Д.Пүрэвдаваа: Нийслэлийн МАН илтэд хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна
    2019 оны 04 сарын 11 нд
    ff1b5460176513fb5f91c60dc7f2fd93.jpg

    Баянзүрх дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваатай ярилцлаа.

     

    -Баянзүрх дүүрэг гэхээр сүүлийн үед эх зах нь мэдэгдэхгүй, утга учир нь олдохгүй байнгын хэрүүл, тэмцэл л төсөөлөгдөх болсон байна. Харамсалтай нь, үүнийг танай дүүргийн ард иргэдийн үл ойлголцол гэхээс илүүтэй Ардчилсан нам болон Монгол Ардын нам буюу нам хоорондын зөрчил хэт эх захгүй болсноор тайлбарлах ёстой болов уу. Ер нь яагаад ийм нөхцөл байдал үүсчихэв ээ?

     

    -Хүмүүст зориудаар ийм ойлголт өгөөд байна л даа.

     

    -Хэн өгөөд байна гэж?

     

    -Өрсөлдөгч нам буюу МАН-ын зүгээс 2015 оноос хойш байнгын давтамжтайгаар ийм сөргөлдөөн, тэмцлийг үүсгээд байна. Өнөөдрийг хүртэл дөрвөн жил үргэлжилж байгаа энэ асуудал цаашид цэгцрэх эсэх нь ч эргэлзээтэй. Миний хувьд өмнө нь дүүргийнхээ Засаг даргаар ажиллаж байсан. Өнөөдөр бол дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Миний харж байгаагаар энэ зөрчил бол яах аргагүй цэвэр улс төр. Эрх баригч намын хувьд хүн ам олонтой, төвлөрөл их энэ дүүргийн анхан шатны удирдлагыг гартаа авах сонирхолтой байна. Энэ нь дараа дараагийн орон нутаг болон УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлөхөд нь чухал хэрэгцээтэй болчихоод байх шиг байна. Тэр дундаа, Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн хоёр дүүргийн удирдлагыг гартаа авчих юм бол Улаанбаатар хот бараг бүхэлдээ МАН-ын мэдэлд очино гэсэн үг. Сонгинохайрхан дүүргийн хувьд ойлгомжтой. МАН олон жил засаглаж байгаа. УИХ-ын зургаан мандат, НИТХ-ын есөн мандат, дүүргийн ИТХ-ын 41 мандатын 39 нь МАН-ынх. Тэнд тэгэхээр зөвхөн МАН-ын бодлого, МАН-ын эрх ашиг яригдаж байна гэсэн үг. Баянзүрх дүүргийн удирдлагын эрхийг өнөөдөр ямар ч аргаар хамаагүй авчих юм бол НИТХ болон УИХ-ын сонгуульд нөлөөлөхөд амар болно. Ийм улс төрийн бодлогоо биелүүлэхийн тулд өнгөрсөн дөрвөн жилийн турш Баянзүрх дүүргийг бужигнууллаа. Гэсэн ч иргэдийн сонголт бол өөр байсан. Манай Ардчилсан нам ялсан. Манай намд ялалт өгсөн. Дүүргийн ИТХ 41 мандаттайгаас 22-ыг нь АН авч, 19-д нь МАН ялсан. Гэтэл НИТХ болон УИХ-д Баянзүрх дүүрэгт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан учраас анхан шатны удирдлагыг авахын тулд өөрсдийн давуу байдлаа ашиглан сонгуулийн дүнд өөрчлөлт оруулахаар тасралтгүй зүтгэсэн. Ялангуяа сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд.

     

    -Гэхдээ танайхан шалтгааныг нь тавиад өгчихсөн юм биш үү?

