Л.Эрхэмбаяр: Намын даргын сунгааг АН ард түмэнтэйгээ уулзаж байна гэж ойлго
    2017 оны 01 сарын 25 нд
    c14853b46b0fa4ae252681ef9beff88d.jpg

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

    -Танай намын даргын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Сунгааны явц ямархуу байна вэ?

    -Даргын сунгаа үнэхээр сонирхолтой болж байна гэж улстөрчид төдийгүй иргэд ярьж байгаа. Анх сонсоод бас нэг жүжиг болж байгаа биз дээ гэж бодсон чинь үгүй юм байна. Нэр дэвшиж буй таван гишүүн маань хоорондоо яг жинхэнэ өрсөлдөөн бий болгож байгаа. Орон нутагт болж буй сурталчилгааны зохион байгуулалт эмх цэгцтэй  сайн болж байна. Нэр дэвшигчид маань очсон газар бүртээ тус бүр 20 минут өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан ярьж байгаа. Дараа нь намынхаа гишүүдийн дуу хоолой, санаа бодлыг сонсож байна. Тэрний дараа дахиад санал шүүмжлэлд хариулт өгөөд эцэст нь бүгдээрээ “Халуун элгэн нутаг”-аа дуулж байгаа. Иймэрхүү маягаар уулзалтууд явагдаж байна. Нэг ёсондоо гишүүн бүрийнхээ санаа бодлыг сонссон амьд, халуун уулзалтууд өрнөж байгаа сурагтай. Монголынхоо бүх аймгийг тойрч байгаа болохоор намын гишүүд төдийгүй ард түмнийхээ санал шүүмжлэлийг маш сайн сонсож байна. Энэ бүхэн намын шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна. Таван нэр дэвшигчдийн тухайд ярьж буй мөрийн хөтөлбөр, дэвшүүлж буй санааг нь сонсоод байхад өөлөөд байх зүйл алга. Миний хувьд хэн нь ялах бол гэх таамаглал ч алга. Бариа ойртох тусам өрсөлдөөн ширүүсч нэр дэвшигчдийн рейтинг ойртоод байгаа юм болов уу гэж харагдаж байна.

    -Сурталчилгааны үеэр бие биенийгээ харлуулах гэсэн зүйл нэлээн хийж байх шиг ээ?

    -Тиймэрхүү зүйл явж байгааг харж байна л даа. Нэр дэвшигчдийн тухайд тийм зүйлийг анзаарах сөхөөгүй ажиллаж байгаа. Цаана нь өөрсдийг нь дэмждэг баг бий. Дэмжигчид нь хяналтаас гадуур маш их зүйл явуулаад байх шиг. Твиттер, фэйсбүүк зэрэг цахим ертөнцөд хяналт тавих арга алга байна шүү дээ. Тиймээс хэн нэгнийг харлуулж буй зүйлд автахгүй байх л хэрэгтэй. Дан ганц манай намын даргын сунгааны асуудлын хүрээнд ч биш. Ер нь нийгмээрээ тайван байж сурах хэрэгтэй болсон шиг байна. Сүүлийн үед АН-ын даргын сунгаанд тэр хүн манлайлж байна гэх мэдээлэл яваад байгаа. Манай намын зүгээс нэг ч удаа тийм судалгаа явуулаагүй. Хийлгэх ч үгүй. Тэгэхээр мэдээлэлд өөр өөрийн өнцгөөс хандаарай л гэж хэлье. Ер нь тэгээд дэлхийн бусад орны улс төрийн намуудад даргынхаа сунгааг ингэж хийдэг жишиг бий. Хоорондын өрсөлдөөн үнэхээр ширүүн болдог. Элдвийн асуудлыг нь битгий хэл гэр бүлтэй холбоотой асуудлыг ухаж төнхдөг жишээтэй. Даргаа сонгосныхоо дараа зүгээр л хамтраад ажилладаг. Харин манайхан эд нар хоорондоо алалцаж байна гэж харж байгаа нь буруу. Бие биенийхээ бөгсийг ухаж байгаа нь ганц манайд байдаг зүйл биш. Дэлхий даяар ийм байдлаар өрсөлдөөн хийдэг. Харин манайхаас энэ удаа таван хүн өрсөлдөж байгаад би хувьдаа баяртай байгаа. Хэрэв хоёрхон, эсхүл гуравхан хүн нэр дэвшсэн бол эв нэгдэлд сөргөөр нөлөөлж магадгүй. Таван хүн нэр дэвшиж байгаа нь сонгууль эрүүл болж буйг харуулж байна.

