Л.Эрхэмбаяр: Ардчилсан нам ”ХААН”-аа сонголоо
    2017 оны 02 сарын 02 нд
    ffc80cacab9f96629c83b004a7ffd877.jpg

    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

    -Ардчилсан нам их том сонгуулийн ард гарлаа. Нэг намын дотоод сонгууль гэхэд нэлээд өрсөлдөөнтэй, ширүүн ч сонгууль боллоо?

    -Харин тэглээ. Яг л УИХ-ын сонгууль шиг болж өнгөрлөө. Би нэр дэвшсэн таван хүндээ талархал илэрхийлмээр байна. Ардчилсан нам нээлттэй гэдгийг нэгдүгээрт харуулсан. Хоёрт, Ардчилсан намын шинэчлэлийн төлөө нэр дэвшиж, цаг зав, мөнгө, энерги эрч хүчээ зарцууллаа. Ардчилсан намын сонгууль маш амжилттай болсон.

    -Сүүлдээ хар пи-ар нь УИХ-ын сонгуулиас бараг хэтэрчих шиг санагдсан шүү?

    -Намын даргын сонгуулиар хоёр зүйл ажигласнаа хэлье. Нэгдүгээрт, Ардчилсан намын дотоод сонгууль жүжиг байсангүй гэдгийг харууллаа. Нэр дэвшигчид бүгд л ялахын төлөө хичээсэн, зүтгэсэн. Хоёрдугаарт, хар пи-ар хэтэрсэн гэж та хэллээ. Тийм ч байж магадгүй. Миний хувьд нэр дэвшигчид бие, биеэ харлуулахаас илүү тэдний хооронд “хар муур” гүйлгэх сонирхолтой хүмүүс манай намд ч, хүний намд ч байсан байж магадгүй гэж хардаж байгаа.

    Ардчилсан намыг өдөөн хатгаж, хооронд яс хаясан үйлдэл аль нэг намынхан хийснийг ч үгүйсгэхгүй. Өөрсдийнх нь штабынхан ч бас зүгээр суугаагүй байх. Гэхдээ ямар ч байсан манай таван нэр дэвшигчид яс үзлээ. Энэ бол Монголын улс төрд байгаагүй үзэгдэл байсан.

    -Ардчилсан нам анх удаа бүх гишүүдийнхээ оролцоотойгоор намын даргаа тодрууллаа. С.Эрдэнэ намын дарга боллоо. Ингэлээ гээд танай нам гишүүдийн нам болж чадна гэж үү. Ардчилсан намын даргын сонгуулийг хөндлөнгөөс харахад нөгөө л фракц хоорондын тэмцэл явагдсан шүү дээ. Эндээс харахад Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй юм байна гэсэн ойлголт олон хүнд төрсөн байх?

    -Ардчилсан нам шинэчлэгдэх шаардлагатай болсон гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Шинэчлэлийг яаж хийхээ ч ярилцсан. Ардчилсан намын зургадугаар Их хурлыг зарлан хуралдуулж, даргаа бүх гишүүдээсээ сонгоно гэдэг өөрчлөлтийг дүрэмдээ суулгаж өгсөн маань шинэчлэлийн эхлэл байсан. Яг шинэчлэлийнх процесс Ардчилсан намын даргын сонгуулиар эхэлсэн гэж хэлнэ.

    Ардчилсан нам одоо фракцын зөрчилд идэгдэхгүй ээ. Бид намын даргаа бүх гишүүдээсээ тодруулсан маань фракцуудаас намаа салгах явдал байсан юм шүү дээ. Бүх гишүүдээс сонгогдсон дарга аль нэг фракцын дохио зангаагаар хөдлөхгүй гэсэн үг. Өөрөө шийдвэрээ гаргана.

    Өмнө нь манай намын дарга нар асуудлаа шийдэхийн тулд фракцуудтай тохирдог байсан. Энэ нь Ардчилсан намын том алдаа болсон. Фракц бол бидний алдаа. Бид бодлогын нам болохын тулд бүх гишүүдийн оролцоотойгоор намын даргаа тодруулж, намын даргадаа бүх эрх мэдлийг өгч байгаа юм.

     

    Л.Эрхэмбаяр: Дүрмийнхээ дагуу бүх гишүүдийн оролцоотойгоор намын даргаа тодруулсан. Одоо эргүүлэн татах ямар ч асуудал байхгүй. Бандан тас гэдэг нэг үг байдаг.
    Л.Эрхэмбаяр: Дүрмийнхээ дагуу бүх гишүүдийн оролцоотойгоор намын даргаа тодруулсан. Одоо эргүүлэн татах ямар ч асуудал байхгүй. Бандан тас гэдэг нэг үг байдаг.

     

    -С.Эрдэнийг шударга бусаар намын дарга болсон гэсэн шүүмжлэл байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

    -Дүрмийнхээ дагуу бүх гишүүдийн оролцоотойгоор намын даргаа тодруулсан. Одоо эргүүлэн татах ямар ч асуудал байхгүй. Бандан тас гэдэг нэг үг байдаг даа. Тэгээд гишүүд өөрсдөө даргаа сонгосон Тиймээс энэ асуудлыг хүлээж авахгүй байх. Ер нь хөдөлсөн галт тэрэгний хойноос шүлсээ битгий үсчүүл ээ гэж зөвлөе дөө.

    -Аль ч талаас нь харсан Ардчилсан нам фракцгүй болно гэсэн итгэл үнэмшил үнэндээ төрөхгүй байна. Шинэ даргыг тодруулахад нөгөө л “Шонхор”, МоАХ гэсэн фракцуудын гол нөлөөлөл орсон. Өөрийг нь намын дарга болгосныхоо өрийг төлөх үүрэг С.Эрдэнэ даргад оногдож байгаа юм биш үү?

    -Бүх шинэчлэл дүрмийн дагуу явагдана. Хүссэн ч эс хүссэн ч бид фракцуудаасаа салах болно.

    С.Эрдэнэ Ардчилсан намыг бодлогын нам болгож чадна гэдэг би бүрэн итгэлтэй. Яагаад гэвэл тэр хүн ҮЗХ-ноос э дарга болсонгүй. Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд, дэнчингээ төлөөд, бүх гишүүдээсээ сонгогдлоо.

    Анхнаасаа л фракцуудын барьцаанд орвол С.Эрдэнэ зорьсон ажлаа хийж чадахгүй. Бүх гишүүд С.Эрдэнийг намын даргаа сонгосон маань Ардчилсан нам нэг тугийн дор жагс л гэсэн сонголт шүү дээ. Би хувьдаа Ардчилсан нам хаанаа сонголоо гэж бодож байна. Өмнөх бүх дарга нар эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд фракцлах шаардлагатай байсан бол эсрэгээрээ шинэ дарга фракцлаад эхэлбэл оршин тогтнох аргагүй болно. Эрх зүйн орчин нь тийм болсон. С.Эрдэнэ гэхээсээ илүү энэ намын даргад бид том эрх олгосон тэр хэрээрээ том хариуцлага ч хүлээлгэсэн. Намаа өөрийнхөөрөө удирд, намынхаа эв нэгдлийг ханга, намаа ялалтад хүргэ гэсэн бүх эрх мэдлийг түүнд олгочихлоо.

    -Үнэхээр С.Эрдэнэ ирэх дөрвөн жил энэ намд хаанчлал тогтоох вий гэсэн болгоомжлол танай намынханд байгаа шүү дээ?

    -Манай намын шинэ дүрэмд даргыг дөрвөн жилийн хугацаатай бүх гишүүдээс сонгож байхаар суулгаж өгсөн. Их хурлын сонгуульд ялалт байгуулбал итгэл үзүүлээд нэг удаа улирааж болохоор дүрэмтэй. Харин тэр хүн дөрвөн жилийн хугацаанд ялалт байгуулахгүй бол шууд огцорсонд тооцогдоно.

    -Их хурал бүхнийг шийднэ гэх юм. Танай нам сүүлийн арван жил Их хурлаа хуралдуулаагүй. Дахиад ийм асуудал гарахгүй гэсэн баталгаа байна уу?

