С.Эрдэнэ: Зардлаа босгох чадваргүй бол яаж сонгуульд явах юм бэ
    2016 оны 12 сарын 19 нд
    99eee393761490355803c20af1bdfe8e.jpg

    УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -ӨӨРТӨӨ ТАТАЖ ЧАДДАГ БАЙЖ УЛС ТӨР ХИЙДЭГ- 

    -Ардчилсан нам Их хурлаа хийгээд шинэчлэлийн эхлэлийг тавилаа гэж дүгнэж байх шиг байна. Таны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

    -Ардчилсан нам сүүлийн зургаан жил Их хурлаа хийгээгүй байсан. Төгс төгөлдөр юм гэж байдаггүй. Алдаа, оноотой асуудлууд байсан байх. Гэхдээ Их хурал урдаа тавьсан зорилтоо бүрэн биелүүлж хуралдаж чадсан.

    -Өмнө нь Ардчилсан нам Их хурлаа хийж чадах уу, үгүй юу гэсэн асуулт их гарч байсан даа?

    -Манай намыг Их хурлаа хийж чадах нь уу, үгүй юу гэж олон түмэн анхааралтай харж байсан. Олон улс төрийн хүчин, дотоод, гадаад хүчин зүйлийн нөлөөллүүд Ардчилсан нам Их хурлаа хийж чадахгүй гэсэн бодолтой байсан байх. Тэгвэл Ардчилсан нам дотоод асуудлаа шийдвэрлэж чаддаг, нэг байтугай нэлээн хэдэн Их хурлаа хуралдуулдаг, улс орны бодлогыг тодорхойлох чадвартай улс төрийн хүчин гэдгээ ил тод харуулж чадлаа.

    erdene-Намын дүрмээ шинэчлэн батална гэсэн чинь 1-4 дүгээр бүлгээ баталсан байна лээ. Намын даргыг сонгох нь цаг хугацааны асуудал байсан учраас намын даргын сонгуультай бүлгийг батлав уу? Үнэхээр хоёр хоногийн дотор дүрмийн төслөө бүгдийг нь баталж амжихгүй байв уу?

    -Намын бүх шатны удирдлагуудыг шинээр сонгох, ялангуяа намын даргын асуудал онцгой байр суурьтай байсан. Дүрмийн бүрэн төгс найруулга, өөрчлөлтийг намын шинэ удирдлага эцэслэн батлуулах нь зүйтэй гэж үзээд орхисон байгаа. Гэхдээ дүрмийн шинэчлэлтийн гол санаанууд орсон. Намын гишүүнчлэлийн асуудал, намын бүх шатны удирдлага бүтцийг бий болгох асуудлыг үндсэндээ баталсан.

    -Одоо Ардчилсан намын даргыг сонгох сонгууль анхаарлын төвд байгаад байх шиг байна. Таны хувьд намын даргад нэр дэвшихээр бүртгүүлсэн. Ямар үндэслэлээр намын даргад нэр дэвших шийдвэр гаргасан бэ?

    -Ардчилсан намын даргад нэр дэвших нь бүх хүнд нээлттэй. Тэрний нэгэн адил Ардчилсан намын гишүүний хувьд, анх байгуулагдсан цагаас эхлээд 26 жил энэ намын төлөө зүтгэсэн хүний хувьд шийдвэр гаргасан. Ардчилсан нам улс орны бодлогыг тодорхойлогч тэргүүлэгч нам байгаасай гэж хүсч байгаа. Тэрэнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулъя гэдэг бодлоор намын даргад нэр дэвших саналаа өгсөн. Өнөөдөр /өчигдөр/ албан ёсоор бүртгүүлж байгаа. Нэр дэвшигчдийн сунгаад оролцоод, сонгуульдаа оролцоно.

    -Нэр дэвшигчдийн намдаа өгөх 250 сая төгрөгийг шүүмжилж байгаа хүн цөөнгүй байна. Мөнгөн дүнгийн хувьд бага тоо биш. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

    -Мөнгөн дүнгийн хувьд бага тоо биш л дээ. Гэхдээ улс орны хэмжээнд АН-ын даргын сунгааг зохион байгуулахад маш их зардал гарна. 21 аймаг, 330 гаруй сум, есөн дүүрэг, 152 хороогоор явна гэдэг бол төрийн сонгуулиас дутахааргүй зардал гарч байгаа. Мэдээж нам дотоод нөөц бололцоогоо дайчлаад ажиллаж байна. Бид Их хурал дээр илэн далангүй ярилцсан. Үнэхээр намын даргын сонгуулийн зардлыг гаргах мөнгө АН-д байхгүй. Хоёрдугаарт, Ардчилсан нам төсвөөс санхүүждэг нам биш. Ардчилсан нам бол гишүүд дэмжигчдийнхээ хандив дээр тогтдог. Энэ их хэмжээний мөнгийг гаргах боломж байхгүй. Харин нэр дэвшигч нар өөрсдөө зардлаа хариуцаад сонгуульд оролцъё гэсэн. Энэ бол намын даргад тавьж байгаа бас нэг шалгуур. Аль ч улс оронд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн баян, таргандаа нэр дэвшдэггүй. Улс төрч хүний бас нэг чадвар бол мөнгө босгох, өөрийгөө олон түмэнд зөв ойлгуулах, хүрээлэл бий болгох, тэр дотроосоо санхүүгийн дэмжлэг олж авч чаддаг байх. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Дональд Трамп бол Хиллари Клинтоноос хэд дахин илүү баян. Гэхдээ Хиллари сонгуулийн зардлаа Трампаас илүү босгож чадсан. Энэ бол түүний бодлогоо олон түмэнд таниулж чадсан улс төрчийн чадвар. Трамптай энэ тэнцүү өрсөлдсөн. Улс төрч хүнд нэг том чадвар байх ёстой. Санхүүгийн хувьд мөнгө босгох, өөртөө татаж чаддаг чадвартай байж улс төр хийдэг юм.

    erdene

    -ОРЧИН ҮЕИЙН НАМ ЭРХ АШИГ, АЛБАН ТУШААЛЫН
    НЭГДЭЛ БОЛЧИХООД БАЙГАА-

    -Намын даргад бүх хүн нэр дэвших нь нээлттэй гэж байгаа боловч нөгөө талаараа хэт өндөр мөнгөний босго тавьж байгаа нь мөнгөтэй хүмүүсийн нэр дэвших боломжийг хангаж өгч байна гэх шүүмжлэл бас байна?

    -Мөнгөтэй хүмүүсийг биш, мөнгө босгох чадвартай хүмүүсийн боломжийг нээж өгч байгаа юм. Түүнээс биш мөнгөтэй хүмүүст нээгээгүй. Энэ бол тухайн дэнчин буюу зардлын тодорхой хувь шүү дээ. Зардлаа босгох чадваргүй бол яаж сонгуульд явах юм бэ.

    -Намын даргын албан тушаалыг тодорхойлвол?

    -Аль ч шатанд гараад явна, энэ том намыг толгойлоод явахад мөнгө санхүү босгох чадваргүй, би ядуу гээд суугаад байвал энэ нам яах вэ. Хэн авч явах юм бэ, хэн хөдөлгөх юм бэ. Тиймээс намын дарга бол маш том үүрэг хариуцлага хүлээдэг албан тушаал. Зөвхөн намыг удирдан зохион байгуулах, бодлого тодорхойлохоос гадна аж ахуй, амьдрал, бүх ачааг үүрнэ. Тэгэхээр энэ бол маш том хариуцлага.

    -Намын даргад нэр дэвшихэд тодорхой ямар шалгуурууд тавьж байгаа вэ?

    -Мэдээж намын гишүүн байх ёстой, энэ намд тодорхой үүрэг гүйцэтгэсэн байх ёстой. Бичигдсэн, бичигдээгүй олон хууль, дүрэм байна. Намын сонгуулийн үйл ажиллагааны явцад бүхэл бүтэн нам байгуулаад, энэ намын олон нэр дэвшигчийн саналыг хуваагаад амжилтад сөргөөр нөлөөлж байсан хүн гэнэт өнөөдөр эргэж орж ирнэ гэдэг ч юм уу намын даргад нэр дэвшинэ гэвэл ёсзүйн хувьд яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй асуудал.

    -Сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар хийх юм байна. Нэр дэвшигч ганцаарчилж сурталчилгаа хийхгүйг та зөв гэж бодож байна уу?

