Ардчилсан нам шилдгүүдээ Чингисийн одонгоор шагнав
    2017 оны 04 сарын 10 нд
    63050b63ea777a5cbca8ee2d61a8bb10.jpeg


    Ардчилсан намын 27 жилийн ойг энэ сарын 6-8-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ үеэр Хүчит 224 бөхийн барилдаан, баярын хурал, концерт зэрэг соёл, урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулсан. Түүнчлэн намаа олон жил амжилттай удирдан сонгуульд дарааллсан ялалт байгуулсан шилдгүүдээ шалгаруулж шагнасан юм. Энэ дотроос Ардчилсан намын дээд шагнал болох Чингисийн одонгоор таван хүнийг шагнасан билээ.


    Эдгээр таван хүний хувьд бүгд анхан шатны намын үүрийн дарга нар байснаараа онцлог байв. Тухайлбал, Архангай аймгийн Цахир сумын Ардчилсан намын дарга Д.Галбаатар 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд намаа удирдан ялалт байгуулсан төдийгүй УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч хамгийн олон санал авдаг уламжлал тогтоожээ. Түүнчлэн Дундговь аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын дарга А.Эрдэнэбатын хувьд  мөн ялгаагүй 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд намаа удирдан зургаа дарааллсан ялалт байгуулж, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид хамгийн олон санал авсан байна.

    Энэ амжилтыг давтсан дараагийн хүн бол Өвөрхангай аймгийн Уянга сумын Ардчилсан намын дарга Т.Болдбаатар юм. Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ардчилсан намын дарга Б.Ганцогт, Хэнтий аймгийн Биндэр сумын Ардчилсан намын дарга Н.Алтангэрэл нар амжилтаараа эн зэрэгцэж намын дээд шагнал болох Чингисийн одонгоор шагнуулсан юм.


    Ардчилсан намын гишүүдийн хувьд анх удаа намын анхан шатны байгууллагыг олон жил амжилттай удирдаж, тогтвортой амжилт үзүүлсэн хүмүүсийнхээ хичээл зүтгэлийг үнэлж Чингисийн одонгоор шагнасанд таатай хандаж байгаагаа илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, намын анхан шатны амьдралыг мэддэг, гишүүд дэмжигчидтэйгээ тулж ажилладаг хүмүүсийнхээ ажил үйлсийг өндрөөр үнэлсэнд сэтгэгдэл өндөр байсан юм.


    Дашрамд дурдахад, Ардчилсан намын дээд шагнал болох Чингисийн одон нь цалин цагаан мөнгөөр хийж, шижир алтаар бүрсэн өвөрмөц, гоёмсог загвар бүхий одон төдийгүй өөрийн өртөг нь гурван сая гаруй төгрөгөөр үнэлэгддэг нэр хүнд, үнэ цэн агуулсан томоохон шагнал билээ.