    -Дүрэмдээ заасан байгаа. Нам ялагдвал Их хурлаа хуралдуулах ажлын хэсэг байгуулаад, дараагийн даргаа тодруулах асуудлаа хэлэлцээд явчихна. Дүрмээ өөрчлөх эрх Их хуралд бүрэн бий. Ардчилсан нам бол улс төрийн төлөвшсөн нам. Тэгээд ч хэнд ямар эрх мэдэл өгөх өгөхгүйгээ мэдэх байх аа.

    -Ардчилсан намын дотоод сонгуульд МАН нөлөөлсөн. АН-ын даргыг МАН тодрууллаа яриа гарсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

    -Тийм асуудал байхгүй. Энэ бол манай намын нэр хүндэд халдсан, Ардчилсан намыг хэргээр муухай харагдуулах гэсэн цуу яриа. Ардчилсан нам бол Монголын улс төрийн голлох хүчин. Туг ч барьж явсан, тугал ч хариулж явсан нам. Манай нам дотоод асуудлаа өөрсдөө шийдээд явчих хэмжээний том нам. Аль нэг нам хөндлөнгөөс Ардчилсан намын асуудалд оролцож хэзээ ч чадахгүй. Би энэ яриаг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

    Манай намын шинэчлэлийн 60-70 хувь нь намын даргаас шалтгаалах нь гарцаагүй.

    -Ардчилсан намын шинэчлэлийн 50 хувь нь С.Эрдэнэ даргаас хамаарахаар болчихлоо. С.Эрдэнэ дарга Ардчилсан намыг шинэчилж чадах болов уу. Та юу гэж харж байна?

    -Ардчилсан нам зорьсон шинэчлэлээ эхлүүлсэн. Манай намын шинэчлэлийн 60-70 хувь нь намын даргаас шалтгаалах нь гарцаагүй. Тиймээс манай намын гишүүдийг Ардчилсан намыг шинэчилж чадах хүн нь С.Эрдэнэ гэж итгэж саналаа өгсөн байх. Түүхэн дэх хувь хүний хүчин зүйлс гэж байдаг. С.Эрдэнэ гэдэг хүн дээр энэ өнөөдөр илүү тод ажиглагдах байх. С.Эрдэнээс их зүйл хамаарна.

    -З.Энхболд дарга санал хураалтын өмнө баахан гишүүнийнхээ бүртгэлийг хүчингүй болгосон. Заавал тэгж асуудал үүсгэх шаардлага байсан юм уу?

    -Манай намын шинэчилсэн бүртгэлд 176 мянган гишүүн хамрагдсан. Үүний 120 гаруй мянга нь саналын эрхтэй гишүүд байсан. Саналын эрхтэй гишүүдээс 86 мянга нь саналаа өгсөн. Санал өгсөн иргэд маань нэгдүгээрт татвараа төлсөн. Хоёрт, иргэний үнэмлэх дээр байгаа харъяалалынхаа дагуу анхан шатны байгууллага дээрээ бүртгүүлээд нэрсийн жагсаалтад орсон. Ардчилсан намын гишүүд бол маш өндөр ирцтэйгээр сонгуульдаа оролцлоо. 1996 оноос хойш 70 хувийн ирцтэй төрийн сонгууль болж байгаагүй. Энэ утгаараа Ардчилсан намын гишүүд шинэ даргаа тодруулахад идэвхтэй оролцсон. 16 мянган гишүүний эрхийг шалтгаангүйгээр хасаагүй. Бүртгэлийн сүүлийн өдөр 13 мянган хүн төв нам дээр ирж бүртгүүлсэн. Нэг компанийн 100 гаруй хүн бүртгүүлсэн байсан. Намын даргын сонгуулийг хариуцсан Сонгуулийн хорооныхноос шүүмжлэл гарсан. Нэр дэвшигчид “царцаа” оруулаад ирсэн юм биш үү гэсэн гомдол гаргасан. Миний ч алдаа байсныг үгүйсгэхгүй. Би бүртгүүлэхээр ирсэн хүмүүсийг бүртгэ гэсэн. Үүнээс болоод асуудал үүссэн. Нэр дэвшигчдээс гомдол ирсэн. Тэгээд З.Энхболд дарга тэдгээр хүмүүсийн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

    -Зарим хүмүүсийг үүр дээр нь бүртгэж авахгүй байсан юм биш үү?

