Ш.Батбаяр: Бид залуустаа их ажил, том зорилго шилжүүллээ
    2019 оны 04 сарын 11 нд
    c53777b087985313c033aee54d688e1d.jpg

    АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30, АРДЧИЛСАН НАМ БАЙГУУЛАГДСАНЫ 29 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛД "АРДЧИЛСАН АХМАДЫН ХОЛБОО"-НЫ ТЭРГҮҮН Ш.БАТБАЯР ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЛЭЭ.

     

    ЭРХЭМ ЖУРМЫН НӨХӨДӨӨ! АНД НАЙЗ, БИДНИЙ ХАЛААГ АВАХ УЧИРТАЙ ХҮҮХЭД, ДҮҮ НАРАА!

     

     

    Монгол оронд ардчилсан хувьсгал ялсаны түүхт ойн босгон дээр тохиож буй Ардчилсан намын баярын халуун мэндийг улс орныхоо ирээдүйн сайн сайханы төлөө залуу халуун насаа зориулсан, өнөөдөр ч үлдсэн насаа зориулсаар яваа ахмад нөхдийнхөө өмнөөс дэвшүүлэхийн ялдамд үзэл бодолдоо үнэнч байж үүрсэн ачаагаа үл буулган, үнэнч шудлагаар Монгол улсынхаа төлөө зүтгэхийг хүсье.

     

    Ахмадууд бид 30 жил тэмцэн байж өнөөдрийг бий болголцов. Алдаа оноо хослон байдаг ертөнцийн жамаас гажсангүй. Тиймээ! Бид алдсан ч оносон ч буйг үгүйсгэж чадашгүй. Ямар боловч олсон нь алдсанаасаа хавьгүй илүү гэдгийг бардам хэлнэ. Түүхэн үнэн үүнийг батлан харуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Журмын нөхдөө алдах бүрт хамт яс хавталзан, нүүрээ улалзуулж, онох болгонд нь өөрөө хийсэн мэт цээж тэнийж, хөөрөн гэгэлзэж явсаан бид.

     

    Өнөөдөр нам маань тийм ч сайн нэртэй биш байгаа нь үнэн. Ганц манай нам ч биш. Улс төрийн намуудын нэр хүнд зөвхөн монголоор зогсохгүй олон улс оронд ажиглагдан буй үйл явц. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг энэ буй заа. Тэглээ гээд намаасаа нүүр бууруулах, дайжин холдох бодол манай ахмадуудад л лав байхгүй. Мөн журмын нөхөр эрхэм дүү нарт ч байхгүй гэдэгт итгэхийг маш их хүсэж байна. Харамсалтай нь итгэл үл даах, эргэж нулимах, эвийг эвдэх жудаг тааруу нөхөд хаа газарт цөөн тоогоор байдагчлан манай намд ч байсан нь харамсалтай хэдий ч байх ёстой үзэгдэл биз ээ!!! Зарим судлаачдын олж ажигласнаар бол аливаа улс төрийн удирдагч, манлайлагч нар нэг байрандаа гучаас дээш жил эргэлдэн байгаа бол ихэнх тохиолдолд үүсгэн байгуулсан хөдөлгөөндөө тээг болж эхлэдэг гэсэн. Үнэнч байж ч мэдэх. Тэр л жамын дагуу ахмадууд бидний халааг залуу үеийнхэн хүссэн ч эс хүссэн ч залгамжлан авах учиртай. Харин ахмадууд бид залуу нөхөддөө үг сургаалиа айлдаж, алдвал зэмлэж, бүдэрвэл тосон өндийлгөж, ургашлах замд нь тээг бололгүй, луужин болж явахыг ихэд хүсэн байна. Манай ахмадуудад асар их туршлага, элээсэн оймс чамгүй олон бий. Аливаа хөгжил дэвшил гурван үеийн хэлхээс дээр тогтдогийг хэлүүлэх юун. Ахмадуудын үзсэн, залуусын сурч мэдсэнтэй нийлэх аваас амжилтанд хүрэх зам дөт байх болно.

     

    Бид залуустаа маш их ажил, том зорилго шилжүүллээ. Цаг үе ороо бусгаа, улс төр хурц ширүүн, амьдрал ахуй эрээн бараан, чин үнэндээ авилгад идэгдэж, хэн нь ихийг амжиж идэж уух вэ гэсэн тэмцэл оволзон буй улс орныг хүлээлгэн өгч байна. Засаж залруулж монгол орноо Монгол шиг авч явахыг залуу үе та нар шийдтүгэй. Нам маань хүчтэй, гишүүд дэмжигчид маань зориг тэмүүлэлтэй байгааг бид өчигдөр болсон тайван жагсаалаасаа харж, мэдэрч, омогшиж, үнэн сэтгэлээсээ чанга чанга уухайлсаан. Тэр эрч хүчтэй хэвээрээ өнөөдөр баярын хуралдаа цээж түхэгэр сууцгааж байгааг харахад таатай бас баяртай байна. Алдагаа засаж, алдаанаасаа суралцаж, алхаагаа жигдрүүлэн маргаашийн сайхан цагийн төлөө нөгөөдрийг наашлуулан урагшилцагаая. Монгол түмэн бидэнд, та нарт итгэн дэмжих цаг удахгүй.

     

    Монгол түмний заяа түшиж, амар түвшин амьдрах болтугай. Хурай хурай хурай

     

     

    "Ардчилсан Ахмадын Холбоо"-ны тэргүүн Ш.Батбаяр

     

     

     

    2019.04.06