П.Батчимэг: Сэтгэж ажиллах цаг үе шүү дээ
    2019 оны 04 сарын 12 нд
    1b09ec4e899741b4a65296e2ed7425e3.jpg

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Батчимэгтэй ярилцлаа. Тэрбээр саяхан Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 29 жилийн ойн өдөр Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одон хүртсэн билээ. Бидний яриа түүний удирддаг Гофро цаасан хайрцагны үйлдвэрт өрнөсөн болохоор эхлээд энэ чиглэлээр сонирхсон юм.

     

    -Та сонирхолтой шинэ бизнес эхлүүлжээ?

     

    -2012 онд сав баглааны үйлдвэр маань анх байгуулагдсан. Зургаан жил болж байна. Анх арван хэдэн ажилчинтай эхэлж байлаа. Дараа нь энд нүүж ирээд барилга бариад, үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. 128 ажилчинтай, үндэсний шилдэг үйлдвэрлэгч компани болоод байна.

     

    -Хэр их хайрцаг сав үйлдвэрлэдэг вэ?

     

    -64 харилцагчтай. Хамгийн томоохон захиалагч компани нь АПУ, Спирт бал бурам компаниуд. Өгөөж, ТЕСО, Түмэн шувуут гэх мэт үндэсний үйлдвэрлэгчид манайд захиалга өгдөг юм.

     

    -Танайх хаягдал цаасыг дахин боловсруулах чиглэлээр ажиллах санаа байгаа болов уу. Ийм боломж хэр байдаг вэ?

     

    -Бид цаасан хайрцаг үйлдвэрлэх түүхий эд материалаа ОХУ-ын Сибирийн хэсгээс авчирдаг. Нарс модноос гаргасан цэвэр цаас. Нөгөө талаас Хятад улсаас бор цаас буюу дахин боловсруулсан цаас нийлүүлдэг. Монголынхоо зах зээлд ч хамтран тоглогчтой. “Сайн цаас” манайд байнга дахин боловсруулсан цаас нийлүүлдэг. Манайд хаягдал цаас тодорхой хэмжээгээр гардаг. Цаасан хайрцаг урт гол шугамаар явдаг. Заавал хоёр талаасаа зүсэгддэг. Маш их хэмжээний цаасны хаягдал гардаг. Түүнийгээ буцаагаад “Сайн цаас”-даа өгдөг. Эргүүлээд цаас үйлдвэрлэж өгдөг. Хаягдал бараг гардаггүй.

     

    -Хаягдал сэдвээрээ ахиад нэг зүйл сонирхъё. Үйлдвэрээс гарсан бүхэн эргээд үйлдвэртээ ордог бол хог хаягдал багасна гэсэн ойлголт байдаг. АПУ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ шил, савыг буцааж авдаг бол хог хаягдал тэр хэрээр буурна гэж боддог. Шил савыг дахин ашиглах, боловсруулахад хэр анхаардаг бол?

     

    -Миний хувьд АПУ компанид 2004 онд анх орж борлуулалтын компанийг ажиллуулснаас хойш 14 жилийн турш энэ компанитай ажил амьдралаа холбосон. Өнгөрсөн жил өөрийнхөө хүсэлтээр захирлын ажлаа өгсөн юм. Гэхдээ миний ажиллаж байсан 14 жилд тодорхой бодлого хөтөлбөр боловсруулаад, орон нутгийнхаа харилцагч нарт тулгуурлан, шил, сав баглаагаа эргүүлж, татаж байсан. Улаанбаатар хотод ч шилний цэгүүд нээж, шилний нярав цалинжуулж ажиллуулсан. Тэд маань шил саваа тодорхой цэгүүдээс цуглуулж аваад манайхтай тооцоо хийж, өөрсдөө ч амьдралаа залгуулаад, явж байсан. Одоо ч энэ ажил үргэлжилж байгаа гэж бодож байна. Орон нутагт борлуулалтын машин явж бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг учраас орон нутгийн харилцагч нараас цаасан хайрцаг, шилнүүдээ буцаагаад ачаад аваад ирдэг. Буцааж татахад хүндрэлтэй биш гэж бодож байна. Депод гэж шил нийлүүлдэг тусгай компани байсан шүү дээ.

     

    -АН-ын дээд шагнал хүртсэн учраас намдаа үнэлэгдсэн улстөрч эмэгтэй гэж ойлгож байна. Ингэж үнэлэгдэх хүртлээ их хөдөлмөрлөсөн байх. Гурван удаа иргэдийг төлөөлнө гэдэг иргэдийн итгэлийг хураасан гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд хийсэн ямар ажилдаа сэтгэл хангалуун байдаг вэ?

     

    - Миний улстөрийн амьдрал товч бөгөөд тодорхой юм. 2004 онд би анх АН-д элсч байсан. 2008 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн. С.Эрдэнэ дарга тэр үед нийслэлийн АН-ын дарга байв. С.Эрдэнэ дарга “Орон нутгийн сонгууль боллоо. Хан-Уул дүүргээс Нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвшээч” гэж санал болгосон юм. Тэгэхэд зургуулаа дэвшээд, тав нь сонгогдож Хан-Уул анх цэнхэр дүүрэг болсон. 2012 онд бас сонгуульд орж ялалт байгууллаа. 2016 онд бас нэр дэвшиж ялалт байгуулсан. Хан-Уул дүүргийн иргэд надад гурван удаа итгэл үзүүлж, сонгосон учраас ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, тогтвортой сонгогчидтой дүүрэг гэж би дүгнэдэг.

     

    -Дүүргээс сонгогдсон эмэгтэй төлөөлөгч иргэдийнхээ дунд амьдрал дунд хутгалдаж явдаг болов уу. Хан-Уул дүүргийн иргэдийн хувьд тулгамдсан асуудал юу байна вэ?

     

    -Хан-Уул дүүрэгт гурван удаа сонгогдохдоо иргэд сонгогчидтойгоо ойр ажилладаг. Жилд хоёр удаа тойргоороо явж, тайлангаа тавьдаг. Хан-Уул хөгжил сан гэж 2010 онд байгуулсан. Тэргүүнээр нь ажилладаг. Хан-Уул хөгжил сангийн зорилго Хан-Уул дүүргийн иргэд төдийгүй Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах зорилготой. Сангаараа дамжуулж ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгоход туслах, олимпиад болон мэргэжлийн чиг баримжаа олгох төрөл бүрийн сургалтуудыг явуулах, орлого багатай иргэд, ажлын байргүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тусалж дэмжихэд анхаарч ирлээ. Манай гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Хараагүйчүүдийн үйлдвэр байдаг. Тэдэнтэйгээ ойр ажилладаг. Баяр болгоноор л тэд намайг хардаг. Хүүхдийн баяр, шинэ жил, ээжүүдийн баяраар намайгаа хүлээгээд суудаг улсууд байгаа юм. Тэд бас надаас ажлын байр шаарддаг. Тав, зургаан хүнийг компанидаа авсан. Гофро цаасан хайрцагны үйлдвэртээ ч хоёр хүн ажиллуулдаг.

     

    Хан-Уул дүүргийн төдийгүй Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлд маань утаа, хөрс агаарын бохирдол, ажилгүйдэл, хүчирхийллийн асуудал их байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал тулгамдаж байна. Энэ бүхнийг эмэгтэй хүн, эх хүний хувьд анхаарахгүй өнгөрөх аргагүй. Энэ болгонд хүрч ажиллаж, тэдэнтэй санал солилцож зарим үед жижиг хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж байна даа. Хорооныхоо эхчүүдтэй уулзахдаа тэдэнд ямар их сэтгэлийн дэм, урам өгч байгаагаа мэдэрдэг. ЖДҮХС-гаас зээл олдохгүй байна л гэдэг. Бичил бизнесийн зээл олдохгүй байна л гэдэг. Дүүрэг болгонд бичил зээлийн төсөв бий. Тэр нь эзэндээ очдоггүй. Түүнийг хөөцөлдөж олж өгнө. Иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд сард надад 50-60 хүсэлт ирдэг. Хүний асуудлыг ядаж 50-60 хувьтай шийдэх гэж хичээдэг. Боломжийн хэрээр шийдүүлэх гэж зүтгэж явдаг юм даа.

