УИХ-ын гишүүн Л.Болд Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо
    2017 оны 01 сарын 26 нд
    488d37213363390d1a41516eb86e49ea.jpg

    УИХ-ын гишүүн Л.Болд ХБНГУ-ын Франкфурт хот болон тус улсын санхүүгийн байгууллагууд хамтран зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэгт урилгаар оролцож илтгэл тавьлаа.

    Тэрээр илтгэлдээ Монгол Улс Ардчилсан хувьсгалын гол ололт болсон шинэ Үндсэн хуулийнхаа 25 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд өнгөрсөн хугацааны алдаа, оноогоо эргэн дүгнэж хөгжлийн дараагийн шатаа сайтар төлөвлөх цаг ирсэнийг онцлоод илүү тааламжтай амьдрах орчин, эрүүл мэндийн сайн тогтолцоо, чанартай боловсрол, эдийн засгийн үсрэнгүй хөгжил бүхий Монгол Улсыг цогцлоохын тулд юу хийх шаардлагатай талаар өөрийн санаачилга, төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

    УИХ-ын гишүүн Л.Болд мэдээллийн технологийн асуудлаар ZEIT хэвлэлийн компаниас зохион байгуулсан уулзалтад оролцох үеэрээ тус салбарын тэргүүлэгч олон байгууллага, компаниудтай уулзаж Монгол Улсад энэ чиглэлээр маш их боломж байгаа талаар танилцуулан хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож улсаа сурталчилж байв. Тухайлбал өмнө нь түүний урилгаар Монголд айлчилж байсан Google буюу Аlphabet компанийн Ерөнхий захирал Эрик Шмит, SAP SE компанийн гүйцэтгэх захирал Билл МкДермот, алдарт Массачусетсийн Технологийн сургуулийн (MIT) Ерөнхийлөгч Рафаэл Рийф нартай хийсэн уулзалтын үеэр Монголд цахиурын хөндий байгуулах боломж нөхцөлийн талаар нээлттэй ярилцлаа.

     

     

    Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон, БНТатарстан Улсын Ерөнхийлөгч Рустам Нургалиевич Минниханов, БНТурк Улсын шадар сайд Мехмет Шимшек, Норвегийн Гадаад хэргийн сайд Бёрг Брэнд, Швейцарь-Азийн худалдааны танхимын тэргүүн Лука Моретти, Женерал Моторс корпорацийн Дэд ерөнхийлөгч Карл-Томас Ньюман, Бостон Консалтинг группын хойд Америкийн бүсийн ерөнхий захирал Томас Рейхард, PwС корпорацийн Глобал захирал Роберт Мориц, ОХУ-ын хамгийн том банкуудын нэг болох Сбербанкны Ерөнхий захирал Херман Греф, Внешэконом банкны Ерөнхий захирал Горьков Сергей Николаевич нарын чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн дэлхийн бизнес, улс төрийн лидерүүдтэй гишүүн Л.Болд уулзаж Монгол Улсын хөгжлийн стратеги, хөрөнгө оруулалтын боломж, гадаад бодлогын талаар тодорхой мэдээлэл өглөө.

     

     

    Тэрээр энэ чиглэлээр гадаадын хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгчээ.

    УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үедээ Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагатай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж Монгол Улсын хөгжлийн сценари сэдвээр тус байгууллагатай хамтран судалгаа явуулж олон улсын хэмжээний цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан юм. Энэ тухай түүнтэй уулзсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын үүсгэн байгуулагч Клаус Шваб, тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Жү Ок Ли нар талархан дурсаж байв. Тэрээр чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан дээрх тусгайлсан арга хэмжээнүүдэд оролцохын зэрэгцээ Монгол Улсаас зохион байгуулсан хөрөнгө оруулагчдад зориулсан “Монголын үдэш” арга хэмжээнд оролцжээ.