МЭДЭГДЭЛ
    2017 оны 02 сарын 23 нд
    a623b71fb98527e460fa6a515119d77f.jpg

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

     М.ЭНХБОЛД ТАНАА

     

    МЭДЭГДЭЛ

                  Ардчилсан намын нэр хүндийг гутаах замаар улс төрийн ашиг хонжоо хайж, хууль бус үйлдэлээ хаацайлах зорилгоор Улсын Их Хуралд олонхи болсон эрх баригчид Ардчилсан намын нэр бүхий гишүүдийг санаатайгаар гүтгэж, нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гарах боллоо. Түүнчлэн нэр бүхий гишүүдийг үндэслэлгүй шалтгаанаар хууль бусаар баривчилж, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн шинжтэй үйл ажиллагааг улс төрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намаас дараахь мэдэгдлийг гаргаж байна.

                Төрт ёсны уламжлалт баяр сар шинийн баярын өмнөхөн ОУВС-ын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт /EFF/ хамрагдаж олон төрлийн татваруудыг нэмэгдүүлж, ард иргэдийн нуруун дээр хэрээс хэтэрсэн ачаа үүрүүлж, Монгол орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг бодитоор үнэлэхгүйгээр, дампууруулсан бусармаг үйлдлээ нуун далдлахын тулд ардчилсан намын нэр бүхий гишүүдийг байцаах нэрийн дор шүүхийн тогтоол шийдвэргүй, өмгөөлөгчийг нь байлцуулалгүй баривчилж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж эхэллээ. Хэрэв Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан шалгаж байгаа бол тус банкнаас зээл авсан бүх зээлдэгч нарыг улс төрийн үзэл бодол, нам харгалзахгүйгээр шалгаж, шудрага байхыг шаардаж байна. Эрх баригчдын энэхүү дарангуйлал хэрээс хэтэрч хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа нь нэгэнт ил боллоо. Энэхүү хууль бус үйлдэл, хэлмэгдүүлэлтээ зогсоохыг эрх баригчдад хатуу сануулж байна. Шаардлагатай бол бид улс төрийн тэмцлийн бүхий л хэлбэрт шилжих болно.

     

     

    АРДЧИЛСАН НАМ 2017.02.23