     

    -Хорооныхоо иргэдийн асуудлыг шийдэх хөрөнгийг яаж босгодог вэ?

     

    -Анх 2010 онд Хан-Уул хөгжил санг байгуулж, есөн хүнтэй удирдах зөвлөлтэй эхэлсэн. Удирдах зөвлөлийн гишүүд өөрсдөө тодорхой хэмжээний мөнгөн эх үүсвэр гаргаж орж ирсэн. Тэр сангийнхаа дэмжлэгтэйгээр янз бүрийн жижиг арга хэмжээг зохион байгуулдаг. Удирдах зөвлөлд маань олны танил хүмүүс, урлаг соёл, спортынхон ч байдаг. Их идэвхтэй ажилладаг. Гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллаж, санхүүгийн эх үүсвэр олно.

     

    -Хөрс, агаарын бохирдлыг бууруулахад иргэдтэйгээ яаж хамтарч ажилладаг вэ. Ядаж хашаандаа орчноо эрүүлжүүлж байгаа сайн жишиг хэр таардаг бол?

     

    -Мэр сэр айлууд байдаг. Өрхийн аж ахуйтай, утаагүй зуух монгол инженерийн аргаар хийсэн, түүнийгээ бусдад түгээх төсөл санаачилга явдаг. Үнэхээр авууштай санаа байдаг. Төрөөс, дүүргээс дэмжлэг байдаггүй. Манай тавдугаар хороонд ус, уураар гэрээ халааж байгаа хоёр ч айл бий. “Жорлонгоо өөрчилье” гээд манай Ц.Оюунгэрэл гишүүн тууштай явж байна. Дүүргүүд хөдөө орон нутагт ч сургалт хийсэн. Иргэдийн талархлыг хүлээж байгаа. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн долоо хоногт сургалтууд явагдсан. Манай иргэдийн зүгээс ч санал санаачилга гарлаа. Манай хороонд иргэдийн хүчээр гудамжаа ногооруулсан жишиг бий. Одоо гудмаараа хамтдаа “Жорлонгоо өөрчилье” гэсэн юм, та дэмжлэг үзүүлээч гэж байна. Хэсэг хэсгээрээ гудамж гудамжаараа сургалт авъя, та сургагч багшийнх нь цалин хөлс, сургалт явуулах байрны талаар дэмжлэг үзүүлээч гэж байна. Би энэ сургалтыг хорооны иргэдэд зориулж захиалж авахаар төслийн багийнхантай ярилцаж байгаа. Өөрөө ч хамт сууж, иргэдээс ямар санаа гаргах нь вэ, ямар хэмжээний төсвөөр босохыг хамтарч судлах санаа байна. Нэг гудамж өөрчлөгдөөд, орчин нь эрүүлжвэл болоод явчихна шүү дээ. Гудамжиндаа ядаж муу усаа асгахгүй, бохир нь халиад явах аргагүй болж болохгүй юм. Хашаагаа ногооруулсан сайн жишгийг би цөөнгүй хүн авчирч үзүүлсэн. Жимсний модны суулгац, цэцгийн үрээр дэмжье гэхээр хүмүүс дуртай байдаг. Хорооныхоо эмэгтэйчүүдийн гар урлалын бизнесийг чадлаараа дэмжихийг хичээдэг. Хан-Уул хөгжил сангаасаа жижиг зээл олгож, үзэсгэлэн зохион байгуулахад тусалдаг. Эсгий урлал, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүний “Хан-Уулд үйлдвэрлэв” үзэсгэлэн Яармаг худалдааны төвд төрөлжсөн байдлаар гардаг.

     

    -Та цаашдаа бизнесээ хийх үү, гурван удаа иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон болохоор улс төрөө хөөх ч сонголт тулгарах байх л даа?

     

    -Улс төрд явах, бизнес хийх ч нас байна. Цаашдаа бизнесээ ч хийнэ. Сэтгэж ажиллах цаг үе шүү дээ. Ахиад зөндөө их юм хийнэ. Сав баглааны үйлдвэрийн дэргэд бөглөө, шошгоны гэх мэтээр ижил төрлийн үйлдвэр ажиллуулж болно. Ингэвэл ажлын байр олноор нэмэгдэнэ. Нам надад итгэл үзүүлбэл яв гэсэн газар нь явна. Эргээд харахад миний ажлын эхний арав нь боловсролын салбарт, дараагийн арван жил бизнесийн салбарт өнгөрсөн байна. Гуравдугаар арван жилдээ юу хийх вэ гэдгээ бодож эхэлж байгаа.

     

    -Та Өвөрхангайн Хужирт сумын хүн байж яагаад Дорнодын ҮБХ-ны гишүүн юм бэ?

     

    -Дорнод миний хувьд харь хол биш. Энд арван жил намын улс төрийн ажил хийж байгаа. 2009 онд Дорнодод нэг Үндэсний бодлогын хорооны гишүүний суудал байна гэхээр нь очиж байлаа. 2010 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болж байсан. Одоо бол Дорнод аймгийн намын хорооноос сонгогдсон ҮБХ-ны гишүүн. Дорнодын Ардчилсан намын даргаар ажиллаж үзлээ. Орон нутгийн сонгуульд намаа авч орж байсан. Ажил, амьдралын замд санаандгүй байдлаар явах газар, уулзах хүмүүс тохиодог. Ганц нутагтай гэж өөрийгөө хэлэхгүй ээ.

     

    -Нөхөр тань Өвөрхангайд сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч байсан гэлүү, кино шиг эхлэл юм аа?

     

    -Оюутан байхдаа гэр бүл зохиосон. Сургуулиа төгсөөд Өвөрхангайдаа очиж ажиллаж амьдарсан даа. Нөхөр маань Баянгол сумын хэсгийн төлөөлөгч байлаа. Арваад жил болоод хотод орж ирсэн. Одоо Төмөр замын цагдаагийн газарт даргаар ажиллаж байгаа.

     

    -Багшийнхаа ажлыг санадаг уу?

     

    -Би 1988 онд Орос хэлний багшийн дээд сургуулийг төгсч, нутагтаа багшилж байгаад 1995 онд Улаанбаатарт ирээд, Цагдаагийн академид гадаад хэлний танхимд нь орос хэлний багшаар ажилласан. 2000 онд Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд мэргэжилтнээр орсон юм. Боловсролын салбарт арав гаруй жил ажилласан. Багшийн ажилдаа дуртай. Багшийнхаа ажлыг санадаг. Миний олон арван шавь нар маань байна. Москвад докторантуртад яваад, дараа нь АПУ-д борлуулалтын компанид захирлаар ирсэн дээ. Ер нь суурь боловсролтой, хандлага зөв, мэдрэмж сайтай, ур чадвартай байхад чадахгүй мэдэхгүй юм байхгүй санагддаг.

     

    -Одоо та ихэнх цагаа юунд зарцуулж байна?

     

    -Нийслэлийн иргэдийн хуралд сууна. Бүлгийн хурал, хороодын хуралд оролцоно. Компаниа удирдана. Хан-Уул хөгжил сангийнхаа ажлыг хийнэ. Бага насны хүүхэдтэй учраас гэртээ багагүй цаг зарцуулдаг. Бага охин маань таван настай. Хоёр хүү өсгөсөн. Охин хүүхэд огт өөр юм билээ. Мэдээж өөртөө цаг гаргалгүй яах вэ. Театрт очиж, сайхан ном уншина.

     

    -Хамгийн сүүлд таны сэтгэлийг сэргээсэн ямар ном байв?

     

    -Мишел Обамагийн номыг уншлаа. Эрүүл хооллолтын талаар сүүлийн үед их уншиж байгаа. Миний сэтгэлийг Мишел Обама сэргээлээ. Энэ улс төр зөвхөн эрчүүдийн тоглоомын дүрмээр явдаг гэж боддоггүй. Эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд очоод байна гэж үздэг.

     

    -Г.Батхүү, П.Батсайхан гээд таны ах дүү хоёр олны танил эрчүүд. Тэдэнтэйгээ хэр холбоотой байдаг вэ. Тэд танд зөвлөдөг үү эсвэл эсрэгээрээ юү?

     

    -Аав ээжээсээ бид дөрвүүлээ. Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Шунхлай уулаараа овоглосон хүмүүс. Бид хоорондоо насны хувьд хол биш. Бизнес ч бай улстөрд ч бай зөвлөөд байдаггүй ээ. Ямар сайндаа намд элссэнийг маань ч ах мэдээгүй л байсан шүү дээ. Өөрийнхөө сонгосон зам, бодсон бодлоор л яваа.

     

    -Улс төрөөс гадна хоббигоороо хамрагддаг бүлэг байдаг уу?

     

    -Найзуудтайгаа спортын бүлэгт хамрагддаг. Ширээний теннис тоглодог байсан, волейбол сонирхдог.

     

    -Цуглуулгатай юу?

     

    -Багадаа ном их уншиж цуглуулдаг байсан. Аав ээж хоёр багш байсан, номоор тасардаггүй. Дэлхийн сонгодгуудыг бүгд уншдаг байлаа. Монгол шаазангийн цуглуулгатай. Удаан хугацаанд цуглуулсан 1000 гаруй шаазан урлал бий.

     

    -Та сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан хүн. Зарим оронд сургуулийн үдийн цайнд сүү өгөхийг чухалчилдаг юм билээ. Улс төрч эмэгтэйн хувьд сурагчдын үдийн цайнд анхаарал хандуулдаг уу?

     

    -Сурагчдын Үдийн цайнд анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Хөгжингүй орнуудын Үдийн цай ямар байдгийг нэлээд хэдэн орны жишээн дээр судалж үзсэн. Харьцуулж үзэхээр манайх хамгийн ядмаг нь байгаа юм. Үр хүүхдүүд маань эрүүл, экологийн бүтээгдэхүүн хэрэглэх учиртай гэдгийг хүмүүс анхаарахгүй өнөөг хүрлээ. БСШУЯ, Нийслэлийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газар, эцэг эхчүүд ч анхаарах учиртай. Зүй зохистой хооллохын ач холбогдлыг агуулгаар нь харахгүй байна. АПУ компанид захирал байхдаа “Маамуу” жүүс дөнгөж гарч байхад оруулаад өгөөч гэсэн чинь намайг өөрийнхөө бүтээгдэхүүнийг санал болголоо гэж хүлээж авсан. Тэгэхээр нь би орхисон. Ер нь хүүхдэд аяга сүү өгчих хэрэгтэй юм. Хан-Уул дүүргийн хэд хэдэн сургуулиудаар саяхан орж үзсэн. Сүүлийн үед үдийн цайны чанар арай дээшилсэн санагдсан. Төсөвтөө баригдаад, чанартай бүтээгдэхүүн өгч чаддаггүй юм билээ. Бусад орны жишиг харах хэрэгтэй.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН