Ц.Баатархүү: Төрийн алба гэдэг Дарга болгодог дамжаа биш
    2019 оны 04 сарын 10 нд
    d6f2a20212550068f39b4e88ecd99f80.jpg

    НИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүтэй нийслэлийн Засга даргын орлогчдын томилгоо, МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

     

    -НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн Засаг даргын орлогч нарыг хэлэлцэх хурал хойшлоод байгаа шалтгаан нь юу байна вэ?

     

    -НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн Засаг даргын орлогч нарыг томилох асуудлаар өнөөдөр (2019.04.08) 11 цагт хуралдах тов гарсан. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Ардчилсан намын төлөөллийг оруулаагүй учраас бүлгийн даргын хувьд төлөөлөл болон энэ хуралд сууж байна. Хурал эхлэлгүй удлаа. Энэ нь НИТХ-ын удирдлага, Нийслэлийн удирдлагууд хаана хаанаа засаглаж чадахгүйд хүрсний тод илрэл. Ийм явдал дахин дахин давтагдаж байна.

     

    -Эрх баригч МАН-ын НИТХ болон Засаг дарга нарын ажил сайн биш, засаглаж чадахгүй байна гэдгийг тодруулна уу?

     

    -Өнгөрсөн гурван жилийн хугацаанд албан тушаал л ярьж ирлээ. Улаанбаатарчуудын өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх үү, энэ ажлын яаж хийх вэ гэж хуралдахаас илүүтэй биенийгээ огцруулах, томилох тухай л ярьж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зургаан орлогчийг томилох тухай ярих байсан ч НИТХ-ын Тэргүүлэгчид хоорондоо маргалдаж хурал эхлэхгүй хоёр цагийн хугацаа өнгөрлөө. Эндээс бид эрх баригчид нийслэл Улаанбаатар хотод бүх түвшинд засаглаж чадахгүй байна гэж дүгнэж байгаа юм.

     

    -Тэгэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тийм ч сайн дүнтэй гарахгүй нь ээ дээ?

     

    -Тийм. МАН-ын мөрийн хөтөлбөрт төрийн албыг цомхон, мэргэжлийн болгоно гэж тусгасан. Ер нь албан тушаалтны тоог цөөлнө. Иргэдэд үйлчилнэ, ажлын байр бий болгоно гэсэн. Ажлын байр бий болгож буй хүмүүсийг татварын бодлогоор дэмжинэ, авто замын түгжрэлийг бууруулна, гэр хорооллыг шинэ үзэл баримтлалаар хөгжүүлнэ гэсэн чухал заалтууд мөрийн хөтөлбөртөө тусгаж амласан. Харамсалтай нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд албан тушаал ярьсаар байгаад сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусч байна.

     

    -Томилгоо дуусаагүй байдаг. Гэтэл бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Тэгэхээр бүтээн байгуулалт дахиад л өнгөрсөн жилийнх шиг оройтож эхлэх нь гэж ойлгож болох уу?

     

    -Бүтээн байгуулалтын бэлтгэл ажил дөрөвдүгээр сар гэхэд хангагдаад дууссан байх ёстой. Одоогоор 12 агентлагийн нэрийг сольсон. Үүнийг дагаад бүтэц зохион байгуулалтыг нь өөрчилнө, халаа сэлгээ болно. Энэ хэрээр тамга, тэмдэг, хаяг өөрчлөгдөнө. Төрийн албанаас дахиад л зардал гарна гэсэн үг. Зургаан орлогчтой болно. Хэн нь ямар асуудал хариуцах уу гээд эрх мэдэл, албан тушаал, сандал суудлын төлөөх тэмцэл эхэлнэ. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил бидний тооцож буйгаар хоёр сараар хоцорч эхлэх шинжтэй боллоо. Ингээд намар хичээл сургууль, эмнэлгийн байгууллага, дэд бүтцээ бэлэн болгох хугацаа хойшилно.

