Д.Эрдэнэбат: Хэтэрхий олон зүйл рүү орвол намын дүрэм задрах аюултай
    2016 оны 12 сарын 01 нд
    b19b12edf62d4f14417958f6ef7337fe.jpg

    Ардчилсан намын зургадугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

     

    -АН-ын зургадугаар Их хурлын бэлтгэл ажил ямар шатандаа яваа вэ. Яг ямар асуудлуудыг хэлэлцэх вэ. Сонирхсон хүмүүс их байна?

    -АН-ын зургадугаар Их хурал ирэх сарын зургааны өдрийн есөн цагт Соёлын төв өргөөнд болохоор товлогдсон. АН-ын 1210 төлөөлөгч оролцох бөгөөд төлөөлөгчдийг сонгох үйл явц ерөнхийдөө дуусч байна. Арванхоёрдугаар сарын хоёронд бүх төлөөлөгчдийн бүртгэл мэдээллийг авах ажиллагаа дуусна. Үүнээс цааш мандатаа олгоно. Их хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөгдсөн. Намын даргыг бүх гишүүдээс сонгох ёстой гэдэг шаардлага нийт гишүүд дэмжигчдээс гарсан. Тиймээс Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгад сунгаагаар буюу санал хураалтаар тодруулна гэдэг төсөл орсон байгаа. Бид бүх гишүүнийхээ хүсэл сонирхлыг биелүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Их хурлын 1210 төлөөлөгчийн хүрээнд намын дарга сонгох нь нээлттэй Ардчилсан намын эхлэлийг тавьж чадахгүй гэсэн гишүүдийн шүүмжлэлийг зөв гэж хүлээж авсан. Тиймээс Их хурлын дараагаас шинэчилсэн дүрмийн хүрээнд намынхаа даргыг сонгохдоо бүх гишүүнийхээ цахим шинэчилсэн бүртгэлийг хөтөлж дууссаны дараа явуулахаар төлөвлөж байна. 1210 төлөөлөгчийн анхан шатнаас сонгогдож байгаа буюу сумын анхан шат, нийслэлийн хорооны анхан шатнаас сонгогдох төлөөлөгчийн тоо 639 байх юм. Мөн ард түмнээсээ мандат авсан аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Их хуралдаа орно. Ард түмнээс мандат авсан энэ төлөөлөгчдийн тоо 307 байна. ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд нийлээд 264 хүн шууд орно.

    Түүнчлэн АН-ыг анх үүсгэн байгуулалцсан анхдагч 100 хүнээ урьж байгаа. Бид анхдагчдадаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Анхдагчид гэдэг бол манай намын үнэт зүйлсийн нэг яах аргагүй мөн. 26 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон анхдагчдад МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Монголын оюутны холбоо гэсэн дөрвөн том хүч манай намын үндэс суурийг тавьж байсан. Энэ хүмүүсээ урилгаар оролцуулъя гэдэг шийдвэр гарсан. Ингэснээр төлөөлөгчдийн бэлтгэл ажил дууссан гэж ойлгож болно.

    -Зургадугаар Их хурлын санхүүжилт нэг том босго болоод байгаа юм биш үү. Таныг ҮЗХ-ны гишүүдээсээ хоёр, хоёр сая төгрөг нэхсэн гээд байгаа?

    -Ардчилсан намын шинэчлэлд хүн бүрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Хурлаа зохион байгуулж байгаа нь энэ гээд ямар нэгэн өр зээл тавилгүйгээр гишүүд өөрсдөө мөнгөө босгоё гэдэг санаачилгыг бид дэмжиж байгаа. Ардчилсан намд ҮЗХ гэж сонгуульт гишүүд байдаг. ҮЗХ-ны 255 гишүүнд АН-ын Их хурлыг зохион байгуулахад хоёр, хоёр сая төгрөгийн хандив өргөөчээ гэдэг хүсэлт явуулсан. Үүнийг зөв гэж харж байгаа. Энэ ажиллагаа маш идэвхтэй явж байна. Хэрэв АН нээлттэй байя гэж байгаа бол өөрийнхөө санхүүжилтийг гишүүдийнхээ дэмжлэгээр босгож чаддаг байх ёстой. Түүнээс биш нэг хүнээс хараат байдлаар босгодог байдлыг үүгээр цэглэе гэж бодож байгаа. Хандивын үйл ажиллагааг нийт гишүүдийнхээ дунд явуулахаар ажиллаж байна.