     

    -Үгүй. Анхнаасаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарч, УИХ-аар тэр нь хүлээн зөвшөөрөгдөж батлагдсанаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгогдсных нь дараа нэр татна гэдэг бол Үндсэн хууль зөрчинө гэдэг нь тодорхой болчихсон. Ерөөсөө хуулийн хэм хэмжээ нь энэ. Гэтэл МАН одоо үүнээс давсан шийдвэр гаргаж байна. Үндсэн хуулийн Цэц амьдралд хэрэгжүүлэх боломжгүй, хүний эрхийг зөрчөөд байгаа хуулиа өөрчил гэдэг чиглэл өгсний дагуу УИХ шийдвэрээ, хуулиа өөрчилсөн. Ийм байхад Нийслэлийн МАН илтэд хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. Жишээ нь, дүүргийн ИТХ-ын сонгууль болсон нь өөрөө хууль бус. Өрсөлдөгчгүй сонгуульд оролцож, сүүлдээ мөнгө тараасан. Газар дээрээ баригдсан. Нэр дэвшигч нь ял авчихсан хүн байх жишээний. Яагаад ч ийм хүмүүс иргэн төлөөлж болохгүй. Тэгчихээд АН-аас олонх болсон дүүргийн ИТХ-ын бүрэлдэхүүнийг хүчээр өөрчилж болох уу.

     

    -Э.Бат-Амгалан гэж Засаг даргатай болсон нь тэгээд хууль ёсных уу, хууль бус уу?

     

    -Тэр хүнийг бид нар Засаг дарга гэж хүлээн зөвшөөрөхгүй.

     

    -Тэгээд өөр хэн Засаг дарга нь юм бэ, ер нь?

     

    -Яг хуулийн маргаан дээрээ гуравдугаар сарын 29-нөөс хойш байна. Энэ өдрийг хүртэл Т.Баясах гэдэг хүн Засаг дарга байсан. Гэтэл энэ хүнийг хуулийн үндэслэл, шийдвэргүйгээр чөлөөлсөн. Үндэслэл нь “Өөрөө өргөдлөө өгсөн” гэдгээр гарсан байхад Т.Баясах “Засаг даргын албанаас чөлөөлж өгнө үү” гэдэг өргөдөл бичээгүй, өгөөгүй.

     

    -ИТХ энэ асуудлаар хуралдсан юм уу?

     

    -Наад асуудал чинь бас хариултгүй. Бүх шатны ИТХ хамгийн багадаа 15 хоногийн өмнө зарлагдсан байх ёстой. Тэгж байж хуралддаг номтой. Тэгэхэд гуравдугаар сарын 23-ны өдөр болсон сонгуулийн дүнгээр 29-ний өдөр шийдвэр гаргаж болох уу.

     

    -Гэхдээ ИТХ дахь МАН-ын төлөөлөгчид цугларч, хуралдсан байж болно шүү дээ?

     

    -Хуралдах нь бүү хэл ИТХ дахь МАН-ын гишүүд бичиг баримт хуурамчаар үйлдсэн. Шинээр ИТХ гаргаж ирсэн. Т.Алдармаа гэж шинэ ИТХ-ын даргатай болж, тэр хүн нь шууд захирамж гаргасан. Төлөөлөгч байснаар нь мэдэхээс ИТХ-ын тамга бланк ашиглаж, 01 гэдэг дугаартай тушаал гаргах эрх мэдэлгүй хүн. Өөрөө дарга болоод өөрөө 01 дугаартай тогтоол гаргаад сууж болох уу.

     

    -Та нарынхаар гэх үү, хуулиараа гэх үү мэдэхгүй юм. Хэн одоо ИТХ-ын дарга нь байх ёстой юм бэ. Байсан юм бэ?

     

    -Ш.Ганчимэг гэдэг хүн хоёр жил гаруйн хугацаанд ажилласан. Тэр хүн хэвээрээ байх ёстой.

     

    -Т.Алдармааг томилсон хурлын протокол байгаа юу?

     

    -Мэдэхгүй. Би жишээ нь, өчигдөр л ийм шинэ хурлын даргатай болсноо мэдлээ.

     

    -Гэхдээ та нар өчигдөр л мэдэж байна гэдэг чинь эргээд та нар өөрсдөө хариуцлагагүй хандсан гэсэн үг биш үү?

     

    -Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үүнийг нуун дарагдуулсан. Авлигатай тэмцэх газарт бусдад давуу эрх олгосон, ашигласан гэдгээр гомдлоо өгсөн. Давуу талаа ашиглан хууль бусаар дүүргийн удирдлагын эрх мэдлийг МАН булаан авч байна.

     

    -Гэхдээ сонгууль болсон биз дээ?

     

    -Болоогүй ш дээ.

     

    -МАН-ын хувьд болсон гэж үзэж байгаа.

     

    -Хууль бус үйлдлээ хамгаалахын тулд тэд юу ч гэж тайлбарлаж болно л доо.

     

    -Ер нь тэгээд танай нам өөрсдийн давуу талаа ашиглахын тулд яагаад энэ удаагийн нөхөн сонгуульд оролцож болоогүй юм бэ?

     

    -Хууль бус сонгуульд юу гэж оролцож болох юм бэ. Оролцлоо л бол хамт хууль зөрчсөн болно биз дээ. 1990 оны ардчилсан хувьсгал хуулийн засаглалыг тогтоохын төлөө хийгдсэн. Энэ бол Ардчилсан намын хамгаалах ёстой мөн чанар. Ардчилсан Үндсэн хууль гэдэг хуулиас дээгүүр намын шийдвэр гэж байж болохгүй гэдгийг тунхагласан. Аль ч намын шийдвэр хуулиас, тэр дундаа Үндсэн хуулийн дээгүүр гишгиж болохгүй.

     

    -Цаашдын арга зам тэгвэл юу байна вэ?

     

    -Монгол Улсын шүүхэд найдах ганц найдвар л бий. Өнгөрсөн хугацаанд захиргааны болон эрүүгийн маш олон гомдол манай Баянзүрх дүүргийн АН-аас шүүхэд гаргасан. Тэр бүхний бараг 99 хувийнх нь шийдвэр манай талд гарсан. Тэгэхээр үндэслэл байгаа биз, манайд.

     

    -Гэхдээ маргая гэвэл маргана л даа?

     

    -Тэгэх л байх даа. Сүүлийн арав гаруй хоногийн турш эрх нь зөрчигдсөн Баянзүрхийн иргэд маань үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэр эрх нь зөрчигдсөн иргэдийн маань эрх ашгийг хүндэтгэж байгаа зүйл МАН-д алга.

     

    -Та бүхний хувьд цаашид дүүргийн ИТХ-ын хуралдаанд оролцох уу?

     

    -Оролцоно. Оролцохгүй байх эрх бидэнд байхгүй. Бидний ард бидэнд итгэж сонгосон дүүргийн иргэдийн эрх ашиг бий. Тэднийхээ эрх ашгийг хамгаалахгүй гэж дан ганц улс төрийн зорилгоор дүүргийн асуудлыг хэлэлцдэг ИТХ-д оролцохгүй гэдэг шийдвэр гаргаж болохгүй. Иймд цаашид ИТХ дээр хамтын шийдвэр гаргах бололцоог олго гэдэг шаардлагыг МАН-д тавьж байгаа юм. Хаа нэг газар буланд нуугдаж хурал хийчихээд, албан тушаалын томилгоо хийгээд байж болохгүй.

     

    -Хэдийгээр энэ сэдэвтэй хамаатай биш ч гэсэн яг үнэндээ бас АН-ын гишүүн Д.Пүрэвдаваатай ярилцаж байгаа эсэхээ бас мэдмээр байна аа. Таныг чинь АН-ын даргын хувиар С.Эрдэнэ дарга намаасаа хөөсөн шүү дээ?

     

    -Арваннэгдүгээр сард хөөгдсөн ш дээ.

     

    -Тэгээд?

     

    -Энэ оны нэгдүгээр сард эргэж орсон, оруулсан. Бүр Баянзүрх дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Яахав, байгууллага, хүмүүс л хойно үл ойлголцол үүсэх үе бас байна л даа. Намд олон ургалч үзэл байсан. Би өөр үзэл бодолтой байгаад удирдлагатайгаа таараагүй, хөөгдсөн. Дараа нь, харин уучлагдсан. Тийм л зүйл болж өнгөрсөн дөө.

     

    -Уучлагдсан гэхээр цаашид С.Эрдэнэ даргын үзэл бодолд тааруулж ажиллах үүрэг авсан гэсэн үг үү?

     

    -Үзэл бодолд нь тааруулж ажиллах гэхээс илүүтэй Ардчилсан намд зөвхөн С.Эрдэнэ дарга бус энэ намын үнэт зүйл, зорилгыг хүлээн зөвшөөрч, дэмжиж ажилладаг олон мянган гишүүний эрх ашиг байгаа учраас зарим зүйл дээр зөвшилцөлд хүрч ажиллах шаардлага байна л даа. Ер нь бол ганц С.Эрдэнэ даргын шийдвэр гэхээс илүүтэй намынхаа хамт олны шийдвэрээр эргэж орсон гэсэн үг л дээ.