     

    -Энэ онд нийслэлийн бүтээн байгуулалтад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

     

    -Улаанбаатар хотын хувьд түүхэндээ байгаагүй хамгийн их төсөвтэй жил. Нийт нэг их наяд төгрөгтэй. Энэ мөнгийг цаг хугацаанд нь бүтээн байгуулалт, зөв зүйлд зарцуулж чадахгүй байдалд орлоо.

     

    -НИТХ-ын Тэргүүлэгч гишүүд маргаантай байна гэсэн. Засаг даргын орлогч томилох асуудалдаа тохирч чадахгүй байгаа юм уу?

     

    -МАН-аас нийслэлийн Засаг даргын орлогчид нэр дэвшүүлж байгаа зургаан хүний нэрээ өргөн барьсан. НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн нэр дэвшигчдээ танилцуул, асууж тодруулах зүйл байна гэсэн. Ер нь нийслэл гэдэг их айлыг хэн нэгэн дарга, хэсэг бүлэг хүмүүс удирдахаас илүүтэйгээр удирдлагын баг чухал байдаг. Иймд энэ багт ямар мэргэжлийн хүмүүс тухайн салбаруудыг удирдах гэж байгааг нь асууя гэсэн. Гэтэл тэдний танилцуулга алга. Мөн орлогчид нэр дэвшиж байгаа зарим нь ирэхгүй байна. Үүнд л НИТХ-ын Тэргүүлэгчид бухимдалтай байгаа юм.

     

    -Орлогч, орлогчтой дүйцүүлэх гэсэн зүйл байгаа. Энэ ямар учиртай юм бол. Хуульд нийцсэн асуудал мөн үү?

     

    -Иргэдэд хагас дутуу мэдээлэл өгч, дүйцүүлэх төслийн удирдагч болголоо гэж нэрлэж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга дөрвөн орлогчтой байсан бол одоо зургаа болж байна. Үүний баталгаа нь тэдний цалинг төрийн алба, татвар төлөгчдийн мөнгөнөөс олгох явдал юм. Тэдний болон жолооч, туслахын цалин, нийгмийн даатгал, хангамжийн зардлыг нь ИТХ-аар баталсан. Ингээд зөвхөн энэ онд 700 гаруй сая төгрөг зарцуулах болсон.

     

    Тэгэхээр зургаан орлогчоо татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулаад явах нь тодорхой юм. Иймд Ардчилсан намын бүлэг “Та бүхэн амласан мэргэжлийн Засгийн газар байгуулна, төрийн албыг цомхон болгоно, ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна” гэснийг нь сануулж байгаа. Харамсалтай нь төрөө улам данхайлгаад баг дарга нарынхаа тоог нэмж байгаад бид санал нэгдэхгүй байна.

     

    -Нийслэлийн агентлагуудын нэрийг өөрчлөхөд хэдэн төгрөгийн зардал төсвөөс гарах вэ?

     

    -Зардал нь тухайн агентлаг бүр дээр гарна. Одоогоор нийлбэр дүнг нь тооцон гаргасан тоог хэлэх боломжгүй байна. Энийгээр бодоход нэр өөрчлөгдөхөд үүдний хаягаа солихоос эхлээд зардал гарна. Цаашлаад бүх албан бланк, тамга тэмдэг, шуудан харилцаа холбооны эд зүйлс нь солигдоно. Энэ хэмжээгээр зардал гарч, цаг хугацаа үрсэн ажил болж байгаа юм. Нэр сольж байгаа цаад утга нь МАН-ын үед томилогдсон албан тушаалтнуудаа дахин өөрчлөхөд л оршино. Уг нь төрийн алба тогтвортой байх ёстой. Харамсалтай нь нэр хаяг сольдог хуулийн заалт ашиглаж төрийн албыг бужигнуулах ажил хийж байна. Ер нь төрийн алба гэдэг бол хүн сургадаг сургалтын бааз биш. НИТХ, Засаг даргын орлогч, нийслэлийн төрийн алба гэдэг бол дарга болгодог дамжаа биш юм. Мэргэшсэн, тогтворжсон, чадварлаг хүмүүс ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН