Д.Оросоо: Хотын дарга хууль зөрчсөн
    2019 оны 04 сарын 09 нд
    49ef39019e49af283fe5479a28a2c9e6.jpg

    Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас тус дүүрэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр /2019.04.09/ мэдээлэл хийлээ. Үндэсний мэдээллийн төвд зохион байгуулсан тус хэвлэлийн хуралд нийслэл дэх Ардчилсан намын бүлгийн  Хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоо, Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа, ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нар оролцож, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг хууль бус захирамжаа цуцлахыг шаардсан юм. 

     

    Энэ талаар хуульч Д.Оросоо "Тус дүүргийн нөхөн сонгуультай холбоотойгоор хууль зөрчсөн хэд хэдэн  асуудал бий. Үүнийг онцолж хэлэхгүй бол зөвхөн улс төрийн намын маргаан юм шиг хараад байна. Жишээлбэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны гуравдугаар сарын 29-нд Б/41, Б/42 дугаар захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Баясахыг ажлаас нь чөлөөлсөн. Мөн өдрийн Б/42 дугаар захирамжаар Э.Бат-Амгаланг тус дүүргийн Засаг даргаар томилсон. Энэ захирамжийг гаргахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Баясах өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэсэн хууль бус үндэслэлийг баримталсан. Яг үнэндээ Т.Баясах ажлаас чөлөөлөх өргөдлөө гаргаагүй байсан юм. Тиймээс бид АТГ-т  хандаж байна” гэлээ. Түүнчлэн хотын даргын захирамж Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг тус тус зөрчиж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

     

    Мөн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Галцог гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул дүүргийн ИТХ-ын 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар тогтоолоор огцруулжээ. Улмаар дахин сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Галхүүг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлсэн байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг хуулийн дагуу ажлаа явуулахыг шаардлаа.