Ард түмэн шүгэл үлээж, УИХ-ыг тарахыг шаардлаа
    2019 оны 04 сарын 09 нд
    4433bf8ef8cb494e907d67fbaa58b18b.jpg

    “УИХ Тар” бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал Чингисийн талбайд боллоо. Ардчилсан нам сөрөг хүчний байр сууринаас УИХ-ын үйл ажиллагаанд дүн тавьж, “тайван жагсана” хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч цагдаа нар талбайг бүсэлж, жагсаалд оролцогч хүн бүрийг драйгер үлээлгэж, хүйтэн зэвсэг биедээ агссан эсэхийг нь шалган оруулж байлаа.

     

    Нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын дэмжигчид тус тусын намын үүрээсээ нэгдсэн жагсаал үүсгэж, алхсаар төв талбайд ирцгээсэн юм. Мөн 21 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж жагсаалд нэгдсэн. 11:00 цаг гэхэд төв талбайд дөчин гаруй мянган хүн цуглаж, “УИХ Тар” хэмээн шаардаж байлаа.

     

    Тэд “Барьцаанд орсон УИХ тар”, “ШХАБ-д дагаар орогч УИХ тар”, “ЖДҮ хулгайч УИХ тар”, “60 тэрбумын УИХ тар”, “Үндсэн хууль зөрчдөг УИХ тар”, “МАНАН-тсан Эрдэнэтийн луйврыг хамгаалагч УИХ тар”, “Ахмадуудад ээлгүй УИХ тар” гэх зэрэг лоозон барьцгаажээ.

     

    Баянзүрх дүүргийн жагсагчид хамгийн их бухимдалтай байсан бөгөөд таван мянга гаруй иргэн нэгджээ. Тэдний төлөөлөл болох иргэн О.Сундуй “Өнгөрөгч гуравдугаар сард болсон нөхөн сонгуулийн үеэр МАН иргэдийн саналыг 50 мянган төгрөгөөр худалдаж авсан. Тэр нь үйлдэл дээрээ баригдсан. Одоо бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Энэ хооронд 10, 19 дүгээр тойрог засаг захиргаагүй, замбараагүй байдалтай болчихлоо. МАН ингэж төрийн эрх мэдлийг хүчээр, мөнгөөр худалдаж авч байгааг бид эсэргүүцэж байна. Бид үнэхээр бухимдаж байна. Хоёрт, ард түмний, бидний амьдрал ядуу байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн нэг хэсэг нь ард түмний боломжийг хулгайлж, нөгөө хэсэг нь 60 тэрбумын сүлжээнд нэгдэж эрх мэдлийг хууль бусаар авчхаад байна. Тийм болохоор бид УИХ тарахыг шаардаж байна” гэв.

     

    Мөн энэ удаагийн тайван жагсаалыг зорьж Өвөрхангай аймгаас 200 гаруй иргэн ирсэн байлаа. Арвайхээр сумын иргэн Л.Батдэлгэр “Өнөөдөр энэ жагсаалд ийм олон хүн ирсэн байгааг хараад ард түмэн сэрж, сэхээрч байна гэж бодлоо. Өнөөдөр ард түмний амьдрал хэцүү байна. Ам.долларын ханш, бензиний үнэ нэмэгдээд байдаг. Амьдрах гэж тэмцэж байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, амьдралаа авч явах гэсэн иргэдийн хүсэл эрмэлзлийг УИХ-ын гишүүд булаачихлаа. Өвөрхангай аймгаас энэ жагсаалыг зорьж 200 гаруй хүн ирсэн. Манай аймагт сонгуулийг будилаантуулж, луйвар хийж гарч ирсэн Я.Содбаатар гишүүнийг бид уучлахгүй. УИХ-ын гишүүн болоод бидний төлөө ажиллахын оронд ЖДҮХС-гаас зээл авсан байна лээ. Үүнийг бид эсэргүүцэж байна” гэж ярив.

     

    Цагаан морин жилийг эрхгүй санагдуулам хонхны дуутай, цасан шамаргатай, ардчиллын салхи сэвэлзсэн энэ өдөр жагсаалд нэгдсэн иргэд амь тэмцэж, аврал эрэх мэт хаа сайгүй шүгэл үлээцгээж байлаа.

     

    Харин индэр дээрээс НИТХ-ын дарга асан Д.Баттулга “30 жилийн өмнө яг энэ талбай дээр бид бүхэн тэмцэж, жагсаж, сууж, өлсөж байж Монголд ардчиллыг авчирсан. Тэр өдрүүд саяхан юм шиг санагдаж байна. Түүнээс хойш Монголын ардчилал олон сорилттой тулгарч байсан. Өнөөдөр, энэ удаа Ардчилал маань асар том сорилтын өмнө зогсож байна. Монголын хуулийн салбарыг олон жил удирдсан хүн Монголд эрүүдэн шүүх ажиллагаа байдаг юм байна гэж гайхан ярьж байхыг бид бүхэн үзлээ. Монголын төрийн албыг дэлгүүрийн лангуун дээр байгаа бараа шиг үнэ хүргэж зарах гэж байсныг бид бүхэн сонссон. Та бидний татварын мөнгө, улсын төсвийн мөнгөнөөс тэр тэрбумаар нь хумсалчхаад “Би хүүтэй нь буцаагаад өгсөн” гэж гавьяа байгуулсан мэт ярихыг сонслоо. Монголын ард түмний нандигнан хайрлаж ирсэн Тусгаар тогтнолыг ШХАБ-д нэгдэж үгүй хийхээр ярьж байгааг бид сонсож, харж, мэдэрч, харуусаж сууна. Эцэс сүүлд нь бид бүхний үндсэн хууль руу дайрлаа. Өнөөдөр Монгол Улсад өрнөж байгаа энэ бүх үйл явдал УИХ-тай салшгүй холбоотой. Төрийн албыг 60 тэрбумаар худалдах асуудал өнөөгийн УИХ-ын үед гарч ирсэн. ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь завшсан УИХ-тай холбоотой. Ардчиллын амин сүнс Үндсэн хуульд хууль зөрчиж гар дүрсэн үйл явдал бас л энэ УИХ-тай холбоотой. Үнэхээр улсын төсвөөс хумсалчихсан 49 УИХ-ын гишүүнтэй УИХ төсөв батлах эрхгүй шүү дээ. Үндсэн хуулиа зөрчиж хууль баталсан УИХ цаашаа хууль батлаад явах ёс суртахууны эрх байхгүй. Тиймээс УИХ тарах ёстой. Монголын ард түмэн дэмжиж байна” гэсэн юм.

     

    Түүний дараа АН-ын дэд дарга Р.Амаржаргал “Өнөөгийн УИХ Монгол төрийн дээд байгууллагыг төлөөлж ажиллах ямар ч чадваргүй болжээ. 60 тэрбумд орооцолдсон, ЖДҮХС-гийн зээлийг булааж авсан УИХ-ын гишүүд өнөөдөр үндсэн хуулинд халдах гэж байна. Энэ бол огт байж болохгүй зүйл. Бид УИХ-аас их зүйл шаарддаг. Үлгэр жишээ байхыг хүсдэг. Гэтэл энэ хүмүүс өнөөдөр өөрсдийн байгаа байдлаараа Монгол төрийг гутааж байна. Ядаж үндсэн хуулийн үзэл санааг ойлгодог хүн алга. Хэрвээ мэддэг байсан бол юу гэж Монгол төрийг ганхуулсан хуулийг батлах вэ. Тийм учраас бид энд цуглаад байна. Монгол Улсын өмнө тулгамдаад байгаа энэ олон асуудлыг шийдвэрлэх чадамжтай УИХ-ыг нэн даруй байгуулах шаардлагатай гэж бид өнөөдөр үзэж байна” гэж ярилаа.

