С.Эрдэнэ: Намын шинэчлэлийн гол зорилго, амин сүнс нь гишүүдийн оролцоо
    2017 оны 04 сарын 02 нд
    8d39d03b017119a4a2bc71225424e4b9.jpeg

    Ардчилсан намын Дотоод сонгуулийн санал хураах үйл ажиллагаа өнөөдөр 10:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Түүнчлэн 13:00 цагт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүдээс санал авах байранд ирж саналаа өгөв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

    -Ардчилсан намын Дотоод сонгуулийг “Шинэчлэлийн хоёр дахь давалгаа” хэмээн томъёолж байгаа. Таны зүгээс үүнийг хэрхэн харж байна вэ?

    - Дотоод сонгууль бол Ардчилсан намын шинэчлэлийн чухал алхам. Анх удаа Ардчилсан намын бүх гишүүд анхан, дунд шатны намын удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. Ардчилсан намын 152,800 саналын эрхтэй гишүүний саналаар 17,800 орчим анхан, дунд шатны удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. Үүнийг Ардчилсан нам төдийгүй Монголын улс төрийн түүхэнд байгаагүй томоохон өөрчлөлт, шинэчлэлт гэж харж байгаа.

    -Удирдах бүрэлдэхүүнийг бүх гишүүдээсээ сонгохын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

    -Өмнө нь гишүүдийн оролцоо байхгүйтэй адил. Цөөн тооны  хүмүүсийн хүрээнд асуудлыг шийддэг байсан. Одоо бол гишүүдийн оролцоо дээд зэрэгт хүрсэн. Мөн  Ардчилсан нам бодлогийн нам, институци болж өөрчлөгдөж байна. Үүгээрээ бусад улс төрийн намуудад өндөр босго, сайн жишиг тогтоож өглөө. Санхүүгийн хувьд ч нээлттэй ил тод болж байна. Өмнө нь дэнчин хураамж, хандив татвар бүгд нууц байсан. Хэн нь хэндээ хэдийг өгөөд байгаа ч мэдэгдэхгүй. Тийм л байсан. Өнөөдөр намын бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүдийн дэнчин, хураамж, гишүүдийн татвар намын дансанд төвлөрч байгаа. Өөрөөр хэлбэл, бүх орлого зарлага гишүүдэд төдийгүй олон нийтэд нээллттэй болсон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам бодлогын түвшинд шинчлэгдэж, санхүүгийн хувьд шилэн болж байна. Үр дүнд нь нам, намын гишүүд цөөн тооны олгархи хөрөнгөтнүүдээс салж, тэднээс хараат байдлаас гарч чадлаа. Энэ бол маш том ололт гэж харж байна. Түүнчлэн санхүүгийн эрх чөлөөтэй байна гэдэг Ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжоор хангагдлаа гэсэн үг.

    -Ардчилсан нам VI, VII Их хурлаараа бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргасан. Үүний нэг нь Дотоод сонгууль. Дараагийн алхам юу байх бол?

    -Их хурлаас гаргасан шийдвэрүүд амьдрал дээр ажил хэрэг болоод явж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх шиг хоосон тунхаг болж цаасан дээр үлдсэнгүй. Үр дүнгийг нь ч гишүүд мэдэрч эхэлж байгаагаа ярьж, хэлж байна. Одо бид үзэл баримтлал, онолоо эцэслэн боловсруулж дуусахын зэрэгцээ, санхүү, материаллаг баазаа бэхжүүлэхийг зорих болно. Мөн бодлогын шинэчлэлүүдээ ч үргэлжлүүлнэ. Үүнээс нэг алхам ч ухрахгүй.

    -Бүх гишүүдээсээ сонгогдсон анхны даргын хувьд танаас асуухад Ардчилсан намд хийж байгаа шинэчлэлийн алхмууд тань гишүүдээсээ хэр дэмжлэг хүлээж байна вэ?

    -“Гишүүдийн оролцоотой нам байна” гэдэг томъёолол нь өөрөө намын шинэчлэлийн гол зорилго, амин сүнс нь. Өмнө нь гишүүдийн оролцоо байхгүй цөөн тооны бүлэг фракцууд хоорондоо тохиролцоод асуудлыг шийддэг байсан бол өнөөдрийн энэ сонгуулиар Ардчилсан нам “Амьд нам” болж байна. Гишүүдийнхээ оролцоотойгоор, гишүүдийнхээ сонголтоор, тэдний шийдвэрээр өнөөдрийн энэ үйл ажилагаа явагдаж байна. Би сая хоёр гурван дүүргээр орж Дотоод сонгуулийн үйл явцтай танилцлаа. Гишүүд маш идэвхитэй байна. Дараалал ч ихтэй байлаа. Энэ юуг харуулж байна гэхээр гишүүд өөрсдөө энэ намынхааа үйл ажиллагаанд, шийдвэр гаргах түвшинд оролцох сонирхол асар өндөр байна гэсэн үг. Энэ л таны асуултад өгөх бодитой хариулт болж байна.