ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ
    2016 оны 12 сарын 31 нд
    4e4d2183b57bd2e05e726650c76f341a.jpg

    Эх орныхоо өнцөг булан бүрт болон дэлхийн улс онуудад ажиллаж, амьдарч байгаа нийт монгол түмэндээ  ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.

     

               Улиран одож буй 2016 онд төрийн эрх барих дээд байгууллага УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль явагдаж, Ардчилсан нам УИХ-д цөөнх болж, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх боллоо. Харин сум, дүүргийн сонгуулиар 104 сум, Нийслэлийн гурван дүүрэгт ялалт байгуулж, 2600 орчим төлөөлөгч Иргэдийн хуралд сонгогдсон нь Ардчилсан нам үндэсний хэмжээний улс төрийн хүчин болохыг нотолж байна.

               

               Ардчилсан нам төрийн эрхийг шилжүүлэхдээ 1.4 тэрбум ам.долларыг сангийн авдарт нь үлдээж, их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон олон арван дэд бүтцийн шинэ байгууламж, мянга гаруй үйлдвэр, нийслэлийг аймгуудтай холбосон 3000 км авто зам бүхий эдийн засгийг хүлээлгэн өглөө. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарын эрх зүйн бодлогыг зах зээлийн эдийн засгийн зарчимтай нийцүүлэн боловсронгуй болгож, ипотекийн зээлээр 80 мянган өрхийг орон сууцаар хангаж, аймаг нийслэлийн дэд бүтэц барилга байгууламжийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өөрчлөн шинэчилж чадсан. Жил бүр малчин түмний хичээл зүтгэлийн үр дүнд Монгол Улсын мал сүргийн тоо тасралтгүй өсч, энэ жилийн тооллогоор  малын тоо 61.5 саяд хүрсэн байна.

     

               Харамсалтай нь төр, засгийн эрхийг дангаараа авсан МАН-ын эрх баригчид хэдхэн сарын дотор Монгол Улсын  хөгжлийн чиг хандлагыг будлиулж, эдийн засаг, банк санхүүгийн хүчин чадлыг огцом унагаж, ард түмний амьдралыг  доройтуулж байгаад Ардчилсан нам гүнээ харамсаж байна. МАН-ын явуулж буй бодлого үнэхээр ойлгомжгүй болж байгааг зөвхөн Таван толгойн ордын талаар баримталж буй бодлогоос нь харж болно. Ардчилсан нам үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, газрын доорх баялаг ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг хатуу баримталж, Таван толгойн  ордыг ард түмний мэдэлд үлдээсэн. Гэтэл  энэ ордтой холбоотой улс төр тойрсон асуудлын үйл явцыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар "Тавантолгой"-г  зарахаар болж байх шиг  байна. Үүнийг Ардчилсан нам хэзээ ч зөвшөөрөхгүй бөгөөд хувьцаа эзэмшигч хоёр сая монголчуудынхаа эрх ашгийг тууштай хамгаалж тэмцэх болно гэдгээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах энэ цаг мөчид хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

     

               Эрхэм монголчууд аа,

               Ардчилсан нам 2016 оны  сонгуульд ард түмнийхээ өгсөн сонголтод бодитой дүгнэлт өгөх зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 6-нд VI их хурлаа зарлан хуралдуулж, намын шинэтгэлийн хөтөлбөрөө тодорхойлсон. Энэ хүрээнд намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж намын даргаа бүх гишүүдийнхээ саналыг үндэслэн тодруулах ажлыг эхлүүлж, нэр дэвшигчид орон нутагт ажиллаж байна. Энэ бол манай намын шинэтгэлийн эхлэл.

               Ардчилсан хувьсгалын манлайлагч болж, 26 жил ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж ирсэн  Ардчилсан нам  хариуцлагатай, хүчтэй, зоригтой бодлого тодорхойлогч нам байх нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангаж, хөгжиж урагшлахад амин чухал үүрэгтэй. Тийм байхыг Монголын ард түмэн биднээс хүсч хүлээж байна.

               Намын их хурлаас баталсан шинэтгэлийн хөтөлбөрт “Ардчилсан нам эв нэгдэлтэй, нээлттэй, цахимжсан, үзэл санаа, үнэт зүйлээ эрхэмлэсэн, бодлогын, хариуцлагатай нам” байхаар тодорхойлсон.  Ардчилсан намын гишүүд намаа шинэтгэх үйл хэрэгт хамтран зүтгэж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд тодорхойлсон зорилтуудаа шат дараалан хэрэгжүүлснээр Монголчуудынхаа итгэлийг хүлээдэг нам болно.    

     

               Эрхэм монголчууд аа,

               Бидний төрж өссөн өлгий сайхан нутаг-Монгол эх оронд  минь 2017 он айлчлан ирж байна. Айл өрх бүр шинэ оноо баяр хөөр, цэнгэл жаргалаар дүүрэн угтаарай. Та бүхэндээ ирж буй 2017 ондоо эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

            Та бүхэн Сайхан баярлаарай.

    Ардчилсан намын дарга Зандаахүүгийн ЭНХБОЛД