    -Бас л хоёр талтай асуудал. Манай нам хаалттай болсон байсан нь үнэн л дээ. Үүрүүдийг нь өмчлөөд авчихсан явдал бий болчихсон байна. Үүнийг ахиад өөрчлөх ёстой. Аймгийн болоод дунд шатны дүүргийн намын даргаа нээлттэй сонгох нөхцөлийг бий бүрдүүлж өгөх цаг болсон байна лээ. Нөгөө талаар үүрээ тоо, үүр дээрээ очоо гэсэн анхааруулга болсон. Зарим нэг хүмүүс шүүмжлэлтэй хандсан нь үнэн. Гэхдээ үүрээ тоо л доо. Битгий дээгүүр сэвээ. Анхан шатны байгууллага чинь бас эрх мэдэлтэй байдаг юм шүү гэдгийг саяын сонгууль харуулсан байх.

    -Ингэхэд нууц биш бол, та Ардчилсан намын гишүүний хувьд намын даргын сонгуульд хэнийг дэмжсэн бэ?

    -Би хасагдсан 16 мянгын нэг шүү дээ. Төв нам дээрээ бүртгүүлсэн байсан. Бүртгэл нь “но”-той байна гээд хасагдсан 16 мянган хүнд орчихсон. Тийм учраас саналаа өгч чадаагүй. Тэгэхээр манай намын бүртгэл хатуу явагдсан байгаа биз дээ. Би хэл ам гаргаагүй. Үүр дээрээ очиж бүртгүүлээгүй нь миний буруу байсан уу гэвэл байсан. Цаашдаа бол бид нар үүр дээрээ очиж, анхан шатны байгууллагатаа бүртгүүлж байх ёстой юм билээ.

    -Яг үнэндээ Ардчилсан намын гишүүд С.Эрдэнийг намын даргаар сонголоо. Гэхдээ дэмжигчид бол танай намын шинэ даргыг хүлээж авахгүй байгаа шүү дээ. Танай намд гишүүдийн оролцоо чухал ч жирийн дэмжигчдийн итгэл үнэмшил бүр чухал биз дээ. Тэгэхээр 2020 онд танай нам ялж чадах болов уу?

    -Ялж чадна. Ерөнхийлөгчийн сонгуульд ч Ардчилсан нам ялалт байгуулах ёстой.

    Монгол Улсын хөгжлийн төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам заавал ялалт байгуулах шаардлагатай.

     

    Л.ЭРХЭМБАЯР: Надад генсекээр тэрнийг томилоосой гэсэн санал одоо алга. Намын дарга Ерөнхий нарийн бичгийн даргаа өөрөө оруулж ирдэг. Үндэсний зөвлөлдөх хорооноос түүнийг нь баталдаг. Ямар ч байсан намынхаа эв нэгдлийг хангаж чадах, фракцийн зөрчилдөөнөөс хол байж чаддаг хүнийг генсек болгосон нь дээр болов уу.
    Л.ЭРХЭМБАЯР: Надад генсекээр тэрнийг томилоосой гэсэн санал одоо алга. Намын дарга Ерөнхий нарийн бичгийн даргаа өөрөө оруулж ирдэг. Үндэсний зөвлөлдөх хорооноос түүнийг нь баталдаг. Ямар ч байсан намынхаа эв нэгдлийг хангаж чадах, фракцийн зөрчилдөөнөөс хол байж чаддаг хүнийг генсек болгосон нь дээр болов уу.

     

    -Яагаад?

    -Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал Монгол ардын нам Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. УИХ-ын сонгуулиар Монгол ардын нам үнэмлэхүй олонх болсон. Нэг нам үнэмлэхүй олонх байгаа дээрээ Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Тиймээс яагаад Монгол Улсын сонгуульд Ардчилсан нам ялах ёстой вэ гэвэл МАН ялбал Ерөнхийлөгчийн эрх хэвээр хадгалагдана.

    Нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин Ерөнхийлөгч болохыг бодно. Монголын засаглал, эрх зүйн орчин өөрөө ийм болчихсон. Тэгэхээр Ардчилсан нам ялбал өнөөгийн эрх баригчид Ерөнхийлөгчийн эрхийг багасгаж, бэлэгдлийн Ерөнхийлөгч болгоно гэсэн үг. Энэ нь Монголын төрд хэрэгтэй.

    Хэрэв МАН ялалт байгуулбал Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй. Монгол Улсын хөгжилд асар хохиролтой. Ардчилсан нам гэлтгүй Монгол Улс нэг толгойтой болох ёстой юм. Тэр нь хүчтэй гүйцэтгэх засаглал. Хүчтэй гүйцэтгэх засаглалтай болсноор Монгол хожно. Өнгөрсөн 26 жилийн түүхийг харахад Монгол Улсын хөгжлийн гол алдаа нь засаглалын эрх мэдлийн хуваагдал. Тиймээс Ерөнхий сайд дээрээ эрх мэдлийг төвлөрүүлж чадвал Монгол ажил урагшаа явагдана. Аль нэг нам, аль нэг институциас хараат байхаа болино гэсэн үг. Одоо УИХ нь Засгийн газрынхаа бүхий л ажилд хутгалдаад Гүйцэтгэх засаглал сул дорой болчихлоо. Тиймээс Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах хэрэгтэй.

    -Намын долдугаар их хурлаараа дүрмийн шинэчлэлтээ хийх үү. Танай нам хагас босоо тогтолцоотой, хоёр дэд даргатай болно гэсэн байсан.

    -Намын их хурлаараа энэ бүгдийг хэлэлцэнэ. Үндэсний зөвлөлдөх хороог бүхэлд нь шинэчлэх асуудал яригдах байх. Ер нь цаашид үүр, хороодоо гишүүдийнхээ оролцоотойгоор шинэчлэх ёстой. Ардчилсан нам шинэ даргаа сонгосон. Одоо дүрмээ өөрчлөөд, үзэл баримтлалаа олж авах хэрэгтэй.

    -Ардчилсан намынхан шинэ даргаараа С.Эрдэнийг сонгосон. Намын даргаа хэзээ батламжлах вэ?

    -Хоёрдугаар сарын 12-нд болох Их хурлаараа батламжилна.

    -Та тэр үед ажлаа өгнө биз дээ?

    -Тэгнэ.

    -Тэгээд юу хийх гэж байна даа?

    -Мэргэжлээрээ ажиллана. Би чинь зоо техникч хүн шүү дээ. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх тал дээр бодож төлөвлөсөн ажил их байна аа. Ажлаа өгсөнийхөө дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нартай уулзана. Ажил гуйх гэж уулзах юм биш. Монголын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд юу хийх ёстой талаар саналаа хэлнэ гэж бодож байгаа.

    -Улс төрөөс бүр мөсөн явж байна гэсэн үг үү?

    -Үгүй, ээ. Улс төрөөс явахгүй. Би албан тушаалаа өгсөн ч намынхаа шинэчлэлд идэвхтэй оролцох болно.

    -Таны албан тушаалыг хэн аваасай гэж бодож байна?

    -Надад генсекээр тэрнийг томилоосой гэсэн санал одоо алга. Намын дарга Ерөнхий нарийн бичгийн даргаа өөрөө оруулж ирдэг. Үндэсний зөвлөлдөх хорооноос түүнийг нь баталдаг. Ямар ч байсан намынхаа эв нэгдлийг хангаж чадах, фракцийн зөрчилдөөнөөс хол байж чаддаг хүнийг генсек болгосон нь дээр болов уу.

    -Ингэхэд та аль нэг фракцид харъяалагддаг уу?

    -Одоо бол үгүй. За ингээд ярилцлагаа дуусгая, хоёулаа.

    -Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    Ж.НЯМСҮРЭН