     

    Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улсад төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авсан хууль бус үйлдэл болж байна. 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд 60 тэрумын схем зохиож Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг хууль бусаар авсан үйл явдал болсон. Үүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрсөн. МАН-ын гишүүдийн дийлэнх нь үүнийг хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Сүүлийн гурван жилийн хугацаанд АН шинэчлэлийнхээ үйл явцыг идэвхтэй явуулж байгаа. Манай төлөөллийн төв байгууллагын 50 гаруй хувийг 39 хүртэлх залуучууд, 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өнөөдөр АН-ын дарга байсан хүмүүс уран донгодож байгаа. АН тэдэнтэй тэдэнгүй шинэчлэгдээд явж байна. Жагсаал зөвхөн үүгээр дуусахгүй. Бид дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгон ажиллах болно. Хамгийн гол нь эрхзүйн чадамжгүй энэ УИХ тарах ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан УИХ тар. Төрийн эрхийг хууль бус аргаар наймаалцах замаар авсан болохоо өнөөгийн Ерөнхий сайд МАН-ын дарга хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр энэ УИХ тар. Өнөөдөр 75 гишүүний 49 нь ЖДҮХС-тай холбоотой байна. Ийм УИХ ажиллах чадамжгүй. Бид дараа дараагийн идэвхтэй тэмцэлд шилжих болно. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь ЖДҮХС-тай холбогдсон болохоор ЖДҮХС-г шалгахгүй байна. АН төрөөс хулгай хийсэн луйварчдыг мартахгүй. Өнөөдөр шударга ёс ярьсан гишүүд эрх мэдэл албан тушаалд гарч байна. ЖДҮХС, Үндсэн хуульд хууль бусаар халдсан асуудлыг шинэ УИХ бүрдсэнээр зогсоох боломжтой” гэв.

     

    Энэ өдрийн жагсаалыг дэмжиж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан оюутны холбоо, Хэвтүүл хөдөлгөөнийхөн мөн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар оролцож байлаа.

     

    Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа “Монголын нийт ээжүүд, охид бүсгүйчүүд хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах гэж энд жагсаж байна. 2016 онд МАН эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дэмжих олон амлалт өгсөн. Түүнээс хойш гурван жил өнгөрчхөөд байхад Монголын гэр бүлийн сайн сайхны төлөө нэг ч амлалтаа биелүүлсэнгүй. Тиймээс бид амлалтаа биелүүлдэггүй УИХ-ыг тараахаар тэмцлийн хэлбэрт шилжээд байна. Үндсэн хуульд заасан хүүхдийг ялгаварлахгүй гэсэн заалтыг ноцтой зөрчиж хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож байна. Аймаг, дүүрэг бүрт хүүхэд хамгааллын төв барина гэсэн нь биелсэнгүй. С.Зоригийн хэргийг эрүүдэн шүүх замаар шийдвэрлэсэн болохыг УИХ-ын гишүүд хэлж байна. Гэтэл өнөөдөр үүнтэй адилхан олон хүн эрүүдэн шүүлт амсаж байгаа. Гэр бүлийн тухай хуулиа ч баталсангүй. Тиймээс өнөөдрөөс эхлэн АН-ын эмэгтэйчүүд МАН-ыг амлалтаа биелүүлэхийг өдөр бүр шаардах болно” гэв.

     

    АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд “Өнөөдөр шүүх, хяналтын байгууллагад нөлөөлөх энэ хуулийг баталж байгаа хүмүүс баатар мэт харагдаж байж болно. Гэхдээ эх орноосоо урвагчид болж түүхэнд үлдэнэ. Тиймээс амигүй албат мэт кноп дарах гэж байгаа МАН-ын гишүүд ичих хэрэгтэй. МАН дотор зөв бодолтой гишүүд байгаа нь харагдаж байна. АН-ын зүгээс ч асуудалтай хүн олон бий.

     

    Өнөөдөр АН-ын даргаар ажиллаж байсан хүмүүс АН руу хамгийн их нулимж байна. Тэд ардчиллын хамгийн том дайсан болж байна. Биднийг үгээ илэрхийллээ гээд хавчдаг, хорьдог байдал гарахыг үгүйсгэхгүй. АН нэгдмэл байж ардчилалд хайртай хүн болгоны хамтаар хууль бус үйлдэлтэй тэмцэх болно” гэв.

     

    АН-ын зүгээс ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээн ардчиллын суурь зарчимд халдсан энэ удаагийн УИХ-ыг тарахыг шаардаж энэхүү эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан юм. Эцэст нь, жагсагчид Төрийн ордныг гороолж, УИХ-ыг тарахыг шаардсан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт дараах шаардлагыг хүргүүлэв.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН