АН-д одоо мөнгө төгрөг, эрх мэдэл биш эв нэгдэл чухал байна
    2017 оны 01 сарын 18 нд
    739fbb14a63686a2b6e815d724c79b87.jpg

                    АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлсэн таван эрхэм нэгдүгээр сарын 16-ны цас бударсан өдөр Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт тус аймгийн гишүүдийн төлөөлөлтэй уулзалт хийв. Гадаа хасах гучин хэмийн хүйтэн тачигнаж, орон нутгийн зам харгуй тэс хөлдүү, хальтиргаа гулгаа ихтэй ч нэр дэвшигчид нэг аймгаас нөгөө аймаг руу шөнөжин давхиж хүрээд өдөржин гишүүдтэйгээ зөвлөлдөн ярилцсаар Дархан-Уул аймагт ирээд байгаа нь энэ. Энэ бол тэдний 21 дэх уулзалт. Нэг газарт буудаллаж, нэг ширээний ард аяны зоог барьж яваа таван нэр дэвшигчийг муудалцуулан хагардуулах гэсэн мэдээлэл сүүлийн үед сонин хэвлэл, сошиал буюу интернэтийн сайтууд, твиттер, фэйсбүүкээр тасралтгүй гарах болжээ. “Эвтэй таван нэр дэвшигч эвгүй муухай явж байна”, “Эгээтэй л бие биеэ нударчихалгүй явна” гэх мэт худал цуурхал ч эрчимтэй тарж байна.

     

    Энэ хэд хоногт миний бие энэ таван хүнтэй  хань бараандаа явж өдөр бүр уулзалтанд нь оролцож байгаа тул хэрэлдэж зодолдох нь бүү хэл хачин эвтэй явааг нь гэрчилж чадна. Өдөр өнгөрөх тусам илүү ойртон нягтарч байгааг нь ч ажиглаж яваа юм. Гэтэл таван хэсэг талцуулж, хэрэлдүүлж муудалцуулах гээд байгаа нь хэнд ч ашигтай юм бэ бүү мэд. Аль нэг аймагт уулзалт хийх үеэр, мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр үзэл бодлын ялгаа гарч, өөр зуураа маргалдаж мэтгэлцэх явдал байгаа ч энэ бол хаа ч байдаг л зүйл. Үүнийг дэвэргэн хөөрөгдөж нэр дэвшигчдийг “харлуулах” сонирхол  байгаа нь харамсалтай. Хагардуулах зорилготой хүмүүс ч хаа сайгүй байх шиг. Өвлийн хар хүйтэнд мөнгө төгрөг, шатахуун тос заран байж худал гүтгэлэг, хов живийг сөрөн хамаг “нерв”-ээ барж, намынхаа гишүүдэд урам зориг өгч эв нэгдэлтэй хүчирхэг нам бий болгохоор тэмцэж яваа таван нэр дэвшигчийн зориг, зүтгэлийг жаахан ч атугай үнэлэх сэн гэж би тэмдэглэл болгондоо дурдаж байгаа нь хоосон зулгуй үг биш юм. Энэ удаа тэдний зориг зүтгэлийг үнэлж, гутааж мохоохгүй байвал Монголын улс төрд шинэ эргэлт гарч, улс төрчдийн соёл нэг шат ахина. Хамгийн гол нь монгол төрийн бат бэх байдал, эв нэгдэл, монголчууд бидний ирээдүйн амьдралд тустай юм.

     

    Дархан-Уул аймгийн АН-ын үүр шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг эв түнжин муутай гэдгийг олон түмэн сайн мэдэх биз ээ. Нэгдүгээр сарын 29-нд болох Ардчилсан намын даргыг сонгох сонгууль орон нутаг дахь намын үүрүүдийн иймэрхүү талцал хагаралдааныг үгүй хийж, нэгдмэл удирдлагатай болгоно. Чухам үүнийг ихэнх аймгийн намын гишүүд тэсэн ядан хүлээж байгаа нь үг бүрээс нь анзаарагдаж байсан билээ. Ардчилсан намд одоо мөнгө төгрөг, эрх мэдэл биш эв нэгдэл хамгийн чухал гэдгийг гишүүн болгон нь ойлгосон байна. Таван нэр дэвшигчийн уулзалтын үеэр хэлж байгаа үг бүрийг буулгана гэвэл цаг ч багадна, цаас ч багадна. Гагцхүү олны талархалыг хүлээсэн, онцгой сэтгэгдэл төрүүлсэн үгсийг нь түүвэрлэх байдлаар тэмдэглэлдээ оруулж байгаа гэдгээ дурдах нь зөв болов уу.  

     

    Сунгаанд нэр дэвшигч С.Эрдэнэ Дархан-Уул аймагт хийсэн уулзалтын салхийг хагалан “Өнөөдөр намд элсэж байгаа шинэ гишүүд аль нэг фракц аль эсвэл хүчтэй лидерийг бараадаж дагаж явах хувь заяатай нүүр тулж байна. Энэ бол маш буруу тогтолцоо. Өнөөдөр бүгд л фракц бүлэглэлийг устгана гэж орилж хашгирч байна. Тэгсэн хирнээ яаж устгахаа ярихгүй юм. Фракц бүлэглэл гэдэг чинь устгана гэж хэлэхээр устчихдаг юм биш. Намын шинэ дүрмээр, нийт гишүүдээсээ сонгогдсон зангарагтай дарга л фракц, бүлэглэлийг үгүй хийж чадна. Нам ялагдангуут Америк, Сингапур гээд гадаадын улс орнууд руу нисээд явчихдаг усны шувуу шиг гишүүд олон болсон. Ардчилал болон Ардчилсан намын нэр хүндийг гутааж хаячихаад алга болж байгаа ийм хүмүүсийг ч гэсэн намаас үтэр түргэн зайлуулах цаг болсон. Халуунд халж, хүйтэнд хөрч хамаг муу нэрийг нь үүрч яваа “жинхэнэ” гишүүдтэйгээ хамт байх даргыг та бүхэн сонгоорой” гэсэн бол түүний дараа нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Манай намын гишүүд намын даргаа сонгох сонгуулийг ингэж  хариуцлагатайгаар ойлгож, идэвхитэй оролцож байгаа нь нам хүчирхэгжихийн эхлэл гэж бодож байгаа. Дархан-Уул аймгийн гишүүд намынхаа нэг хүчирхэг жигүүр болохын төлөө эв нэгдэлтэй байх хэрэгтэй” гэж захиж байлаа. Харин Н.Алтанхуяг нэр дэвшигч “МАН өнөөдөр юу хийхээ мэдэхгүй амаа ангайгаад гайхаад сууж байна. УИХ-д 65 суудал авна гэж санасангүй гэж дуулаад явж байна. “Монгол хүн 2020” хөтөлбөр шиг улсаа хөгжүүлэх хөтөлбөр МАН-д байхгүй юм чинь арга байж уу” гээд мөрийн хөтөлбөрөө танилцуулж байв. Нийт хорь гаруй уулзалтын турш тэрбээр намын гишүүддээ урам зориг өгч байгааг энд дурдах нь зөв байх.

     

    Түүний дараа Лу.Гантөмөр нэр дэвшигч “Би 26 настайдаа энэ намд элсэж байсан. Жирийн нэг жолоочийн хүүхдийг сайхан хүлээж авсан. Одоо 26 настай залуу энэ намд элсэхэд ямар хэцүү байна вэ? Та нар цөмөөрөө мэдэж байгаа. Мөнгөтэй биш бол АН-д өөдөө явахаа больсон. Ардчилсан нам хэзээ ийм шуналтай байсан юм бэ? Албан тушаалын төлөө амь хайргүй алалцдаг болсон нь хэний буруу вэ?” гэж байв. АН-ын даргад нэр дэвшигчдээс хамгийн их “хэл ам таталж” байгаа Ж.Батзандан “Эрүүл ардчилал” хэмээх мөрийн хөтөлбөр бүхий товхимолоо өндөрт өргөж байгаад “Ардчилсан намыг үндэсний эрх ашгийг хамгаалсан, хүний эрхийг дээдэлсэн хоёр жигүүртэй хүчирхэг нам болгоно” хэмээн өөрийн хүсэл зорилгоо тодорхойлж байлаа. Дархан-Уул аймгийн намын гишүүдийнхээ жаргал зовлонг сонсон санаа бодлоо солилцсон таван нэр дэвшигч цасан далайд умбасан Тужийн нарсыг хага зүсэн давхисаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо ирэв. Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд тус аймгийн 17 сум, зургаан тосгон дахь АН-ын гишүүдийн төлөөлөл болох 400 гаруй хүн цуглажээ. Уг нь АН энэ аймагт 6000 гишүүнтэй юм байна. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч таван эрхэмийн 22 дахь уулзалт эхэлж, уламжлал ёсоор сугалаа сугалан хэн нь эхэлж мөрийн хөтөлбөрөө танилцуулж үг хэлэхээ шодтол Сэлэнгэ аймгаас УИХ-д гарсан Д.Эрдэнэбат сонгогдсон нь Сэлэнгийн АН-ынханд их л билэг дэмбэрэлтэй явдал болж байгаа шинжтэй баярлан шуугилдаж байлаа. Д.Эрдэнэбат “Бид тав атгасан гар шиг, гарын таван хуруу шиг эв нэгдэлтэй явааг та бүхэн харж байна. Бидэнд нэг нэгнийхээ эсрэг хийж байгаа, санаж байгаа хар муу санаа байхгүй.

     

    Намаа шинэчлэх нь намын гишүүн бүрийн хүсэл. Тиймээс намайг дэмжиж байгаа шигээ бусад нэр дэвшигчдийг ч гэсэн дэмжээрэй” хэмээн уриалсан юм. Ийнхүү хэлэхэд Сэлэнгийн АН-ын гишүүд уухай хадаан алга нижигнүүлэн баяр хүргэж байлаа. Түүний дараа АН-ын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг “Яг үнэндээ манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдаагүй юм шүү дээ. Нам дамнасан бүлэглэл сонгуулийн хуулийг жижиглэн өөрчлөөд өөрсөддөө ашигтай хувилбараар батлаад ялчихсан юм. Надтай Увс аймагт өрсөлдсөн нөхөр ялагдах нь тодорхой боллоо гээд сонгуулийн дүн гарахын урд орой сонгуульд ажилласан штабынханаа хот руу буцаачихсан байсан юм. Тэгтэл сонгуулийн дүн гарахад ялсан болж хувираад мань хүн шоконд ороод ухаан алдах дөхсөн гээд яривал их юм бий. Бид төрд ийм булхай газар авахуулахгүйн тулд намаа улам хүчирхэг болгох ёстой” гэж байв. Намын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр “Өнөөдөр улс орон даяар улс төрчдөд итгэхээ больж. Би 12 жил төрөөс цалин авч, Монголын ард түмнээр тэжээлгэсэн. Монголын малчин, тариаланч, баялаг бүтээгч нар биднийг тэжээж байгаа болохоос төрийн ордонд суугаа хэдэн хүн Монголыг тэжээгээгүй. Бид улс төрийн хүнд суртлыг үгүй хийхийн тулд нэн тэргүүнд намаа шинэчлэх хэрэгтэй.

     

    Шинэчлэлийг бүх гишүүд оролцож байж хийх ёстой. Энэ бол нэг хоёр хүний хийдэг ажил биш” гэсэн нь бас л сэлэнгэчүүдийг хөөргөж байлаа. Түүний дараа мөрийн хөтөлбөрөө танилцуулсан Ж.Батзандан “Орон нутгийн намын үүрүүд аль нэг компанийн эсвэл улс төрчийн халаасанд орж, ван ханлигуудын эзэмшилд байсан эрт үеийнх шиг хуваагджээ. Манай нам юун түрүүн энэ утгагүй байдлыг арилгах хэрэгтэй” гэж байлаа. Хамгийн сүүлд нэр дэвшигч С.Эрдэнэ “Ардчилсан нам аврагдах хэмжээнд хүртэлээ доошоо ороогүй. Намын дүрмийн үнэтэй сайхан бүхнийг шүд сугалж байгаа юм шиг сугалж авсаар байгаад шүдгүй хүн шиг болгочихсон. Аль нэг фракц, бүлэглэлийн мэдэлд ээлжлэн очиж байгааг бүгд мэдэж байгаа. Өнөөдөр коммунистууд ардчилалыг устгах гэж улайрч байна. Бид үүний эсрэг хатуу тэмцэнэ. Би энэ тэмцлийг оройлно. Хэзээ ч намаасаа урвахгүй. Намдаа байсаар байгаад дуусна” гэж хэлсэн юм. Сэлэнгэ нутгийн АН-ынхан таван нэр дэвшигчид амжилт хүсэн үдсэн бөгөөд одоо тэднийг Баян-Өлгий, Увс, Ховдын хязгаар дахь АН-ын гишүүд нь хүлээж байгаа.