээр энэ удаагийн жагсаал өндөрлөв. Тэд эрх баригчдын хариу үйлдлээс шалтгаалж дараагийн жагсаалаа товлохоор тогтжээ.

     

     

    Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН