ЭМГЭНЭЛ
    2017 оны 02 сарын 06 нд

    Балжиннямын НЯМДОРЖ

    /1968-2017/

    Бидний дотнын анд, журмын нөхөр Балжиннямын Нямдорж 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсч, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, журмын нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирлаа. Б.Нямдорж 1968 онд Завхан аймгийн Сантмаргац сумын Улаан цохио гэдэг газар төржээ.

     

    1984 онд сумын 8 жилийн дунд сургууль, 1986 онд Цэцэн уулын 10 жилийн дунд сургуулийг төгсч 1994 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Малын их эмч мэргэжлээр, 2002 онд Улс төрийн боловсролын академи, 2004 онд Сант их сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэйгээр тус тус төгссөн юм.

     

    1996-2000 онд Завхан аймгийн Сантмаргац сумын Засаг дарга, 2000-2004 онд Сантмаргац сумын хоршооны дарга, 2004-2008 онд Завхан аймгийн Сантмаргац сумын Засаг дарга, 2008-2011 онд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2013-2015 онд Завхан аймгийн Засаг даргын орлогч, 2015-2016 онд Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал, 2016-2017 онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Стратеги төлөвлөлт, эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байлаа.

     

    Тэрбээр нутгийн удирдлагын өндөр мэдлэг боловсролтой, удирдан зохион байгуулах чадвар, арга туршлагаараа шалгарсан нэр хүндтэй шилдэг удирдагч сэхээтний нэг төдийгүй гэр бүл, үр хүүхэддээ хайрт хань, халамжит аав нь байв. Түүнчлэн иргэд олон түмнийхээ итгэлийг хүлээн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр удаа дараа сонгогдон ажиллаж байв. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Эрх чөлөөний одон, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан, төрийн дээд шагнал Алтангадас одон, Тусгаар тогтнол одонгоор тус тус шагнажээ.

     

    Талийгаачийн хүнлэг сайхан сэтгэл, нөхөрсөг зан чанар, ажил хэрэгч зарчимч албан ажлын өндөр мэдлэг нь гэр бүл, үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд, хамтран зүтгэгч, журмын анд нөхөд бидэнд үүрд дурсагдан үлдэх болно. Ум сайн амгалан болтугай.

    Ардчилсан намын дарга З.Энхболд

    УИХ-ын дэд дарга Ж.Санжмятав

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ

    УИХ-ын гишүүн З.Нарантуяа

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

    УИХ-ын гишүүн Д.Мурат

    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр