“Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй”
    2017 оны 02 сарын 13 нд
    4c0832d88358a0a1e835283064347d07.jpg

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Туваан нар өнөөдөр /2017.02.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


    Мэдээллийн эхэнд Ардчилсан намын VII их хурал амжилттай болж, өндөрлөснийг дуулгаад ирэх долоо хоногоос есөн дүүрэг 152 хороо, 21 аймаг, 330 суманд Ардчилсан намын шинэчлэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдана гэдгийг онцоллоо.

    Энэ шинэчлэлийн хүрээнд гишүүдийн оролцоотойгоор сум, хороодын намын дарга, үүрийн бүрэлдэхүүнийг сонгож, баталгаажуулна. Ингэснээр Ардчилсан нам бүх шатандаа шинэчлэгдэх аж.

    Мөн дээрх их хурлаас Ардчилсан намын үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөлийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан бол Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй, Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус, тус байгуулжээ.


    Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

    -Ардчилсан намын долдугаар Их хурлаар ерөнхий нарийн бичгийн даргыг томилгоог Үндэсний зөвлөлдөх хороогоор оруулж батлуулахаар болж, шийдвэрлэсэн байсан. Гэтэл та шууд тушаал гаргаад Ц.Тувааныг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Энэ томилгоо дүрмийн хүрээнд хийгдэж чадсан уу?

    С.Эрдэнэ: Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь намын дүрмээр Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороонд байгаа. Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоол баталсан. Уг тогтоолд “Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хүртэлх хугацаанд ерөнхий нарийн бичгийн даргыг томилж ажиллуулах эрхийг намын даргад олгоно” гэсэн. Энэ хүрээнд өчигдөр 01 тоот тушаал гаргаж, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон.

    -Үндсэн дүрмийн төслийг боловсруулах ажил өнгөрсөн өвлөөс эхэлсэн. Гэтэл одоо Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэх асуудал хөндөгдөөд эхэллээ. Ардчилсан нам үзэл баримтлалаа хаана гээчихэв ээ?

    -Үндсэн дүрмийн хүрээнд үзэл баримтлалын дүрмийг боловсруулах ажлын хэсэг VI  их хурлаас гарсан. Үзэл баримтлалын төсөл хараахан гүйцэт боловсроогүй байна гэж VII  их хурлаасаа үзсэн. Мөн Үндсэн дүрмийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс үргэлжлүүлэн хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж батлуулсан. Бид ирэх тавдугаар сард намынхаа үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн хэлэлцүүлэг найруулгыг хийж батлуулна. 

    Ардчилсан нам өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалтай нам.  Гэхдээ 2000 онд таван нам нэгдээд үзэл баримтлал, онолын тулгуураа эцсийн байдлаар  хараахан баталж амжаагүйгээс нэгдэж, нягтарч чадаагүй. Тиймээс дотроо сөргөлддөг, таван намын гишүүдээс үүссэн фракцууд бий болсон. Энэ нь яваандаа намын дотоод эв нэгдлийг бусниулж, тогтворгүй болгох үндсийг тавьж ирсэн. Үүнийг бид их хурлаараа хэлэлцээд үзэл баримтлал, үндсэн дүрмийн боловсруулж батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байна.

    Ардчилсан нам бол төв, барууны үзэл баримтлалтай. Дэлхийн Ардчилсан холбооны гишүүн. Дэлхийн ардчилсан холбооны тодорхойлсон болон бидний анхны тодорхойлсон 10 заалт хэвээрээ байгаа. Үүнийгээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар төгс шийдэл боловсруулж чадаагүй учраас одоо илүү төгс төгөлдөр болгохыг зорьж байна.

    -“Шонхор тауэр-ийг  Ардчилсан намын төв байр болголоо. Энэ ямар учиртай вэ. Ардчилсан нам шинэ байртай болж байгаа  гэсэн үг үү?

    -Намын үйл ажиллагааг хэвийн явуулах, намын гишүүд, дэмжигчид, дунд шатны удирдах ажилтнуудаас эхлээд бүгд удирдлагатай хамтрах  боломжоор хангаж ажиллах ёстой. Энэ асуудлын хүрээнд Ардчиллын өргөөн дээр намын төв байрыг байрлуулах шийдвэр гаргасан.

    Ер нь аль ч нам, төрийн бус байгууллагуудын удирдлагын үндсэн гол үүрэг бол тухайн байгууллагынхаа санхүү, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах, бодлого, шийдвэр гаргаж удирдах үүрэгтэй  байдаг. Энэ үүднээсээ шийдвэр гаргасан гэж болно.  Хуучин байранд хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс ажиллана.

    -Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна гэсэн. Энэ байр суурин дээрээ хэвээрээ юу. Намын даргын хувьд нэр дэвшүүлэх бодолтой хүн бий юу?

    -Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Надад тийм боломж, эрх байхгүй. Бид бүх гишүүдийн оролцоотой Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах байр суурьтай байгаа. 

    Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хүрээнд тавдугаар сарын 1-7-ны хооронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий  парламентад суудалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ хэлэлцэж тодруулдаг.  Бидний хувьд энэ хугацаанд бүх гишүүдээрээ санал хураалтаар эхний шатны нэр дэвшигчийг тавдугаар сарын 2-нд тодруулна. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг тавдугаар сарын 6-7-нд их хурлын гишүүдийн төлөөлөгчийн нууц санал хураалтад тодруулах төлөвлөгөөтэй байна.

    -Ардчилсан нам фракцаасаа сална гэж их ярьдаг. Гэтэл намын дарга “Шонхор” фракцаас сонгогдсоны дараа ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг мөн уг фракцаас сонголоо. Энэ  нь фракцаасаа салах намын зорилттой хэр нийцэж байгаа вэ?

    -Ц.Туваан бид хоёрт  “Шонхор” гэсэн овог байхгүй. Би өнөөдрийн Ардчилсан намын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай, төрийн алба хашиж яваад ирсэн хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй.

    Монголчууд бүгдээрээ “Шонхор” овогтой. Хүннү гүрний эхнээс өгсүүлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор хэвээр байна.

    Өнөөдөр Ардчилсан нам фракц байхгүй болгоно гээд үүнийхээ эсрэг алхам хийгээд байвал фракц арилахгүй. Би яах юм, фракцуудад албан тушаалыг тэгш хуваарилах ёстой юу. Одоо бол тийм зарчим барихгүй. Фракцаар эрх мэдлийн хуваарилалт хийдэг бодлогоос татгалзаж байгаа.

    Би аль нэг фракцын лоббигоор намын дарга болоогүй. Би бүх гишүүдийн санал асуулгаар сонгогдсон намын дарга. Тиймээс надад аль нэг фракцыг илүү харах, барьцаалагдах шаардлага байхгүй.  

    -З.Энхболд дарга сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хариуцлагаа үүрч, намын даргын албан тушаалаа өглөө. Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан тохиолдолд та хариуцлага хүлээх үү?

    -Намын үндсэн дүрмийн хүрээнд тухай, тухайн салбартаа сонгуулийн хариуцлагыг хүлээхээр тусгагдсан. Энэ дүрмээр явна. Мэдээж өрсөлдөөнд дундаас аль нэг намын нэр дэвшигч гарна. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд  ялагч байхыг  эрмэлзэнэ.   Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй. Ёсзүйн хувьд мэдээж тайлангаа тавина. Намын үндэсний бодлогын хороон дээр сонгуулийн дүнг хэлэлцүүлнэ.

    -Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг хэзээ томилох вэ, шалгуур нь юу байх вэ?

    -УИХ-ын нэг мандат дээр хуучин Үндэсний зөвлөлдөх хорооны гурван гишүүн томилогддог байсан. УИХ-ын 76 тойрог дээр таван Үндэсний бодлогын хорооны гишүүн томилогдохоор тооцож байгаа.

    УИХ-д сонгогдсон гишүүд Үндэсний бодлогын хорооны гишүүнээр шууд сонгогдох юм.

    Үндэсний бодлогын хорооны гишүүнээ УИХ-ын гишүүн болгосон аймаг, дүүрэгт тэр суудал дээр нөхөн сонгууль болж нэг бол бонус маягаар тухайн аймаг дүүрэг үндэсний бодлогын хороонд нэмж суудал авах эрхтэй байхаар дүрэмд зохицуулалт хийсэн.

    Урьдчилсан байдлаар ирэх дөрөвдүгээр сарын 6-нд бүх анхан, дунд шатны сонгуулийг бүх гишүүдийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Энүүгээр Үндэсний бодлогын хорооны гишүүд маань 76 тойргоос гарч ирэх юм.

    -Их хуралд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, Г.Батхүү нарын Ардчилсан намд нөлөө бүхий гишүүд нь оролцсонгүй. Ажлаа өгсөн хуучин дарга М.Энхболд “Ардчилсан нам олигархи, оффшорчдоосоо саллаа” гэж хэлсэн. Энэ ч бас олон нийтэд хүчтэй нөлөөлөх шиг боллоо. Тэднийг намаас нь хөөчихсөн юм байхдаа гэсэн яриа байна?

    -Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарыг оффшорчин ч юм уу, олигарх ч юм уу Монгол Улсын шүүх, хуулийн байгууллагын төвшинд тогтоогоогүй. Тогтоох нь битгий хэл, хуулийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа яваагүй.

    Бид нар биеийгээ үндэслэл нотолгоогүйгээр шоглож гүтгэдгээ болих хэрэгтэй.

    Үндсэн хуульд заасан, шүүхээр хэнийг ч буруутай гэж тогтоогоогүй байхад хэнийг ч буруутайд үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчмаа л барина

    Ч.Сайханбилэг надаас чөлөө авсан, яаралтай эмчилгээтэй байгаа учраас очиж амжихгүй нь чөлөө авахыг хүсч байна гэсэн. С.Баярцогт, Н.Алтанхуяг хоёр тодорхой шалтгаан хэлээгүй. Гэхдээ хувь хүнд янз бүрийн шалтгаан гардаг ш дээ.

    Манай намд зөвхөн Сайханбилэг, Алтанхуяг, Баярцогтоор тогтохгүй ээ, үе үеийн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүн бий.

    Нэг хоёр хүнээр Ардчилсан намыг төлөөлөөд нөлөө бүхий хүн нь ирсэнгүй гэж харж болохгүй.

    Сайд дарга, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дийлэнх нь өчигдрийн их хуралд ирсэн.

    16 мянган гишүүн саналын эрхээ нээж чадаагүй учраас сонгуульд оролцож чадаагүй.

    Одоо бол дараа, дараагийн сонгуульд оролцох эрхийг нээгээд явж байгаа. Тэр дотор дүрэм зөрчөөгүйг нь нээгээд явна, дүрэм зөрчсөнийг нь хуурамчаар ч гэдэг юм уу намын гишүүний эгнээнд нэрээ оруулах оролдлого байвал хасаад явна.

    Г.ДАРЬ