Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    2017 оны 01 сарын 13 нд
    87d42047522b0b2258a956e86106f51a.jpg

    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2017.01.12/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг парламентад суудалгүй намуудын төлөөллийг хамруулан зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон орон тооны бус зөвлөхүүд, Ардчилсан нам, Монгол Ардын хувьсгалт нам, Монголын Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын Үндэсний ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам зэрэг 20 орчим улс төрийн хүчний төлөөллүүд оролцов.

     

     

    Тус хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж даргалж, УИХ-ын гишүүн Л.Болд "Монголын Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл"-ийн танилцуулга, Монголын Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл "Үндсэн хуулиар төрөө урлах тухай" илтгэл хэлэлцүүлж санал бодлоо солилцлоо.

    Уг хэлэлцүүлэгт оролцсон намуудын төлөөллийн санал, дүгнэлтийг хүргэж байна.

     

    рдчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр:

    -Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг манай нам Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцээгүй байгаа. Энэ хуулийн төсөлд бид нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй байна. СЕХ хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн бүхий л сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрны ажилтнуудыг шууд томилохоор заасан байна. Энд сонгуулийн дараа төрийн албанд томилсон өөрсдийн хүмүүсээ оруулж, зохион байгуулна. Гэтэл сонгуулийг будлиантуулсан хүмүүсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнийг 21-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Энэ бол хэтэрхий бага мөнгө. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай. Сонгогчийн нэрсийн жагсаалт гэсэн бүлэгт “Сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсгийн хороонд бүртгэнэ” гэж заасан байна. Үүнийг хянах тогтолцоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөгчид тусгай программаар тухайн сонгогчийг өөр газарт давхар бүртгэсэн үү гэдгийг шалгах бололцоог хангах нь чухал. Энэ бол “царааны нүүдэл”-ээс хамгаална гэсэн үг. Түүнчлэн “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн хүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг СЕХ жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Одоо бол СЕХ ганцхан намын төлөөлөл болсон. Тиймээс нэр дэвшигчийг сонгуулийн өмнөхөн гүтгэж, улмаар жагсаалтаас хасах магадлал байна.

     

    -МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

    -Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж хоёр удаа мэдэгдэл хийсэн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Хуулийн төслөөр МАН, АН болон МАХН гэсэн гурван намаас л нэр дэвших боломжтай байгаа юм. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг төсвөөс гаргах нь зардал, сурталчилгаа гээд бүх зүйл эрх тэгш байх боломж бүрдэнэ гэж үзэж, хуулийн төсөлд оруулах санал гаргасан ч хүлээж аваагүй. Хоёрдугаарт хуулийн төсөлд Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай нам дангаараа эсвэл хамтарч нэр дэвшүүлнэ гэж заасан. Хамтарч гэдгийг манай нам УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн хүчин хамтарч оролцоно гэж ойлгож байгаа. Гэтэл УИХ-д суудалгүй нам нэр дэвшигчийг дэмжиж оролцоно гэж заасан байгаа нь дээрх боломжийг хааж байна. МАН-аас манай намд элссэн олон гишүүн бий. Гэтэл энэ хуулийн төсөлд “Нэр дэвшигч нь хуучин намынхаа дүрмийн дагуу гарсан байх ёстой” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, манай намаас нэр дэвших хүмүүсийг "МАН-ын дүрмийн дагуу намаасаа гараагүй байна” гэж хэлээд хасах гэж байгаа хэрэг. Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч нь тухайн оныхоо нэгдүгээр сарын 01-нээс өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой гэж заасан. Нэгдүгээр сарын 01 өнгөрсөн тул төрийн албан хаагч нэр дэвших ямар ч боломжгүй боллоо гэсэн үг. Мөн сүүлийн 5 жилд эх орондоо байнга оршин суусан байх ёстой гэсэн заалт бий. Гадаадад амьдрах, ажиллах, эмчлүүлэх, суралцах нь Үндсэн хуулиар олгосон эрх.

     

     

    -МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл:

    -Ерөнхийлөгчийн статусыг нэр хүндтэй байлгахын тулд УИХ болон орон нутгийн сонгуулиас өөр хуулиар явуулах нь зөв. Хуулийн төсөлд Үндсэн хуулийн заалтуудыг оруулсан байсан. Нэр дэвшигчийн насны хязгаар, эх орондоо байсан хугацаа зэрэг нь бүгд л Үндсэн хуульд байгаа заалт. Тэгэхээр аль нэг намын төлөө боловсруулсан төсөл гэж хэлж болохгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй л бол энэ хууль ийм байхаас өөр арга байхгүй. Манай намын хувьд Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий гэж үзэж байна. Үндсэн хуулийг өөрчлөөгүй тохиолдолд одоо хэн ч Ерөнхийлөгч болсон нийгэм, эдийн засгийн амьдралд ахиц, дэвшил гарахгүй.