    Ардчилсан намын Их хурал гэдэг зөвхөн нэг намын асуудал биш. Олон хүн өндөр хүлээлттэй байгаа. Монгол Улсын цаашдын төрийн, улс төрийн тогтолцооны асуудал хөндөгдөж байна. 26 жилийн өмнө эрх чөлөө, өмчлөх эрх гэх мэтээр олон зүйлийг олж авсан нь давуу тал ч гэсэн өнгөрсөн хугацааны тогтолцооны асуудал улс орныг улам хүндрүүлж байна гэдгийг харлаа. 26 жилийн нэг цикль дуусахад АН ямар байр суурин дээрээс, ямар зохион байгуулалттай бодлогын нам болж ажиллах вэ гэдэг анхны шинэчлэлийн эхлэлийг энэ Их хурал тавьж байгаагаараа онцлог юм. Тиймээс бид энэ Их хурлаа шинэчлэлийн Их хурал гэж нэрлэж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид хүний эрх, эрх чөлөө, улсын хөгжил гээд нэг талаасаа олон ололттой зүйлийн ард гарсан. Харин тогтвортой төрийн асуудал дээр бид алслагдсан. Хариуцлагатай ардчиллын тал дээр алслагдсан. Аливаа асуудал руу хэтэрхий их савж, туйлширдаг байдал бий болсон. Улс төр, нийгэм, эдийн засаг, хувь хүн талаасаа ч тэр Монгол Улсын ирээдүйг яаж ч зөв тийш нь авч явж чадахгүй болжээ гэдэг нь өнөөдрийн олон үйл явцаас тод харагдаж байна. Үүнд бид дүгнэлт хийх хэрэгтэй. Түүнээс биш хэдэн хүн цуглаад намын дүрмээ шинэчилж, дарга сонгоод явдаг байдлаар хэзээ ч ойлгож болохгүй. Энэ бол зөвхөн бидний шинэчлэлийн эхлэл.

    Бид бодлогын намтай байх ёстой. Өнөөдөр Ардчилсан намын дүрмийн хүрээнд бодлогын нам байна гэвэл хол сонгогдож байгаа байх. АН-ын дүрэм Үндсэн хууль болон дагалдах хуулиудыг дагаж гарч байгаа дүрэмтэй. Бодлогын нам болоход, энэ бодлогоо төрийн хэмжээнд хэрэгжүүлэхэд эрх зүйн орчин дутагдаж, эрх зүйн тогтолцоотой зөрчилдөж байгаа олон зүйл бий. Тиймээс Монгол Улс Үндсэн хуулийн шинэчлэл рүү явах ёстой. Үндсэн хуулиа шинэчилж зөв тогтолцоо руу орохгүй бол ийм байдлаар улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа хомс болж эхэлж байгаад санаа зовж байна. Тэр утгаараа энэ тал дээр ач холбогдол өгөх байх.

    -Намын дүрмийн шинэчлэлийг хэрхэн хийх вэ. 5-6 дүрмийн төсөл өргөн баригдсан гээд байсан даа?

    -Дүрмийн төслийг нээлттэй хэлбэрээр хэлэлцэж байна. Энэ буруу биш. Гэхдээ суурь зарчим нь өнөөдрийн бидний мөрдөж байгаа дүрэм байхгүй юу. Суурь дүрмэн дээр бодлогоороо нэгдсэн талуудын саналыг хараад суурь концепцио эвдэлгүйгээр ярилцаж байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд АН нээлттэй нам байх ёстой гэж байгаа юм. Бүр онцгой анхаарч байна. Энэ нь бидний зөв алхмын эхлэл. Нэг дарга, нэг хэсэг фракц бүлэглэлүүдээс хараат биш байх нь энэ намын дүрмийн онцлог байна. Бид бодлогын нам болохын тулд бодлого боловсруулах бүтцээ үндсэн дүрмэндээ хийлээ гэхэд Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль асуудал болж байна л даа. Нэг зүйл хэлэхэд ялсан улс төрийн намын бодлого төрийн бодлого болж хувирах нь зөв үү гэдэг дээр хариулт өгөх эрх зүйн орчин алга. Тэгэхээр АН шинэчлэл цаашид үргэлжлэхдээ намын дүрмийн концепци нь тодорхой байх ёстой. Хэлэлцүүлгийн үеэр зөвхөн дарга цэргийн асуудал тойрсон зүйл рүү битгий явчихаасай гэж байгаа юм. Хариуцлагын эхлэл нь энэ Их хурлаас тавигдаасай гэж байгаа юм л даа.

    -Их хурлаараа намын үндсэн дүрмийн шинэчлэл явах ч фракцуудын эрх ашгийг түлхүү тусгачих вий гэдэг болгоомжлол байна?

    -Ажлын хэсэг саналыг нь аваад нэгтгэж байгаа. Үүнийг эцсийн байдлаар хуралд оруулахын өмнө хоёр дамжлага давна. Өнөөдөр (өчигдөр) гэхэд Гүйцэтгэх зөвлөл хуралдаж ярина. Зөрчилдөж байна уу гэдгийг хэлэлцэнэ. Намын даргаа гишүүдээсээ дэмждэг байдлаа нэн тэргүүнд тодорхой болгох нь гол асуудал. Тэгэх юм бол фракц гэдэг зүйл байхгүй болох эхлэл нь энэ юм. Хэтэрхий олон зүйл рүү орох юм бол энэ намын дүрэм задрах аюултай. Гэхдээ бидний хүсч байгаа зүйл биш. Хүн бүрийн санаа оноог ганцхан манай намын дүрэмд ч гэлтгүй ямар ч зүйл дээр тусгах боломжгүй байдаг. Гэхдээ гол концепцид захирагдаж байгаа зүйлс зайлшгүй орох ёстой. Гүйцэтгэх зөвлөл хэлэлцсэний дараа дахин ажлын хэсэг ажиллаад Их хурлын өмнө ҮЗХ-гоор оруулах юм.

    -1210 төлөөлөгч хайрцагдахгүй гэх баталгаа бий юү. Та ч гэсэн намын даргад анхаарлаа хандуулчих вий гэлээ. Намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд л. Олон нийт бол тийшээ л анхаарч байна?

    -Намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй. Намын дүрмийн төсөлд тусчихсан. Намын дарга намын тэргүүн байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч сунгаагаар тодорно. Тиймээс тоглоомын дүрэм нь эхнээсээ ойлгомжтой байх ёстой. 1210 төлөөлөгчийн хэлэлцэх асуудал тодорхой байгаа болохоор талцаж, хуваагдаж, багцлагдах шаардлага байхгүй. Учир нь энэ хурлаар намын даргын асуудал яригдахгүй.

    АН-ын гишүүд дэмжигчид нээлттэй байдлаар намын даргаа сонгоно шүү гэж байхад үүнийг сөрнө гэдэг байж болохгүй. Тийм санал гаргах төлөөлөгч байхгүй байх. Энэ хурал даргын төлөөх зодоон болж хувирах юм бол АН гэлгүй Монголын ардчиллын ирээдүйн талаар ярьж чадахгүй.

    -Н.Алтанхуяг даргыг тойрсон баривчилгаа их явлаа. АТГ-т шалгуулахаар очлоо гэж байна. Байр сууриа илэрхийлээч?

    -Н.Алтанхуяг дарга гэлтгүй намын лидерүүдийг тойрсон гэмт хэрэг үйлдсэн гэдэг сенсаци маш их явж байна. Сенсаци дэгдээгээд байгаа нь өөрөө тийм ч сайн зүйл биш. Аливаа зүйл нотлогдоогүй байхад зөв, бурууг нь дүгнэх эрхгүй. Гэхдээ энэ яваад байгаа үйлдлүүд нь өөрөө нийгэмд буруу яваад байгаа юм биш үү. Хувь улстөрч гэхээсээ илүүтэйгээр ардчилал гэдэг үнэт зүйл хэрэггүй юм байна. Хулгайн үүр уурхай байдаг юм байна. Ардчилсан нам гэдэг чинь хулгайчдын нам юм байна гэдэг сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх зүйл түлхүү яваад байгаа юм биш үү. Энэ чинь буруу гэдгийг шүүмжилж байгаа. Тиймээс энэ тал дээр АН дуугарах ёстой. Нотлогдсон зүйл нь юу байгаа юм бэ. Аливаа нэг улс төрийн үйл ажиллагааны өмнө заавал нэг ийм зүйл гаргаж ирдэг нь зөв юм уу. Энэ зөвхөн манай намтай холбоотой асуудал биш. Бусад намууд, бусад хүмүүс дээр ийм асуудал үүсээд эхэлбэл энэ нийгэм чинь өөрөө юу болох юм. Нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал ус агаар шиг хэрэгтэй байна. Ард түмний харилцан ойлголцол ус агаар шиг хэрэгтэй байна. Даарин дээр давс гэгчээр ийм зүйл гаргаж ирж байгаа нь хэнд ашигтай байх юм. Үүнээс би хариулт нэхээд байгаа.

    -Нам доторх фракцууд Засгийн газраа унагахаас эхлээд олон сөрөг зүйл бий. Усанд хүртэл тунадас үүсэхэд ямар байдаг билээ дээ. Фракцын асуудлыг шинэ дүрмээрээ зохицуулах уу?

    -Энэ өөрчлөлт өнөөдөр яг явагдаж байгаа гэж ойлгож болно. Хүн тойрсон фракц, эрх ашиг тойрсон фракцын асуудлыг тэглэе гэж байгаа юм. Бодлогоороо нэгдэх зүйл хаана ч байдаг. Нээлттэй байхын бас нэг онцлогийг тодорхой хэлээд өгье. Намын даргыг яагаад бүх нийтээс сонгох гээд байгаа юм бэ. Яагаад гэвэл намын дарга аль нэг фракцид харьяалагдахгүйн тулд бүх гишүүдээс сонгох нь чухал. Хоёрдугаарт, бүтцийн төлөөллийн байгууллагууд юу хийх вэ гэдгээ цэгцэлье гэж байгаа юм. Бүтцийн төлөөллийн байгууллага дарга, цэргийн асуудал ярихаа больё гэж байгаа юм.

    ҮЗХ, аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороод бодлогын байхын тулд хүний асуудал ярихаа больцгооё. Тухайлбал, ҮЗХ хуралдахаараа л намын даргын асуудал ярьдаг нь нийгэмд нээлттэй болчихлоо. Одоо харин ҮЗХ-оор даргын асуудал ярихгүй. Даргын асуудлыг гишүүд л мэддэг болж байгаа. ҮЗХ харин улс төр, нийгэм, эдийн засгийн бодлого ярина. Энэ тал дээр баг байдаг юм уу, бүлэг байдаг ч юм уу болоод ярих нь нээлттэй байдаг зарчим руу явъя гэж байгаа юм. Бидний сонголтын зарчим, зохион байгуулалтын зарчим ямар байх вэ гэдгээс бүх зүйл хамаарч байгаа хэрэг. Тиймээс цаашид хүн тойрсон, эрх ашиг тойрсон явцуу асуудал нэг мөр байхгүй болно. Хэрэв бид үүнийг хүлээн зөвшөөрчихөөд тухайлбал, Их хурал дээр намын даргын асуудлаар багцлах гээд байвал яах вэ. Хэрэв тэгвэл фракц улам өндийж байгаа хэлбэр болно. Гэхдээ ийм явдал гарахгүй. Учир нь АН чинь ард түмний үнэт зүйл байхгүй юу. Хэн нэгний ашиг сонирхлын туухай болж болохгүй. Үүн дээрээ хатуу зогсож чаддаг байх хэрэгтэй.

    -Фракцид хамаардаггүй гишүүд хождог л доо. Манайхны хэлдгээр поп гишүүд. Тэгэхээр поп нөхөд улам олшрох юм биш үү. Их хурлаас ямар үр дүн гарна гэж харж байгаа вэ?

    -2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ардчилсан нам гэдгийг байгуулсан. Энэ 16 жилийг харах юм бол хүнээр нэг үе өнгөрч байна гэсэн үг. Энэ сургамжаас харахад зөвхөн АН-ын дотоод зөрчил, ололт амжилтын асуудал биш гэдэг нь тодорхой болчихсон. АН-ыг дагасан Монгол орны өөрийнх нь хувьсан өөрчлөгдөж байгаа байдал адилхан юм байна гэж харж байгаа. Тиймээс 16 жилийн Монголын хувь заяа, АН-ын хувь заяа хоёр ижил юм шүү. АН олонхи, цөөнх байсан тухай ярихгүй. Харин үндэсний хэмжээний ард түмэн саналаа өгч байсан намын хувьд ярьж байгаа юм. Цаашид ч ард түмэн саналаа өгнө. 16 жилийн дараа болж буй энэ хурал Монгол Улсыг нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэчлэл рүү түлхсэн хурал болоосой гэж хүсч байна. Ийм ухамсартай төлөөлөл ирээсэй. Үүн дээрээ ач холбогдлоо өгч ярилцаасай. Түүх өнөөдөр бичигддэг ч үнэн зөвийн талаар нэлээд хэдэн жилийн дараа ард түмэн шүүнэ. Тиймээс АН-ын зургадугаар Их хурал түүхэн хурал болно. Зүгээр нэг дарга тойрсон явцуу эрх ашигтай, шүүмжилсэн, дайрсан хурал болохгүй.

     

    Эх сурвалж: Өдрийн сонин Э.ЭНХБОЛД