    -Нам нэгдсэн байдлаар намын даргын сонгууль, сурталчилгааг зохион байгуулах ажлыг хийнэ. Мэдээж сурталчилгааны материалыг бэлдэх, нэгдсэн үйл ажиллагаанд оролцож өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь нэр дэвшигчдийн өөрийнх нь үүрэг. Нэр дэвшигч ганцаарчилан сурталчилгаа хийхгүй гэдэг дүрэм журам гарвал тэрийгээ дагана даа.

    erdene

    -Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөө боловсруулаад дууссан уу. Ямар чиглэлээр боловсруулсан бэ?

    -Мөрийн хөтөлбөрөө боловсруулаад дууссан. Би намын шинэчлэлд өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор намын үзэл баримтлалын төслийг боловсруулаад, төслийн хэмжээнд хэвлээд, 330 гаруй сум, нийслэлийн 9 дүүрэг, 150 хороонд хүргүүлсэн. Намын үндсэн дүрмийн төслийг боловсруулж хүргүүлсэн. Жишээ нь, намын үзэл баримтлал, үндсэн дүрэм нь ийм байх юм гэдэг санаагаа боловсруулаад хүргүүлчихсэн байгаа гэсэн үг. Мөрийн хөтөлбөр тусдаа. Үйл ажиллагаа, бодлого, зорилт ямар байх вэ гэдгээ гаргасан.

    Энэ нам ямар нэгэн угшил гарал дээр тулгуурласан фракцуудын нэгдэл биш, энэ нам бол үзэл санааны цогц нэгдлийн бодлогын институц байх ёстой. Тэгэхээр бидний үзэл санааны туг юу вэ, ямар үзэл баримтлалтай бодлоготой нам бэ гэдгээ нэгдүгээрт тодорхойлох ёстой. Тэрэн дээрээ тулгуурлаад намын болон гишүүдийн үнэт зүйлээ тодорхойлох ёстой. Жишээ нь, энэ төсөлд АН-ын гишүүдийн эрхэмлэх үнэт зүйл гэж тусгасан. Эх орон тусгаар тогтнолоо хамгаалагч байна. Эх орныхоо тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалагч байх асуудлыг дэмжинэ, эдийн засгийн явцуу сонирхолыг дэмжихгүй гэх зэргээр ерөнхийд нь томьёолж өгөхийг оролдсон. Дээр нь нам үзэл санааны тунхагтай байна. Үзэл баримтлалын найман бүлгийг дээдэлнэ.

    АН-ын гишүүдийн эрхэмлэх таван үнэт зүйлийг оруулж өгсөн. Үүнийг гишүүд ойлгож, дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа бол энэ намын гишүүн байна. Тэрнээс биш энэ намд хэн нэгэн таалагдсан лидер ч юм уу, хэн нэгэнд таалагдсан фракцид элсэж орох замаар намд орж байгаа бол тэр хүн намын гишүүн биш. Оюун санаа, үзэл бодол зорилгоороо нэгдэж байж нам болдог. Орчин үеийн нам бол эрх ашиг, албан тушаалын нэгдэл болчихоод байгаа байхгүй юу. Ийм байдлаар нэгдсэн намууд хэзээ ч улс орныхоо сайн сайхны төлөө ажиллахгүй. Бодлогын, үзэл баримтлалын, үнэт зүйл дээр төвлөрч бий болсон нам бол улс орныхоо хөгжлийн төлөө явдаг.

    -Сонгуулийн сурталчилгааны хугацааг боломжтой гэж харж байгаа юу. 21 аймаг, есөн дүүргээр сурталчилгаа хийхээр багагүй хугацаа зарцуулах байх?

    -Сумдаар бол орохгүй. Аймгийн төв дээр бүх сумын төлөөлөл ирнэ. Нэгдсэн уулзалтууд хийнэ. Орон нутагт 21 удаагийн уулзалт, нийслэлд есөн уулзалт хийнэ. Жишээ нь, таван нэр дэвшигч явлаа гэхэд нэг уулзалт дээр нэг асуултад таван нэр дэвшигч өөр, өөрийнхөөрөө хариулна. Мөн тухайн орон нутгийн телевизээр шууд ярилцлагад орно. Иймэрхүү байдлаар яваах байх.

    Ж.ГАНАА