АН-ын даргын сонгуульд оролцохын тулд яах ёстой вэ?
    2016 оны 12 сарын 26 нд

                 Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл болон намын даргын сунгааны талаар мэдээлэл хийлээ. 
    АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл энэ сарын 8-аас эхэлсэн ч улс орон даяар бүртгэлийн ажил удаашралтай байгаа юм. Шинэчилсэн бүртгэлд зөвхөн намын батлахтай хуучин гишүүдээ хамруулж байсан юм.

     

    Харин намын батлахаа гээгдүүлсэн болон АН-д шинээр элсэх хүмүүсийг өнөөдрөөс сум дүүрэг, АН-ын төв байранд бүртгэж эхэллээ.

    Шинээр элсч байгаа хүмүүс нь намын даргын сонгуульд оролцож санал өгөх эрхтэй болж байгаа юм. Үүнийг зохицуулсан намын даргын тушаал гарсан гэдгийг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлсэн юм.

    АН-ын батлахтай 180 мянган гишүүн байдаг боловч шинэчилсэн бүртгэлдээ идэвхгүй хамрагдаж байгаа ажээ. Тиймээс АН-ын төв байранд шинэчилсэн бүртгэлийг хийж эхэллээ.

     

              Мөн АН-ын гишүүн та харьяа дүүрэг, үүрийнхээ намын байранд очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой юм. Шинэчилсэн бүртгэл нь ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.

    АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт уулзалт хийгээд байгаа юм.

     

    Өнөөдөр Төв аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна.

    АН-ын даргад нэр дэвшигчдийн хувьд Сонгуулийн хорооноос баталсан дотоод журмын дагуу уулзалт, сурталчилгаагаа хийж байгаа юм.

    Тухайлбал, нэг нэр дэвшигч сурталчилгаандаа хоёроос илүү машин авч явахгүй, 00.00 цагаас хойш хүнтэй уулзахгүй, албан ёсоор штаб байгуулахгүй байх зэргийг журмаар зохицуулсан байна.