Эмгэнэл
    2017 оны 03 сарын 23 нд

    ЭМГЭНЭЛ

     

    Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтүүдийн нэг, ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд тэмцэж, эрх чөлөөт, сайн цагийг авчирахад үнэтэй хувь нэмрээ оруулсан, АН-ын ҮЗХ-ны гишүүн, НИТХ-ын Тэргүүлэгч, нийслэлийн Хөл бөмбөгийн холбоо, Иргэний зөвлөлийн тэргүүн Наваан овогтой Нямдаваагийн Гантөмөр нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү, журмын нөхдөд нь нөхөж баршгүй гарз тохиолоо.

    Н.Гантөмөр нь1970-1980 онд дунд сургууль, 1998-2001 онд санхүү, банкны "Өлзийт" дээд сургууль, 1999-2000 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2012-2014 онд "Билиг" дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэж, 2014-2016 онд "Билиг" дээд сургуульд эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.

    Тэрээр хөдөлмөрийн гараагаа Хүүхдийн хувцасны үйлдвэрт ажилчнаар эхэлж, 1990-1992 Найрамдлын районы Ардчилсан намын нарийн бичгийн дарга, 1992-1997 онд "Хөх Монгол" Үйлдвэрчний эвлэлийн дэд тэргүүн, 1996-2000 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2000-2005 онд СХД-ийн Ардчилсан намын дэд дарга, 2005-2010 онд Удирдлагын академийн Санхүү, аж ахуйн албаны дарга, 2010-2012 онд нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан.

    Н.Гантөмөр нь нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогчоор ажиллаж байхдаа олон жил яригдсан ч шинэчилж чадахгүй байсан Сонсголонгийн хүнд даацын замын асуудлыг шийдвэрлэж, Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх, Улиастай-Гацуурт гэх мэт чиглэлийн олон замыг бүрэн ашиглалтад оруулсан төдийгүй "Гудамж төсөл"-ийн Удирдах хорооны даргаар ажиллах хугацаандаа замын түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой олон уулзварыг шинэчлэн зохион байгуулах ажлыг чадварлаг удирдсан. Мөн нийслэл хотын нийтийн тээврийн шинэчлэл, дэд бүтэцтэй холбоотой олон чухал шийдвэр гаргахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

    Түүний ардчилсан төрт улс байгуулах, хүний эрх, чөлөөт ардчилсан нийгмийг цогцлоон бүтээх үйлсэд гар бие оролцсоныг нь төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн болон Чингисийн, Сүхбаатарын одонгоор шагнаж байжээ.

    Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү, хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

     

    Ум сайн амгалан болтугай.

     

    АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ

    ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ТУВААН

    ЖУРМЫН НӨХДӨӨС НЬ...