Л.Дашням: Ардчилсан нам сайн бүхний түүчээ болдог уламжлалтай
    2017 оны 04 сарын 11 нд
    0a0e4fbfaae6ba89755c22175eb0a29b.jpeg

     

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 21 аймгийн намын хорооны гишүүдтэйгээ уулзаж, шинэчлэлийн бодлогоо танилцуулахын зэрэгцээ гишүүдийнхээ санал бодлыг сонсч яваа билээ. Тэрээр Хэнтий аймаг дахь уулзалтаа өндөрлөөд Дорнод аймгийг зорьж АН-ын гишүүдтэйгээ уулзсан юм. Энэ үеэр Дорнод аймгийн Ардчилсан намын ахмад гишүүн Л.Дашнямаас Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын талаархи сэтгэгдлийг нь сонслоо.

    -Юуны өмнө таныг Ардчилсан намын нэр хүндтэй шагналаар tшагнагдсанд баяр хүргье. Та Ардчилсан хувьсгалд хэдээнээс эхэлж оролцсон талаар ярихгүй юу?

    -Баярлалаа, би 1989 оноос буюу Ардчилсан хөдөлгөөн үүссэн цагаас эхлээд намынхаа төлөө зүтгэж байна. Үнэнийг хэлэхэд тухайн үед боломжийн сайхан ажил хийдэг. Дутагдаж гачигдах зүйлгүй болоод л байдаг байлаа. Хувьсгалт намаас ч намайг намын гишүүн болохыг гуйж, шаардаж байсан ч миний үзэл бодол тэр намтай нэг л нийцдэггүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хүн идэж ууж, өмсөж зүүхээс үнэ цэнэтэй нэг зүйл дутагдаад байсан хэрэг. Тэр нь хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх эрх. Тиймээс л зүрх сэтгэлийнхээ дуудлагаар Ардчилсан намдаа орж ойр хавийнхандаа Ардчилсан үзэл санааны талаар тунхаглаж эхэлсэн дээ. 

    -Таны гэр бүлийн хүн бас Ардчилалд олон жил зүтгэсэн хүн байдаг гэж сонссон?

    -Миний хань эмийн санчаар ажилладаг байлаа. Хот руу ажил, сургалт гээд яваад ирэхдээ бидэнд Ардчилалсан хувьсгалын тухай маш хэрэгтэй мэдээллүүдийг сонсчирдэг байсан. Би түүнийг нь сумынхаа иргэдэд ухуулах замаар Ардчиллын үйл хэрэгт оролцдог байлаа. Түүнээс бидэнд Ардчиллын талаар бэлэн ойлголт, ухагдахуун байсангүй. Одооны хүүхдүүд л мэдэхгүй байгаа болохоос МАХН-ын удирдсан коммунист нийгэм чинь өөрөө их хаалттай, харанхуй бурангуй нийгэм байсан даа.

    -Та 27 жилийн туршид намынхаа өсөж дэвших, унаж босохыг нүдээр харж сэтгэл зүрхээрээ мэдэрсэн хүний хувьд намынхаа үнэт зүйлийг хэрхэн хардаг вэ? 

    - Миний өсөж хүмүүжсэн нийгэм бол хаалттай харанхуй бүдүүлэг нийгэм байсан гэдгийг түрүүн дурдсан. Энэ нийгмийг толгойлдог байсан МАХН-ын шууд үргэлжлэл МАН одоо ч маш хаалттай, гишүүд нь чөлөөтэй үгээ хэлэх эрхгүй, намынхаа удирдлагын бүтэц гэсэн цөөн хүний эрхшээлд байдаг. Ер нь бол коммунизмын үеийнхээсээ нэг их ялгараад байхааргүй дарангуйлал тогтсон нам шүү дээ. Харин Ардчилсан нам бол цаг үе, нийгэм, хүмүүсийнхээ ухамсарт зохицсон  Ардчилсан, нээлттэй нам. Өнөөдрийг хүртэл хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл баримтлалаасаа гуйвахгүйгээр чигч шугамаа бариад явж байна. Энэ л манай намын үнэт зүйл. Тухайн үед би Ардчилсан хувьсгалд гар биe оролцоогүй бол өнөөдрийн энэ сайхан нийгэмд миний хүүхдүүд өсөж торних байсан ч юм уу, үгүй ч  юм уу таахад бэрх. Бид нэгдлийн мал маллаж, малласан малынхаа махийг идэх эрхгүй л амьдарч байлаа. Гэтэл өнөөдөр хүссэн үедээ гадаад явж, хүссэн эрх мэдэлтэндээ үгээ хэлж чадаж байна. Эрхээ хэнээс ч айлгүйгээр эдэлж, хамгаалж байна. Энэ бол юугаар ч үнэлшгүй үнэт зүйл минь юм даа. 

    - Танай баг сонгуульд зургаан удаа ялалт байгуулсан учир таныг шагнасан гэж сонслоо. Дараалалсан олон ялалт байгуулна гэдэг амаргүй болов уу? 

    -Би шат шатны сонгуульд сум болоод аймгийн хэмжээндажиллаж ирлээ. Хурлын дарга ч хийж явлаа. 2005 онд аймагт шилжиж ирээд 4-р багт оршин суугаад багаа сонгууль бүрээр ялалтад хөтөлсөн байна. Энэ бол би ялуулаад байгаа хэрэг биш. Намын нөхөд минь л үзэл баримтлалдаа үнэнч байгаа учраас тэр юм. 

    - Өнөөгийн нийгэмд улс төрд залуусын оролцоо хэр байна вэ. Ялангуяа Дорнод аймагт? 

    -Миний бодлоор улс төрд залуусын оролцоо сулхан байх шиг мэдрэгддэг. Учир юу вэ гэхээр аль ч нам өөрийн намын бодлого, зорилгоо залуучуудад тодорхой сайн хүргэж чадахгүй байна. Өнөөдөр намын шинэчлэл, намын дотоод асуудал, намын үзэл баримтлалын талаар жирийн гишүүд л мэдэхээс биш энгийн хүмүүст ойлголт алга. Насанд хүрч буй залуучуудад Ардчилсан үзэл санааны талаар сургалт зөвлөгөөн сайн хиймээр байна. Тэгж гэмээнэ бид маш олон залуучуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж намаа хүчирхэг болгож чадна. Манай нам бол нээлттэй нам шүү дээ. Сая С.Эрдэнэ дарга гишүүдтэйгээ уулзахдаа энэ сэдвийг хөндлөө. "Бид үндэсний хэмжээний том нам байж ялалт байгуулахын тулд намын жирийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, энгийн иргэдэд намынхаа бодлого зорилтыг таниулах хэрэгтэй" гэсэнтэй миний хувьд санал нэг байгаа.

    - Ардчилсан намын шинэчлэлийг та хэрхэн хүлээж авах. Гишүүн бүрт хүрсэн хүртээмжтэй ажил болж чадав уу? 

    - Манай нам бол шинэ бүхний түүчээ болж чаддаг гэдэгээ шинэчлэлийн давалгаагаар харуулж чадлаа. Сэтгэл хөдлөм сайхан ажил боллоо. Намын дарга С.Эрдэнэ болон аймгийн намын дарга П.Алтангэрэл нар энэхүү шинэчлэлийн буухиаг таслахгүй үргэлжлүүлнэ гэтэгт итгэлтэй байгаа. Бид 2020 оны ялалтад хүрэхийн тулд илүү бодлогын нам болох хэрэгтэй. Түүнээс биш хуучин шиг дотроо хагаралдаж, олигархиудын тоглоом болж болохгүй. С.Эрдэнэ дарга ч сая хэлж байна лээ. "Би ямар нэг фракц, олигархуудын төлөөлөлтэй уулзахгүй" гэж. Бид ийм л байж чадвал 2020 оны ялалт ойрхон. Бас “Гишүүдийн оролцоотой нам байя. Жирийн гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлж, тэдний үгийг сонсож байя” гэж хэллээ. Энэ бол жирийн гишүүд, дэмжигчдийнхээ итгэл сэтгэлийг сэргээсэн зөв ажил болж байна. Дорнодын АН-ын гишүүдийн уур амьсгал ч аль хэдийнэ сэргээд эхэлсэн. Угаас бүх гишүүдийнхээ итгэлээр сонгогдсон хүмүүс намын шат шатны удирдлагад гарсан учир итгэл эвдэх зүйл гаргахгүй байх. Өнөөдөр намын даргаасаа батламжаа авч ажлаа эхлүүлж байгаа залуучуудадаа цаашдын зорилго их үйлсэд нь амжилт хүсье.