Архангай аймагт төрийн албанаас 150 орчим хүн халагджээ
    2017 оны 02 сарын 03 нд
    953efe01475fd77e2659e8e5183580fe.jpg

    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намынхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, тухайн суманд үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

    Тус аймагт МАН олонхи болсноосоо хойш төрийн албан хаагчдыг хоморголон халаад байгаа аж. Тухайлбал, 2016 онд 170 хүнийг төрийн албанаас хасаад байгаа бол, он гарсаар 40 гаруй хүн ажлаасаа үндэслэлгүй халагдаад байгаа юм байна. Энэ тоо бол зөвхөн нийгмийн даатгалын газраас гэнэт халагдсаны нөхөн төлбөр авсан хүмүүсийн тоо аж. Үүнээс гадна нөхөн олговор авах эрх нь нээгдээгүй, ажлаасаа халагдсан 100 гаруй хүн бий гэдгийг тэд хэлж байна.

    Төрийн албанаас дээрх хүмүүсийг халахдаа “2012 оноос хойш ажилд орсон” гэдэг шалтгаанаар халсан нь хэт нэг талыг барьсан шударга бус, хуульд нийцэхгүй үйлдэл гэдгийг Эрдэнэбулган сумын АН-ынхан хэлэв.

    Мөн Эрдэнэбулган сумын долоон багийн нийгмийн ажилтнуудыг ч үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлжээ. Тэднийг ажлаас нь чөлөөлөхдөө хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.2 буюу ажилтан нас барсан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл дээрх долоон нийгмийн ажилтан нь өнөөдөр амьд сэрүүн байгаа гэнэ.

     Багийн Засаг даргыг сонгох сонгууль нэгдүгээр сарын 9-нд болж МАН 5, АН 2 багт ялалт байгуулж, 10-нд МАН-аас сонгогдсон таван даргыг томилсон бол хоёр даргыг одоо болтол томилохгүй байна. Томилохгүй байгаа шалтгаанаа АТГ-аас бичиг ирээгүй гэж тайлбарлаж байгаа гэнэ. Гэтэл МАН-аас сонгогдсон 5 нэр дэвшигчийнхээ материалыг АТГ-т хүргүүлээгүй байж томилсон байн. Энэ мэт хууль бус үйлдэл Архангай аймагт газар аваад байгааг тэд хэлэв.