    -Сурталчилгаа дуусах дөхөж байна. Хаалтын ажиллагаа хийх үү?

    -Энэ долоо хоногт сурталчилгаа дуусаж байна. Хаалтын арга хэмжээ хэзээ зохион байгуулах тухай шийдвэрийг өнөө, маргаашгүй гаргачих байх.

    -Нэр дэвшигчид сурталчилгааны явцын талаар ямар нэгэн тайлан ирүүлж байгаа юу?

    -Үгүй.

    -Бүх аймгаар тойрч байгаа болохоор цаашдын намын шинэчлэлтэй холбоотой олон зүйл сонсож санаа авч байгаа болов уу?

    -Нэр дэвшигчид маань намынхаа үйл ажиллагааг сурталчилж байна. Цаашид ямар бодлого барих ёстойг гишүүдээсээ асууж яваа. Мөн намын шинэчлэлд юуг хүсэж байгааг сонсож байна. Ер нь намын даргын сунгаа гэдэг нэг ёсондоо АН ард түмэнтэйгээ уулзаж байгаа гэж ойлго. Ард түмнээ сонсох томоохон аян боллоо. Сунгааны явцаас цаашдын бодлогодоо тусгах олон санаа гарч байгаа гэж бодож байна.

    -Намын шинэчлэлийн асуудал ямар шатандаа явж байна вэ. Үнэхээр гишүүдийн хүсэж байгаа шиг шинэчлэгдэж чадах болов уу?

    -Шинэчлэл яваад л байгаа. Шинэчлэл гэхээр тал талаасаа олон зүйл гарч ирнэ гэж байхгүй. Мөн чанар, утгаараа шинэчлэгдэнэ. Намын дарга нийт гишүүдээсээ сонгогдох гэж байгаа нь шинэчлэлийн нэг хэлбэр. Цаашид намын дунд шатны дарга нарыг сонгох, ҮЗХ-ны гишүүдийг сонгох, дүрэмдээ өөрчлөлт оруулах гэхчлэн ажлууд бий. Дүрэм шинэчлэх хороо маш сайн ажиллаж байгаа. Ажлын хэсэг өдөр бүр хуралдаж байна. Орон нутгийн гишүүдтэйгээ хэлэлцүүлэг хийж байна. Намын даргаа батламжлах, дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг ирэх сарын 12-нд болох Их хурлаар хэлэлцэнэ.

    -Намын дүрмийн өөрчлөлтийг даргаа сонгохоосоо өмнө хийх ёстой байсан юм биш үү. Одоо сонгогдсон дарга өөрийн хүслээр дүрмээ өөрчлөх вий дээ?

    -Намын дарга сонгохоос өмнө дүрмийн хэлэлцүүлэг явагдаж байна. Дарга болсон хүн саналаа өгч амжих ч үгүй. Ер нь гадны жишгийг хараад байхад сонгогдсон дарга мөрийн хөтөлбөр, бодлогоо дүрэмд тусгах санал оруулдаг. Өөрөөр хэлбэл тэр хүн ярьсан бодсон хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд асуудалд хандаж эхэлнэ.

    -Саяхан УИХ-аар гадаадаас ажиллах хүчин авах тухай хуулийг баталсан. “МАК”, “Монполимиет” зэрэг компаниудын эрх ашигт нийцсэн хууль болчих шиг болно лээ?

    -Нарийвчилж хараагүй л дээ. Гэхдээ ёсзүйгүй харагдаж байгаа. МАН-ын ерөнхийд нь хийж буй ажлыг одоохондоо шүүмжлээд хэрэггүй. Хэсэг хугацаа өнгөрөг л дээ. Тэд хийх юмаа эхлээд хийг.

    -Хангалттай хугацаа өнгөрөөд байгаа юм биш үү. Шинэ парламент, Засгийн газар ажиллаж эхлээд долоон сар өнгөрчихсөн байна шүү дээ?

    -Яахав МАН Засгийн газрын 100 хоногтоо олигтой ажил хийгээгүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тэд ямар ч бодлогогүй байсан нь харагдаж байна. Худлаа ярьж сонгогчдоос санал авсан нь цаг хугацааны шалгуурт нотлогдож байна. Биднийг л сонгочих юм бол ажиллаад өгнө, бүтээгээд өгнө, эдийн засгаа аварна гэхчлэн өчнөөн зүйл ярьсан. Гэтэл үнэндээ өнөөг хүртэл юу ч хийсэнгүй. Бодлогогүй байжээ гэдэг нь л харагдаад байна. Засгийн газрын 100 хоногтоо ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах ерөнхий бодлого, шийдвэр нь гарчих байсан. Өнөөдөр ипотекийн зээл яаж үргэлжлэх мэдэгдэхгүй байна, зам, барилга, бүтээн байгуулалтын ажил бүрэн зогсчихлоо. Эдийн засаг дээрээ ч ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй явна. Мөнгө хайгаад гадаад дотоод руу айлчилж байгааг харж л байна. Зовлонг нь ойлгож байгаа. Гэтэл манай Засгийн газрын үед 100 хоногтоо гаднаас мөнгө олоод ирж л байсан.

    -Яагаад олигтой ажиллаж чадахгүй байна вэ?

    -Анх сонгогдохдоо л худлаа ярьсан. Пайнагаасаа өнөөг хэр гарч чадахгүй байна. Хэдэн байгууллагын нэр, хаяг солилоо. Баруун гараар явах дүрэмд шинэчлэл хийлээ. Өөр юу байгаа юм бэ. Бид “Гудамж” төсөл хэрэгжүүлээгүй байсан бол өнөөдөр яаж баруун гарын дүрмээр явах вэ дээ. Утаатай тэмцэнэ гэж яриад хэдэн айлыг шөнөдөө тог үнэгүй хэрэглүүлдэг болголоо. Бид томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлээгүй байсан бол өнөөдөр ийм зүйл хийж чадахгүй. МАН-ын Засгийн газрын хийж байгаа хэдэн хөтөлбөр нь дандаа манай намын хийсэн ажлын сууринд тулгуурлаж байна. Тэгж бага ч болтугай ажил хийсэн болж харагдан амь аргацааж байгаа. Өөр зүйл алга.

    -Эдийн засгийг хүндрэлээс гаргах гарц харагдаж байна уу. Юун дээр анхааран ажиллах хэрэгтэй вэ?

    -Боломж байгаа. Байхгүй бол байлгах ёстой. Ний нуугүй хэлэхэд ийм ч, тийм ч боломж байна гэж мундаг эдийн засагч аятай яриад яахав. Тэд чадна гэсэн болохоор ард түмэн саналаа өгсөн. Ажлаа олигтой хийж чадах л чухал байна. Хоёр намд хуваагдан улстөржөөд яахав. Ажиллаж чадаж байвал харин ч дэмжээд явна. Ер нь МАН-ыг шүүмжлэх ёстой гэсэн заавар байхгүй. Жоомоо алах гээд гэрээ шатааж болохгүй. Улсаа бодож байгаа учраас МАН-ыг сайн ажиллаасай гэж бодож байгаа.

    С.АЛТАНЦЭЦЭГ