     

    -Таны дараа намаасаа хөөгдсөн НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт намдаа эргэж орсон уу?

     

    -Орсон, орсон.

     

    -Гол нь энэ эргэж буцсан шийдвэрийн ард Баянзүрх дүүргийн АН-д учирсан хохирол нь нөхөн сонгуульд оролцох чадваргүй болсон явдал гэх хүн бас байна билээ?

     

    -Тэр бол хүмүүсийн л бодол. Бид нар албан ёсоор энэ удаагийн нөхөн сонгуульд оролцоогүй. Хууль бус сонгуульд оролцохгүй гэж намаараа шийдээд ороогүй. Баянзүрх дүүргийн АН гэдэг чинь ганц Пүрэвдаваа биш байхгүй юу.

     

    -Гэхдээ Баянзүрхийн АН гэхээр хүмүүс танаар төлөөлүүлж ойлгодог нь нууц биш шүү дээ. Тэр хэрээр Д.Пүрэвдаваа хүн зодлоо. Д.Пүрэвдаваа Баянзүрхэд хаан болох нь гэх мэт шүүмжлэл нэг үе их гарч байсан?

     

    -Зохиомол цуурхал. Зориудаар иргэдийн дунд өндөр байсан миний оноог бууруулахын тулд ёстой нухчин дарах зорилго бүхий кампанит ажлыг зохион байгуулах шиг байгуулсан. Улс төрд өргөн хэрэглэгддэг арга шиг байгаа юм. УИХ-ын сонгууль дөхөхөөр дахиад сэргэх биз. Ер нь тэгээд улс төрд сайнаар хэлэгддэг хүн гэж байдаг юм болов уу даа.

     

    -Та ер нь МАН-ыг сайнаар хэлж үзэж байв уу?

     

    -Өрсөлдөгч гэдэг утгаар нь хүндэлдэг. Яг л адилхан өрсөлдөгч шүү дээ. Гэхдээ хуулийн хүрээнд. Хууль бус өрсөлдөөд байвал хүндэлмээргүй байна.

     

    -Харин Ерөнхийлөгчийн зөвлөхөөр очсоны тухайд?

     

    -Хүн чинь ахиж дэвшиж ажиллаж болно биз дээ. Боломж бололцоо байвал тэрийг ашиглах ёстой. Тэр утгаар нь Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллах боломж гарсан дээр өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Тийм л зүйл. Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан үүргийн хүрээнд байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бас ч гэж чамлахааргүй ажлыг хийж гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Олон ч томилолтоор хөдөө орон нутагт очиж, ажиллалаа. Хууль бус цөөнгүй ажлыг таслан зогсоосон.

     

    -Таныг Ерөнхийлөгчийн хамгаалалтад очлоо гэж бичиж байсан даа, хэвлэлүүд?

     

    -Надад хамгаалагдаад байхаар хууль бус үйлдэл байхгүй. Бизнес гээд овойж оцойсон зүйл алга. Хүн зоддог гэдгийн тухайд тийм юм хэзээ ч байгаагүй. Би чинь багаасаа бүрэг ноомой даруухан хүүхэд байсан. Гэр бүлийн хүмүүжил, амьдралын маань мөрдлөг ч тэр хүнтэй муудалцаж, гар зөрүүлээд явахаас илүүтэй эв зүйгээр асуудлыг шийдэхийг хичээдэг. Ёстой үнэнээ хэлэхэд хүн зодох бус харин эсрэгээрээ зодуулж явсан маань олон байдаг юм. Надад баян чинээлэг ах дүү байхгүй. Дээш нь өргөж дэмжээд явах улс төрийн дэмжлэг ч байхгүй.

     

    -Гэхдээ амжилттай яваа улстөрч?

     

    -Ямар ч байсан ёстой бор зүрхээрээ гэдэг шиг өөрөөрөө л тэмцэж яваа л хүн.

     

    Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН 

     

    Сэтгүүлч: Г.ОТГОНЖАРГАЛ